- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙГ 2010-2012 ОНД ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2010 оны
11 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРИЙН ӨМЧИЙГ 2010-2012 ОНД ХУВЬЧЛАХ,
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн зорилго нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод тусгасан хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
Өмч хувьчлалыг хийхдээ уламжлалт арга, хэлбэрийн зэрэгцээ төрийн өмчит хувьцаат компанийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, нэмэлт хувьцаа гаргаж нийтэд санал болгох, концессын гэрээ байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бусад хэлбэрийг ашиглан хувийн хөрөнгө оруулалтыг татах аргыг голлоно.
Нэг. Өмч хувьчлалын үндсэн зарчим
1.1.Төрийн өмчийг хувьчлахад дараахь зарчмыг баримтална:
1.1.1.эдийн засаг дахь төрийн хувь хэмжээг багасгаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх;
1.1.2.төрийн өмчийн салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ тариф зах зээлийн зарчмаар тогтох боломжийг нэмэгдүүлэх;
1.1.3.төр, хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй арга, хэлбэрийг нэвтрүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд олон улсын дэмжлэг, зөвлөгөөг ашиглах;
1.1.4.хувьчлагдаж байгаа хуулийн этгээдийн ажиллагсадын нийгмийн хамгааллын асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх.
Хоёр.Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зохион байгуулалт
2.1.Үндсэн чиглэлийг дараахь зохион байгуулалтаар хэрэгжүүлнэ:
2.1.1.хувьчлах төрийн өмчит хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалт, энэ жагсаалтад орсон хөрөнгө /объект/-ийг хувьчлах арга, хэлбэрийг Засгийн газар жил бүр баталж, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зохион байгуулан, үр дүнг Улсын Их Хуралд жил бүр тайлагнах;
2.1.2.хувьчлах төрийн өмчит хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад орсон хуулийн этгээд, үл хөдлөх эд хөрөнгө /объект/-ийг хувьчлах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу зохион байгуулах.
Гурав.Өмч хувьчлалын арга, хэлбэр
3.1.Төрийн өмчийн хувьчлалд дуудлага худалдаа, олон улсын уралдаант шалгаруулалт /тендер/ зэрэг уламжлалт аргын зэрэгцээ хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг хөрөнгийн биржээр арилжих, тухайн компанийн ажиллагсдад зориулан "Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт шаардлагатай компанийн хувьд нэмэлт хувьцаа гаргаж дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд нийтэд санал болгон худалдаалах болон концессын гэрээ байгуулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бусад аргыг түлхүү хэрэглэнэ.
Дөрөв.Өмч хувьчлалын талаархи мэдээлэл
4.1.Өмч хувьчлалын талаархи мэдээллийг нийтэд адил тэгш, хүртээмжтэй хүргэж, өөрчлөн байгуулалт, хувьчлалыг ил тод явуулна.
4.2.Хувьцаа эзэмшигч, хувьчлалд оролцогч, сонирхогч этгээдийг шаардлагатай мэдээллээр хангах, тэдэнд чөлөөтэй сонголт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор мэдээллийг тогтмол хүргэнэ.
Тав.Өмч хувьчлалд хамрагдах төрийн өмчит хуулийн
этгээд, тэдгээрийг хувьчлах арга
5.1.Багануур" ХК-ийн нүүрсний нөөцийг олон улсын стандартын дагуу үнэлж, эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийг хөрөнгийн үнэлгээнд оруулан цахилгаан станц барих, нүүрс шингэрүүлэх зэрэг төслүүдийг мэргэжлийн судалгаа хийсний үндсэн дээр боловсруулж, хэрэгжүүлэх эх үүсвэрийг төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган арилжаалах замаар бий болгоно.
5.2."Дулааны гуравдугаар цахилгаан станц" ХК-д нэмэлт хөрөнгө оруулалт хийх, дулаан үйлдвэрлэлтийн хүчин чадлыг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах нөхцөлтэйгээр концессын гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой хөрөнгө оруулагчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгоно.
/Энэ заалтад 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 48 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсан/
5.3."Эрдэнэтийн дулааны цахилгаан станц" ХК-д нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хүчин чадлыг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах нөхцөлтэйгээр концессын гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгоно.
/Энэ заалтыг 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
5.4.Цахилгаан түгээх компаниудыг өргөтгөх, техник, технологийг шинэчлэх, зардал бууруулах, үйлчилгээний шуурхай, найдвартай байдлыг хангах зорилгоор тэдгээрийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар үндэсний компанид хувьчилна.
5.5."Монголын Хөрөнгийн бирж" ХК-ийг мэргэжлийн өндөр түвшний олон улсын удирдлагын багаар удирдуулах замаар үйл ажиллагааг нь сайжруулсны үндсэн дээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
5.6."Эрдэнэ зам" ХК-ийг Япон Улсын талаас зөвшөөрөл авсны үндсэн дээр нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
5.7."Авто импекс" ХК-ийг төсөвт төлөх дотоод, гадаадын зээлийн өрийн хамт нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
5.8."Монголын цахилгаан холбоо" ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг БНСУ-ын "Корей Телеком" компанид гэрээний дагуу эхний ээлжид санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
5.9."Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-ийг нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчилна.
5.10."Улаанбаатар Авто замын засвар арчлалт" /"Улаанбаатар АЗЗА"/ ХК-ын 51 хувийг төрийн мэдэлд хэвээр үлдээж, үлдсэн 49 хувийг концессын гэрээгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зарчмаар хувьчилна.
5.11.Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-д заасан шинээр барих төмөр замын суурь бүтцийг барихад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг бүрдүүлэх зорилгоор "Монголын төмөр зам" ХК-ийн үнэлгээг олон улсын жишгийн дагуу шинэчлэн тогтоож, төрийн мэдлийн хувьцаа нь 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргаж, стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагч нарт санал болгох, хувьцааг Монголын хөрөнгийн бирж болон гадаадын нэр хүнд бүхий хөрөнгийн биржээр нээлттэй арилжина.
/Энэ хэсгийг 2011 оны 10 дгуаар сарын 20-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэмсэн/
---оо00оо---
Текст томруулах
A
A
A