- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай
Монгол Улсын Их Хурлын 2010 оны
34 дүгээр тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ӨНДӨР ТЕХНОЛОГИЙН АЖ ҮЙЛДВЭРИЙН
ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Өндөр технологийн аж үйлдвэрийн салбар нь Монгол Улсын хөгжлийг эрчимжүүлэх, мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих гол хүчин зүйлсийн нэг мөн.
1.2.Өндөр технологийн аж үйлдвэр гэдэгт инновацийн дэвшилтэт ололтыг нэвтрүүлэх замаар нэмүү өртөг ихээр шингээсэн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг, тухайн бүтээгдэхүүний нийт өртөгт түүнийг бий болгоход зарцуулсан судалгаа хөгжлийн зардал өндөр хувийг эзэлдэг эдийн засгийн салбарыг ойлгоно. Өндөр технологийн салбарт биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологи, электроникийн салбар багтана.
1.3.Өндөр технологийн аж үйлдвэр нь Монгол Улсыг хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, уул уурхайн олборлох үйлдвэрлэлд түшиглэсэн эдийн засгаас тэргүүний, дэвшилтэт мэдлэг, технологид суурилсан мэдлэгийн эдийн засагт шилжүүлэх гарц, аж үйлдвэрийн төрөлжилтийг эрчимжүүлэн үндэсний баялгийг богино хугацаанд эрс нэмэгдүүлэх, улс орны өрсөлдөх чадварыг дээшлүүлэх арга зам, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үндэсний боловсрол, судалгаа хөгжил, технологи, аж үйлдвэр, санхүү, борлуулалтын сүлжээг бий болгох үндсэн хүчин зүйл хэмээн үзэж төрөөс онцгойлон дэмжинэ.
1.4.Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого (цаашид “Бодлого” гэх) нь аж үйлдвэр, шинжлэх ухаан, технологи, инновацийн талаархи төрийн бодлогын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэргүүний, дэвшилтэт технологид суурилсан өндөр технологийн аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн бүтээгдэхүүний эзлэх хувийг нэмэгдүүлэх, тэдгээрийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах үйл ажиллагааны эдийн засаг, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх цогц арга хэмжээг тодорхойлоход чиглэнэ.
Хоёр.Бодлогын зарчим
2.1.Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд дараахь зарчмыг баримтална:
2.1.1.үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйлдвэрлэл эрхлэхгүй байх;
2.1.2.экспортод чиглэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэргүүн ээлжинд дэмжин хөгжүүлэх;
2.1.3.төр, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлд суурилах.
Гурав.Бодлогын зорилго
3.1.Бодлогын зорилго нь өндөр технологийн аж үйлдвэрийг үндэсний эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үндсэн хүчин зүйлийн нэг болохуйц түвшинд хүртэл хөгжүүлэхэд оршино.
Дөрөв.Бодлогын чиглэл, түүнийг
хэрэгжүүлэх арга хэмжээ
4.1.Бодлогыг дараахь чиглэлээр хэрэгжүүлнэ:
4.1.1.өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
4.1.2.өндөр технологийн аж үйлдвэрийн дэд бүтцийг хөгжүүлэх;
4.1.3.өндөр технологийн аж үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх;
4.1.4.өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих;
4.1.5.өндөр технологийн аж үйлдвэрийн санхүүжилтийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх.
4.2.Бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх дараахь арга хэмжээг авна:
4.2.1.Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх эдийн засаг, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр:
4.2.1.1.инноваци, инновацийн сан, венч хөрөнгө, шинжлэх ухааны паркийг хөгжүүлэх болон бусад эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
4.2.1.2.оюуны өмчийн эрхийн хамгаалалттай холбогдсон хууль, эрх зүйн баримт бичгийг хөгжингүй орнуудын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож хэрэгжилтийг зохион байгуулах;
4.2.1.3.өндөр технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх, хөрөнгө оруулалтыг татвараас чөлөөлөх, зээлийн баталгаа олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
4.2.1.4.өндөр технологийн үйлдвэрлэл эрхлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, урвалжийг гаалийн болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх, татварын зээл олгох, татварыг дараа тооцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
4.2.1.5.өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үндэсний, салбарын, бүс нутгийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.2.1.6.өндөр технологийн аж үйлдвэрийн хөгжлийн түвшинг илэрхийлэх эдийн засгийн цогц үзүүлэлтийг боловсруулж, хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоо бүрдүүлэх;
4.2.1.7.өндөр технологийн бүтээгдэхүүний зах зээл, хөгжлийн хандлагын судалгааг тогтмол явуулах.
