- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО
Монгол Улсын Их Хурлын 2009 оны
64 дүгээр тогтоолын хавсралт
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТАЛААР
ТӨРӨӨС БАРИМТЛАХ БОДЛОГО
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгагдсан хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах, бүх талын түншлэлийг хөхиүлэн дэмжих замаар Монгол Улсын эдийн засгийг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болоход энэхүү бодлогын зорилго оршино.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Төр, хувийн хэвшлийн түншлэл /цаашид “түншлэл” гэх/ийн талаар баримтлах бодлого нь Монгол Улсад сайн засаглалыг бэхжүүлэх, дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгийг хөгжүүлэх Монгол Улсын төрийн бодлогын салшгүй хэсэг байна.
1.2.Түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого /цаашид” бодлого” гэх/ нь дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх, Засгийн газраас тэргүүлэх ач холбогдол өгч байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах, төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлийн этгээдээр гүйцэтгүүлэх замаар эдгээр салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэнэ.
1.3.Бодлогын зорилт нь:
1.3.1.хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангах;
1.3.2.дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нэгдсэн төсвийн үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
1.3.3.дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах замаар түншлэл, итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.
1.4. Бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Хоёр.Бодлогын зарчим, төрөл, чиглэл
2.1.Бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэхдээ дараахь зарчмыг баримтална:
2.1.1.эдийн засгийн өсөлтийг оновчтой удирдлагаар хангах;
2.1.2.олон нийтийн эрх ашигт нийцсэн байх;
2.1.3.төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх;
2.1.4.шударга ёс, хууль дээдлэх;
2.1.5.ил тод, нээлттэй байдлыг хангасан байх;
2.1.6.үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх;
2.1.7.байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх;
2.1.8.хувийн хэвшлээс хөрөнгө оруулах, түншлэх сонирхлыг татахуйц байх;
2.1.9.түншлэлийн төсөл, арга хэмжээний үр дүн нь үйл ажиллагаанд зарцуулсан өртгөөс дутуугүй байх.
2.2.Үйлчилгээний чанар, хүртээмж, технологи, үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоо түншлэлийн өмнөх түвшинээс сайжирч, тухайн ажил, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой төсөвт үзүүлэх дарамт буурсан байна.
2.3.Түншлэлд оролцогч хувийн хэвшлийн этгээдийг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгоно.
2.4.Түншлэлийн арга, хэлбэр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, холбогдох төрийн байгууллагаас гаргасан шийдвэр, хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаа, түншлэлийн үр дүн нийтэд ил тод, нээлттэй байна.
2.5.Үндэсний компаниудын түншлэлд оролцох бололцоог тэргүүн ээлжинд дэмжих замаар тэдгээрийг санхүү, боловсон хүчнээр бэхжүүлэх, шинэ техник, технологиор хангах бодлого баримтална.
2.6.Бодлого нь бүс нутаг, орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэнэ.
Гурав.Бодлогыг хэрэгжүүлэх үе шат
3.1.Бодлогыг дараахь үе шаттайгаар хэрэгжүүлнэ:
3.1.1.түншлэлийн талаар баримтлах төрийн бодлогыг тодорхойлох;
3.1.2.түншлэлийн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
3.1.3.төрийн зарим ажил, үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үндэс суурийг тавьж, бэхжүүлэх;
3.1.4.хувийн хэвшлээс төрийн зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх үйл ажиллагаанд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг хөхиүлэн дэмжих;
3.1.5.түншлэлийг тогтвортой болгох.
Дөрөв. Бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хэлбэр
4.1.Түншлэл нь дараахь төрөлтэй байна:
4.1.1.нийгмийн салбарын түншлэл;
4.1.2.дэд бүтцийн салбарын түншлэл;
4.1.3.төрийн тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх түншлэл;
4.1.4.үндэсний болон бүс нутгийн хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх түншлэл;
4.1.5.байгаль орчны салбарын түншлэл.
