- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН САЛБАРЫГ 2011-2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын Их Хурлын 2011 оны
59 дүгээр тогтоолын хавсралт
МОНГОЛ УЛСЫН СТАТИСТИКИЙН САЛБАРЫГ 2011-2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
НЭГ.ХӨТӨЛБӨРИЙН ЭРХ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛ, ШААРДЛАГА
1.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн Комиссын 36, 37 дугаар чуулган, Парис 21, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комиссын дээд хэмжээний уулзалтын үр дүнд улс орнуудын статистикийн албадын чадавхийг бэхжүүлэхэд баримтлах бодлогын шинж чанартай дунд хугацааны хөтөлбөр боловсруулан ажиллахыг гишүүн орнуудад зөвлөмж болгосон.
1.2.Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтад Үндэсний статистикийн хороо нь "албан ёсны статистикийн үзүүлэлтийг тооцох, тооллого, судалгаа явуулах талаар ойрын зорилтыг тодорхойлсон хөтөлбөрийг боловсруулж Улсын Их Хурлаар батлуулах" бүрэн эрхтэй гэж заасан юм.
1.3.Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа улс орнуудын статистикийн хөгжлийн хэтийн нийтлэг чиг хандлагыг тодорхойлсон Ази Номхон далайн орнуудын эдийн засаг, ниймгийн комиссын бүсийн 2010-2020 оны хөтөлбөр, Монгол Улсын үндэсний статистикийг хөгжүүлэх Монстат төслийн баримт бичиг зэргийг үндэслэл болгов.
ХОЁР. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА
2.1.Хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх зорилт, бодлого, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт, санхүүжилт болон хүрэх үр дүнг тодорхойлоход оршино.
2.2.Хөтөлбөрийг 2011-2015 онд хэрэгжүүлнэ.
2.3.Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зорилт нь нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга зүйд тулгуурласан, нийгмийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох шуурхай, үнэн бодитой тоо мэдээлэл, статистикийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон бусад хэрэглэгчийг хангахад чиглэгдэнэ.
2.4.Монгол Улсын статистикийн салбарыг хөгжүүлэх чиглэлийн хүрээнд статистикийн тогтолцоог бэхжүүлэх, аргачлал, ангилал, шинжилгээ, судалгааг төгөлдөржүүлэх, үндэсний тооцооны системийг нэвтрүүлэх, салбарын статистикийг хөгжүүлэх, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
ГУРАВ. СТАТИСТИКИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ
3.1. Статистикийн үйл ажиллагааны зохицуулалтыг сайжруулах, тогтолцоог боловсронгуй болгох:
3.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
3.1.1.1.Монгол Улсын статистикийн салбар нь төвлөрсөн шинж зонхилсон холимог тогтолцоотой бөгөөд Үндэсний статистикийн хороо /цаашид "ҮСХ" гэх/, яам, агентлагийн статистикийн нэгж, нийслэл, аймаг, дүүргийн Засаг даргын дэргэдэх статистикийн газар, хэлтэс, сум, баг, хорооны статистикийн асуудал хариуцсан ажилтнаас бүрддэг;
3.1.1.2.ҮСХ нь статистикийн үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, мэргэжлийн удирдлагаар хангах, зохицуулах, мэдээллийг цуглуулах, боловсруулах, тараах үндсэн чиг үүрэгтэй. ҮСХ-ны даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах, зөвлөх үүрэгтэй Даргын зөвлөл, статистикийн мэдээ мэдээллийн чанарыг сайжруулах, судалгаа, шинжилгээний арга зүй, аргачлал зааврыг боловсронгуй болгох чиг үүрэгтэй Арга зүйн байнгын зөвлөл ажилладаг;
3.1.1.3.албан ёсны статистикийн үйл ажиллагааг явуулахад туслах, арга зүйн нэгдмэл байдлыг хангах асуудлаар зөвлөх чиг үүрэг бүхий төрийн байгууллага, эрдэмтэд, судлаачид, хэрэглэгчийн төлөөллөөс бүрдсэн ҮСХ-ны Зөвлөл ажилладаг;
3.1.1.4.үндэсний статистикийн тогтолцоог бэхжүүлэхэд ахиц гарч байгаа хэдий ч статистикийн үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгцээ, шаардлага тулгарч байна. Мөн сум, баг, хорооны статистикийн мэдээллийг хариуцсан ажилтан нь орон тооны бус, мэргэжлийн бус байгаа нь анхан шатны мэдээллийн чанарт зохих хэмжээгээр нөлөөлж байна.
3.1.2.Зорилт:
3.1.2.1.статистикийн үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгож, тогтолцоог бэхжүүлнэ.
3.1.3.Статистикийн тогтолцоог бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.1.3.1.салбарын статистикийн тогтолцоог боловсронгуй болгох стратеги боловсруулж хэрэгжүүлэх;
3.1.3.2.статистикийн төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагын статистикийн үйл ажиллагаатай холбоотой чиг үүрэг, хариуцлага, эрхийг нарийвчлан гаргах, уялдааг сайжруулах;
3.1.3.3.статистикийн төв байгууллага болон яам, агентлаг, төрийн байгууллага хоорондын мэдээлэл цуглуулах, боловсруулах, дамжуулах, солилцох арга, механизмыг боловсронгуй болгох;
3.1.3.4.яамдын бүтэц дэх статистикийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх нэгжийг бэхжүүлэхэд мэргэжлийн удирдлага, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
3.1.3.5.аймаг, нийслэл, дүүргийн түвшинд статистикийн албадыг бэхжүүлэх, нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах;
3.1.3.6.сум, баг, хорооны түвшинд статистикийн асуудал хариуцсан ажилтнуудыг мэргэшүүлэх.
