- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК БАЙГУУЛЖ, ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ
Улсын Их Хурлын 2003 оны 54
дугаар тогтоолын хавсралт
1. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зорилго
1.1. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулна.
2. Үйлдвэрлэл, технологийн паркийн тодорхойлолт
2.1. Үйлдвэрлэл, технологийн парк гэж макро эдийн засгийн бодлогын хүрээнд үйлдвэрлэл, технологийн хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, бизнесийн тааламжтай орчныг бүрдүүлэх зорилгоор байгуулах, дэд бүтцийн хангамж бүхий тусгайлан заагласан газарт байрлах үйлдвэрлэл, технологийн цогцолборыг хэлнэ.
2.2. Паркт үйлдвэрлэл, технологийн хэд хэдэн нэгж байрлаж болно. Үйлдвэрлэл, технологийн нэгж гэдэгт бие даасан үйлдвэр, үйлдвэрлэл, технологийн инкубатор, эрдэм шинжилгээний байгууллага, түүний салбар, туршилтын лаборатори зэргийг ойлгоно. Үйлдвэрлэл, технологийн парк нь чөлөөт бүсийн хилийн цэсийн дотор байрлаж болно.
3. Үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалт
3.1. Шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зориулалтаар үйлдвэрлэл, технологийн парк байгуулна.
3.2. Бүс нутгийн болон гадаад зах зээлд тодорхой байр суурь эзлэх, улс орны эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зориулалтаар хөгжлийн парк байгуулна.
3.3. Үйлдвэрлэлээс хүрээлэн байгаа орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх зориулалтаар үйлдвэрлэл, технологийн парк байгуулж болно.
4. Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажилагааны хэлбэр
4.1. Үйлдвэрлэл, технологийн парк нь дараахь үйл ажиллагааны хэлбэртэй байна:
4.1.1. "холимог"- өөр хоорондоо технологийн хувьд харилцан уялдаагүй хэд хэдэн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэл, технологийн нэгжээс бүрдсэн;
4.1.2. "дагнасан"- нэг чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг, технологийн хувьд харилцан хамаарал бүхий үйлдвэрлэл, технологийн хэд хэдэн нэгжээс бүрдсэн;
4.1.3. "тенант"- иргэдийг ажлын байраар хангах, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг бизнесийг хөгжүүлэх зорилгоор нэг байршилд төвлөрүүлсэн.
5. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах зарчим
5.1. Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахад дараахь зарчмыг баримтална:
5.1.1. макро эдийн засгийн бодлого, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан бүсийн тулгуур төв хотууд, орон нутагт байгалийн баялаг, түүхий эдийн төрөл, нөөцийг харгалзан паркийн зориулалт, хэлбэр, чиглэлийг тогтоох;
5.1.2. дэд бүтцийн хөгжлийн өнөөгийн түвшин, үйлдвэрлэлийн бий болсон бүтэц болон эдийн засгийн салбаруудын хөгжлийн хэтийн төлөвийг харгалзан паркийн байршлыг тогтоох;
5.1.3. паркт эрхлэх үйлдвэрлэл нь оюуны өндөр багтаамж бүхий дэвшилтэт техник, технологи болон мэдээллийн технологийн ололтод суурилсан байх;
5.1.4. паркт байрших үйлдвэрлэл, технологийн нэгж нь гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхи бүхий эдийн засаг, санхүү, технологи, хүний нөөц, маркетингийн чадварлаг менежментээр хангагдсан байх.
6. Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх
дэмжлэг
6.1. Үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлэхэд төрөөс дараахь дэмжлэг үзүүлнэ:
6.1.1. паркт зориулан олгох газрын хил заагийг тогтоож, газар эзэмшигчийг тодорхойлох;
6.1.2. газрын төлбөрийн хэмжээг тогтоож, хөнгөлөлт үзүүлэх;
6.1.3. парк байгуулах зориулалт, хэлбэр, чиглэлийг байршил бүрээр тогтоох;
6.1.4. парк байгуулах үнэлгээ хийлгэх, төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж, эдгээрт шаардагдах санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
6.1.5. паркт үйл ажиллагаа эрхлэх журмыг тогтоох;
6.1.6. паркт өндөр мэргэшлийн гадаад, дотоодын менежер, мэргэжилтэн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
6.1.7. Засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны хүрээнд паркт гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих;
6.1.8. паркт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний экспортыг дэмжих. Тухайлбал, татварын бус техникийн хориг саадыг багасгах, чөлөөт худалдааны хоёр талт хэлэлцээр байгуулах, бүс нутгийн хүрээнд чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэн орох арга хэмжээ авах;
6.1.9. паркт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг хөнгөлөлттэй зээл, тусламжийн төсөлд тэргүүн ээлжинд хамруулах;
6.1.10. паркийг дэмжих хөгжлийн сан байгуулах асуудлыг олон улсын байгууллага, хандивлагч орнуудын хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх;
6.1.11. тенант хэлбэрийн паркийн үйл ажиллагааны чиглэлийг тогтоож, парк байгуулах ажлыг төсвийн болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх.
7. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэвсгэр нутагт үйлчлэх эрх зүй,
татварын орчин
7.1. Чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид Чөлөөт бүсийн тухай хуульд заасан эрх зүй, татварын орчин үйлчилнэ.
7.2. Үйлдвэрлэл, технологийн паркт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжид татварын дор дурдсан хөнгөлөлт үзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ:
7.2.1. үйлдвэр барих болон технологийн шинэчлэлт хийх хугацаанд аж ахуйн нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлөх, бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлснээс хойш тодорхой хугацаанд газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх;
7.2.2. экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжийг тодорхой хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх;
7.2.3. экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулан импортолж байгаа түүхий эд, материал сэлбэг, тоног төхөөрөмжийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх;
7.2.4. тенант хэлбэрийн парк болон технологийн инкубаторыг үл хөдлөх эд хөрөнгийн болон орлогын албан татвараас чөлөөлөх.
8. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах байршил, зориулалт,
хэлбэр, чиглэл
Үйлдвэрлэл, технологийн паркийг дараахь байршил, зориулалт, хэлбэр, чиглэлээр байгуулж, хөгжүүлнэ. Монгол Улсын Засгийн газар энэхүү үндсэн чиглэлд тусгагдсан паркийн чиглэлийг өөрчилж болох бөгөөд паркийн байршлыг өөрчлөх, шинээр парк байгуулах санал гаргаж болно.
1/ Байршил: Дархан хот
Паркийн нэр: "Дархан" үйлдвэрлэл, технологийн парк
Зориулалт: Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хэлбэр: Дагнасан болон холимог
Чиглэл: а) хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бүрэн мөчлөг бүхий үйлдвэрлэл;
б) экспортод зориулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
в) электрон техник, компьютер, гэр ахуйн цахилгаан барааг угсрах үйлдвэрлэл;
г) хөдөө аж ахуйн техник угсрах үйлдвэрлэл.
2/ Байршил: Зуунмод хот
Паркийн нэр: "Зуунмод" хөгжлийн парк
Зориулалт: Хөгжлийн парк
Хэлбэр: Холимог
Чиглэл: а) мал, амьтны гаралтай ховор түүхий эдийг боловсруулан энзиминологи, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийг хөгжүүлэх инкубатор;
б) мэдээллийн технологи;
в) биотехнологийг хөгжүүлэх инкубатор;
г) өндөр зэрэглэлийн савхин жижиг эдлэл, ноолууран нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл.
3/ Байршил: Багахангай дүүрэг
Паркийн нэр: Багахангай "Эйрсервис интернэйшнл" парк
Зориулалт: Үйлчилгээний экспорт
Хэлбэр: Дагнасан
Чиглэл: а)олон улсын нислэгийг дамжин өнгөрүүлэх үйлчилгээ /онгоцны буудал, нислэгийн зурвас, агаарын хөлөгт техникийн үйлчилгээ хийх, нислэгийг удирдах цогцолбор/;
б) агаарын хөлгийн зорчигчдод зориулсан хоол хүнсний үйлдвэрлэл.
4/ Байршил: Чойбалсан хот
Паркийн нэр: "Дорнод" үйлдвэрлэл, технологийн парк
Зориулалт: Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хэлбэр: Холимог
Чиглэл: а) эрдэс баялгийг гүнзгий боловсруулах үйлдвэрлэл. Тухайлбал, өндөр цэвэршилтэй нунтаг, металл, давхар исэл үйлдвэрлэх;
б) хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бүрэн мөчлөг бүхий үйлдвэрлэл;
в) экспортод зориулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл.
5/ Байршил: Чойр хот
Паркийн нэр: "Алтан говь " хөгжлийн парк
Зориулалт: Хөгжлийн парк
Хэлбэр: Холимог
Чиглэл: а) эрдэс баялгийг гүнзгий боловсруулах үйлдвэрлэл. Тухайлбал, зэс хайлах, зэсийн цувимал, зэс хоолой, хавтан, зэс утас болон кабель зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
б) мэдээллийн технологи;
в) нүүрс-химийн технологи.
