- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДYYЛГИЙГ БYРТГЭХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Монгол Улсын Их Хурлын 2007 оны
09 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
АЛБАН ТУШААЛТНЫ ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДYYЛГИЙГ БYРТГЭХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигын эсрэг хуулийн 10.4-д заасан хугацаанд, батлагдсан маягтын дагуу үнэн зөв гаргаж Авлигын эсрэг хуулийн 11.1-д заасан байгууллага, албан тушаалтанд биечлэн болон энэ журмын 2.7, 2.9 -д заасны дагуу хүргүүлнэ.
1.3.Мэдүүлэг гаргагч мэдүүлгээ бүртгүүлсний дараа түүний хөрөнгө, орлогод их хэмжээний өөрчлөлт орсон бол Авлигын эсрэг хуулийн 10.5-д заасны дагуу 30 хоногийн дотор мэдэгдэж бүртгүүлнэ.
Хоёр. Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах,
түүнийг бүртгэх, хадгалах
2.1.Дараахь албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгнө:
2.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч;
2.1.2.Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн;
2.1.3.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд;
2.1.4.Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний орлогч, гишүүн;
2.1.5.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
2.1.6.Улсын ерөнхий прокурор, түүний орлогч;
2.1.7.Монгол банкны Ерөнхийлөгч, тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч;
2.1.8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга;
2.1.9. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга;
2.1.10.Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга;
2.1.11. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга;
2.1.12.Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга;
2.1.13.Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн;
2.1.14.Үндэсний статистикийн газрын дарга, дэд дарга;
2.1.15.Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүн;
2.1.16.Сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга;
2.1.17.Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүн;
2.1.18.Ерөнхий аудитор, түүний орлогч;
2.1.19.Засгийн газрын агентлагийн дарга;
2.1.20. аймаг, нийслэлийн иргэдийн Хурлын дарга;
2.1.21.аймаг, нийслэлийн Засаг дарга, орлогч;
2.1.22.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга болон Ерөнхий захирал.
2.2. Энэ журмын 2.1-д зааснаас бусад албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ дараахь байгууллага, албан тушаалтанд гаргаж өгнө:
2.2.1. энэ хэсгийн 2.1.5-д зааснаас бусад бүх шатны шүүхийн шүүгч, шүүхийн тамгын газар, хэлтсийн дарга нар Шүүхийн ерөнхий зөвлөлд;
2.2.2.Засгийн газраас томилогддог албан тушаалтан Төрийн албаны зөвлөлд;
2.2.3.төрийн захиргааны болон тусгай албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагч өөрийг нь томилсон буюу удирддаг эрх бүхий албан тушаалтанд;
2.2.4. аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгчид, Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд;
2.2.5.сум, дүүрэг, баг хорооны Засаг дарга, орлогч нар аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд;
2.2.6.төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон тийм өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал, тэдгээрийн төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлж байгаа болон захиргааны албан тушаал эрхэлж байгаа төрийн албан хаагчид Төрийн өмчийн хороонд;
2.2.7.орон нутгийн өмчит бол тийм өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн захирал тухайн Засаг даргын Тамгын газарт;
2.2.8.төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг хууль тогтоомжоор тогтоосон журмын дагуу түр, эсвэл байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах болон гүйцэтгэх ажилтан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт;
2.2.9. Төрийн албаны тухай хуулийн 6.1.14, 6.1.15-д заасан улс төрийн албан тушаалтны бүрэн эрхийнх нь хугацаанд зөвхөн өөрт нь үйлчлэх орон тооны зөвлөх, туслах, хэвлэл мэдээллийн ажилтан, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны ажилтан харьяалагдах төрийн байгууллагын Тамгын газарт.
2.3.Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7.4.4-д заасны дагуу, тойргийн хороо Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.7-д заасны дагуу, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо орон нутгийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 12.1.6, 13.1.2-т заасны дагуу тус тус бүртгэж Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгнө.