3.1.4.Статистикийн тогтолцоог бэхжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
3.1.4.1.Монгол Улсын статистикийн тогтолцоог сайжруулж, бэхжүүлснээр статистикийн мэдээллийн чанар сайжирна;
3.1.4.2.статистикийн төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хамтын ажиллагаа сайжирна;
3.1.4.3.статистикийн тухай хууль тогтоомж, статистикийн үйл ажиллагааны зохицуулалт боловсронгуй болж, статистикийн салбарын үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирна.
3.2.Статистикийн мэдээлэл тархаалтыг боловсронгуй болгох:
3.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
3.2.1.1.нийгэм, эдийн засгийн бүх салбараас сар, улирал, жилийн давтамжтайгаар баг, хорооны түвшинд 9; сум, дүүргийн түвшинд 20; аймаг, нийслэлийн түвшинд 72 мэдээ, тайлан, яам, агентлагаас 159 мэдээ, тайланг цуглуулж, боловсруулан хэрэглэгчдэд тархаадаг;
3.2.1.2.зөвхөн чанартай статистикийн мэдээлэл гаргахаас гадна хэрэглэгчдийн дунд статистикийг нэр төртэй байлгах, хүртээмжтэй, ойлгомжтой, нийгэмд илүү их эрэлт, хэрэгцээтэй болгох шаардлага байна.
3.2.2.Зорилт:
3.2.2.1.хэрэглэгчдэд орон зай, цаг хугацаанаас хамаарахгүйгээр шаардлагатай мэдээллийг хялбар, ойлгомжтой арга хэлбэрээр хүргэнэ.
3.2.3.Статистикийн мэдээлэл тархаалтыг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.2.3.1.статистикийн мэдээлэл тархаалтын арга хэлбэрийг мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг ашиглан өргөжүүлэх;
3.2.3.2.статистикийн мэдээллийн хэрэгцээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг тогтмол давтамжтайгаар явуулах;
3.2.3.3.газар зүйн мэдээллийн системийг мэдээлэл тархаалтад өргөн ашиглан статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд ойлгомжтой, энгийн байдлаар хүргэх;
3.2.3.4.статистикийн мэдээлэгч-үйлдвэрлэгч-хэрэглэгчийн хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх;
3.2.3.5.хэрэглэгчийн статистикийн боловсролыг дээшлүүлэх, гарын авлага бэлтгэх, тархаах;
3.2.3.6.хэрэглэгчийн мэдээллийн санг баяжуулах, вэб хуудсын ашиглалтыг өргөжүүлэх;
3.2.3.7.нууцлалыг хангасан анхдагч мэдээ, мэдээллийг төрийн, олон улсын, шинжилгээ, судалгааны байгууллага, бусад хэрэглэгчтэй гэрээ байгуулах замаар тэднийг мэдээллээр хангах, судалгаа шинжилгээг үндэслэлтэй хийх, богино, дунд, урт хугацааны төсөөлөл, таамаглал боловсруулах боломжийг бүрдүүлэх;
3.2.3.8.хэвлэлийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хэвлэмэл бүтээгдэхүүний чанар, загвар дизайныг сайжруулан, нэр төрлийг олшруулах;
3.2.3.9.статистикийн сурталчилгааг эрчимжүүлэх, хэвлэл мэдээллийн боломжит бүх суваг, дэвшилтэт технологийг ашиглах;
3.2.3.10.мэдээлэл тархаалтын ерөнхий системээс мэдээлэл тархаалтын тусгай стандартад шилжих бэлтгэлийг хангах.
3.2.4.Статистикийн мэдээлэл тархаалтыг боловсронгуй болгосноор дараах үр дүнд хүрнэ:
3.2.4.1.хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, олон улсын нийтлэг арга, аргачлалаар боловсруулсан, статистикийн мэдээллийн чанартай, шуурхай үйлчилгээ бий болж, мэдээлэл ил тод, хэрэглэгч бүрд хүртээмжтэй болно;
3.2.4.2.мэдээлэл тархаалтын олон улсын стандартыг нэвтрүүлснээр мэдээлэл тархаалтын арга хэлбэр боловсронгуй болж дэлхийн жишигт хүрнэ.
ДӨРӨВ.СТАТИСТИКИЙН АРГАЧЛАЛ, АНГИЛАЛ, ШИНЖИЛГЭЭ,
СУДАЛГААГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛЭХ
4.1.Статистикийн аргачлал, ангиллыг боловсронгуй болгох:
4.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
4.1.1.1.статистикийн салбарын хэмжээнд 2006-2010 оны хооронд нийт 45 аргачлал, ангилал, ойлголт, тодорхойлолтыг шинээр батлан мөрдөж байна. Цаашид Нэгдсэн Үндэстний Байгууллагын Статистикийн хэлтэс болон олон улсын бусад байгууллагуудаас эдийн засаг, нийгмийн статистикийн чиглэлээр шинээр гаргаж байгаа ангилал, аргачлал, зөвлөмжүүдийг нэвтрүүлэх шаардлага гарч байна.
4.1.2.Зорилт:
4.1.2.1.олон улсын арга зүйд нийцсэн үндэсний стандарт аргачлал, ангиллыг боловсруулах, мөрдөх, шинжлэх ухааны үндэслэлтэй, нэгдмэл арга зүйг нэвтрүүлэх, мэргэжлийн төвлөрсөн удирдлагаар хангана.
