A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2002 оны
21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт
 
"ЧИНГИС ХААН" ОДОНГИЙН ТОДОРХОЙЛОЛТ
 

Нэг.Одон, зүүлтийн хэсэг

 
            "Чингис хаан" одонгийн төвд дугуй хэлбэртэй, саарал өнгийн паалан дээр Чингис хааны дүрийг цагаан алтаар товойлгон хийнэ.
 
            Түүний гадуурх тойргийн хөх өнгийн паалан дээр баруун хэсэгт "Мөнх тэнгэрийн хүчинд", зүүн хэсэгт" Чингис хаан Тэмүүжин" гэж худам монгол бичгээр товойлгон алтдаж бичнэ.
 
            Түүний гадуур алтадсан эвэр угалзан дугуй хүрээг товойлгож хийнэ.
 
            Дугуй хүрээ нь гадуураа дөрвөн зүг, найман зовхисыг бэлгэдсэн цацрагуудтай байна. Эв нэгдэл, бат бэхийг бэлгэдэг багцалж боосон таван сумны дүрстэй урт цацрагийг алтдаж хийнэ. Багцалсан боолт нь цагаан алтан суурь бүхий үнэт эрдэнийн очир алмааз шигтгээ байна.
 
Цацраг тбус бүрийн баруун, зүүн талд түүнтэй ижил урттай, үзүүртээ алтан бөмбөлөгтэй, ховил бүхий цагаан алтан цацраг байна.
 
Энэхүү цацрагуудын хооронд үзүүртээ үнэт эрдэнийн бадмаараг шигтгээ бүхий богиновтор өргөн алтан цацраг байна. Түүний хоёр талд ховил бүхий цагаан алтан богино цацраг байна.
 
Бүх хос цацрагуудын хооронд цагаан алтан богино холбоос байна.
 
Одонгийн дээд хэсэгт одон зүүлт хоёрыг холбох зориулалттай холбоосын хэсэг байна. Холбоос нь Чингис хааны Гэрэгэ дэвсгэртэй цагаан туг байна. Тугийг цагаан алтаар, Гэрэгэ-г алтаар хийнэ.
 
Одонгийн зүүлт нь алтадсан эвэр угалзан гинжин чимэглэлээр холбогдсон цагаан туг болон бадам цэцгээр хүрээлүүлсэн хөх өнгийн пааландсан суурь бүхий алтан соёмбоос бүрдэнэ. Цагаан тугнууд нь эвэр угалзан хүрээтэй байна. Туг, бадам цэцгийг цагаан алтаар, соёмбыг алтаар хийнэ. Одон, зүүлтийн хэсэгт нийт есөн цагаан туг дүрслэгдэнэ.
 
Одон, холбоос, зүүлтийн их биеийг мөнгөөр хийх бөгөөд цагирагаар холбогдоно.
 
Одонгийн ар талд дугаарыг бичнэ.
 

Хоёр.Одон, зүүлтийн хэмжээ

 
Одон нь тус бүр 2 мм-ийн зузаантай З давхар байна. Одонгийн нийт диаметр 100 мм, Чингис хааны дүрс байрласан дугуйн диаметр 32 мм, худам монгол бичгийн өргөн нь 4 мм, эвэр угалзан хээний өргөн 4 мм байна. Одонгийн төв хэсгийн дугуйн захаас цацрагуудын үзүүр  хүртэл 25; 23; 18; 13; 7 мм байна. Очир алмааз шигтгээ байрласан цагаан алтан суурийн диаметр нь 4 мм, бадмаараг шигтгээний диаметр нь 3 мм байх бөгөөд тэдгээр нь тус бүр 0.1 карат байна.
 
Гэрэгэ-ийн урт нь 29 мм, өргөн нь 11 мм байна.
 
Зүүлтний алтан соёмбыг хүрээлсэн бадам цэцгийн диаметр нь 40 мм, зүүлтний цагаан тугны гаднах дугуйн диаметр нь 27 мм байна. Алтан соёмбын өндөр нь 28 мм, өргөн нь 15 мм байна.
 
Хоёр цагаан тугны хоорондох эвэр угалзан чимэглэлийн урт нь 48 мм, өргөн нь 19 мм байна.
 
Гурав."Чингис хаан" одонгийн бичил
хувилбарын тодорхойлолт
 
"Чингис хаан" одонгийн бичил хувилбар нь уг одонгийн Их эзэн Чингис хааны дүр бүхий цацарсан ирмэгт дугуй дээрх бүх элементийн бүрдэл хэсгүүдийг 4 дахин багасгаж дүрсэлсэн дугуй хэлбэртэй байна.
 
Бичил хувилбар нь 2 мм-ийн зузаантай, 25 мм-ийн диаметр бүхий нэг хавтгай дээр дүрслэгдсэн байх бөгөөд түүний их биеийг мөнгөөр хийж, алт, цагаан алтаар алтадна.
 
Бичил хувилбарын ар талд энгэрт зүүх зүүлт байх бөгөөд түүний доошд талд одонгийн дугаарыг бичнэ.
 
 
 
 
 
------------оОо---------------