A

A

A

Бүлэг: 1979
 
  
 
Монгол  Улсын Их Хурлын 2006 оны 07 дугаар  тогтоолын хавсралт
 
 
АЛБАН ЁСНЫ СТАТИСТИКИЙГ ХӨГЖҮҮЛЭХ  ХӨТӨЛБӨР
/2006-2010/
 
Нэг. Хөтөлбөрийн зорилго, хэрэгжүүлэх хугацаа
 
1.1.Энэхүү хөтөлбөрийн зорилго нь албан ёсны статистикийн үйл ажиллагааны  зорилт, бодлого, арга хэмжээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэх  удирдлага зохион байгуулалт, санхүүжүүжилт болон хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг   тодорхойлоход   оршино.
 
1.2. Энэхүү хөтөлбөрийг 2010 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.
 
Хоёр. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны зорилт
 
2.1. Албан ёсны статистикийн үйл ажиллагааны  ерөнхий зорилт нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан статистикийн үндэсний стандартыг бий болгох, статистикийн үйл ажиллагаанд мэдээллийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх замаар хэрэглэгчдийг статистик мэдээллийн чанартай, шуурхай үйлчилгээгээр хангахад   оршино.
 
2.2. Албан ёсны статистикийг хөгжүүлэх зорилтын хүрээнд макро эдийн засгийн статистикийг хөгжүүлэх, эдийн засгийн статистикийг хөгжүүлэх, хүн ам,  нийгмийн   статистикийг хөгжүүлэх, мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх, хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх, статистикийн арга зүй, судалгаа шинжилгээ, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дэд зорилтуудыг хэрэгжүүлнэ.
 
            Гурав. Макро эдийн засгийн статистикийг хөгжүүлэх  дэд зорилт
                       
    3.1. Макро эдийн засгийн статистикийг хөгжүүлэх  дэд зорилт нь  үндэсний тооцооны системийг бүрэн нэвтрүүлэх, макро эдийн засгийн түвшинд эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтүүдийн арга зүйг боловсронгуй болгоход чиглэгдэнэ.
 
   3.2. Макро эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
 
3.2.1.хуримтлалын дансны бүрэлдэхүүн хэсэг болох санхүүгийн данс,  активуудын өөрчлөлтийн данс, хөрөнгийн дахин үнэлгээний дансыг олон улсын аргачлалын дагуу  5 сектороор байгуулж, туршилтын тооцоог нэвтрүүлэх;
 
3.2.2.актив, пассивын тэнцлийг зохиож, судалгаа, тооцоонд ашиглах;
 
3.2.3.нийт хөрөнгийн хуримтлалыг оны эхний болон эцсийн зөрүүнд  үндэслэн тооцдог арга зүйд  бүрэн шилжих;
 
 
3.2.4.эдийн засаг, байгаль орчны нэгдсэн дансыг зохиож, байгаль
орчны үзүүлэлтээр  дотоодын нийт бүтээгдхүүн/ цаашид "ДНБ" гэх/-ийг засварлан тооцох ажлын  бэлтгэлийг хангах,  цаашид нэвтрүүлэх; 
 
3.2.5.үйлдвэрлэлийн аргаар болон зэрэгцүүлэх  үнээр тооцсон  ДНБ-ийг давхар  дефлятороор үнэлэх  тооцооны  аргад шилжих;
 
3.2.6. орлогын болон эцсийн  ашиглалтын аргаар тооцсон ДНБ-ийг 
зэрэгцүүлэх үнээр  үнэлэх тооцооны аргад  шилжих;
 
3.2.7.ДНБ-ийг худалдан авах чадвар/ паритет/-аар нь үнэлэх тооцоог  боловсронгуй болгох;
 
3.2.8. далд эдийн засгийг шууд болон шууд бус аргаар тооцож, үр дүнг ДНБ-ний  тооцоонд тусгах;
 
3.2.9. хэрэглээний  үнийн индекс тооцох хэрэглээний  сагс,  жин,  суурь огноог  шинэчлэн, хэрэглээний үнийн улсын  нэгдсэн индекс тооцдог болох;
           
