- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
Монгол Улсын Их Хурлын 2006 оны
45 дугаар тогтоолын хавсралт
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ
НЭГ.Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү дүрмээр Санхүүгийн зохицуулах хороо /цаашид "Хороо" гэх/, түүний ажлын албаны үйл ажиллагааг зохицуулна.
1.2.Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах нэгдсэн бодлого боловсруулж, банк бус санхүүгийн, даатгалын, хоршооны хадгаламж зээлийн үйл ажиллагаа, үнэт цаасны зах зээл, хуульд заасан санхүүгийн бусад харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн.
1.3.Хороо тогтоосон журмаар үйлдсэн Монгол Улсын төрийн сүлд бүхий тамга, түүнчлэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
1.4.Хороо, түүний ажлын алба нь хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нутгийн захиргааны болон бусад байгууллагатай хамтран ажиллана.
ХОЁР. Хорооны бүрэн эрх
2.1.Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд дараахь үндсэн зорилтуудыг ханган биелүүлнэ:
2.1.1. санхүүгийн зах зээлд өрсөлдөөн бий болгох;
2.1.2. хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, даатгуулагч, хадгаламж эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
2.1.3. санхүүгийн зах зээлд итгэлцлийг бий болгох;
2.1.4. санхүүгийн зах зээлд оролцогчдын санхүүгийн сахилгыг дээшлүүлэх;
2.1.5. олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын зарчмыг нэвтрүүлэх, боловсронгуй болгох;
2.1.6. иргэд, олон нийт, санхүүгийн зах зээлд оролцогчдыг бодит мэдээллээр хангах.
2.2.Хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд дараахь эрх эдэлнэ:
2.2.1. санхүүгийн зах зээлийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал боловсруулах;
2.2.2. санхүүгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллага, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, хувьцаат компани, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогч, хадгаламж зээлийн хоршоо, тэдгээрийн хөрөнгө оруулагч, даатгуулагч, хадгаламж эзэмшигч, үйлчлүүлэгч болон холбогдох бусад иргэн, хуулийн этгээдээс тэдгээрийн санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны тайлан, тодорхойлолт, мэдээ авах;
2.2.3. энэ журмын 2.2.2-т заасан оролцогчдын үйл ажиллагааны талаархи шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг бусад байгууллага, иргэдээс гаргуулан авах;
2.2.4. Хорооны орон тооны бус гишүүд болон хянан шалгагчдад олгох урамшууллын хэмжээг тогтоох, түүнийг олгох журам батлах;
2.2.5. хуульд заасан зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагаандаа холбогдох мэргэжилтэн, аудитор, мэргэжлийн байгууллагыг татан оролцуулах;
2.2.6. энэ журмын 2.2.2-т заасан оролцогч, түүний албан тушаалтанд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хариуцлага хүлээлгэх;
2.2.7. энэ журмын 2.2.2-т заасан оролцогчид хуульд заасан эрх хэмжээний хүрээнд албан шаардлага өгөх, түүнийг биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хуульд заасан шийдвэр гаргах;
2.2.8. энэ журмын 2.2.2-т заасан оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хянан шалгахтай холбоотой хуульд заасан бусад үйл ажиллагаа явуулах;
2.2.9. Хорооны үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх санхүүгийн болон хүний нөөц, зохион байгуулалтын арга хэмжээ авах;
2.2.10. хууль тогтоомжид заасан бусад үйл ажиллагаа.
2.3.Хороо нь зохицуулалт, хяналт шалгалтын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл энэ журмын 2.2.2-т заасан оролцогчтой нэгдмэл ашиг сонирхолтой буюу түүний хараат болон охин компани, түүнчлэн урьд нь зохицуулалтын үйлчилгээний хүрээнд хамаарч байсан оролцогчдын үйл ажиллагааг шалгах эрхтэй.
ГУРАВ. Хорооны дарга, гишүүдийн чиг үүрэг
3.1.Хорооны дарга Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд дараахь эрх эдэлнэ:
3.1.1.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах;
3.1.2.Хороо, түүний ажлын албаны үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
3.1.3.Хорооны төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12.1-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
3.1.4.Хорооны үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, биелэлтэд нь хяналт тавих;
3.1.5. Хорооны ажлын албаны даргыг томилох;
3.1.6. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон энэхүү дүрэмд заасан Хорооны зорилго, зорилтыг бүхэлд нь хангах асуудлыг биечлэн хариуцаж зохион байгуулах;
3.1.7. санхүүгийн зах зээлийн байдлын талаар Улсын Их Хурал, холбогдох Байнгын хороог мэдээллээр хангах, Төв банк /Монголбанк/, Засгийн газарт санамж бичигт заасан хугацаанд мэдээлэл өгөх.
3.2.Хорооны дарга хууль тогтоомж, энэхүү дүрэмд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн тулд тушаал гаргах эрхтэй.