4.2.2.Өндөр технологийн аж үйлдвэрийн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр:
4.2.2.1.бүсчилсэн хөгжлийн стратегитай уялдуулан өндөр технологийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлэх, өндөр технологийн гарааны компаниудыг олноор нь дэмжин гаргах үүрэг бүхий шинжлэх ухааны паркуудыг байгуулж хөгжүүлэх;
4.2.2.2.орчин үеийн шаардлага хангасан судалгаа, хөгжлийн төв, барилга байгууламж, лабораторийн цогцолборыг олон улсын стандартын дагуу барьж байгуулах;
4.2.2.3.өндөр технологийн мэдлэгийг нийтэд хүртээх, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий мэдээллийн дэд бүтцийг байгуулж хөгжүүлэх.
4.2.3.Өндөр технологийн аж үйлдвэрийн хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр:
4.2.3.1.өндөр технологийн салбарын хүний нөөцийн бодлого, стратегийг боловсруулж хэрэгжүүлэх;
4.2.3.2.өндөр технологийн чиглэлээр магистрын болон докторын сургалтад суралцагчдыг тэтгэлэгт хөтөлбөрт тэргүүн ээлжинд хамруулах;
4.2.3.3.өндөр технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн захиалсан чиглэлийн дагуу Сургалтын төрийн сан, Инновацийн сангийн санхүүжилт, бусад тэтгэлгээр дэлхийн тэргүүлэх их сургуулиудад мэргэжилтэн бэлтгэх;
4.2.3.4.өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт шаардлагатай өндөр мэргэшсэн боловсон хүчнийг гадаадаас урьж ажиллуулах эрх зүй, эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх;
4.2.3.5.өндөр технологийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа дотоодын аж ахуйн нэгжийг, энэ чиглэлээр гадаадад сурч, ажиллаж байгаа монгол иргэдтэй холбоо тогтоох, хамтран ажиллах үйл ажиллагааг зохион байгуулж, гадаадад өндөр технологийн мэргэжлээр суралцаж төгсөгчдөд эх орондоо судалгаа, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх;
4.2.3.6.өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, санхүүжилт, удирдлагын чиглэлээр боловсон хүчнийг гадаадын их сургуулиудад бэлтгэх, дотоодод сургалтын хөтөлбөр, арга хэмжээ авч хэрэгжүүлэх.
4.2.4.Өндөр технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих чиглэлээр:
4.2.4.1.өндөр технологийг аж ахуйн эргэлтэд оруулах үйл ажиллагаа явуулж байгаа шинжлэх ухааны байгууллага, аж ахуйн нэгжийн хоорондын хамтын ажиллагааг бүх талаар дэмжих;
4.2.4.2.өндөр технологи бий болгох, түүнийг ашиглах аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгох;
4.2.4.3.өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд шаардлагатай үндэсний стандарт, хэмжил зүйг олон улсын норм, норматив, арга зүйн баримт бичгүүдтэй нийцүүлэн шинэчилж, өндөр технологийн бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд гаргах үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж хөгжүүлэх;
4.2.4.4.өндөр технологийн салбарт олон улсын стандарт (GLP, GMP, GCP зэрэг)-ыг нэвтрүүлж, хэрэгжилтийг зохион байгуулах;
4.2.4.5.өндөр технологийн үйл ажиллагаанд оролцогчдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор шинжлэх ухааны нээлт, шинэ мэдлэг, дэвшилтэт технологи, оюуны өмч, зах зээл, санхүү, бизнесийн чиглэлээр төрөлжсөн мэдээллийн сан байгуулах;
4.2.4.6.эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл, борлуулалт, санхүүжилтээрээ дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхүйц үндэстэн дамнасан үндэсний корпорациудыг үүсгэн байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх;
4.2.4.7.өндөр технологийн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хөгжүүлэх;
4.2.4.8.өндөр технологийн үйлдвэрлэлийн өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг санхүүгийн түрээс /лизинг/-ээр авах боломжийг бүрдүүлэх;
4.2.4.9.өндөр технологийн салбарт амжилт гаргасан аж ахуйн нэгж, иргэдийн туршлагыг олон нийтэд сурталчлах, урамшуулах, үзэсгэлэн худалдаа тогтмол зохион байгуулах.