4.2.Энэ бодлогын 4.1.1-д заасан нийгмийн салбарын түншлэлд дараахь асуудал хамаарна:
4.2.1.эрүүл мэнд;
4.2.2.боловсрол;
4.2.3.соёл урлаг;
4.2.4.шинжлэх ухаан;
4.2.5.бусад.
4.3.Энэ бодлогын 4.1.2-т заасан дэд бүтцийн салбарын түншлэлд дараахь асуудал хамаарна:
4.3.1.эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч;
4.3.2.дулаан дамжуулах болон түгээх сүлжээ;
4.3.3.мэдээлэл, харилцаа холбоо;
4.3.4.усан хангамж, ариутгах татуурга;
4.3.5.нийтийн тээвэр;
4.3.6.авто зам;
4.3.7.орон сууц;
4.3.8.бусад.
4.4.Энэ бодлогын 4.1.5-д заасан байгаль орчны салбарын түншлэлд дараахь асуудал хамаарна:
4.4.1.экологи;
4.4.2.хог хаягдлын удирдлага.
4.5.Түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Засгийн газар батална.
4.6.Төрийн, эсхүл аймаг, нийслэлийн өмч, эд хөрөнгийг концессын гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, шинээр бий болгоход дараахь аргыг ашиглана:
4.6.1.“Барих-ашиглах-шилжүүлэх” (ВОТ) - эрх эзэмшигч гэрээний зүйл болох байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан гэрээнд заасан хугацааны дотор ашиглан, хугацаа дуусгавар болсон тохиолдолд гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээх;
4.6.2.“Барих-шилжүүлэх” (ВТ) - эрх эзэмшигч нь гэрээний зүйл болох байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх;
4.6.3.“Барих-өмчлөх-ашиглах” (ВОО) - эрх эзэмшигч гэрээний зүйл болох байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу өмчлөн, ашиглах эрх эдэлж, үүрэг хүлээх;
4.6.4.“Барих-өмчлөх-ашиглах-шилжүүлэх” (ВООТ) - энэ аргын зохицуулалт нь энэ бодлогын 4.6.1-д заасан ВОТ-той төстэй боловч, гэрээний зүйл болох байгууламжийг гэрээнд заасан хугацаанаас өмнө эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх асуудал үүсэхгүй;
4.6.5.“Барих-түрээслэх-шилжүүлэх (BLT) - эрх эзэмшигч гэрээний зүйл болох байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулан улмаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдэд санхүүгийн түрээсээр эзэмшүүлэх, түрээсийн хугацаа дуусмагц эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх;
4.6.6.“Зураг төсөл боловсруулах-барих-санхүүжүүлэх-ашиглах” (DBFO) - эрх эзэмшигч гэрээний зүйл болох байгууламжийн зураг төслийг боловсруулж, өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж, гэрээнд заасан хугацаанд ашиглан, хугацаа дуусгавар болоход гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх бүхий этгээдийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээх. 4.7.Концессын гэрээ байгуулагч талууд тухайн төслийг хэрэгжүүлэхэд тохирсон энэ зүйлд зааснаас бусад аргыг сонгож болно.
Тав.Түншлэлийн талууд
5.1.Дараахь төрийн байгууллага түншлэлд оролцоно:
5.1.1.Монгол Улсын Засгийн газар;
5.1.2.Монгол Улсын яам;
5.1.3.Засгийн газрын агентлаг;
5.1.4.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
5.1.5.аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газар;
5.1.6.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд.
5.2.Түншлэлд хувийн хэвшлийг төлөөлж дараахь этгээд оролцоно:
5.2.1.компани;
5.2.2.нөхөрлөл, хоршоо;
5.2.3.төрийн бус байгууллага;
5.2.4.хувь хүн.
5.3.Түншлэл дараахь хэлбэртэй байна:
5.3.1.гэрээний үндсэн дээр төрийн байгууллагад ажил, үйлчилгээ үзүүлэх;
5.3.2.төрөөс үзүүлэх тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх;
5.3.3.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлага, үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх;
5.3.4.төр, хувийн хэвшлийн хамтарсан хуулийн этгээд байгуулах;
5.3.5.салбарын онцлогоос хамаарсан бусад түншлэл.
