A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2010 оны
40 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2011-2013 ОНЫ ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТ

Монгол Улсын Засгийн газрын 2011-2012 оны дунд хугацааны зорилт нь хөгжлийн тэргүүлэх чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн болон нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, төрийн удирдлагын ил тод, шуурхай, шударга, хариуцлагатай байдлыг хангах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж ядуурал, ажилгүйдлийг бууруулахад чиглэнэ.
Нэг.Эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

1.1.Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон бусад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшил, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих замаар дотоодын нийт бүтээгдэхүүний өндөр өсөлтийг хангах.

1.2.Инфляцийг нэг оронтой тоонд байлгаж, үүнийг хангахад чиглэсэн эдийн засгийн төсөв, мөнгөний бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлэх.

1.3.Төлбөрийн тэнцлийн хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг болон гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх.
Хоёр.Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

2.1.Төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор экспортод гаргаж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн өсөлтөөс бий болсон орлогын тодорхой хувийг төсөвт төвлөрүүлэхээр татварын эрх зүйн орчныг өөрчлөх.

2.2.Орон нутгийн орлогын суурийг өргөжүүлэх, орон нутагт зарлагын зарим чиг үүргийг шилжүүлэх замаар орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, ижил тэгш, өрсөлдөх чадвартай эдийн засгийг хөгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг сайжруулах.

2.3.Төсвийн хамрах хүрээ, төлөвлөлт, хуваарилалт, хэрэгжүүлэлт, тайлагналт, хяналтын үе шатны бүх ажиллагаа, олон нийтэд ил тод байх нөхцөлийг хангах замаар хариуцлагын тогтолцоог сайжруулах.

2.4.Нийгмийн халамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, давхардлыг арилгах, зорилтот бүлэгт чиглүүлэх замаар нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлэгт хүргэх.

2.5.Тэтгэврийн даатгалын сангийн "Эв санааны" тогтолцооноос хагас хуримтлалын, цаашид бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих, нийгмийн даатгалын сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох замаар нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эхлэлийг тавих.

2.6.Зуд болон бусад байгалийн гамшгийн үед Засгийн газарт учрах ачааллыг бууруулах зорилгоор уламжлалт мал аж ахуйн байгалийн эрсдэл даах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн "Малын индексжүүлсэн даатгал" төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх.

2.7.Yнэт цаасны зах зээлийн тухай хуулийг олон улсын санхүүгийн зах зээлийн нийтлэг шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгож, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэн Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх.

2.8.Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, урт хугацаат зээлд хамруулах эх үүсвэрийг Засгийн газрын бондын эх үүсвэрээр бүрдүүлэх.
Гурав.Бизнесийн орчныг сайжруулах, үйлдвэржүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бодит салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

3.1.Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах замаар экспортын уламжлалт болон шинэ бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг дэмжих.

3.2.Байгаль орчинд сөрөг нөлөөгүй цэвэр үйлдвэрлэл, өндөр технологийн чиглэлээр сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй шинжлэх ухаан, технологийн парк байгуулах, оюуны багтаамж ихтэй үйлдвэрлэл хөгжих суурийг тавих.

3.3.Үйлдвэр, технологийн паркийн дэд бүтцийг шинээр байгуулах, өргөтгөх асуудлыг үйлдвэржилтийн бодлого, бүс нутгийн хөгжилтэй уялдуулан төр, хувийн хэвшлийн түншлэлд түшиглэн хөгжүүлэх.

3.4.Олон улсын шилдэг стандартыг эдийн засаг, нийгмийн бүх салбарт нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах.

3.5.Стратегийн ордыг ашиглахад шаардагдах усан хангамж, зам харилцаа, байгаль орчны дэд бүтцийг барих, Оюу толгой, Таван толгой, Цагаан суваргын уурхайг байгуулах, бүтээгдэхүүнийг боловсруулах, баяжуулах үйлдвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх.