3.2.10. бизнес регистрийн санд бүртгэлтэй  аж ахуйн нэгж, байгууллагын  мэдээллийг сектороор ангилах кодыг нэвтрүүлж, эдийн засгийн салбарын  бүтээгдэхүүний тооцоог  сектороор гаргадаг тогтолцоонд шилжих.
           3.3.Макро эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь  үр дүнд хүрнэ:
 
3.3.1.  олон улсын жишигт нийцсэн үндэсний тооцооны систем 93
/цаашид "ҮТС- 93"гэх/-ыг  бүрэн  нэвтрүүлнэ;
 
3.3.2. макро эдийн засгийн статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг  олон  улсын  хэмжээнд  зэрэгцүүлэх боломж бүрдэнэ.
 Дөрөв. Эдийн засгийн статистикийг хөгжүүлэх  дэд зорилт
 
            4.1. Эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилт нь эдийн засгийн статистикийн үйл ажиллагаанд олон улсын нийтлэг арга зүйг нэвтрүүлэх, үзүүлэлтийн системийг боловсронгуй болгох, статистикийн түүвэр болон нэлэнхүй судалгааг статистик нэгжид тулгуурлан явуулах чадавхийг бий болгоход чиглэгдэнэ.
 
4.2. Эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээ  авч хэрэгжүүлнэ:
 
4.2.1.газар тариалангийн салбарын статистик мэдээллийг боловсронгуй болгож, эдийн засгийн данс байгуулахад шаардагдах үзүүлэлтүүдийг бий болгох;
 
4.2.2. мал тооллогод түүвэр судалгааны аргыг хэрэглэх боломжийг судалж турших, мал аж ахуйн бүтээгдхүүний өртөг, зардлын  бүтэц, үнийн судалгааг явуулж  мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний тооцоонд тусгах;
 
 
4.2.3. "бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн ангилал"-ыг  салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн  тооцоонд бүрэн нэвтрүүлэх;
 
4.2.4. сэргээгдэх эрчим хүчний статистик мэдээллийг бий болгож, хэрэглэх;
 
4.2.5. барилгын салбарын бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэх үнээр болон богино хугацааны давтамжтайгаар тооцох  үзүүлэлтийн системийг бий болгох;
 
4.2.6. дотоод худалдааны салбарт жижиглэн худалдаалах бараа гүйлгээний статистикийг бий болгож нэвтрүүлэх;  
 
4.2.7. мэдээлэл, холбооны салбарын статистикийг боловсронгуй болгож  олон улсын хэмжээнд хэрэглэж  байгаа нийтлэг үзүүлэлтүүдийг бий болгох;
 
4.2.8. " Цахим  Монгол" хөтөлбөрт тусгагдсан цахим засаглал, цахим арилжаа, цахим  үйлдвэрлэлтэй холбоотой статистикийн үзүүлэлтийн тогтолцоог бүрдүүлж  хэрэглэгчдэд мэдээлдэг болох;
 
                        4.2.9. үл хөдлөх хөрөнгийн түрээс, бизнесийн бусад үйл ажиллагааны статистикийн үзүүлэлтүүдийн талаархи мэдээллийг бий болгох;
 
                        4.2.10. байгаль орчны статистикийн үзүүлэлтүүдийг олон улсын стандарт, арга зүйд  нийцүүлэн боловсронгуй болгох; 
 
                        4.2.11. аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг явуулж, тооллогын үр дүнд тулгуурлан статистикийн мэдээлэгчийн нэгжийг байгуулах;
 
4.2.12.  статистикийн мэдээлэгчийн  нэгжид суурилсан түүвэр судалгааг эдийн засгийн салбаруудаар явуулж  хэвшүүлэх.
4.3. Эдийн засгийн статистикийг хөгжүүлэх дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
 
4.3.1. "YТС 93",  ДНБ-ний  тооцоонд шаардагдах  мэдээлэлтэй болно;
 
4.3.2. статистикийн  мэдээлэл, судалгааны хамралтын хүрээ өргөжиж, эдийн засгийн салбарын нэмэгдэл өртгийн тооцооны үндэслэл сайжирна.
 