5.4.Түншлэлийн үндсэн дээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ хамтарсан хуулийн этгээд байгуулах замаар түншилж болно.
5.5.Түншлэлд оролцогч төрийн байгууллагын оролцоо:
5.5.1.түншлэлийн бүх талын таатай орчныг бүрдүүлэх;
5.5.2.өөрийн мэдэлд байгаа дэд бүтцийн байгууламжийг хувийн хэвшлийн этгээдэд концессын гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах нөхцөлийг бүрдүүлэх;
5.5.3.төр түншлэлд оролцогч хувийн хэвшлийн этгээдэд тухайн салбарын онцлог, үйл ажиллагааны цар хүрээ, түншлэлийн хэлбэрийг харгалзсаны үндсэн дээр дараахь арга хэрэгслийг хэрэглэж болно:
а/ хөрөнгө оруулалт, санхүүжилтийн баталгаа гаргах;
б/дэд бүтцийн үйлчилгээний тариф тухайн үйлчилгээг үзүүлэхэд гарч байгаа зардлаас бага байвал үйл ажиллагааны үр дүнд үндэслэн ажлын хөлс, төлбөр төлөх;
в/үйлчилгээ үзүүлснээс олох орлогыг хууль тогтоомж болон гэрээнд заасны дагуу хувийн хэвшлийн этгээдтэй хуваах;
г/хуульд заасан тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх.
5.6.Түншлэлд оролцогч хувийн хэвшлийн этгээдийн оролцоо:
5.6.1.үйл ажиллагааны болон удирдлагын шилдэг туршлага, ноу-хауг тухайн салбартаа нэвтрүүлэх;
5.6.2.өөрийн болон түншлэлд оролцогч байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;
5.6.3.нийгмийн салбарын түншлэлд оролцогч нь тухайн нийтлэг үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн хангах, тэдгээрийн чанар, хүртээмжийг сайжруулах;
5.6.4.төсвийн удирдлагын үр ашгийг дээшлүүлэх;
5.6.5.дэд бүтцийн салбарын түншлэлд оролцогч нь тухайн салбарт техник , технологийн шинэчлэл хийх;
5.6.6.үзүүлж байгаа ажил, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах;
5.6.7.үйл ажиллагааны болон удирдлагын оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
5.6.8.гэрээгээр гүйцэтгэж байгаа ажил, үйлчилгээний бүтэц, зохион
байгуулалтыг өөр зориулалтаар ашиглахгүй байх.
5.7.Төр нь түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн болон удирдлага, зохион байгуулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5.8.Түншлэлийн явцад гарч болзошгүй санхүүгийн эрсдлийг уг харилцаанд оролцогчдод хуваах чиглэл баримтална.
5.9.Санхүүгийн эрсдлийг хуваахдаа түншлэлийн гэрээний заалт, төрөл, хэлбэр, тухайн салбарын онцлог, гүйцэтгэж байгаа чиг үүрэг, үзүүлж байгаа ажил, үйлчилгээний онцлогийг харгалзан үзнэ.
Зургаа.Эрх зүйн орчин
6.1.Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
6.1.1.Концессын тухай хуулийг батлах;
6.1.2.бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах;
6.1.3.төрийн тодорхой үйлчилгээг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх хувийн хэвшлийн этгээдийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн байдалд мониторинг, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах;
6.1.4.түншлэлийг хэрэгжүүлэхэд хүндрэл, хүнд суртал үзүүлэхүйц дүрэм, журмуудыг шинэчлэх;
6.1.5.төрөөс түншлэлийн талаархи эрх зүйн орчныг бүрдүүлэхдээ хувийн хэвшлийн санал, хүсэлтийг харгалзах, оролцоог нэмэгдүүлэх.
Долоо. Удирдлага, зохион байгуулалт
7.1.Бодлогыг хэрэгжүүлэх ажлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 16 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 62 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
---оОо---
Текст томруулах
A
A
A