3.6.Стратегийн ач холбогдол бүхий нүүрсний орд газрыг түшиглэн цахилгаан станц байгуулж, үйлдвэрүүдийн болон бүс нутгийн цахилгаан, дулааны хэрэгцээг хангах.

3.7.Уул уурхайн цөөн төрлийн бүтээгдэхүүнээс хамаарсан эдийн засгийн хамаарлыг багасгах, боловсруулах аж үйлдвэрийг дэвшилтэт арга, технологиор хөгжүүлэх замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах.

3.8.Өмнөговь, Чойр, Дархан-Сэлэнгийн бүс нутагт аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх.

3.9.Улаанбаатар хот, бүсийн төв, хилийн томоохон боомтуудад ачаа, зорчигч тээврийн төрөлжсөн аж ахуй, авто замын гол сүлжээний дагууд үйлчилгээний дэд бүтцийг байгуулах.

3.10.Орон нутагт түүхий эдэд тулгуурласан, хүн амын хэрэгцээг хангахад чиглэсэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

3.11.Хөдөө аж ахуйн техникийн төрөлжсөн засвар, үйлчилгээний төвүүдийг бүсчлэн байгуулах, үр тариа, төмс, хүнсний ногооны механикжсан зоорь байгуулж хадгалалт, борлуулалтын сүлжээ бий болгоход дэмжлэг үзүүлэх.

3.12.Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг дэмжиж сүү, мах, ноос, ноолуур, арьс, шир боловсруулах үйлдвэрлэлд бохирдолгүй, хаягдалгүй орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар хүнсний болон өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлийг хөгжүүлж, импортоос хараат байдлыг багасган үйлдвэрийн аргаар боловсруулсан эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр эко хүнсээр хүн амыг хангах.

3.13.Монгол малын тэсвэрт чанарыг хадгалан биологийн боломжийг нь бүрэн ашиглах, малын чанарыг сайжруулах замаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх.

3.14.Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн тэжээлийн ургамал, хадлан бэлтгэх, үр тариа, төмс, хүнсний ногоо тарих, хураах, ангилахад дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх.

3.15.Малын гаралтай түүхий эдийг стандартын дагуу бэлтгэн чанарын хамгаалалт хийж биржээр дамжуулан худалдаалах механизмыг бүрдүүлэх.

3.16.Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж шинээр бизнес инкубатор төв байгуулан ажиллуулах, бизнес эрхлэх орчныг сайжруулах чиглэлээр үйл ажиллагааг нь идэвхжүүлэх.

3.17.Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах бодлого, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж эхлэх.

3.18.Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологи, инновацийг нэвтрүүлэн хөгжүүлж байгаа аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх.

3.19.Бага, дунд боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, сургалтын хөтөлбөрийг туршин нэвтрүүлэх.

3.20.Баг бүрт гэр цэцэрлэг байгуулах, хувилбарт сургалтын төрөл, хэлбэрийг олшруулах замаар сургуулийн өмнөх боловсролын хамралтыг нэмэгдүүлэх.
3.21.Багшийн мэргэжил дээшлүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох.

3.22.Мэргэжилтэй ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчтой холбох тогтолцоог төлөвшүүлэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдын тоог зах зээлийн эрэлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх.
Дөрөв.Байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхай, ногоон эдийн засгийг хөхүүлэн дэмжих чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

4.1.Байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих эдийн засгийн урамшууллын механизмыг боловсронгуй болгох.

4.2.Геологи, уул уурхайн салбарын бодлогыг хариуцлагатай уул уурхайн зарчимд тулгуурлан шинэчлэн тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

4.3.Экологийн хувьд эмзэг, хамгаалалт шаардагдах ойн болон гол, мөрний эх, сав газраас бусад бүх газарт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, технологи ашиглах нэгдсэн бодлогоор зохицуулах.

4.4.Уул уурхайн үйлдвэрлэлийн явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохиролын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцон хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг сайжруулж, нөхөн сэргээлтийн чанарыг дээшлүүлэх иж бүрэн механизмыг бий болгох.

4.5.Хот, суурин газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг бодлогоор дэмжих.

