- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
22 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ГАМШГААС ХАМГААЛАХ ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
НЭГ.Нийтлэг үндэслэл
Цаг агаарын дулаарлаас үүдэлтэйгээр манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, ой, хээрийн түймэр, цөлжилт, хэт халалт, хүйтрэл зэрэг байгалийн гамшгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавж, үлийн цагаан оготны тархалт, үйлдвэр, тээврийн хэрэгсэл, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодисын осол нэмэгдэж байна.
Жилд дунджаар 2700 гаруй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө, байгалийн ихээхэн хэмжээний хохирол учирч, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна.
Гамшгийн нөлөөллөөс үүсэх хор уршгийг хохирол багатай даван туулах асуудал нь гамшгаас хамгаалах чадавхиас ихээхэн хамаарч байна. Гамшгаас хамгаалах чадавхийг дэлхийн улс орнууд гамшгаас хамгаалах эрх зүйн зохицуулалт, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, эдийн засаг, нийгэм, хүн амын эмзэг байдлын түвшин, эдгээрийн үнэлгээ, гамшгийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ, байгалийн болзошгүй аюулыг эртнээс сэрэмжлүүлэх хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчний хангамж, аврах ажлын багаж, техник хэрэгслийн хангалт, хүн амын гамшгаас хамгаалах боловсрол болон бараа, материалын нөөц бүрдүүлэлтийн боломжоор ойлгож байна.
Манай орны гамшгаас хамгаалах чадавхи сул байна. Гамшгаас хамгаалах салбарын мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай, аврах ажлын зориулалттай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж хүрэлцээгүй, тэдгээрийн техникийн үзүүлэлт хоцрогдонгуй байна.
ХОЁР.Хөтөлбөрийн зорилго, зорилт
2.1.Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхи, бэлэн байдлыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
2.2.Хөтөлбөрийн зорилгыг дараах стратегийн зорилтоор хэрэгжүүлнэ:
2.2.1.гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах;
2.2.2.байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах;
2.2.3.гамшгийн нэр томьёоны суурь ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
2.2.4.аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологийг нэвтрүүлж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсруулж, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах;
2.2.5.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх.
ГУРАВ.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ
3.1.Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах стратегийн зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.1.иргэдэд түшиглэсэн гамшгаас хамгаалах менежментийг хөгжүүлэх;
3.1.2.сумын түвшинд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг үнэлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх төрийн захиргааны албан хаагчийг ажиллуулах;
3.1.3.төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах арга хэмжээнд оролцох оролцоог нэмэгдүүлж, түншлэл, хамтын ажиллагаа, салбар дундын удирдлага, зохицуулалтыг боловсронгуй болгох;
3.1.4.болзошгүй гамшгийн аюулыг бууруулах арга хэмжээнд олон улсын байгууллага, төрийн бус байгууллага, иргэд, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх;
3.1.5.байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн үед авах арга хэмжээний бэлэн байдлын улсын төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах;
3.1.6.төв, орон нутгийн томилгоот гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг хангах шалгуур үзүүлэлтийг тогтоож, дээшлүүлэх;
3.1.7.гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг гамшгаас хамгаалах арга хэмжээнд нэвтрүүлэх;
3.1.8.төв, орон нутгийн төрийн байгууллага, хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах менежментийг хөгжүүлж, гамшгийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай эд материал, аврах багаж, техник хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх.
3.2.Байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийж, гамшгийн эмзэг байдлыг бууруулах ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулах стратегийн зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.2.1.байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийх;
3.2.2.эрсдэлийн үнэлгээний аргачлалыг учруулж болзошгүй байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн аюул, төв, орон нутгийн газар зүйн байршил, эдийн засаг, нийгмийн онцлог, хөгжлийн бодлого, олон улсын жишиг үнэлгээний аргачлалд тулгуурлан боловсронгуй болгох;
3.2.3.болзошгүй гамшгийн эрсдэл, түүний нөлөөллийн талаарх статистикийн мэдээ, өгөгдлүүдийг цуглуулах арга хэмжээг стандартчилах, гамшгийн мэдээллийн сангийн үйлчилгээг боловсронгуй болгох;
3.2.4.бүс нутгийн болон хил дамнасан болзошгүй гамшгийн эрсдэлийг үнэлэх, байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу мэдээлэл солилцох;
3.2.5.иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, ардын уламжлалт арга ухааныг түгээн дэлгэрүүлэх.
3.3.Гамшгийн нэр томьёоны суурь ойлголт, төрийн болон хувийн хэвшлийн гамшгаас хамгаалах чиг үүрэг, тогтолцоо, гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох стратегийн зорилтын хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.3.1.Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;
3.3.2.Аврагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах;
3.3.3.Гамшгийн эрсдэл хуваалцах даатгал, давхар даатгалын тухай хуулийн төсөл боловсруулах;
3.3.4.гамшгийн үед үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох.
