- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2008 ОНД БАРИМТЛАХ YНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2007 оны
86 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2008 ОНД БАРИМТЛАХ YНДСЭН ЧИГЛЭЛ
Төрийн мөнгөний бодлого нь инфляцийг дунд хугацаанд тогтвортой нам түвшинд байлгаж, санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогын үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад нийцсэн санхүүгийн зах зээлийн бүтэц, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэгдэнэ. Монголбанк нь төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн хүрээнд бодлогын шийдвэрүүдээ бие даасан байдлаар гаргана. Энэхүү бодлого нь төрийн бодлогын уламжлалыг хадгалсан, зах зээлийн өөрчлөлтийг тухай бүр тусган авч дунд хугацаанд тодорхойлогдсон зорилготой нийцсэн байдлаар хэрэгжинэ.
1. Мөнгөний бодлогын талаар
1.1.Төрийн мөнгөний бодлогын гол зорилт нь 2008–2010 онуудад хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийг дунджаар жилийн 6 хувь байлгахад оршино.
1.2.Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ олон улсад нийтлэг хэрэглэгдэж байгаа дэвшилтэт хэлбэрийг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан үе шаттай хэрэгжүүлнэ. Бодлогын хэрэгжилт аль болох тогтвортой, үр ашиг нь нэмэгдэж, улам нээлттэй, үр нөлөө сайтай байх нөхцлийг сайжруулна.
1.3.Гадаад валютын албан нөөцийн удирдлагыг боловсронгуй болгон найдвартай байдлыг хангаснаар гадаад төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дээшлүүлэн, нөөцийг импортын 30 долоо хоногийн төлбөрийг гүйцэтгэх хэмжээнээс доошгүй байлгаж, түүний бүтэц, байршил, эрсдэл, үр өгөөжийн зохистой харьцааг хангах бодлогыг хэрэгжүүлнэ.
1.4.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтох зах зээлийн тогтолцоог бэхжүүлж, зах зээлийн мэдээллийн болон арилжааны тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэн, төгрөгийн ханш нь макро эдийн засгийн урт хугацааны зорилгод нийцсэн байхыг чухалчилна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн үр дүнд уян хатан тогтож байх бөгөөд Монголбанкны оролцоо нь зөвхөн богино хугацааны огцом өөрчлөлтийг зөөлрүүлэх хэмжээнд хязгаарлагдана.
1.5.Зээлийн мэдээллийн санг боловсронгуй болгох, төлбөрийн тэнцлийн мэдээллийн хамрах хүрээг өргөжүүлж, гадаад хөрөнгө оруулалтын тайлан гаргах ажлыг хэрэгжүүлнэ.
1.6.Мөнгөний бодлогыг улс орны эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглүүлж, урт хугацаатай зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, түүний хүүг бууруулна.
2. Санхүүгийн салбарын үр ашгийн талаар
2.1.Санхүүгийн салбарын нэгдсэн удирдлага, хяналтыг боловсронгуй болгох зорилгоор Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны үйл ажиллагааны уялдааг сайжруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах эрх зүйн орчныг хуульчлан баталгаажуулна.
2.2.Санхүүгийн салбарт гарч байгаа шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнд иж бүрэн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулахын зэрэгцээ олон улсын хөндлөнгийн бие даасан мэргэжлийн байгууллагуудаар үнэлгээ, дүгнэлт хийлгэж ажиллана.
2.3.Банкны байгууллагын үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжин, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд оновчтой нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон дэд бүтцийн орчныг сайжруулна. Сургалт, судалгаа хийж нийтэд түгээх, хэрэглэгчийн мэдээллийг баяжуулах ажлыг зохион байгуулахын зэрэгцээ санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагааны хүрээг өргөжүүлснээр цогц бүтээгдэхүүн бий болох орон зайг нэмэгдүүлнэ.
2.4.Банк, санхүүгийн үйлчилгээг цогц хэлбэрээр хүргэх боломжийг бүрдүүлэхийн хэрээр банк, санхүүгийн байгууллагуудын хяналт, шалтгалтыг нэгдмэл байдлаар хийх шаардлагыг зохистойгоор хэрэгжүүлнэ.
2.5.Yндэсний төлбөр тооцооны системийг улам боловсронгуй болгох, тасралтгүй найдвартай үйл ажиллагааг хангах, төлбөр тооцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлэх, шаардагдах техник хангамжийг бий болгох, бэлэн мөнгөний гүйлгээг багасгах, бэлэн бус төлбөр тооцооны давуу талыг ашиглах дунд хугацааны төлөвлөгөөг Засгийн газартай хамтран боловсруулж үе шаттай хэрэгжүүлнэ.
2.6.Ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг гадаад зах зээлээс нийлүүлэх ажлыг Засгийн газартай хамтран зохион байгуулна.
2.7.Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хадгаламжийн даатгалын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
3. Төв банкны үйл ажиллагааны талаар
3.1.Монголбанкны үйл ажиллагааны бие даасан, ил тод байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ олон нийтийн өмнө хүлээх хариуцлагыг өндөржүүлэх ажлыг зохион байгуулна. Энэ ажлын хүрээнд Монголбанкны эрсдлийн удирдлагыг бэхжүүлэх, олон нийт, зах зээлтэй харилцах харилцааг илүү үр ашигтай зохион байгуулж, төв банкны үйл ажиллагааны талаархи олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд илүү анхаарна. Монголбанкны үйл ажиллагааг бие даасан, нээлттэй, ил тод болгох, арилжааны банкуудын удирдлага, дотоод хяналтад Монголбанкны зүгээс тавих хяналтыг сайжруулах, дээрх чиглэлүүдээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулна.
3.2.Банкны үйлчилгээний хүртээмж, найдвартай байдал, үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэх, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын албадтай Монголбанк хамтарч ажиллана.
______оОо_______
Текст томруулах
A
A
A