A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2008 оны
05 дугаар сарын 22-ны өдрийн 41 дүгээр
тогтоолын 2 дугаар хавсралт
 
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2009-2011
 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТУУД
 
Засгийн газар "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-д тусгагдсан стратегийн зорилт, арга хэмжээтэй уялдуулан дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн хурдцыг нэмэгдүүлэх, эрдэс түүхий эдийн томоохон ордуудыг ашиглах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бататган хадгалах, инфляцийг нэг оронтой тоонд байлгах, гадаадын зээл, тусламж, улсын болон хувийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хэрэглээг урамшуулах эдийн засгийн бодлого баримталж, эрчимтэй хөгжлийн үндэс суурийг баттай тавина. Эдийн засгийн бодлого нь өсөлтийг урамшуулж, төсвийн орлого, гадаад зээлийн ашиглалтыг зохистой нэмэгдүүлэн, нийгмийн бодлого, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар ард иргэдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлж сайн сайхан аж байдлыг хангах, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг  хангахад чиглэгдэнэ.  
 
Нэг. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгална.
 
1.1.Эдийн засгийн бодит өсөлтийг дунд хугацаанд 10 хувиас бууруулахгүй байх.
 
1.2.Хүн амын өргөн хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний хангамжийг сайжруулж, инфляцийн түвшинг дунд хугацаанд нэг оронтой тоонд байлгах.
 
1.3.Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцлийн алдагдлыг багасгаж гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.
 
1.4.Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулж санхүүгийн салбарыг эрсдэлээс хамгаалах механизмыг бүрдүүлэн олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжаалах ажлыг хэвшүүлэх.
 
Хоёр. Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хадгална.
 
2.1.Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн орлого, зарлагын харьцааг зохистой түвшинд байлгах  зарчим баримталж, төсвийн алдагдлын хэмжээг "0" хувьтай байлгах.
 
2.2.Төсвийн хөрөнгө оруулалт, гадаад эх үүсвэрийг авто замын сүлжээг хөгжүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэр, нефть бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр болон томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж барьж байгуулах, хот, суурин газрын агаарын бохирдлыг багасгахад чиглэгдсэн бүтээн байгуулалтын ажилд түлхүү ашиглах.
 
2.3.Төсвийн орлогын төлөвлөгөөг илүү бодитой, боломжит орлогын эх үүсвэрийг төсвийн төлөвлөгөөнд бүрэн дайчлан тусгаж, татварын тэгш, шударга байх зарчмыг баримтлан татвар хураалтыг эрчимжүүлэх.
 
2.4.Стратегийн зарим орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж уул, уурхайн салбарын орлогыг нэмэгдүүлэн, түүнээс Монгол Улсын иргэн бүрт шударга, үр ашигтай зарчмаар хуваарилах тогтолцоог бий болгож мөрдүүлэх.
 
Гурав. Бодит салбарын хөгжлийг дэмжиж, эдийн засгийн хөгжлийн хурдцыг нэмэгдүүлнэ. 
 
3.1.Мянганы замын босоо, хэвтээ тэнхлэгийн гол замуудыг барьж байгуулах ажлыг үндсэнд нь дуусгаж, бүсийн тулгуур төвүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, орон нутагт хөгжлийн таталцлын төвүүд бий болгох замаар бизнес хөгжих таатай орчин бүрдүүлж, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах бодлого баримтлах.
 
3.2.Зүүн болон говийн бүсийн төмөр замын сүлжээг барьж байгуулах ажлыг хэрэгжүүлж, 2 дахь төмөр замын шугам барьж байгуулах ажлыг үе шаттай эхлүүлэх.
 
3.3.Хувийн хэвшлийн хөгжлийг эдийн засгийн бүхий л хөшүүргээр дэмжих, шинжлэх ухаан технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологийн шинэчлэл хийх, шинэ технологт тулгуурласан үйлдвэрлэл, бүтээгдэхүүн бий болгохыг  дэмжих.
 
3.4.Хөрш орнуудын болон олон улсын зах зээлийн боломжийг илүү ашиглах, өндөр хөгжилтэй орнуудын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх боломжийг эрэлхийлж бүрдүүлэх.
 
3.5.Эдийн засаг, худалдааны чөлөөт бүсүүдийг байгуулах ажлыг эрчимжүүлж, бүсүүдийн дэд бүтцийг бүрдүүлэн, түүний үйл ажиллагааг эхлүүлэх.
 
3.6.Төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах.
 
3.7.Эдийн засгийн өндөр өсөлтийг хангахад эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж, түлш эрчим хүчний салбарт шинэчлэл хийх замаар зах зээлийн зарчимд шилжүүлэх бодлого баримтлах.
 
3.8.Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангаж, стратегийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, нөөц, хангамжийг сайжруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, "Атрын  гурав дахь аян "-ыг зохион байгуулж улаан буудай, төмс, хүнсний ногоогоор өөрийн хэрэгцээгээ хангаж эхлэх.
 