4.1.3.Статистикийн аргачлал, ангиллыг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.1.3.1.олон улсад мөрдөж байгаа статистикийн стандартыг судлах, үндэсний стандарт бий болгох, мөрдөх;
4.1.3.2.стандарт ангиллуудыг шинэчлэн боловсруулах, үндэсний хэмжээнд сурталчлах, сургалт явуулах, тархаах;
4.1.3.3.үндэсний тооцооны дансны нэгдсэн аргачлалыг боловсруулж, мөрдүүлэх;
4.1.3.4.нөөц ашиглалтын хүснэгт зохиох, салбар хоорондын тэнцэл байгуулах аргачлал, арга зүйг Европын холбооны нөөц ашиглалтын хүснэгтийг байгуулах гарын авлага болон ҮТС-2008-ийн аргачлалд нийцүүлэн сайжруулах;
4.1.3.5.байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс болон "Ногоон дотоодын нийт бүтээгдэхүүн /цаашид "Ногоон ДНБ" гэх/"-ийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох;
4.1.3.6.ажил, мэргэжлийн хялбаршуулсан ангиллыг боловсруулах, батлах, мөрдөх;
4.1.3.7.боловсролын ангиллыг боловсруулах, батлах, мөрдөх;
4.1.3.8.боловсрол, соёл, шинжлэх ухааны статистикийн үзүүлэлт тооцох аргачлалыг боловсруулах, мөрдөх;
4.1.3.9.гэмт хэрэг, шүүхийн статистикийн аргачлалыг боловсруулах, мөрдөх;
4.1.3.10.жендэрийн статистикийн аргачлалыг боловсруулах, мөрдөх.
4.1.4.Статистикийн аргачлал, ангиллыг боловсронгуй болгосноор дараах үр дүнд хүрнэ:
4.1.4.1.үндэсний стандарт ангиллууд улсын хэмжээнд бүрэн нэвтэрсэн байна;
4.1.4.2.статистикийн тоо, мэдээ үндэсний болон олон улсын түвшинд харьцуулах боломжтой болно;
4.1.4.3.эдийн засаг, хүн ам, нийгэм, байгаль орчны салбарын статистикийн мэдээллийн аргачлал, ангиллыг шинэчлэн батална. Ингэснээр тооллого, судалгааны мэдээллийн хамралт, төлөөлөх чадвар сайжирч, арга зүйн нэгдмэл байдал хангагдаж, нэг үзүүлэлтийг өөр өөр эх үүсвэрээс зэрэг цуглуулсан ч олон улсад мөрддөг ижил ойлголт, тодорхойлолтоор цуглуулсан, харьцуулах боломжтой болно.
4.2.Түүврийн арга зүйг боловсронгуй болгох:
4.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
4.2.1.1.статистикийн мэдээлэл цуглуулалтад түүвэр судалгааны аргыг ашиглах хандлага нэмэгдэж, түүвэрлэлтийн арга зүйн шинжлэх ухааны үндэслэлийг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байна. Түүнчлэн боловсронгуй болон хөгжиж байгаа түүвэр түүний холбогдох арга зүй, хандлагыг өөрийн орны практикт нэвтрүүлэх шаардлагатай байна.
4.2.2.Зорилт:
4.2.2.1.түүврийн аргын ашиглалтыг нэмэгдүүлж, мастер түүврийн дизайныг боловсронгуй болгох, жижиг нутаг дэвсгэрийн хүрээнд мэдээллийг гаргахад чиглэнэ.
4.2.3.Түүврийн арга зүйг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.2.3.1.судалгааны түүврийн асуудал хариуцсан баг ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх;
4.2.3.2.нийгэм, эдийн засгийн үндэсний хэмжээний түүвэр судалгааны түүврийн зохиомжийг боловсронгуй болгох, оновчтой хувилбарыг мөрдөх;
4.2.3.3.мастер түүврийн дизайны арга зүйг судлах, нэвтрүүлэх;
4.2.3.4.жижиг нутаг дэвсгэрийн хүрээнд тоо, мэдээллийг гаргах арга зүйг боловсруулах, турших.
4.2.4.Түүврийн арга зүйг боловсронгуй болгосноор дараах үр дүнд хүрнэ:
4.2.4.1.түүврийн асуудал хариуцсан мэргэжлийн бие даасан багтай болно;
4.2.4.2.мастер түүврийн арга хэрэглэснээр хугацаа, хүн хүч, хөрөнгө, санхүүг хэмнэж, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ.
4.3.Загварчлал, хэтийн тооцоо боловсруулах, шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх:
4.3.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
4.3.1.1.дотоодын нийт бүтээгдэхүүн, хэрэглээний үнийн индексийн таамаглал тооцоог боловсруулж байгаа хэдий ч шинжилгээ судалгааны ажил, загварчлал тооцоо хийх чадавхи сул, тооцоо судалгаанд ашиглах улирлын давтамжтай тоо мэдээлэл хангалтгүй байна.
4.3.2.Загварчлал, хэтийн тооцоо боловсруулах, шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.3.2.1.шинжилгээ судалгааны ажил, загварчлал, хувилбарт тооцооны цар хүрээг өргөжүүлнэ.
4.3.3.Загварчлал, хэтийн тооцоо боловсруулах, шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.3.3.1.олон улсын стандартад нийцүүлсэн үндэсний онцлогтой түүвэр, мастер түүвэр, жижиг нутаг дэвсгэрийн тооцоо хийх арга зүйн гарын авлага, зөвлөмжийг боловсруулах;
4.3.3.2.нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр ойрын болон урт хугацааны тооцоо, загварчлал, хувилбар тооцоо хийх ажлыг өргөжүүлэх;
4.3.3.3.шинжилгээ, судалгааны ажилд улирлын нөлөөллийг арилгасан тоо, мэдээллийг өргөн ашиглах;
4.3.3.4.орон нутагт шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлэх;
4.3.3.5.нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээр олон жилийн тоо мэдээлэлд үндэслэн танилцуулга, судалгааг тогтмол хийх, хэрэглэгчдэд тархааж хэвших;
4.3.3.6.бүс нутаг, олон улсын түвшинд хөгжлийн үзүүлэлтийн зэрэгцүүлсэн судалгааг өргөжүүлэх;
4.3.3.7.хүний хөгжлийн индекс, Мянганы хөгжлийн зорилтын шалгуур үзүүлэлтийг тооцох арга зүйг сайжруулах.
