A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хавсралтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан./

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 44 дугаар
 тогтоолын 1 дүгээр хавсралт



УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮНИЙ ТӨСӨВТ ЗАРДЛЫГ ТӨЛӨВЛӨХ, ТООЦОХ, ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын тодорхой төсөвтэй байна.

1.2.Гишүүний өөрийн төсөвт зардал нь доор дурдсан бүрэлдэхүүнтэй байна:


1.2.1.үндсэн цалин;
1.2.2.албан ажлын онцгой нөхцөлийн болон бусад нэмэгдэл;
1.2.3.нийгмийн даатгалын шимтгэл;
1.2.4.тойрогт ажиллах томилолтын зардал;
1.2.5.зөвлөх, туслахын болон бие төлөөлөгч-туслахын цалингийн зардал;

1.2.6.хотын дотор хэрэглэх унаа /суудлын автомашин/-ны зардал;
1.2.7.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль сурталчлах, бусад орны хууль тогтоомж, туршлагатай танилцах, судлахтай холбогдсон зардал;

1.2.8.холбогдох шийдвэрийн дагуу олгох бусад зардал.

1.3.Засгийн газрын гишүүнээр томилогдсон гишүүнд энэ журмын 1.2.4, 1.2.5, 1.2.7, 1.2.8-д заасан зардлын төсөв хамаарна.

1.4.Гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг арга хэмжээний дараах зардлыг Улсын Их Хурлын жил бүрийн төсөвт тусгана:

1.4.1.холбооны зардал /албан өрөөний утасны зардал/;
1.4.2.Улсын Их Хурлын шугамаар зохиогдох ёслол, хүндэтгэлийн зэрэг нийтлэг арга хэмжээний унааны зардал;

1.4.3.бичиг хэрэг, шуудангийн зардал;
1.4.4.тэтгэвэр, тусламж, шагнал, урамшууллын зориулалттай зарим зардал;

1.4.5.гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүний амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамжийн зардал;

1.4.6.холбогдох шийдвэрийн дагуу төсөвлөгдсөн бусад зардал.

Хоёр.Гишүүний төсөвт зардлыг төлөвлөх,
тооцох журам

2.1.Энэ журмын 1.2.1-1.2.8-д заасан гишүүний өөрийн төсөвт зардал тус бүрийг Улсын Их Хурлаас тогтоосон зардлын хэмжээгээр тооцон төлөвлөнө.
2.2.Энэ журмын 1.2.4-т заасан гишүүний тойрогт ажиллах томилолтын зардалд дараах зардлыг тооцон төлөвлөнө:

2.2.1.тогтоосон лимитийн дагуу олгох унааны зардал;
2.2.2.гишүүнд аймаг, орон нутагт очих, ирэх замын болон ор хоногийн зардал;
2.2.3.амь насны даатгалын зардал.

2.3.Энэ журмын 1.2.6-д заасан хотын дотор хэрэглэх унааны зардлыг Улсын Их Хурлаас тогтоосон лимит, автобаазтай байгуулсан гэрээнд заасан тарифыг үндэслэн төлөвлөнө.

2.4.Унаа, ор хоногийн зардал, тухайн аймаг, орон нутагт очих, ирэх замын зардал болон амь насны даатгалын зардлын хэмжээг төлөвлөхдөө тухайн үеийн үнэ тарифыг үндэслэнэ.

2.5.Улсын Их Хурлын Тамгын газар /цаашид "Тамгын газар" гэх/ нь энэ журмын 1.4-т заасан гишүүний нийтлэг арга хэмжээний зардал тус бүрийг холбогдох хууль тогтоомж, мөрдөж буй жишиг, урьд жилүүдийн дундаж гүйцэтгэл, инфляц, үнэ тарифын өөрчлөлт зэргийг харгалзан төлөвлөж, хэрэгжилтийг зохион байгуулна.