3.3.Хорооны орон тооны гишүүн нь Хорооны дэд даргын статустай байна.
3.4. Хорооны гишүүд дор дурдсан эрх, үүрэгтэй:
3.4.1. Хорооны ажлын албаны дарга болон газар, нэгжийн удирдлагад үүрэг, даалгавар өгөх, гүйцэтгэлд хяналт тавих;
3.4.2. Хорооны хуралдаанаар тодорхой асуудал хэлэлцүүлэх санал оруулах;
3.4.3. Хорооны хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэмэлт баримт бичиг шаардах буюу гаргаж өгөх, өөрийн зарчмын зөрүүтэй саналыг хуралдааны тэмдэглэлд тусгуулах.
3.5.Хорооны дарга улсын ерөнхий байцаагчийн, гишүүд улсын ахлах байцаагчийн эрхтэй байна.
ДӨРӨВ. Хорооны зохион байгуулалт
4.1.Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь түүний хуралдаан байна.
4.2.Хороо нь зохицуулалтын үйлчилгээний хүрээний тодорхой салбарын үйл ажиллагаа, чиг хандлагын талаар зөвлөлдөх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч, үйлчлүүлэгч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор байгуулж болно.
4.3.Хороо жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнана.
4.4.Ажлын алба нь Хорооны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах бөгөөд түүний бүтэц, орон тоог Хороо тогтооно.
4.5.Ажлын албаны дарга нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 18.3-т зааснаас гадна дор дурдсан эрх, үүрэгтэй:
4.5.1. Хорооны ерөнхий менежерийн хувьд Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх;
4.5.2. Хорооны төсвийг захиран зарцуулах;
4.5.3. ажлын албаны хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх;
4.5.4. ажлын албаны ажилтнуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилд томилох, чөлөөлөх, тэдгээрт цалин, урамшуулал олгох шийдвэр гаргах;
4.5.5. Хорооны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих;
4.5.6. хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
4.6.Ажлын алба нь дараахь чиг үүрэгтэй байна:
4.6.1. санхүүгийн тогтвортой байдлыг хангах, энэ журмын 2.2.2-т заасан оролцогчдын төлбөрийн чадварыг бэхжүүлэх талаар Хорооноос тогтоосон шаардлагыг мөрдүүлэх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон заавар, зөвлөмжийн төсөл боловсруулж Хороонд оруулах;
4.6.2. энэ журмын 2.2.2-т заасан оролцогчийн нягтлан бодох бүртгэл, тайлангийн маягт, тайлагнах журмын төслийг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавих;
4.6.3. хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, даатгуулагч, хадгаламж эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авахад нь Хороонд дэмжлэг үзүүлэх;
4.6.4. санхүүгийн зах зээлийн хөгжлийн талаархи мэдээлэл судалгааны сан бүрдүүлэх;
4.6.5. тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанд мониторинг хийх;
4.6.6. Хорооноос олгосон зөвшөөрөл, эрх болон тэдгээрт оруулсан өөрчлөлтийг бүртгэх, үнэт цаасны нэгдсэн бүртгэл хөтлөх;
4.6.7. хууль тогтоомж, журам, заавар, стандарт, арга зүйн материал зөвлөмжийг сурталчлах ажлыг зохион байгуулах;
4.6.8. олон нийтийг Хорооны болон энэ журмын 2.2.2-т заасан оролцогчдын үйл ажиллагааны талаарх мэдээллээр хангах, лавлагаа өгөх;
4.6.9. Хорооноос энэ журмын 2.2.2-т заасан оролцогчид хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавихад болон Хороо, Хяналтын зөвлөл, түүний гишүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь техник, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
4.6.10. Хорооноос санхүүгийн зах зээлийн зохицуулалт, хөгжлийн асуудлаар гадаад орон болон олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.6.11. Хорооноос энэ журмын 2.2.2-т заасан оролцогчдын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх талаар зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх.
ТАВ. Хорооны эд хөрөнгө, санхүүжилт, нягтлан бодох бүртгэл
5.1.Хорооны хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нь төрийн өмч байна.
5.2.Хорооны санхүүжилт нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
5.2.1. улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
5.2.2. тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлс;
5.2.3. хуулийн дагуу явуулсан үйл ажиллагаанаас олох бусад орлого.
5.3.Хороо тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс төвлөрүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоохдоо зах зээлийн хөгжлийг дэмжих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, энэ журмын 2.2.2-т заасан оролцогчдын үйл ажиллагааны төрөл, санхүүгийн чадавхид нийцүүлэх зарчмыг баримтална.
5.4.Хороо өөрийн орлогыг аажмаар нэмэгдүүлж, төсвийн санхүүжилтийг бууруулах зарчмыг баримтална.
5.5.Хороо нь нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн жилийн тайлангаа аудитын байгууллагаар баталгаажуулж, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодод хүргүүлнэ.
Текст томруулах
A
A
A