A

A

A

Бүлэг: 1979
 
Улсын Их Хурлын 2006 оны 68 дугаар
                                                        тогтоолын  2 дугаар хавсралт 
 
 
ЗАСГИЙН ГАЗРЫН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ  ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ
 
Нэг.Нийтлэг зүйл
 
1.1.Засгийн газрын эдийн засгийн үйл ажиллагааны дунд хугацааны зорилт нь эдийн засгийн өсөлтийг түргэтгэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататгах, инфляцийг зохистой түвшинд байлгах, улсын болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн хэрэглээг урамшуулах замаар эдийн засгийг тэлэх бодлого баримтлан улмаар иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилгыг хангахад чиглэгдэнэ.
 
1.2.Энэхүү зорилтыг Төвбанкны мөнгөний бодлого, гадаадын зээл, тусламжийн бодлого, өрийн удирдлагатай нягт уялдуулах замаар цогц бодлого болгон хэрэгжүүлнэ.
 
Хоёр. Макро эдийн засгийн зорилт
 
2.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтууд, Үндэсний эв нэгдлийн Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд тусгагдсан дараахь зорилтуудыг хэрэгжүүлнэ:
 
           2.1.1.эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2009 он гэхэд 1066 ам.доллар буюу 1.4 сая төгрөгт хүргэх;
 
           2.1.2.жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтийг дэмжих, дэд бүтцийг түлхүү хөгжүүлэх;
 
            2.1.3.уул уурхай, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, эрчим хүчний хомсдол бүхий айл өрхийн тоог эрс бууруулах;
 
           2.1.4.эрчимжсэн мал аж ахуй, усалгаатай тариаланг хөгжүүлэх, усан хангамжийг сайжруулах;
 
          2.1.5.дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг өсгөхгүй байх, аажмаар бууруулах бодлого баримтлахын хамт хувийн хэвшлийг эдийн засгийн өсөлт, нэмүү өртгийг бүтээхэд голлох хувь нэмэр оруулж байгааг харгалзан эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжих;
 
         2.1.6.эдийн засгийн өсөлтийн нэг гол түлхүүр хүчин зүйл нь шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх явдал гэж үзэж холбогдох үндэсний стандартыг шинэчлэн тогтоох, технологийн шинэчлэл хийх, шинэ технологид тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих;
 
         2.1.7.төрийн үйлчилгээг хүнд сурталгүй шуурхай болгож, авилга, хээл хахуультай тэмцэх;
 
         2.1.8.Улсын Их Хурлын 2005 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж, түүний явцад мониторинг үнэлгээ хийж, хэрэгжилтийн явцыг 2 жил тутам тайлагнах;
 
         2.1.9.мэргэжлийн сургалтын тогтолцоог бэхжүүлэх замаар зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэй ажилчид бэлтгэх ажлыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх;
 
         2.1.10.нийгэмд шинээр бий болсон баялгийн хуваарилалт нь юуны өмнө тухайн бодит салбарын ажиллагсдад, тухайн нэмүү өртгийг бүтээсэн компанид хувь хөрөнгө оруулсан хувь нийлүүлэгч аж ахуйн нэгж, хувьцаа эзэмшигч иргэдэд, улмаар улсын төсвөөр дамжин төсвийн байгууллагын ажилтан албан хаагчид, тэтгэвэр тэтгэмж авагчид, эцэст нь нийгмийн халамж хүртэж байгаа иргэдэд зүй зохистой харьцаагаар хуваарилагдаж байх зарчмыг баримтлах.
 
Гурав. Улсын төсвийн дунд хугацааны хөрөнгө оруулалт
 
3.1.Улсын төсвийн дунд хугацааны хөрөнгө оруулалт нь улсын хөгжлийн стратеги, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбаруудын тэргүүлэх чиглэлтэй уялдан дараах чиглэлд түлхүү хийгдэнэ:
 
         3.1.1.хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих үүднээс эрчим хүч, зам, тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалт;
 
         3.1.2.зах зээлийн механизм үр дүнтэй үйлчилж чадахгүй, мөн урт хугацааны хөрөнгө оруулалт шаардсан, нийгэмд зайлшгүй шаардлагатай төсөл арга хэмжээ;
 
         3.1.3.ерөнхий болон мэргэжлийн боловсролын сургууль, эмнэлгүүдийн барилгыг шинээр барьж байгуулах, өргөтгөх, их засвар хийх зэргээр нийгмийн дэд бүтцийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ;
 
         3.1.4.төрийн байгууллагын үйл ажиллагааг явуулах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
 
         3.1.5.нийгмийн дэг журам хангах, улсын аюулгүй байдал, хил хамгаалах, батлан хамгаалахад чиглэсэн арга хэмжээ.
 
3.2.Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг гадаадын зээл, тусламж, хувийн хөрөнгө оруулалттай нягт уялдуулах үүднээс дунд хугацааны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.
 
Дөрөв. Улсын төсвийн бодлого
 
4.1.Макро эдийн засгийн болон хөрөнгө оруулалтын дээрх бодлогуудтай уялдуулан дунд хугацаанд баримтлах улсын төсвийн бодлого нь дараахь зорилтыг хангана:
 
         4.1.1.төсвийн байгууллагад ажиллагсдын цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх;
 
         4.1.2.нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоонд байгаа дутагдал, доголдлыг засаж залруулан, нийгмийн даатгалын сангийн хуримтлалыг бий болгож арвижуулах;
 
         4.1.3.өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд,  жирэмсэн болон амаржсан  эхчүүдэд олгож байгаа нийгмийн халамжийн тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан өсгөхийн хамт 18 нас хүртэлх хүүхдүүдэд олгох тэтгэмжийг Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрийн дагуу бүрэн олгох;
 
         4.1.4.төрийн захиргааны болон төсвийн байгууллагуудын удирдлага, менежментийг сайжруулах, эцсийн үр дүн, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулсан байдалтай уялдуулан үр дүнгээр санхүүжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн баримтлах;
 
         4.1.5.засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, зохион байгуулалтыг үе шаттай боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах;
 
         4.1.6.төсөвт байгууллагуудын ажил, үйлчилгээний чанар, хүртээмжид төрийн бус байгууллагууд, олон нийтийн тавих хяналтын механизм бүрдүүлж ил тод байдлыг хангах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлыг өргөжүүлэх;
 
        4.1.7.улсын төсвийн орлогыг бүрдүүлэхдээ шууд татварын дарамтыг багасгаж, хэрэглээнд тулгуурласан шууд бус татвар, татварын бус орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэх замаар төсвийг бүрдүүлэх, гааль, татварын байгууллагыг ил тод, иргэдэд шуурхай үйлчилгээ, зөвлөгөө үзүүлдэг байгууллага болгох зорилтыг хэрэгжүүлнэ.
 
 
 
 
 
__________oOo_________