A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2010 оны 68 дугаар тогтоолын хавсралт


ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2011 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Төрийн мөнгөний бодлого нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэгдэнэ.

1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

1.1.Дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг нэг оронтой тооноос хэтрүүлэхгүй байх бодлого баримтална.

1.2.Эдийн засгийг хямралд өртөмтгий эмзэг байдалд хүргэхгүй байх, хямралыг сөрөх чадавхийг бий болгох зорилгоор макро эдийн засгийн болон санхүүгийн салбарын эрүүл, зохистой байдлын шинжилгээг хийж, төрийн мөнгөний бодлогод тусган хэрэгжүүлнэ.

1.3.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж уян хатан тогтох зарчмыг баримтална. Монголбанк дотоодын зах зээлд гадаад валютын ханшийн огцом өөрчлөлтийг зөөлрүүлэх чиглэлээр оролцож, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлнэ.

1.4.Монголбанк санхүүгийн зах зээл дээр урт хугацаатай эх үүсвэр бий болгох арга хэмжээ авна. Үнэт цаасны зах зээлийг өргөтгөн банкны салбарт үүссэн мөнгөн хуримтлалыг эдийн засгийн хөгжилд үр ашигтай ашиглах асуудлыг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран судалж, холбогдох арга хэмжээ авна.

2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, цаашид өөрчлөн сайжруулах хүрээнд:

2.1.Банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.2.Банкны салбарын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангуулж, хяналт шалгалтыг цаашид сайжруулж, банкны зохистой засаглалын зарчмыг мөрдүүлэн салбарын санхүүгийн сахилга батыг өндөржүүлнэ.

2.3.Хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах, өнөөгийн банкны нийтлэг үйлчилгээнээс гадна хөгжлийн болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, санхүүгийн зах зээлийг өргөжүүлэн, хөрөнгийн захын хөгжлийг дэмжинэ.




3.Монголбанкны бусад үйл ажиллагааны хүрээнд:

3.1.Монгол Улсын төлбөр тооцооны системийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллана.

3.2.Монголбанк мөнгөний бодлого, арга хэрэгслийг олон нийтэд ил тод, нээлттэй байлган өөрийн хариуцлагыг дээшлүүлнэ. Мөнгөний бодлогын зорилт, хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хүлээгдэж байгаа үр дүнг тогтмол тайлбарлан таниулж иргэд, олон нийтийн зүгээс түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.






--------оОо----------