- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Монгол Улсын Их хурлын 1995 оны 87 дугаар тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСАД ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
НЭГ.Оршил
1.Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ҮНДЭСЛЭЛ нь:
1/эдийн засгаа нээлттэй аргаар хөгжүүлэх зохион байгуулалтын нэг шинэ хэлбэр болсон эдийн засгийн чөлөөт бүсийг сонгон авч хэрэгжүүлж байгаа дэлхийн олон орны нийтлэг жишиг;
2/манай орны тодорхой бүс нутагт хөрөнгө оруулах эрмэлзэл бүхий гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг өөрийн орны эрх ашигтай зөв хослон, тухайн бүс нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэх явдал гэж үзнэ.
2.Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах ЗОРИЛГО нь тус улсын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийн байгаль орчин, хүн ам, түүхий эдийн нөөц, газар зүйн байрлал, зам харилцааны боломжийг зохистой ашиглан, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, дэвшилтэт технологи оруулах замаар эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд оршино.
З.Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа нь дараахь зорилтыг хангахад чиглэгдэнэ:
-Экспортын үйлдвэрлэл, импортыг орлох бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх;
-Удирдлагын болон үйлчилгээний орчин үеийн арга барилга, маркетинг, худалдаа арилжааны туршлага нэвтрүүлэх;
-Хүн амын ажил эрхлэлтийг сайжруулах;
-Валютын чөлөөт хөрвөлтийг хангаж, нөөцийг нь нэмэгдүүлэх;
-Барааны хангамжийг сайжруулах.
ХОЁР.Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах
онцлог, зарчим
1.Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үндсэн агуулга нь бусад орныхтой зарчмын хувьд адил төстэй боловч улс орны эдийн засгийн одоогийн бодит байдал, нийгмийн тодорхой хэрэгцээ, шаардлага, газар зүйн байрлалаас шалтгаалан дараахь онцлогтой байна.
-Тус орны зах зээл нь хил залгаа, ОХУ, БНХАУ-аас нэлээд хамааралтай.
-Газар зүйн байршлын хувьд гадаадын хөрөнгө оруулагчдаас алслагдсан;
-Нэн тэргүүнд Ази, Номхон далайн орнуудтай хамтран ажиллах боломж илүүтэй;
-Улс орны янз бүрийн бүс нутагт оршдог эрдэс баялгийн томоохон ордуудыг түшиглэн хөрөнгө оруулах хэрэгцээ, шаардлага өсч байгаа.
-Гадаад худалдааны бүтцийн хувьд машин, техник төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, өргөн хэрэгцээний бараа голлон импортолдог, экспортод мал аж ахуйн түүхий эд, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дийлэнх хувийг эзэлдэг.
2.Монгол Улс эдэлбэр газрын нөөц, эрдэс баялаг ихтэй, зах зээлийн багтаамж сайтай орнуудтай хил залгадаг давуу талтай боловч далайд гарцгүй, дэлхийн зах зээлийн гол төв, зангилаанаас хол, эрс тэс уур амьсгалтай, хүн ам цөөн, үйлдвэрлэл, нийгмийн дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн зэрэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад харгалзах нөхцөл байдал, бодит хүчин зүйл гэж үзнэ.
З.Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад дээрх онцлог, нөхцөл байдал, бодит хүчин зүйлийг харгалзан үзэхийн хамт дараахь зарчмыг баримтална:
-Чөлөөт бүс байгуулах зохих шалгуурыг хангасан, харьцангуй бага зардал шаардах, илүү тохиромжтой нутаг дэвсгэрийг сонгон авах;
-Эдийн засгийн чөлөөт бүсийг үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ дагнасан ба хосолсон хэлбэрээр байгуулах;
-Эхний ээлжинд Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал болон улсын хил орчмын нутагт "Худалдааны чөлөөт бүс"-ийг энгийн хэлбэрээр бий болгож, зохих туршлага хуримтлуулсны үндсэн дээр эдийн засгийн чөлөөт бүсийг нутгийн гүнд үйлдвэрлэл, худалдаа хосолсон хэлбэрээр, үе шаттай хөгжүүлэх;
-Чөлөөт бүсэд гадаадын хөрөнгө оруулагчдад тааламжтай нөхцөл бүрдүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг тэдгээртэй эдийн засгийн ижил орчинд өрсөлдөх нөхцөлөөр хангах;
ГУРАВ.Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах
угтвар нөхцөл
Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтыг хангахын тулд эдийн засаг, зохион байгуулалтын дараахь угтвар нөхцөлийг бүрдүүлсэн байна:
-Олон улсын стандартад нийцсэн орчин үеийн холбоо, эрчим хүч, зам, тээвэр зэрэг үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтэц шинээр бүрдүүлэх буюу сайжруулах;
-Чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, чөлөөт бүсийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй, итгэл үнэмшилтэй ажиллах таатай орчин нөхцөл бий болгох;
-Гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаа тогтоосон, чөлөөт бүсэд хөрөнгө оруулах баталгаатай, бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай явуулах чадвартай компаниуд бий болгох;
-Худалдаа, бизнесийн үйл ажиллагаанд мэргэшсэн буюу энэ төрлийн ажил хийх сонирхол, мэргэжлийн ур чадвар сайтай, үйлчилгээний өндөр соёл эзэмшсэн ажиллах хүч бий болгох;
-Чөлөөт худалдааны төв, гаалийн баталгаат агуулах, хил, гаалийн шалган нэвтрүүлэх цогцолбор, үйлдвэрлэлийн барилга байгууламж, банк, зочид буудал, үйлчилгээний бусад цэг салбар байгуулах талаар дотоод, гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ, хэлцэл хийсэн байх.
ДӨРӨВ.Чөлөөт бүс байгуулахад баримтлах шалгуур
1.Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нутаг дэвсгэрийг сонгоход дараахь шалгуурыг баримтална:
1/Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын шаардлагад чанд нийсэн байх;
2/тээвэр-газар зүйн байрлалын хувьд гадаад худалдааны үйл ажиллагаа явуулахад тохиромжтой байх;
З/зохих чиглэлээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж гадаадын зах зээлд гарах боломж илүүтэй байх;
4/үйлдвэрлэл, нийгмийн зохих дэд бүтэц бүрдсэн буюу шинээр бүрдүүлэхэд дөхөмтэй байх;
5/гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц нөхцөл бүрдсэн байх.
2.Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулж хөгжүүлэх үйл ажиллагааг энэ үзэл баримтлалд дурдсан зарчим, онцлог, бодит хүчин зүйл, угтвар нөхцөл, шалгуурыг үндэслэн сонгож авсан тодорхой бүсүүдийн статусыг тухай бүрт нь хуулиар тогтоон мөрдүүлэх замаар хэрэгжүүлнэ.
Текст томруулах
A
A
A