4.3.4.Загварчлал, хэтийн тооцоо боловсруулах, шинжилгээ судалгааны ажлыг өргөжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
4.3.4.1.улс орны нийгэм, эдийн засгийн хандлагыг тодорхойлсон тоон мэдээлэл нэмэгдэнэ;
4.3.4.2.үндэсний болон орон нутгийн түвшинд олон жилийн динамик тоо мэдээлэлд тулгуурлан хийсэн шинжилгээ судалгааны ажил өргөжнө.
4.4.Тооллого, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх:
4.4.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
4.4.1.1.мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг сайтар хангасан тооллого, судалгааны задгай мэдээллийг тогтсон журмын дагуу хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч ажиллаж байгаа ч цуглуулсан мэдээллийн ашиглалт ялангуяа шинжилгээ, судалгааны ажлын ашиглалтыг сайжруулах шаардлага байсаар байна.
4.4.2.Зорилт:
4.4.2.1.нийгэм, эдийн засгийн байдалд гарсан өөрчлөлт, шалтгаан, нөхцөлийг судлах, ирээдүйн хүн ам зүй, эдийн засаг, нийгмийн хөгжлийг төлөвлөх, бодлого, хөтөлбөр боловсруулах, эрдэм шинжилгээний ажил, судалгаанд шаардлагатай статистикийн мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.
4.4.3.Тооллого, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
4.4.3.1.хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын үр дүнг эцэслэн боловсруулж хэрэглэгчид мэдээлэх, тооцоо судалгаанд ашиглах боломжийг нэмэгдүүлэх;
4.4.3.2.тооллогын дүнд үндэслэн нийгэм, эдийн засгийн сэдэвчилсэн болон гүнзгийрүүлсэн судалгааг хийж нийтэд тархаах;
4.4.3.3.хүн ам, нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг явуулж, үр дүнг хугацаанд нь шуурхай мэдээлж байх;
4.4.3.4.хүн ам, орон сууцны завсрын тооллогыг 2015 онд явуулах;
4.4.3.5.тооллого судалгааны задгай мэдээллийг судалгааны зорилгоор ашиглах ажиллагааг сайжруулах;
4.4.3.6.хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийн бүртгэл, тооллогыг сайжруулах;
4.4.3.7.хүн амын тооллогын олон улсын хурлыг 2013 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах;
4.4.3.8.тооллого, судалгааны үр дүнгээр хэрэглэгчид зориулсан гарын авлага, сурталчилгааны материал бэлтгэх.
4.4.4.Тооллого, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
4.4.4.1.хүн ам, орон сууцны 2010 оны тооллого, аж ахуйн нэгжийн тооллогын үр дүн бүрэн гарч, нийтэд өргөн хэмжээгээр тараана;
4.4.4.2.тооллогын үр дүнгээр сэдэвчилсэн болон гүнзгийрүүлсэн судалгаа хийж, хэрэглэгчийн хүртээл болгоно;
4.4.4.3.хүн амын тооллогын асуудлаарх олон улсын бага хурлыг амжилттай зохион байгуулна;
4.4.4.4.завсрын тооллого, нэг удаагийн асуулгаар авдаг болон тогтмол давтамжтай хийгддэг 7 төрлийн түүвэр судалгааг явуулж, үр дүнг гаргана;
4.4.4.5.тооллого, судалгааны үр өгөөжийг нэмэгдүүлж, мэдээллийн ашиглалтыг сайжруулахад чиглэсэн сурталчилгааны ажил тогтмолжиж, мэдээллийн хэрэглээ нэмэгдэнэ.
ТАВ.САЛБАРЫН СТАТИСТИКИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ
5.1.Аж ахуйн нэгжийн болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн бүртгэлийг сайжруулах:
5.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
5.1.1.1.аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг 1991, 1994, 1998, 2006 онуудад явуулсан. Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит 2006 оны тооллогын үр дүнгээр мэдээллийн сан болон бизнес регистрийн санг шинэчлэн баяжуулж, статистик нэгжийн сангийн үзүүлэлтийн системийг байгуулсан. Бизнес регистрийн санд 70 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байна. Энэхүү санг аж ахуйн нэгж, байгууллагын 2011 оны тооллогын явцад боловсронгуй болгох шаардлагатай байна. Монгол Улс хөдөө аж ахуйн тооллогыг явуулж байгаагүй бөгөөд цаашид мал тооллогыг хөдөө аж ахуйн тооллого болгон өргөжүүлж, тодорхой давтамжтайгаар тогтмол явуулж байх шаардлага гарч байна.
5.1.2.Зорилт:
5.1.2.1.олон улсын стандартад нийцсэн статистик нэгжийн сан байгуулж, бизнес регистрийн мэдээллийн сангийн баяжилтыг орон нутгийн статистикийн албад онлайнаар хийнэ.
5.1.3.Аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн бүртгэлийг сайжруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.1.3.1.олон улсын стандартад нийцсэн статистик нэгжийн сан байгуулах;
5.1.3.2.статистик нэгжид суурилсан туршилтын түүвэр судалгааг явуулах;
5.1.3.3.бизнес регистрийн санд тулгуурласан газар зүйн мэдээллийн санг байгуулж, мэдээллийг хэрэглэгчид тархаах;
5.1.3.4.гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүртгэл, мэдээллийн санг сайжруулах;
5.1.3.5.хөдөө аж ахуйн салбарт өрхөд суурилсан бүртгэлийн системийг бий болгох, мэдээллийн санг бүрдүүлэх.