Тав. Хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх  дэд зорилт  5.1. Хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх дэд зорилт нь хүн амын бүртгэлийг сайжруулж, хүн ам зүй, нийгмийн статистикийн мэдээллийн чанарыг дээшлүүлэн олон улсын хэмжээнд  хэрэглэж байгаа нийтлэг арга зүйд нийцүүлэх, ядуурал, хүн амын амьжиргааны түвшин, хэрэглээний үндсэн үзүүлэлтүүдийг орон нутгийн түвшинд тооцдог болоход чиглэгдэнэ.
 
5.2. Хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээ  авч хэрэгжүүлнэ:
 
 
5.2.1. мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтүүд, түүнчлэн хүний хөгжлийн илтгэлийн үзүүлэлтүүдийг олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа нийтлэг арга зүйд нийцүүлэн тооцдог журамд шилжих;
 
5.2.2. өрхийн орлого, зарлагыг  судлах, энэхүү судалгааны  арга зүйг боловсронгуй болгон өргөжүүлэх;
 
5.2.3. өрхийн ядуурлын түвшинг тодорхойлох аргачлалыг  боловсруулж  мөрдүүлэх,  ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн тооцдог болох;
 
5.2.4. хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох аргачлалыг боловсронгуй болгох;
 
5.2.5 хүний хөгжил, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүдийг аймаг болон  бүс нутгаар тооцож мэдээлдэг болох;
 
                        5.2.6. хүн ам зүй, нийгмийн статистикийн үзүүлэлтүүдийг олон улсын стандарт, арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгох;
 
            5.2.7. хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн санг засаг захиргааны анхан шатны нэгжид бий болгох;
 
            5.2.8. зохих бэлтгэлийг  хангасны үндсэн дээр 2010 онд  хүн ам, орон сууцны улсын тооллого явуулах;  
 
            5.2.9. хүн амын дотоод, гадаадад шилжих хөдөлгөөний бүртгэлийг олон улсын нийтлэг  арга зүйд нийцүүлэн боловсронгуй болгох;
 
            5.2.10.  ажиллах хүчний судалгааг улирал тутам тогтмол  явуулах;
 
            5.2.11. хөдөлмөрийн статистикийн үзүүлэлтүүд, тэдгээрийн ойлголт, тодорхойлолтыг шинэчлэн боловсронгуй болгож олон улсын хөдөлмөрийн статистикийн стандарт үзүүлэлтүүдээр бүрэн тооцдог болох;
 
            5.2.12. албан бус хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд, тэдгээрийн  ойлголт, тодорхойлолтыг олон улсын нийтлэг стандарт, арга зүйд нийцүүлэн боловсруулж нэвтрүүлэх;
           
5.2.13. шүүх, гэмт хэргийн статистик мэдээллийг олон улсын арга зүйн  дагуу гаргаж хэрэглэгчдэд тогтмол хүргэж байх.
 
5.3. Хүн ам, нийгмийн статистикийг хөгжүүлэх дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
 
5.3.1. олон улсын хэмжээнд харьцуулалт хийх, нэгдсэн арга зүйтэй  хүн амын амьжиргаа, ядуурал, ажилгүйдлийн   үзүүлэлтийн системтэй болно; 
 
      5.3.2. хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн чанар, хүртээмж сайжирна;
 
      5.3.3. хүн ам, нийгмийн статистикийн чиглэлээр хийгдэж байгаа тооцоо, судалгаануудын хамралтын хүрээ сайжирч, түүвэрлэлтийн төлөөлөх чадвар дээшилнэ.
 
Зургаа. Статистикийн арга зүй, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх дэд зорилт  6.1. Статистикийн арга зүй, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх дэд зорилт нь олон улсын нийтлэг арга зүйд нийцсэн үндэсний стандартыг бий болгох, статистикийн судалгаа, шинжилгээнд загварчлал, хэтийн төлөв байдал, таамаглал, хүчин зүйлийн нөлөөллийг задлан шинжлэх арга зүйг нэвтрүүлэх замаар статистикийн судалгаа, шинжилгээн дэх  шинжлэх  ухааны үндэслэлийг сайжруулахад чиглэгдэнэ.
 