4.2.5.Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх санхүүжилтийн тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх чиглэлээр:
4.2.5.1.өндөр технологийн судалгаа шинжилгээнд зарцуулах улсын төсвийн хөрөнгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх;
4.2.5.2.өндөр технологийн үйл ажиллагааг хувийн болон төр, хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх;
4.2.5.3.өндөр технологийн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид судалгаа боловсруулалт, бүтээгдэхүүний борлуулалт, маркетинг, дэд бүтцийн чиглэлээр Хөгжлийн банк болон Засгийн газрын тусгай сангаас хөрөнгө оруулалт хийх, хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх;
4.2.5.4.үндэсний компаниуд гадаадын өндөр технологийн компанийн үнэт цаас, технологийг худалдан авахад зориулж Засгийн газраас санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэх;
4.2.5.5.өндөр технологийн аж үйлдвэрийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих;
4.2.5.6.Венч хөрөнгийн санг төрийн дэмжлэгтэйгээр хөгжүүлж өндөр технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хөрөнгө оруулалтаар дэмжих;
4.2.5.7.өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад зориулж арилжааны банкнаас урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгоход төрөөс дэмжлэг үзүүлэх;
4.2.5.8.олон улсын аудитын компаниар үнэлгээ хийлгэсэн өндөр технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компани хөрөнгийн зах зээлд шууд гарах боломжийг бүрдүүлж ажиллах;
4.2.5.9.өндөр технологийн компанийн төлбөрийн чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний компанид опцион зэрэг үнэт цаасны арилжаанд оролцох боломжийг бүрдүүлэх;
4.2.5.10.олон улсын хөрөнгийн зах зээлд гарч байгаа үндэсний Венч хөрөнгийн санд Засгийн газар анхны хөрөнгө оруулагчийн үүрэгтэйгээр оролцох.
Тав.Бодлогыг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн, түүний
удирдлага, зохион байгуулалт
5.1.Бодлогыг амжилттай хэрэгжүүлснээр манай орны эдийн засгийн бүтэц сайжирч, дотоодын нийт бүтээгдэхүүнд өндөр технологийн аж үйлдвэрийн салбарын эзлэх хувийн жин нэмэгдэнэ.
5.2.Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлснээр боловсруулах салбарын өндөр өсөлтийг ханган улс орны өрсөлдөх чадвар сайжирч дэлхийн эдийн засагт нэгдэн орох нөхцөл бүрдэнэ.
5.3.Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулж үндэсний баялгийг нэмэгдүүлэх нөхцөл бий болно.
5.4.Өндөр технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалтын эрсдэл буурч, эдийн засгийн үр ашиг дээшилнэ.
5.5.Хүн амын амьдралын чанар сайжирч, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс суурь бий болж, үндэсний аюулгүй байдлын баталгаа нэмэгдэнэ.
5.6.Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үндэсний боловсрол, судалгаа хөгжил, технологи, аж үйлдвэр, санхүү, борлуултын сүлжээ бүрэлдэн хөгжиж мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нөхцөл бүрдэнэ.
5.7.Бодлогын хэрэгжилтийг үндэсний хөгжил, шинэтгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бусад яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулна.
/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/
------o0o------
Текст томруулах
A
A
A