5.1.4.Аж ахуйн нэгж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг өрхийн бүртгэлийг сайжруулснаар дараах үр дүнд хүрнэ:
5.1.4.1.олон улсын стандартад нийцсэн статистик нэгжийн сан байгуулна;
5.1.4.2.хөдөө аж ахуйн салбарт өрхөд суурилсан бүртгэлийн системийг бүрдүүлж, мэдээллийн санг бий болгоно;
5.1.4.3.эдийн засгийн тооллого, судалгааны хамралт сайжирна.
5.2.Хүн ам, өрхийн бүртгэлийг боловсронгуй болгох:
5.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
5.2.1.1.хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2004 оноос баг, хорооны Засаг дарга эрхлэн хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэн хүн ам, нийгмийн статистикийн мэдээллийн анхан шатны бүртгэл болгон ашиглаж байна. Цаашид хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн үзүүлэлтийг шинэчлэн, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүртгэлтэй уялдуулж, тэдгээрийн мэдээллийн сантай холбох шаардлага байна.
5.2.2.Зорилт:
5.2.2.1.хүн ам, өрхийн бүртгэлийг сайжруулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд хүн ам, өрхийн дэлгэрэнгүй мэдээллийн нэгдсэн санг баяжуулж, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагатай мэдээлэл солилцох боломжийг нэмэгдүүлнэ.
5.2.3.Хүн ам, өрхийн бүртгэлийг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.2.3.1.өрхийн бүртгэлийн дэвтрийн маягт, үзүүлэлт, нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж, батлуулан мөрдөх;
5.2.3.2.хүн ам, өрхийн мэдээллийн санг шинэчилсэн үзүүлэлтээр баяжуулах, албан ёсны статистикийн мэдээлэл гаргахад өргөн ашиглах;
5.2.3.3.өрх, хүн амын мэдээллийн санг бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагын бүртгэлтэй уялдуулах, шаардлагатай мэдээллийг солилцох;
5.2.3.4.хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн баяжилтыг тогтмол хийж, түүвэр судалгаанд хамрагдах өрхийн жагсаалт, хүн ам зүйн нарийвчилсан мэдээллийг гаргахад ашиглах.
5.2.4.Хүн ам, өрхийн бүртгэлийг сайжруулснаар дараах үр дүнд хүрнэ:
5.2.4.1.хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг шинэчилсэн үзүүлэлтээр баяжуулж, анхан шатны нэгжээс гаргадаг хүн ам, нийгмийн статистик мэдээллийн чанар сайжирч, түүвэр судалгааны хамралт нэмэгдэнэ.
5.3.Эдийн засгийн салбарын статистикийг боловсронгуй болгох:
5.3.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
5.3.1.1.хөдөө аж ахуй, аж үйлдвэр, барилга, худалдаа, зочид буудал, зоогийн газар, тээвэр, холбоо, аялал жуулчлал, гадаад худалдаа, мөнгө, зээл, төсвийн мэдээг боловсруулан сар, улирал, жилийн давтамжтай гарган хэрэглэгчид тархааж байна. Салбарын статистик мэдээллийн хамралт, чанарыг дээшлүүлэх, зарим мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, мэдээлэл цуглуулахад түүвэр судалгааны арга зүйг өргөн ашиглах бодит шаардлага байгаа болно.
5.3.2.Зорилт:
5.3.2.1.эдийн засгийн салбарын статистикийг өргөжүүлж, тооцооны чанарыг дээшлүүлнэ.
5.3.3.Эдийн засгийн салбарын статистикийг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.3.3.1.статистик нэгжид тулгуурласан түүвэр судалгааг явуулах;
5.3.3.2.тооллого, түүвэр судалгаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөдөө аж ахуйн тооллого явуулах;
5.3.3.3.уул уурхай, олборлох салбарын үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчны доройтол, хүлэмжийн хий ялгаруулалттай холбоотой мэдээллийн эх үүсвэрийг бий болгох;
5.3.3.4.мэдээлэл, холбоо, технологийн салбарын статистикийн үзүүлэлтийн системийг бий болгох;
5.3.3.5.хувийн орон сууцны гүйцэтгэл, хувиараа барилга угсралт, их засварын ажил хийж байгаа иргэдийн талаар түүвэр судалгаа явуулах;
5.3.3.6.хот хоорондын болон хотын доторх зорчигч тээвэрлэлт, ачаа тээвэрлэлтийн талаар түүвэр судалгаа явуулах;
5.3.3.7."Ногоон ДНБ" тооцох мэдээллийн эх үүсвэрийг бий болгох.
5.3.4.Эдийн засгийн салбарын статистикийг боловсронгуй болгосноор дараах үр дүнд хүрнэ:
5.3.4.1.эдийн засгийн статистикт шинээр бий болж байгаа үзүүлэлтийн тооцоог хийж, чанар, хамрах хүрээг нэмэгдүүлнэ;
5.3.4.2.хөдөө аж ахуйн салбарт тооллого, түүвэр судалгааг явуулна;
5.3.4.3.байгаль орчны нэгдсэн дансыг туршилтаар байгуулан, "Ногоон ДНБ" туршилт тооцоо хийж, мэдээллийн эх үүсвэр бий болгоно.
5.4.Нийгмийн салбарын статистикийг боловсронгуй болгох:
5.4.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
5.4.1.1.хүн ам, нийгмийн статистикийн мэдээллийн гол эх үүсвэр нь захиргааны мэдээлэл юм. Албан ёсны статистикийн мэдээллээр гарч байгаа үзүүлэлтийн 60 гаруй хувийг энэ эх үүсвэрээс гаргаж байгаа бөгөөд хамрах хүрээ нь бүртгэлийн системээс хамаардаг. Хэрэв хамралт хангалтгүй байвал мэдээлэл хязгаарлагдмал болох талтай. Түүнчлэн захиргааны мэдээлэл нь бодлого, хөтөлбөрт ашиглах боломж сайтай, тогтмол давтамжтайгаар байнга шинэчлэх чухал эх үүсвэр юм.
