A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2008 оны
40 дүгээр   тогтоолын  хоёрдугаар
хавсралт
 
 
 
ОЮУ ТОЛГОЙН  ЗЭС-АЛТНЫ  ОРДЫГ ХАМТАРЧ
АШИГЛАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ
БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЗАРЧИМ, УДИРДАМЖ
 
 
1.Гэрээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх.
 
2.Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа дараахь хувилбаруудыг судлан үзэх:
 
1/Монголын талын эзэмшлийг 34 хувиас эхэлж, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа 50 хувь болгох асуудлыг гэрээнд тусгах хувилбар;
 
2/ Бүтээгдэхүүн хуваах зарчимд тулгуурласан хувилбар.
 
3.Ордыг түшиглэн байгуулагдах компанийн хувьцааны 34 хувийг Монголын тал шууд  эзэмшихээр тооцож, уг хувьцаанд ногдох хөрөнгийг албан татвар, төлбөр, хураамж, ногдол ашиг, зээл зэрэг хэлбэрээр оруулж  болохоор тохиролцох.
 
4.Гэрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар  тохиролцох.
 
5.Ордыг ашиглахтай холбогдуулан шинээр барих эрчим хүч, авто зам, төмөр зам, усан хангамж зэрэг дэд бүтцийн холбогдолтой барилга байгууламжуудын болон хот тосгон, нийгэм, соёлын асуудлыг хэрхэн шийдэх талаар гэрээнд тусгах.
 
6.Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зарчим баримталж, үйлдвэрлэлийн шат дамжлага, гаргах бүтээгдэхүүний нэр төрлийг тохиролцох.
 
7.Үйлдвэрлэлд ажиллах үндэсний боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөөг тохиролцох.
 
8.Байгаль орчин, хүн, амьтанд хор хөнөөлгүй, орчин үеийн шилдэг техник, технологи ашиглах талаар болон байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг ордын хайгуул, ашиглалтын бүхий л үе шатанд хэрэгжүүлэх талаар гэрээнд тусгах.
 
9.Гэрээний төсөл боловсруулахдаа олон улсад нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагын туслалцааг авах.
 
 
 
 
 
 
______оОо_____