6.2. Статистикийн аргачлал, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг  авч хэрэгжүүлнэ:
 
6.2.1. статистик мэдээлэл, судалгааны үзүүлэлтийн тодорхойлолт, ангилал, тооцох арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн байнга сайжруулах;
 
6.2.2. "YТС-93"  арга зүйд нийцүүлэн, өөрийн орны онцлогийг тусган үндэсний стандартыг боловсруулах;
 
6.2.3. далд эдийн засгийг судлах арга зүйг боловсруулж, үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх;
 
6.2.4. нийгэм, эдийн засгийн судалгаанд түүвэр судалгааны аргуудыг өргөн хэрэглэх боломжийг судалж нэвтрүүлэх;
 
6.2.5. үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд, түүний дотор  Мянганы хөгжлийн зорилт, Эдийн засгийн өсөлтийг дэмжиж ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хянах үзүүлэлтийн системийг бий болгох;
 
6.2.6. нийгэм, эдийн засгийн харилцаанд  гарч байгаа өөрчлөлтийг дагалдан бий болсон, цаашид зайлшгүй тооцох шаардлагатай статистикийн үзүүлэлтүүдийг бүрэн тооцдог болох;
     
6.2.7. албан ёсны  болон захиргааны статистик мэдээллийн арга зүйн  уялдааг хангах замаар үр ашигтай мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох;
     
6.2.8. статистикийн мэдээ, судалгаа, улсын тооллогын мэдээллийг орон нутгаас хүлээн авах, дамжуулах, хяналт тавих, боловсруулалт хийх үйл ажиллагааг технологийн дагуу явуулах  журмыг шинэчлэн баталж мөрдүүлэх;
 
6.2.9. хүн амын  өсөлтийн хэтийн тооцоог олон улсын хэмжээнд хэрэглэж байгаа   арга зүйд нийцүүлж өөрийн  орны онцлогийг тусган боловсронгуй болгох;
 
6.2.10. нийгэм, эдийн засгийн үндсэн  үзүүлэлтүүдийн ойрын болон урт хугацааны тооцоонд тулгуурлаж загварчлал боловсруулах;
 
                         6.2.11. нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын хэмжээнд  харьцуулсан  динамик судалгаа хийж  дүгнэдэг  болох;
 
6.2.12. статистик судалгаа явуулах арга зүйн нэгдсэн заавар, зөвлөмж  боловсруулж мөрдүүлэх.
     6.3. Статистикийн арга зүй, судалгаа, шинжилгээг хөгжүүлэх дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
 
6.3.1. судалгаа, шинжилгээний ажлын шинжлэх ухааны үндэслэл сайжирч,  мэдээ,  тооллого, судалгааны чанар, үр дүн, бодит байдал дээшилнэ;
 
6.3.2.албан ёсны статистикийн мэдээлэл, судалгааны үзүүлэлтүүдийн тодорхойлолт, тооцооны арга зүйг  багтаасан үндэсний  стандарттай болно.
Долоо. Статистикийн мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дэд зорилт 
 
7.1. Статистикийн мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх  дэд зорилт нь   статистикийн мэдээлэл боловсруулалтын бүх үе шатанд өртөг, зардал багатай, шуурхай байдлыг хангасан техник, технологи нэвтрүүлэн төв, орон нутгийн статистикийн албадын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн түвшний ялгааг арилгахад чиглэгдэнэ.  7.2. Статистикийн мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх  дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээ  авч хэрэгжүүлнэ:
7.2.1. статистикийн  мэдээллийн нэгдсэн санг үе шаттайгаар байгуулж   цахим сүлжээгээр  хэрэглэгчдэд мэдээллийг хүргэдэг болох;
 
7.2.2. тоон үзүүлэлтийн тайлбар  /мета/ мэдээллийн сан байгуулж   статистикийн тооллого, судалгааны маягт зохиох, мэдээллийг боловсруулах,    хадгалах, хэрэглэгчдэд хүргэх бүх үе шатанд ашиглах боломжийг бүрдүүлэх;
 
7.2.3. тооллого, түүвэр судалгааны мэдээлэл цуглуулахад бага оврын    зөөврийн компьютерийг  өргөнөөр ашиглах; 
 
7.2.4. тайлан мэдээ,  тооллого, түүвэр судалгааны мэдээллийг   боловсруулахад  Windows үйлдлийн системийн орчинд зохиосон программ хангамжийг ашиглах;
 