3.9."Дөчин мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн гэр хорооллуудыг дахин төлөвлөлт хийх замаар орон сууцны хороолол болгон төвлөрсөн инженерийн хангамжид холбох ажлыг хийж эхлүүлэх, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах.
 
Дөрөв. Уул уурхайн салбарт баримтлах бодлого нь эдийн засгийн өндөр өсөлтийг хангах суурь болж, байгаль орчин, экологит ээлтэй байхад чиглэгдэнэ.
 
4.1.Уул, уурхайн салбараас улсын төсөвт орох орлогыг цаашид эдийн засгийн өндөр өсөлтийг хангах чиглэлийн хөрөнгө оруулалтад түлхүү ашиглах. 
 
4.2.Оюу Толгойн алт, зэс, Таван толгойн нүүрс, Асгатын мөнгө, ураны зарим ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайгаас улсын төсөвт орох орлогын хэмжээг нэмэгдүүлэх.
 
4.3.Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгалийн нөөцийн хомсдол, агаар, ус, хөрсний бохирдол, доройтолтой тэмцэх эдийн засаг, эрх зүйн зохицуулалт, техник, технологийн чадавхийг дээшлүүлж, иргэд, байгууллагын оролцоонд түшиглэсэн нөхөн сэргээлт, хамгаалах хамтын үүрэг хариуцлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэх замаар экологийн болзошгүй аюул, эрсдэлийг бууруулах.   
 
4.4.Газрын тосны хайгуул олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үндэсний үйлдвэр байгуулж бензин шатахуун үйлдвэрлэж эхлэх, импортын хараат байдлыг арилгах.
 
4.5.Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бүрдүүлж, эрчим хүчний нийлүүлэлт, хангамжийг нэмэгдүүлэн өөрийн хэрэгцээг бүрэн хангах.
 
4.6.Эрдэнэтийн зэсийн баяжмалыг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, экспортын орлогыг нэмэгдүүлэх.
 
Тав. Ядуурлыг бууруулах, хүний хөгжил, хүнсний аюулгүй байдлыг  хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
 
5.1.Эдийн засгийн өсөлтийн үр шимээр бүтээгдсэн нийгмийн баялгийг иргэдэд шударга хүртээх оновчтой арга хэрэгслийг бүрдүүлэх чиглэлээр "Эх орны хишиг сан"-г бүрдүүлэх, зарцуулах эрх зүйн орчинг бий болгох.
 
5.2.Гадаадын буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр гадаад түншүүдтэй идэвхтэй хамтран ажиллах.
 
5.3.Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляц, эдийн засгийн өсөлт, төсвийн боломжтой уялдуулан нэмэгдүүлэх.
 
5.4.Хүн амын өсөлтийг урамшуулах хүрээнд хүүхэд, гэр бүлд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг үргэлжлүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, хөдөлмөрийн төв бирж байгуулж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах.
 
5.5.Нийгмийн даатгалын сангуудын тодорхой хэсгийг хөрөнгийн зах зээлд оруулж менежмент хийх нөхцөл, бололцоог бүрдүүлэх, түүний санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, бие даасан байдлыг хангах.
 
5.6.Бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлж, ерөнхий боловсролын сургалтыг 12 жилийн тогтолцоонд бүрэн шилжүүлж, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ур чадвартай мэргэжлийн ажилтан бэлтгэх.  
 
5.7.Эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгож, улсын болон хувийн эмнэлэгүүдийн оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах, дэлхийн жишигт ойртсон орчин үеийн иж бүрэн оношилгооны төвүүдийг байгуулах.  
 
5.8.Үйлчлүүлэгчдэд ээлтэй, эрүүл мэндийг дэмжсэн тусламж, үйлчилгээг бий болгож, хүн ам ялангуяа эх, хүүхэд, ядуу болон бусад эмзэг бүлгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, хамралт, ашиглалтыг нэмэгдүүлэх.
 
5.9.Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж эрүүл мэнд, боловсрол, жендер, байгаль орчны талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх.
 
5.10.Монгол Улсын олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааг бататгах. 
 
Зургаа. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр дүнг сайжруулна. 
 
6.1.Төрийн захиргааны байгууллагуудын иргэдэд үзүүлдэг үйлчилгээг шуурхай болгох үүднээс цахим хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлж, хэвшүүлэх.       
 
6.2.Орон нутгийн бие даасан байдлыг хангах ажлын хүрээнд санхүүгийн чадавхийг үе шаттайгаар нэмэгдүүлэх арга хэмжээ авах.
 
6.3.Иргэний нийгмийн төлөөлөл, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг ажлыг өргөжүүлэх.
 
6.4.Эдийн засаг, нийгмийн бүх хүрээнд хариуцлагын тогтолцоог эрс дээшлүүлж, төрийн үйлчилгээг иргэдэд хүнд суртал, чирэгдэлгүй, шуурхай хүргэж, ил тод байдлыг хангах.
 
6.5.Шийдвэр гаргах түвшинд олон нийтийн оролцоог хангаж, иргэний нийгмийн хяналтын үр ашигтай тогтолцоог бүрдүүлж ажиллах.
 
 
 
 
 
               ---ооООоо---