2.4.Бүх шатны сонгуулийн хороод сонгуулийн нэгдсэн дүн гарсны дараа тухайн шатны сонгуульд сонгогдогчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг сонгууль дууссанаас хойш 14 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт ирүүлэхдээ мэдүүлэг гаргагчийн нэрсийн жагсаалт, мэдүүлгийн эх хувийг "нууц" гэсэн тэмдэг дарж битүүмжилсэн дугтуйнд хийж ирүүлнэ.
2.5.Авлигын эсрэг хуулийн дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих ажлыг тухайн байгууллагын хуулийн асуудал эрхэлсэн алба, эсхүл аль нэг ажилтан нь хариуцан ажиллаж, Авлигын эсрэг хуулийн 6.1.8 дахь заалт, 11, 12 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлнэ.
2.6.Мэдүүлгийг засваргүй, товч тодорхой бичих бөгөөд асуулт болгонд хариулна.
2.7.Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ шуудангаар илгээх бол эрх бүхий албан тушаалтны нэр дээр "гарт нь" гэж хаяглан баталгаат илгээмжээр ирүүлэх бөгөөд энэ тохиолдолд мэдүүлэг бичигдсэн хугацааг илгээмж дээрх шуудангийн тэмдэглэлийг үндэслэн тооцно.
2.8.Шуудангаар ирсэн мэдүүлгийг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, илгээмжийг задлалгүйгээр эрх бүхий албан тушаалтанд шууд хүлээлгэн өгнө.
2.9.Мэдүүлэг хүлээн авах эрх бүхий этгээд мэдүүлгийг хүлээн авсан тухай тусгай бүртгэл хөтөлнө.
2.10.Мэдүүлэг гаргагч электрон шуудангаар мэдүүлгээ илгээж болох бөгөөд хаяг, гарын үсгийн баталгаажилт, нууцлал зэргийг мэдүүлэг хүлээн авах эрх бүхий этгээдтэй урьдчилан тохиролцсон байна.
Гурав. Хөрөнгө, орлогын мэдүүлэг бөглөх
3.1.Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт дараахь зүйлийг тусгана:
3.1.1.мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн байдал;
3.1.2.орлого;
3.1.3.хөрөнгө, зээл, бэлэг.
3.2. Энэ журмын 3.1.1-д өөрийн болон хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүд /нөхөр буюу эхнэр, хүүхэд, эцэг, эх /-ийн нэр, төрсөн он, сар, өдөр, эрхэлж байгаа ажил, ажиллаж, сурч байгаа байгууллага, сургуулийн нэр, хаягийг бичнэ.
3.3. Энэ журмын 3.1.2-т заасан орлогод цалин, хөдөлмөрийн хөлс, мөнгөн шагнал, урамшуулал, хөдөлмөр эрхлэлтийн орлого, үйл ажиллагааны орлого, хөрөнгийн орлого, хөрөнгө борлуулсны орлого, мал бүхий этгээдийн орлого, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагын тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого, урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, шууд бус орлогыг, хэрэв орлогыг эд зүйлийн хэлбэрээр авсан бол дүнг нь мөнгөн хэлбэрт шилжүүлж тус тус бичнэ.
3.4. Энэ журмын 3.1.3-т заасан орлогод албан тушаалтны өөрийн болон гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, хадгаламж, хөрөнгө оруулалт, хувьцаа, үнэт цаас болон банк, бусад санхүүгийн байгууллага, иргэд, хуулийн этгээдээс авсан зээл, түүнчлэн тухайн албан тушаалтны нэг сарын цалингаас дээш хэмжээний үнэтэй бэлгийг бичнэ.
4.1.Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн хөрөнгө, орлогын мэдүүлгийг архивт хадгалах бөгөөд түүнийг хадгалах, ашиглах журмыг Авлигатай тэмцэх газрын дарга, архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргатай хамтран батална.
ооООоо
Текст томруулах
A
A
A