6/ Байршил: Эрдэнэт хот
Паркийн нэр: "Эрдэнэт" үйлдвэрлэл, технологийн парк
Зориулалт: Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хэлбэр: Холимог
Чиглэл: а) хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн мөчлөг бүхий үйлдвэрлэл;
б) экспортод зориулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл.
7/ Байршил: Ховд хот
Паркийн нэр: "Ховд" үйлдвэрлэл, технологийн парк
Зориулалт: Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хэлбэр: Холимог
Чиглэл: а) хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бүрэн мөчлөг бүхий үйлдвэрлэл;
б) экспортод зориулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл.
8/ Байршил: Налайх дүүрэг
Паркийн нэр: "Налайх" бизнесийн инкубатор парк
Зориулалт: Өрхийн үйлдвэрлэл, жижиг бизнесийг хөгжүүлэх
Хэлбэр: Тенант
Чиглэл: а) Өрхийн амьжиргааг дэмжих зорилго бүхий жижиг үйлдвэрлэл, үйлчилгээ.
9/ Байршил: Сүхбаатар хот
Паркийн нэр: "Сэлэнгэ" үйлдвэрлэл, технологийн парк
Зориулалт: Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хэлбэр: Холимог
Чиглэл: а) модон бүтээгдэхүүний үйлдвэрлэл;
б)хөдөө аж ахуйн машин механизм угсрах үйлдвэр;
в)бордоо, био тэжээлийн үйлдвэрлэл;
г) мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл.
10/ Байршил: Улиастай хот
Паркийн нэр: "Завхан" үйлдвэрлэл, технологийн парк
Зориулалт: Экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Хэлбэр: Холимог.
Чиглэл : а/ бордооны үйлдвэрлэл;
б) хөдөө аж ахуйн түүхий эдийг гүнзгий боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох бүрэн мөчлөг бүхий үйлдвэрлэл;
в) экспортод зориулсан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл.
9. Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж, хөгжүүлэх үе шат
Үйлдвэрлэл, технологийн паркийг дараахь үе шаттайгаар байгуулан хөгжүүлнэ:
Нэгдүгээр үе шат: 2004-2008 он.
1/ Дархан, Эрдэнэт, Чойр, Сүхбаатар, Ховд хотод үйлдвэрлэл, технологийн парк, Налайх дүүрэгт "Тенант" парк байгуулах ажлыг эхлүүлнэ.
2/ Зуунмод, Чойбалсан, Улиастай хот, Багахангай дүүрэгт парк байгуулах бэлтгэл ажлыг хангаж, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, гадаад орнуудад сурталчлах, хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгийн эх үүсвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хүрээнд шийдвэрлэх цогцолбор арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаар үе шат: 2008-2012 он.
1/ Дархан, Эрдэнэт, Чойр, Сүхбаатар, Ховд хот, Налайх дүүргийн парк дахь үйлдвэрлэлийн цогцолборыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна.
2/ Зуунмод, Чойбалсан, Улиастай хот, Багахангай дүүрэгт үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулж эхэлнэ.
10.Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх эдийн засаг,
нийгмийн үр дүн
10.1. Монгол Улсын ирээдүйн хөгжил, дэвшлийг хангах экспортын чиглэлтэй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэлийн бүтэц бий болно.
10.2. Экспортын хэмжээ нэмэгдэж, эдийн засаг өөрийгөө тэтгэн хөгжих боломж бүрдэж, Монгол Улс даяаршиж байгаа дэлхийн зах зээлд тодорхой нэрийн бүтээгдэхүүнээр өөрийн байр суурийг эзэлнэ.
10.3. Үйлдвэрлэлийн хөгжлийг даган дэд бүтэц, үйлчилгээний тогтолцоо эрс сайжирч, ажил эрхлэлт нэмэгдэн, хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ.
10.4. Орчин үеийн технологи, менежмент нэвтэрч, үндэсний боловсон хүчний чадавхи дээшилнэ.
10.5. Үндэсний шинжлэх ухаан, техник, технологийн түвшин дээшилж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил арилжааны тогтолцоонд шилжиж, боловсрол, шинжлэх ухааны үйлчилгээ, үйлдвэрлэл практикт чиглэгдэх тогтолцоо бий болно.
---------------------- o o o---------------------------
Текст томруулах
A
A
A