5.4.2.Зорилт:
5.4.2.1.нийгмийн салбарын статистикийг боловсронгуй болгох, үүний дотор захиргааны статистик мэдээллийн хамрах хүрээ, чанарыг сайжруулна. Захиргааны мэдээллийг албан ёсны статистикт ашиглах ажиллагааг сайжруулна. Олон улсын нийтлэг арга зүйд нийцсэн жендэрийн статистикийг бий болгоно.
5.4.3.Нийгмийн салбарын статистикийг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
5.4.3.1.нийгмийн статистикийн бүрэлдэхүүнд орж байгаа захиргааны статистикийг сайжруулах боловсронгуй болгох зорилгоор боловсрол, соёл, шинжлэх ухааны, гэмт хэрэг, шүүхийн, эрүүл мэндийн болон хөгжлийн бэрхшээлийн, нийгмийн даатгал, халамжийн, хөдөлмөр, цалингийн статистикийн маягт, үзүүлэлтийг шинэчлэх;
5.4.3.2.хүн ам, орон сууцны тооллого, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны дүнд үндэслэн ядуурлын газрын зураглал байгуулах;
5.4.3.3.холбогдох яам, агентлагтай хамтарч захиргааны статистикийг сайжруулах, чанаржуулах арга хэмжээ авах;
5.4.3.4.захиргааны мэдээллээс гарч байгаа үзүүлэлтийг жендэрийн мэдрэмжтэй болгох.
5.4.4.Нийгмийн салбарын статистикийг боловсронгуй болгосноор дараах үр дүнд хүрнэ:
5.4.4.1.хүн ам, нийгмийн чиглэлийн мэдээллийн төрөл нэмэгдэж, чанар сайжирна;
5.4.4.2.салбарын үзүүлэлтүүд жендэрийн мэдрэмжтэй болж, жендерийн үзүүлэлтүүдийг тогтмол гаргаж хэвшинэ;
5.4.4.3.мэдээллийн хамрах хүрээ сайжирснаар хүн ам, нийгмийн чиглэлийн тооцооны чанар сайжирна.
ЗУРГАА.ҮНДЭСНИЙ ТООЦООНЫ СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ
6.1.Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг байгуулах:
6.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
6.1.1.1.нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг 5 жил тутам байгуулж байгаа бөгөөд хамгийн сүүлд 2005 оны гүйцэтгэлээр байгуулсан. Цаашид нөөц ашиглалтын хүснэгтийг жил тутам байгуулдаг болох, тооцоо, судалгаанд ашиглах шаардлага байна.
6.1.2.Нөөц ашиглалтын хүснэгт зохиох, салбар хоорондын тэнцлийг байгуулах хүрээнд дараах зорилтыг дэвшүүлнэ:
6.1.2.1.нөөц ашиглалтын хүснэгтийг жил тутам зохиож, салбар хоорондын тэнцлийг 5 жил тутам байгуулна.
6.1.3.Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг байгуулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.1.3.1.нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг 2010 оны гүйцэтгэлээр байгуулах;
6.1.3.2.нөөц ашиглалтын хүснэгтийг жилээр зохиох;
6.1.3.3.жилийн болон улирлын үндэсний тооцоог нөөц ашиглалтын хүснэгтэд үндэслэн сайжруулах.
6.1.4.Нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцлийг байгуулснаар дараах үр дүнд хүрнэ:
6.1.4.1.нөөц ашиглалтын хүснэгтийг 2011 оноос эхлэн жил тутам байгуулж хэвших;
6.1.4.2.нөөц ашиглалтын хүснэгт, салбар хоорондын тэнцэлд суурилсан үндэсний тооцооны үзүүлэлтийг тооцдог болно.
6.2.Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогын тооцоог сайжруулах:
6.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
6.2.1.1.дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар, оны болон зэрэгцүүлэх үнээр, улирал болон жилээр, мөн эцсийн ашиглалтын аргаар, оны үнээр, жилээр тооцож байна. Улирлын тооцоог сайжруулах, арга зүйг боловсронгуй болгох, дотоодын нийт бүтээгдэхүүний орлогын арга, үндэсний нийт орлогын тооцоог боловсронгуй болгох, хөрөнгийн нийт болон цэвэр хуримтлал, үндэсний нийт эзэмшлийн орлогыг тооцох шаардлагатай.
6.2.2.Зорилт:
6.2.2.1.дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо, хамралт, мэдээллийн чанар, аргачлал, арга зүйг сайжруулна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэх үнэд шилжүүлэхэд давхар дефляторын аргыг нэвтрүүлнэ.
6.2.3.Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогын тооцоог сайжруулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.2.3.1.дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн болон эцсийн ашиглалтын аргын тооцоог сайжруулах, арга зүйг боловсронгуй болгох;
6.2.3.2.дотоодын нийт бүтээгдэхүүний орлогын арга, үндэсний нийт орлогын тооцоог боловсронгуй болгох;
6.2.3.3.хөрөнгийн нийт болон цэвэр хуримтлалыг тооцож, хэрэглэгчид тархаах;
6.2.3.4.үндэсний нийт эзэмшлийн орлогыг тооцох.
6.2.4.Дотоодын нийт бүтээгдэхүүн, үндэсний нийт орлогын тооцоог сайжруулснаар дараах үр дүнд хүрнэ:
6.2.4.1.дотоодын нийт бүтээгдэхүүнийг эцсийн ашиглалтын аргаар, зэрэгцүүлэх үнээр, жилээр тооцдог болсон байна;
6.2.4.2.дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар, оны үнээр, эцсийн ашиглалтын аргаар, оны болон зэрэгцүүлэх үнээр, улирлаар тооцдог болно;
6.2.4.3.далд эдийн засгийг тодорхойлно.