3.4.Аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологийг нэвтрүүлж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсруулж, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах стратегийн зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.4.1.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зайнаас тандан судлах, газар зүйн мэдээллийн системийг нэвтрүүлэх;
3.4.2.эрсдэлийн зураглал, мэдээллийг боловсруулах, дамжуулах техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
3.4.3.болзошгүй гамшгийн аюулын талаар хүн амд түгээх зарлан мэдээллийн техник хэрэгслээр хангаж, мэдээллийг хэрэглэгчид шуурхай хүргэх арга замыг боловсронгуй болгож, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах.
3.5.Гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхийг бэхжүүлэх стратегийн зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.5.1.аврагчийг мэргэжлийн сургалтын төвөөр бэлтгэх, мэргэшүүлэх;
3.5.2.мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох;
3.5.3.аврах, гал унтраах анги, бүлэг, бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай аврах ажлын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, тусгай зориулалтын машин механизмын стандарт, норм, нормативыг боловсруулах;
3.5.4.эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй газар хөдлөлт, үер, цацраг, химийн хорт болон аюултай бодисын хордуулалт, бусад гамшгийн хор уршгийг арилгах аврах ажлын зориулалттай тусгай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах;
3.5.5.аврах ажлын зарим багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг дотоодод үйлдвэрлэх, засварлах нөхцөлийг бүрдүүлэх;
3.5.6.улсын нөөцийн бараа, материалыг хадгалах нөхцөл, технологийг дээшлүүлэх;
3.5.7.гамшгийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээг үнэлэх, зөвлөмж өгөх гамшгаас хамгаалах менежментийн үндэсний шинжээч болон гадаад улсад хүмүүнлэгийн үүрэг гүйцэтгэх аврах багийг бэлтгэх;
3.5.8.гамшгаас хамгаалах улсын албадын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны чадавхийг сайжруулах.
ДӨРӨВ.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалт
4.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, салбар дундын зохицуулалт хийх, хяналт тавих үүргийг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцаж, онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн удирдан чиглүүлнэ.
4.2.Аймаг, нийслэлд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцна.
4.3.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага боловсруулан Засгийн газар баталж, хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүр тооцож ажиллана. Аймаг, нийслэлийн Засаг дарга хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тайлагнана.
ТАВ.Хөтөлбөрийн санхүүжилт
5.1.Хөтөлбөрийн санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
5.1.1.улсын болон орон нутгийн төсөв;
5.1.2.олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж, төслийн хөрөнгө;
5.1.3.төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгаар хуримтлагдсан тусламж, хандивын хөрөнгө;
5.1.4.бусад эх үүсвэр.
ЗУРГАА.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, үр дүн
6.1.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эхний үе шат /2011-2015 он/:
6.1.1.гамшгаас хамгаалах эрх зүйн орчин боловсронгуй болж, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо төлөвшинө;
6.1.2.гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо хангагдана;
6.1.3.байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ 60 хувь хийгдэнэ;
6.1.4.гамшгийн голомтод эрэн хайх, аврах, сэргээн босгох зориулалттай аврах ажлын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж 40 хувь хүрсэн байна;
6.1.5.аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийн талаарх мэдээллийг хүн амд шуурхай хүргэх эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоо байгуулах эхлэлийг тавина.
6.2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хоёр дахь үе шат /2015-2020 он/:
6.2.1.гамшгийн голомтод эрэн хайх, аврах, сэргээн босгох зориулалттай аврах ажлын багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангамж 70 хувь хүрсэн байна;
6.2.2.байгалийн болон хүний хүчин зүйл, техникийн гаралтай гамшгийн төрөл тус бүрээр эрсдэлийн үнэлгээ хийгдэж дуусна;
6.2.3.аюулт үзэгдэл, болзошгүй гамшгийг тандан судлах, урьдчилан мэдээлэх арга, технологийг нэвтрүүлж, мэдээллийг хүн амд шуурхай хүргэх, эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоо бий болно;
6.2.4.гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн чадавхи бэхжинэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 89
Төрийн ордон, Улаанбаатар хот
Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдаа холбоо, нийцлийг хангаж, давхардал, зөрчлийг арилгах зорилгоор дараах Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай:
1/"Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоол;
2/"Монгол Улсын төрөөс орон сууцны талаар баримтлах бодлогыг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25 дугаар тогтоол;
3/"Ногоон хөгжлийн бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 43 дугаар тогтоол;
4/"Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоол;
5/"Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12 дугаар тогтоол;
6/"Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дүгээр тогтоол;
7/"Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр тогтоол;
8/"Төрөөс соёлын талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 52 дугаар тогтоол;
9/"Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 104 дүгээр тогтоол;
10/"Төрөөс экологийн талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 106 дугаар тогтоол;
11/"Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 18 дугаар тогтоол;
12/"Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоол;
13/""Монгол бичгийн үндэсний хөтөлбөр"-ийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1995 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоол;
14/""Ус" үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоол;
15/"Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоол;
16/"Үндэсний хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дүгээр тогтоол;
17/""Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги"-ийн баримт бичгийг батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2004 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоол.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A