7.2.5. тооллого, түүвэр судалгааны мэдээллийг  цахим технологи дээр суурилсан программ хангамжаар цуглуулах, боловсруулалт хийх,  мэдээллийн санг автоматаар бүрдүүлэх боломж нөхцөлийг бий болгох;
 
7.2.6. статистикийн бүх шатны байгууллагын техникийн  хүчин чадлыг өндөр түвшинд байлгаж сүлжээний найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нууцлалыг бүрэн хангасан техникийн болон программ  хангамжтай болох  зорилтыг үе шаттайгаар шийдвэрлэх;
 
7.2.7. статистикийн бүх шатны байгууллагын тоног төхөөрөмжийн 15 хувийг жил бүр шинэчлэх, шаардагдах хөрөнгийг тухайн жилийн  улсын  төсөвт тусгах;
 
      7.2.8. "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж  байгаа байгууллагатай хамтран ажиллаж аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны түвшинд статистикийн  мэдээлэл боловсруулах техник, технологи, программ хангамжийг  нэвтрүүлэх;
 7.3. Статистикийн мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх  дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ: 
 
     7.3.1. мэдээлэл боловсруулалтын түвшинг олон улсын жишигт хүргэнэ; 
 
     7.3.2. төв болон орон нутгийн статистикийн албадын техникийн
хангамж, технологийн түвшний ялгаа арилж, орон нутагт статистикийн мэдээлэлд боловсруулалт хийх, мэдээллийн нэгдсэн сан байгуулах боломж бүрдэнэ;
 
7.3.3. статистикийн мэдээлэгч болон хэрэглэгч нь дэвшилтэт
технологийг ашиглан мэдээлэл дамжуулах,  мэдээллийн санг ашиглах нөхцөл бүрдэнэ.
 
Найм. Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх  дэд зорилт   8.1. Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх дэд зорилт нь орчин үеийн удирдлагын менежментийг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах,  чадварлаг, тогтвор суурьшилтай ажиллах боловсон хүчнийг төлөвшүүлэн мэргэшүүлэх  замаар статистикийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын олон улсын стандартыг мөрдүүлэхэд чиглэгдэнэ.
 
8.2. Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээ  авч хэрэгжүүлнэ:
 
8.2.1. статистикийн байгууллагын ажилтнуудыг   орон сууцны болон
нийгмийн хангамжийг дээшлүүлэх  хөтөлбөрүүдэд хамруулан ажиллах нөхцлийг нь сайжруулах;
 
                     8.2.2. статистикийн байгууллагын  ажилтнуудын ёс  зүйн хэм хэмжээнд тавигддаг шаардлагыг  өндөржүүлэх арга хэмжээ авах; 
                     8.2.3. статистикийн мэдээлэлд  судалгаа, шинжилгээ хийх, хөгжлийн  хэтийн төлвийг тодорхойлсон загвар зохиох, прогноз хийх чадавхийг бий болгох ;
 
8.2.4. өндөр хөгжилтэй орнуудад магистрантур, докторантурын  сургалтад  1-2 ажилтанг жил тутам суралцуулах;
 
                        8.2.5. гадаадын өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд статистикийн мэргэжлээр оюутан суралцуулах;
 
                        8.2.6. статистикийн төв, орон нутгийн байгууллагын ажилтнуудын мэргэжлийн  ур чадварыг дээшлүүлэх, урт, богино хугацааны сургалтад хамруулах;
 
8.3. Хүний нөөцийн удирдлагыг хөгжүүлэх дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
 
8.3.1. статистикийн ажилтнуудын ажлын бүтээмж нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжран, хэрэглэгч үнэн бодитой, чанартай мэдээллээр хангагдана;
                       
                        8.3.2. гадаад, дотоодод мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх байнгын тасралтгүй тогтолцоо бүрдэж үндэсний мэргэшсэн боловсон хүчний нөөцтэй болно.
 
  9.1. Статистикийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дэд зорилт нь   албан ёсны статистикийг боловсронгуй болгох, статистикийн үндэсний чадавхийг сайжруулахад чиглэсэн хоёр болон олон талт хамтын ажиллагааны идэвхтэй бодлого явуулахад  чиглэгдэнэ.
 