Гурав.Гишүүний төсвийг зарцуулах, тайлагнах
журам


3.1.Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтэс /цаашид "Санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгж" гэх/ нь гишүүний өөрийн төсөвт зардлыг гишүүн бүрийн нэрээр төсөвлөн, тэдний зөвшөөрөлтэйгөөр зориулалтынх нь дагуу зарцуулна.

            3.2.Гишүүний төсвийн гүйцэтгэлийг тэдний бүрдүүлж, гарын үсэг зурж баталгаажуулсан зарцуулалтын тайлан, холбогдох санхүүгийн баримтыг үндэслэн Санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгж улирал бүр гаргаж, гишүүн тус бүрд танилцуулна.

            3.3.Санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгж нь гишүүн болон бие төлөөлөгч-туслахын төсвийн гүйцэтгэлийг гаргахдаа хэтрэлт, хэмнэлтийг зардлын зүйл, анги тус бүрээр тооцон мэдээлж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

           3.4.Гишүүн өөрөө хүсвэл орон тооны туслах авч ажиллуулахгүйгээр түүнд зориулан батлагдсан төсвийг судалгаа, сурталчилгаа, мэдээллийн материал бэлтгүүлэх зориулалтаар ашиглаж болох бөгөөд энэ талаар Санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжтэй  урьдчилан тохиролцсон байна.

           3.5.Гишүүний өөрийн төсвийг сар, улирлаар хуваарилах бөгөөд урьд олгогдсон төсвийн гүйцэтгэлийн санхүүгийн баримт, тайланг бүрэн гаргасны дараа тэдний бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн дараагийн сар, улирлын төсөвт зардлыг тухай бүрд олгоно. 

            3.6.Төсөвт зардлаа хэтрүүлэн зарцуулсан тохиолдолд илүү зарцуулсан зардлыг тухайн гишүүн болон бие төлөөлөгч-туслахаар бүрэн төлүүлнэ.

            3.7.Энэ журмын 1.2.6-д заасан хотын дотор хэрэглэх унааны зардлыг дараах байдлаар тооцож олгоно:
3.7.1.гишүүн өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд 1 км-ийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрх зүйн актаар тогтоосон лимитийг үндэслэн тооцож өөрт нь олгох;

3.7.2.унаа хэрэглэсэн тохиолдолд 1 км-ийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан эрх зүйн актаар тогтоосон лимитийг үндэслэн тооцож хэмнэгдсэн лимитийн зардлыг өөрт нь олгох;

3.7.3.Байнгын хорооны дарга нэг сараас дээш хугацаагаар эзгүй байх тохиолдолд түүнийг албан ёсоор орлон ажилласан гишүүнд Байнгын хорооны даргын унааны лимитийн зөрүүг олгох.

            3.8.Унаа хэрэглэсэн тухай гүйцэтгэлийн баримтыг үндэслэн унааны зардлын хэтрэлт, хэмнэлтийн тооцоог гаргаж тухайн гишүүнтэй тохиролцсоны дагуу дараа сарын 10-ны дотор багтаан хэтрэлт, хэмнэлтийн асуудлыг шийдвэрлэнэ.

            3.9.Гишүүн энэ журмын 1.2.7-д заасан төсөвт зардлыг зориулалтын дагуу зарцуулах төсөв, төлөвлөгөөг боловсруулан санхүүжилтийг авах бөгөөд түүний гүйцэтгэлийн талаарх тайлан, тооцоог гарган, холбогдох баримтаар баталгаажуулж Санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжтэй  тухай бүр тооцоо хийнэ.

            3.10.Энэ журмын 1.2-т заасан гишүүний өөрийнх нь төсөвт зардлын цалингийн сангаас бусад зардлыг түүний зөвшөөрлөөр зөвхөн хооронд нь шилжүүлэн зарцуулж болох бөгөөд өөр зүйлд зарцуулахыг хориглоно.




---оОо---