- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2001 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Монгол Улсын Их Хурлын 2000 оны
44 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2001 ОНД БАРИМТЛАХ ЧИГЛЭЛ
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2001 онд баримтлах чиглэл нь төгрөгийн тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, санхүүгийн зуучлалыг, түүний эрх зүйн болон эдийн засгийн орчныг боловсронгуй болгох замаар бэхжүүлэх, банк, банк бус санхүүгийн тогтолцооны үр ашгийг нэмэгдүүлэхэд оршино. Энэ хүрээнд бодлогын чанартай дараахь арга хэмжээ авч, хэрэгжүүлнэ:
Эдийн засаг дахь нийт мөнгөний өсөлтийг 30 хувиас хэтрүүлэхгүй бөгөөд үнийн өөрчлөлттэй уялдуулан хүүг бууруулах замаар бодит эдийн засгийн зээлжих боломжийг нэмэгдүүлэх, түүний дотор уул уурхай, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах болон экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих, газар тариаланг сэргээхэд илүү анхаарна.
Бодит эдийн засгийн хүрээний өндөр үр ашигтай зарим төслүүдийг зээлжүүлэхэд Төв болон арилжааны банкууд хуулийн хүрээнд хамтран ажиллах, түүнд гадаад зах зээлээс хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэр ашиглах боломжийг судална.
Мөнгөний бодлогын хэрэгслийн хоорондын уялдаа холбоог нягтруулж, уян хатан хослолыг хангаж ажиллана.
Төв банкны үнэт цаасны хүүгээр дамжуулан бодит хүүг эерэг түвшинд тогтоож, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах бодлогыг үргэлжлүүлэн баримтална.
Мөнгөний зах зээлийг хөгжүүлэх, үнэт цаасны хоёрдогч захын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
Банкны бүтцийн өөрчлөлтөд зориулж Засгийн газраас гаргасан өрийн бичиг, зээллэгээг мөнгөжүүлэх, тэдгээрийн хүү, нөхцөлийг тодорхой болгох, хөрвөх чадварыг сайжруулах замаар санхүүгийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэхэд анхаарч, Монголбанк Засгийн газрын бүх талын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн огцом өөрчлөлтийг зохицуулан удирдаж, гадаад худалдааны тэнцлийн байдалд зохицсон экспортыг урамшуулахад чиглэгдсэн ханшны уян хатан бодлогыг баримтална.
Гадаад валютын улсын цэвэр нөөцийг оны эцсийн байдлаар импортын 12 долоо хоногийн хэрэгцээг хангах түвшинд барина.
Банкны зээл заавал эргэн төлөгддөг байх зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа хуулиудын заалтыг өөрчлөх, банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөрийн чадварын үнэлгээ болон бусад үзүүлэлтүүдийг харгалзан Монголбанкнаас авах албадлагын арга хэмжээг тодорхой болгох чиглэлээр банкны тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох арга хэмжээ авна.
Хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэхтэй холбогдсон арга хэмжээ авч, хэрэгжүүлж эхэлнэ.
Банк бус санхүүгийн байгууллагын эрх зүйн орчныг сайжруулж, үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.
Хувьчлах бэлтгэл нь хангагдсан төрийн болон төрийн өмчийн оролцоотой банкуудыг хувьчлах ажлыг зохион байгуулна.
Хөдөө аж ахуйн банкны бүтцийн өөрчлөлтийг олон улсын байгууллагуудтай тохиролцсоны дагуу үргэлжлүүлнэ.
Банкуудын дотоод хяналтыг боловсронгуй болгох үүднээс олон улсад хэрэглэгдэж байгаа эрсдлийн удирдлагын шинэлэг арга хэрэгслүүдийг арилжааны банкуудын үйл ажиллагаанд хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.
Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлтэй уялдуулан хөдөө, орон нутаг дахь банк, санхүүгийн үйлчилгээг өргөжүүлнэ.
Банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд нээлттэй, ил тод байлгах, мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох замаар зах зээлийн харилцаанд оролцогч талуудад зөв шийдвэр гаргах нөхцөл, боломжийг сайжруулна.
Банк, банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавих хяналтыг боловсронгуй болгох, тэдгээрээс эрсдлээ зөв тооцох, хянах чадвараа дээшлүүлэхэд нь түлхүү анхаарна.
Банк, санхүү, даатгалын үндэсний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулна.
Төв банкны бие даасан байдлыг бэхжүүлэх, түүний үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах арга хэлбэрүүдийг өргөжүүлнэ.
Монголбанкны төв, орон нутгийн салбар, төлөөлөгчийн газрын бүтэц, бүсчлэлийг боловсронгуй болгох, үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын механизмыг олон улсын стандартад нийцүүлэх, төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэчлэлийг эрчимжүүлэх арга хэмжээ авна.
______________оОо________________
Текст томруулах
A
A
A