6.3.Үндэсний тооцооны данс байгуулах:
6.3.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
6.3.1.1.үйлдвэрлэл, орлого бүрдэлт, орлого ашиглалт, орлого хуваарилалт болон орлогын дахин хуваарилалт, хөрөнгийн дансыг 2011 оноос эхлэн жил тутам байгуулж байна. Үндэсний тооцооны хуримтлалын данс (санхүүгийн, хөрөнгийн бусад өөрчлөлт, хөрөнгийн дахин үнэлгээний данс)-ыг жил тутам байгуулах шаардлагатай.
6.3.2.Зорилт:
6.3.2.1.үндэсний тооцооны дансыг иж бүрнээр байгуулан тооцоо, судалгаанд ашиглана.
6.3.3.Үндэсний тооцооны данс байгуулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.3.3.1.үйлдвэрлэл, орлогын зэрэг урсгал дансны мэдээллийн эх үүсвэрийг сайжруулах;
6.3.3.2.хуримтлалын дансны мэдээллийн эх үүсвэрийг бий болгож тооцоог хийх.
6.3.4.Үндэсний тооцооны данс байгуулснаар дараах үр дүнд хүрнэ:
6.3.4.1.үндэсний тооцооны системийн урсгал болон хуримтлалын данс байгуулсан байна;
6.3.4.2.үндэсний тооцооны хураангуй дансыг жилийн эмхтгэлд тусгаж хэрэглэгчид тархаана.
6.4.Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулах:
6.4.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
6.4.1.1.байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулах арга зүйн зөвлөмжийг боловсруулсан. Холбогдох мэдээллийн эх үүсвэрийг бий болгох туршилт тооцоо хийх шаардлагатай байна.
6.4.2.Зорилт:
6.4.2.1.байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулах мэдээллийн эх үүсвэрийг бий болгоно.
6.4.3.Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.4.3.1.байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулах мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, туршилт хийх;
6.4.3.2."Ногоон ДНБ"-ий туршилт тооцоог хийх;
6.4.3.3.байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс, "Ногоон ДНБ"-ий тооцоог олон улсын арга зүйд нийцүүлэх.
6.4.4.Байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн данс байгуулснаар дараах үр дүнд хүрнэ:
6.4.4.1.Байгаль орчны нэгдсэн данс байгуулах, "Ногоон ДНБ" тооцох туршилт тооцоог хийсэн байна.
6.5.Үнийн статистикийг боловсронгуй болгох:
6.5.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
6.5.1.1.1991 оноос Олон улсын хөдөлмөрийн байгууллагын аргачлалаар Улаанбаатар хотын, 1997 оноос бүх аймгийн хэрэглээний үнийн индексийг тооцож эхэлсэн. Хэрэглээний сагсны нэр төрөл, жин болон суурь үеийг 3 удаа шинэчилсэн. Хэрэглээний үнийн индексийг тооцох аргачлалыг 2008 онд шинэчлэн боловсруулж, улсын индексийг тооцон, нийтэд мэдээлж байна. Цаашид үнийн статистикийн чанар, хамралтыг сайжруулах шаардлагатай байна.
6.5.2.Зорилт:
6.5.2.1.хэрэглээний үнийн судалгааг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлнэ. Улирлын нөлөөллийг арилгасан үнийн индекс, бага орлоготой өрхийн хэрэглээний үнийн индексийг тооцно.
6.5.3.Үнийн статистикийг боловсронгуй болгох хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
6.5.3.1.үнийн статистикийн мэдээллийн хамрах хүрээг нэмэгдүүлэх;
6.5.3.2.үнийн мэдээлэл цуглуулах орон тооны ажилтантай болох, үнийн мэдээлэл цуглуулах арга зүй, чанарыг сайжруулах;
6.5.3.3.үнийн индексийн тооцооны сагс, жинг шинэчлэх;
6.5.3.4.бага орлоготой өрхийн хэрэглээний сагс, жинг бүрдүүлэх, хэрэглээний үнийн индексийг тооцох;
6.5.3.5.бүсийн хэрэглээний үнийн индексийг тооцож нийтэд мэдээлэх.
6.5.4.Үнийн статистикийг боловсронгуй болгосноор дараах үр дүнд хүрнэ:
6.5.4.1.сагсны нэр төрөл, жин шинэчлэгдсэнээр үнийн индексийн тооцоо сайжирна;
6.5.4.2.улирлын нөлөөллийг арилгасан үнийн индексийг тооцдог болно;
6.5.4.3.бага орлоготой өрхийн хэрэглээний үнийн индексийг тооцох боломж бүрдэнэ;
6.5.4.4.үнийн статистикийн мэдээллийг олон улсын стандартад нийцүүлнэ.
ДОЛОО.МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИЙГ НЭВТРҮҮЛЭХ
7.1.Мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах:
7.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
7.1.1.1.үндэсний статистикийн салбарын үйл ажиллагаа олон улсын жишигт хүрэх, статистик мэдээлэл цаг хугацаандаа шуурхай тархаагдах нь мэдээллийн технологийн нэвтрэлт, түүний хэрэглээ өндөр түвшинд байх шаардлагатай байна. Үндэсний статистикийн хороо төдийгүй төв, орон нутгийн албадын техник, технологийн шинэчлэлийг байнга хийсээр ирсэн хэдий ч хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг гүйцэхгүй байгаа юм.