9.2. Статистикийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дэд зорилтын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
9.2.1. НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын  байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн идэвхтэй хамтран  ажиллах;
 
9.2.2. олон улсын байгууллагуудаас статистикийн чиглэлээр зохион байгуулах хурал, чуулган, уулзалт болон бусад арга хэмжээнд оролцож, бүс нутгийн хэмжээнд идэвхтэй  ажиллах;
 
              9.2.3. олон улсын түвшинд  техник туслалцааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улс орнуудын засгийн газрын техникийн туслалцааны  ЖАЙКА, ТИКА, ХБНГУ-ын ТХАБ, КОЙКА, АНУ-ын ОУХА зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон, техникийн туслалцаа авах боломжийг судлан эрх бүхий төрийн байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
 
9.2.4.уламжлалт харилцаатай  орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн туршлагыг нь нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрт  хамрагдах боломжийг судалж хэрэгжүүлэх;
 
9.2.5. НҮБ-ын Статистикийн Хороо, Дэлхийн банк,   Олон улсын валютын сан,  Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудаас зөвлөмж болгосон статистикийн жишиг үзүүлэлтүүд, тэдгээрийн ойлголт, тодорхойлолт, тооцооны арга зүйг үе шаттайгаар нэвтрүүлэх; 
  9.3. Статистикийн  гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх дэд зорилтыг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
9.3.1. статистикийн үзүүлэлтийн арга зүйг боловсронгуй болгох, хүний нөөц, техник, технологийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр гадны тусламж авах нөхцөл боломж бүрдэнэ;
 
9.3.2.статистикийн  үйл ажиллагааны чиглэлээр   олон улсын байгууллага болон гадаад орнуудтай тогтоосон  харилцаанд  Монгол Улсын үүрэг оролцоо идэвхжин байр суурь бэхжинэ. 
 
         Арав. Хөтөлбөрийн  санхүүжилт 
 
10.1. Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөс  бүрдэнэ.
 
 10.2. Албан ёсны статистикийг хөгжүүлэх хөтөлбөрийг  ойролцоогоор 12 тэрбум төгрөгийн хөрөнгөд  багтаан  хэрэгжүүлнэ. 
 
Арван нэг. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
11.1. Yндэсний статистикийн газар  энэхүү хөтөлбөрийг төв, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.  
 
 11.2. Статистикийн тухай  хууль тогтоомж  болон хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын   тооллого, түүвэр болон иж бүрэн судалгааг зохион  явуулна.
 
11.3. Статистикийн үйл ажиллагааны  удирдлага, төлөвлөлтийг боловсронгуй   болгох арга хэмжээ авна.
 
11.4. Яам, агентлаг болон аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны статистикийн мэдээлэл, бүртгэл хариуцсан ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэн үйл ажиллагаанд нь  үнэлэлт дүгнэлт өгөх, мэдээ тайлангийн бодит байдлыг шалгахад туслах зорилгоор хяналт, сургалт, сурталчилгааны явуулын нэгжийг  бий болгож бүс нутагт  тогтмол ажиллуулна.
 Арван хоёр. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх  үр дүн
 
12.1. Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн, олон улсын нийтлэг  арга зүйгээр боловсруулсан, статистикийн мэдээллийн чанартай, шуурхай үйлчилгээ бий болно.
 
12.2. Статистикийн мэдээлэгч, хэрэглэгчдийн хоорондын харилцан итгэлцэл дээр тулгуурласан орчинд мэдээлэл авах, хэрэглэх нөхцөл бүрдсэнээр  мэдээллийн хамралт сайжирч ,  үнэн зөв, бодит,  шуурхай байдал хангагдана.
 
12.3. Статистикийн байгууллага нь  шинжлэх ухаанд суурилсан алба болон бэхжинэ. 
 
12.4.Олон улсын нийтлэг арга зүйг статистикийн үйл ажиллагаанд  нэвтрүүлж, "YТС-93"-ыг үндэсний хэмжээнд бүрэн хэрэгжүүлснээр албан ёсны статистикийн  хөгжил нь хөгжингүй  орнуудын статистикийн  түвшинд ойртоно.