- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2009 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2008 оны
31 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР
2009 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төрийн мөнгөний бодлого нь инфляцийг дунд хугацаанд тогтвортой, нам түвшинд хүргэж бууруулах замаар иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих, санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах, мөнгөний бодлогын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ. Санхүүгийн зах зээлийн бүтэц, дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ. Монголбанк инфляцийг бууруулахад чиглэсэн шийдвэрээ бие даасан, мөнгөний болон сангийн бодлогын харилцан уялдааг хангасан хэлбэрээр хэрэгжүүлнэ. Энэхүү бодлого нь төрийн бодлогын уламжлалыг хадгалсан, зах зээлийн өөрчлөлтийг тухай бүр тусгасан, дунд хугацааны зорилготой нийцсэн байдлаар хэрэгжинэ.
1. Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд
1.1.Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдэх инфляцийн түвшинг нэг оронтой тоонд барьж, эдийн засгийн бодит өсөлтийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ.
1.2.Мөнгөний бодлогын үр ашгийг нэмэгдүүлж, нээлттэй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ мөнгө, сангийн бодлогын харилцан уялдааг инфляцийг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг хамгаалах, эдийн засгийн бодит өсөлтийг дэмжихэд чиглүүлнэ.
1.3.Төгрөгийн ханш нь валютын захын эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр бодитой, чөлөөтэй тогтож байх зарчмыг баримтална.
1.4.Төлбөрийн тэнцэл гаргах, гадаад валютын урсгалын талаархи мэдээллийн хамрах хүрээ, хүртээмж, нээлттэй байдлыг сайжруулах, үр ашигтай ажиллах дэд бүтцийг бүрдүүлэх замаар дотоодын валютын захын үр ашгийг нэмэгдүүлнэ.
1.5.Гадаад валютын улсын нөөцийг түүний найдвартай байдал, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангасны үндсэн дээр үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зарчмаар удирдаж, нөөцийг импортын 17.7-гоос доошгүй долоо хоногийн төлбөрийг гүйцэтгэх хэмжээнд байлгана.
1.6.Экспортын алт, зэс, импортын нефть зэрэг гол нэрийн бараа, түүхий эдийн үнийн ирээдүйн хандлагыг тодорхойлж, урьдчилсан таамаглал хийх чадавхийг бий болгох замаар санхүүгийн үүсмэл хэрэгслүүдээр үнийн эрсдлийн зохицуулалт хийдэг болно.
1.7.Монголбанкинд тушаагдах алтны хэмжээ нь төлбөрийн тэнцэл, төсвийн орлого, валютын нөөцийн хэмжээнд нөлөөлж байгааг харгалзан тухайн жилд олборлосон алтыг Монголбанкинд бүрэн тушаадаг болгох арга хэмжээг хууль, эрх зүйн хүрээнд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.
2. Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах,
үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд
2.1.Банкны салбарын тогтвортой байдлыг хамгаалсан бодлого явуулна.
2.2.Банкны байгууллагын үйлчилгээ нь бизнесийн үйл ажиллагааг дэмжин, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгцээнд оновчтой нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүнийг цогц хэлбэрээр үзүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон дэд бүтцийн орчныг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.
2.3.Банкны харилцагч, хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, банкны байгууллагын үйлчилгээний шударга, ил тод, ойлгомжтой байдлыг сайжруулах, банкны ажилтны ёс зүйн зарчмуудыг мөрдөн ажиллуулах чиглэлд Монголбанкны үйл ажиллагааг өргөжүүлнэ.
2.4.Олон Улсын Төлбөр Тооцооны Банкны дэргэдэх Базелийн Санхүүгийн Тогтвортой байдлын Хорооноос гаргасан банкны хяналт, шалгалтын үндсэн зарчмуудыг бүрэн хэрэгжүүлснээр монголын банк, санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлд хүрч ажиллах, хямд, урт хугацаатай хөрөнгө татан төвлөрүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх бололцоог бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрсдэлийг үнэлж, хязгаарлах ажлыг хэрэгжүүлнэ.
2.5.Эрсдэлд суурилсан зохистой харьцааны үзүүлэлт ба санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх арга хэрэгслийг хослуулан хэрэглэх, түүнийг боловсронгуй болгох замаар санхүүгийн зах зээлийн ил тод байдлыг дээшлүүлнэ.
2.6.Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх бололцоо бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх чиглэлээр банкны салбарын эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлнэ.
2.7.Ипотекийн анхдагч ба хоёрдогч зах зээлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ.
2.8.Монгол Улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төлбөр тооцооны системийн үйл ажиллагаанд хяналт тавих, найдвартай, шуурхай байдлыг хангахад шаардлагатай дэвшилтэт технологийг нэвтрүүлэх болон бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлнэ.
2.9.Төв банк, банкны салбарт мэдээллийн технологийн аудит, хяналт, шалгалтыг иж бүрнээр нь хэрэгжүүлж эхлэх, Төлбөр тооцооны төв, Төрийн сан, банкууд бизнесийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах нөөц төлөвлөгөө, нөөц төвтэй байх шаардлагыг ханган ажиллуулахад тавих хяналтыг сайжруулна.
2.10.Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн хадгаламжийн даатгалын болон банкны хяналт, шалгалтын нэгдсэн тогтолцооны эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
2.11.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор урт хугацаатай зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ.
2.12.Банкны салбарын шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, сумдад банкны үйлчилгээний өрсөлдөөнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
2.13.Гадаад зах зээлээс урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудад байршуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3. Төв банкны үйл ажиллагааны хүрээнд
3.1.Монголбанкны үйл ажиллагааны бие даасан, ил тод байдлыг бэхжүүлж, олон нийтийн дунд инфляцийн буруу хүлээлт үүсэхээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллана.
3.2.Банкны салбарын ил тод, найдвартай байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч нарын итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
3.3.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажлыг идэвхжүүлэн энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын байгууллага, бусад улсын ижил төрлийн албадтай хамтарч ажиллана.
3.4.Монголбанкнаас олон нийт, зах зээлтэй харилцах харилцааг улам эрчимжүүлж, Төв банкны үйл ажиллагааны талаархи олон нийтийн боловсролыг дээшлүүлэх ажлыг үргэлжлүүлэн явуулна.
3.5.Банкны мэдээллийн нэгдсэн сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, төрийн мэдээллийн санд холбогдох мэдээллийг шуурхай дамжуулах нөхцлийг бүрдүүлнэ.
3.6.Улсын Их Хурлаас Төв банкинд тавих хяналтыг тогтмолжуулж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн бие даасан байдал, эрх зүйн орчныг сайжруулна.
______оОо_______
Текст томруулах
A
A
A