A

A

A

Бүлэг: 1979
Улсын Их Хурлын  2006 оны
86 дугаар тогтоолын хавсралт
 
 
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2007 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
 
            Төрөөс 2007 онд баримтлах мөнгөний бодлого нь инфляцийг бага түвшинд байлгах, санхүүгийн зах зээл, банкны салбарын тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхэд  чиглэх ба энэ талаар Монголбанк  дор дурдсан бодлогыг хэрэгжүүлнэ:
 
            Нэг.Хэрэглээний үнийн индексээр илэрхийлэгдсэн инфляцийг жилийн 5 хувиас хэтрүүлэхгүй ба үүний тулд:
 
                        1.1.нийт мөнгөний жилийн өсөлтийг эдийн засгийн өсөлттэй уялдуулна;
 
                        1.2.нөөц мөнгөний бодлогын хэлбэрээс инфляцийг онилох мөнгөний бодлогын шинэ загварт шилжих ажлыг эхлүүлнэ;
 
                        1.3.заавал байлгах нөөцийн хувь, Төв банкны үнэт цаасны хүү, хямдруулалтын хувийг уян хатан тогтооно;
 
                        1.4.банкуудын ашигт ажиллагааны болон зээл, хадгаламжийн хүүгийн түвшинд судалгаа хийнэ;
 
                        1.5.мөнгөний нийлүүлэлтийн статистик судалгаа, мэдээллийн хамралт /хадгаламж, зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, үнэт цаас, санхүүгийн түрээс гэх мэт/-ыг холбогдох байгууллагатай хамтран боловсронгуй болгох замаар зээлийн хүүгийн нэгдсэн бодлого явуулах эрх зүй, эдийн засгийн нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авна.
 
            Хоёр.Банкны салбарын санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэн санхүүгийн бүтээгдэхүүний хэлцлийн хугацааг уртасгах ба үүний тулд:
 
                        2.1.бэлэн бус төлбөр тооцооны хэрэгслийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Монголбанкны дэргэдэх Банк хоорондын төлбөр тооцооны төвийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ;
 
                        2.2.жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зориулалт бүхий  гадаад зээлийн дамжуулан зээлдүүлэх хүүг бууруулах, хугацааг нь уртасгах боломжийг Засгийн газартай хамтран судалж шийдвэрлэн хэрэгжилтийг илүү нээлттэй болгоно;
 
                        2.3.гадаад зах зээлээс урт хугацаатай санхүүгийн эх үүсвэр татах замаар хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх ажлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ;
 
                        2.4.үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан урт хугацаатай, бага хүүтэй 200 сая ам.долларын  зээлийг  гадаад зах зээлээс  нийлүүлэх ажлыг  Засгийн газартай хамтран зохион байгуулна;
 
2.5.Монголын Ипотекийн Корпораци /МИК/-ийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчны үнэлгээг хийж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаагаар баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийг   ажиллуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно.
 
            Гурав.Арилжааны банкуудын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг олон улсын жишигт бүрэн нийцүүлж, санхүүгийн зах зээлд нэгдсэн хяналт тавих эрх зүйн зохицуулалт нэвтрүүлэх ба үүний тулд:
 
                        3.1.эрсдэлийн удирдлагад чиглэсэн хяналт шалгалтын заавар, журмыг боловсронгуй болгоно;
 
                        3.2.өмчийн болон ашиг сонирхлын хувьд харилцан хамаарал бүхий банк,  санхүүгийн байгууллагуудыг нэгдсэн удирдамжаар   хянан шалгах санал боловсруулж эрх бүхий байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ;
 
                        3.3.санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг нь идэвхжүүлж,  холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана.
 
            Дөрөв.Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахын тулд бодлогын чанартай дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
 
                        4.1.төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн чөлөөт тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ;
 
                        4.2.гадаад валютын цэвэр албан нөөцийг 620 сая ам.доллар буюу импортын 18 долоо хоногийн хэрэгцээнээс багагүй түвшинд байлгана.
 
            Тав.Банкны салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлнэ:
 
                        5.1.хадгаламжийн даатгалын эрх зүйн үндсийг бүрдүүлнэ;
 
                        5.2.Монголбанкны удирдлагын зохистой арга хэлбэрийг боловсронгуй болгох, арилжааны банкуудад тавих хяналтыг сайжруулах, өрсөлдөөн, санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжих чиглэлээр Төв банкны тухай болон Банкны тухай хуулиудыг боловсронгуй болгоно;
 
                        5.3.Монголбанк иргэний эрх зүйн харилцаанд оролцох эрх зүйн орчныг бий болгож, ил тод байдлыг хангана.
 
 
 
______оОо______