4.6.Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгыг дэмжих.

4.7.Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах "Ус хэмнэлтийн бодлого" -ыг хэрэгжүүлэх усны нөөцийн нэгдсэн менежмент, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах.

4.8.Хот, суурин газрын хатуу хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, ялган ангилах, дахин боловсруулах, эргүүлж ашиглах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар устгахад шинэ технологи, менежментийн цогц бодлогыг хэрэгжүүлж, ажлын байр шинээр бий болгох.

Тав.Иргэдээ эрүүл, чийрэг, боловсролтой, ажил орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

5.1.Иргэдийг нийгмийн баялгаас шударгаар хүртэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийн түвшинг бууруулах.

5.2.Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх, ялангуяа эрүүл мэнд, боловсрол, ядуурал, жендэр, байгаль орчны талаар дэвшүүлсэн зорилтуудыг хангах ажлыг зохион байгуулах.

5.3.Нийгмийн эрүүл мэндийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулж, иргэдийг эрүүл, чийрэг амьдрах нөхцөлийг бүрдүүлэх.

5.4.Хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, хүний нөөцийн мэдээллийн санг байгуулан ажиллуулах.

5.5.Эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбаруудад шаардлагатай хүний нөөцийг төлөвлөх, бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх цогц бодлогыг хэрэгжүүлэх.

5.6.Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэдэд ажлын байр бий болгосон буюу ажлын байраар тогтвортой хангаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах тогтолцоог бий болгох.

5.7.Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн технологи бүхий үйлдвэрийг түүхий эдэд нь тулгуурлан аймаг, сумын түвшинд, экспортын чиглэлтэй үйлдвэрийг хил орчмын бүс нутагт барьж байгуулах аж ахуйн нэгжийг дэмжих ажлыг төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлэн иргэдийг ажлын байраар хангах.

5.8.Үндэсний боловсролыг олон улсын түвшинд ойртуулах, бүх шатны боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлж, боловсролын салбарт олон улсын шилдэг стандартыг нэвтрүүлэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ур чадвартай мэргэжлийн ажилтан бэлтгэх.

5.9.Эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгож, нийгмийн эрүүл мэндийг бодлогын цөм болгон хөгжүүлэх замаар эрүүл мэндийг дэмжсэн орчныг бүрдүүлэх, хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх.

5.10.Хүн амыг эрүүл, аюулгүй, тэжээллэг хүнсээр жигд, хүртээмжтэй хангах, орчны бохирдлыг эрс багасгах, хүн амын ундны цэвэр усны хэрэгцээг хангах.

5.11.Шинээр бий болж байгаа болон дахин сэргэх халдварт өвчин, хорт хавдар, сүрьеэ өвчний өвчлөлөөс сэргийлэх тогтолцоог төлөвшүүлэх.

5.12.Хүн амын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын үйлчилгээнд зарцуулж байгаа хөрөнгийг үр ашигтай механизмаар нийгмийн эмзэг хэсэг, зорилтот бүлэгт оновчтой хүргэх, мөн хөдөөгийн болон алслагдсан бүс нутагт хүргэх оновчтой бөгөөд үр ашигтай бүтцийг бий болгох.

5.13.Нийгмийн даатгалын сангийн менежментийг боловсронгуй болгон хөгжлийн шаардлага, зах зээлийн жишигт нийцүүлэн хөгжүүлж, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн даатгалд хамруулах асуудлыг судлан шийдвэрлэх.
Зургаа.Төрийн үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах чиглэлээр дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

6.1.Яам, агентлагуудад чиг үүргийн шинжилгээ хийх замаар төрийн байгууллагын бүтцийг боловсронгуй болгож, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжүүлж эхлэх.

6.2.Үйлчилгээний болон удирдлагын стандартыг боловсронгуй болгох, шат дамжлагыг цөөлөх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох, орон нутгийн бие даасан байдлыг хангах, олон нийтийн зүгээс тавих хяналтын тогтолцоог сайжруулах.

---оОо---