7.1.2.Зорилт:
7.1.2.1.мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг тогтмол нэвтрүүлнэ. Төв болон орон нутгийн статистикийн албадыг нэгдсэн сүлжээнд холбож, дотоод үйл ажиллагааны цогц системийг байгуулж, сум, багийн түвшинд статистик мэдээ, мэдээллийг цуглуулах, боловсруулахад компьютер, тоног төхөөрөмж, программ хангамжаар хангана. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлал, хамгаалалтыг өндөр түвшинд хүргэнэ.
7.1.3.Мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
7.1.3.1.статистикийн үйл ажиллагааны технологийн үе шат бүрд нийцтэй, өртөг зардал багатай, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх;
7.1.3.2.анхан шатны мэдээлэл цуглуулах болон мэдээллийн тархаалтад орчин үеийн зөөврийн тоног төхөөрөмж ашиглах боломжийг нэмэгдүүлэх;
7.1.3.3.статистикийн төв, орон нутгийн албадыг холбосон нэгдсэн дотоод сүлжээ байгуулах;
7.1.3.4.нэгдсэн сүлжээний нууцлал аюулгүй байдлыг хангах технологи нэвтрүүлэх;
7.1.3.5.цахим-засаглал, цаасгүй технологийн хэрэглээг дэмжсэн үйл ажиллагааны удирдлагын цогц системийг нэвтрүүлэх;
7.1.3.6.статистикийн салбарын техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг байнга шинэчлэх;
7.1.3.7.мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын стандартыг олон улсын жишигт нийцүүлэх.
7.1.4.Мэдээллийн технологийн дэвшлийг нэвтрүүлж, нэгдсэн сүлжээ байгуулснаар дараах үр дүнд хүрнэ:
7.1.4.1.салбарын хэмжээнд техник, технологийн шинэчлэл хийж, сум, багийн түвшинд техник, технологийн хүчин чадал сайжруулна;
7.1.4.2.мэдээллийн нууцлал аюулгүй байдлын журам, стандартыг мөрдүүлж, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг өндөр түвшинд хүргэнэ;
7.1.4.3.статистикийн мэдээллийн нэгдсэн дотоод сүлжээ байгуулж, удирдлагын цогц систем нэвтэрсэн байна.
7.2.Статистикийн мэдээ, тайлангийн боловсруулалтын программыг онлайн горимд шилжүүлэх:
7.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
7.2.1.1.статистикийн мэдээ, тайлангийн боловсруулалтын MS VB6.0, MS VB.NET, MS Access, MS SQL программ хангамжийг ашиглаж байна. Мэдээ тайлангийн боловсруулалтын зарим программ нь сүлжээний орчинд ажилладаггүйгээс мэдээллийн сангууд тухайн хэрэглэгчийн компьютерт салангад үүсдэг дутагдалтай байсан бөгөөд программыг сүлжээний орчинд ажилладаг болгон өөрчилж байна. Гэвч мэдээллийн сангуудыг нэгдсэн серверт төвлөрүүлж, нууцлал, аюулгүй байдлыг хангах, боловсруулалтын программыг онлайн горимд бүрэн шилжүүлэх, хэрэглэгчээс мэдээллийг шууд авах вэб программчлал нэвтрүүлэх шаардлагатай байна.
7.2.2.Зорилт:
7.2.2.1.статистикийн мэдээ, тайланг боловсруулалтын программыг онлайн горимд бүрэн, вэб програмчлалд 20 хүртэл хувийг нь шилжүүлнэ.
7.2.3.Статистикийн мэдээ, тайлангийн боловсруулалтын программыг онлайн горимд шилжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
7.2.3.1.төв, орон нутагт байрлах мэдээллийн сангийн серверүүдийн зохион байгуулалтыг хийх;
7.2.3.2.мэдээ, тайлангийн боловсруулалтын программыг багцалж үе шаттайгаар онлайн горимд шилжүүлэх;
7.2.3.3.мэдээ, тайлангийн программын 20 хүртэл хувийг вэб програмчлалд шилжүүлэн хэрэглэгчээс мэдээллийг шууд цуглуулж эхлэх.
7.2.4.Статистикийн мэдээ, тайлангийн боловсруулалтын програмыг онлайн горимд шилжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
7.2.4.1.мэдээлэл боловсруулалтын програмуудыг нэгтгэнэ;
7.2.4.2.мэдээ, тайлангийн програмуудыг онлайн горимд бүрэн шилжүүлснээр нэгдсэн мэдээллийн санд төвлөрсөн боловсруулалт хийдэг болно;
7.2.4.3.хэрэглэгчдээс вэб програмаар мэдээ, тайлан авдаг болно.
7.3.Статистик нэгж, ангилал, кодчиллын мэдээллийн санг байгуулах:
7.3.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
7.3.1.1.Тооллого, судалгаа, салбарын статистик мэдээллийг электрон хэлбэрээр баяжуулан хадгалж байна. Статистикийн салбарын нэгдсэн мэдээллийн сан буюу суурь, ангилал, кодчилол, салбарын сан зэрэг уялдаа холбоо бүхий мэдээллийн санг нэгтгэн олон улсын стандартын дагуу үүсгэх зорилт тавьж ажиллаж байгаа хэдий ч хангалттай үр дүнд хүрэхгүй байна.
7.3.2.Зорилт:
7.3.2.1.хэрэглэгч ашиглахад хялбар хэлбэрээр ангилсан мэдээлийн санг зохион байгуулж, нэгдсэн сүлжээнд ашиглана.
7.3.3.Статистик нэгж, ангилал, кодчлолын мэдээллийн сангуудыг байгуулах хүрээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
7.3.3.1.ангилал кодчиллын мэдээллийн санг олон улсын стандартын дагуу зохион байгуулах;
7.3.3.2.статистикийн салбарын нэгдсэн мэдээллийн санг үе шаттайгаар зохион байгуулах, мэдээллээр тогтмол ачаалах, байнгын ажиллагаатай болгох;
7.3.3.3.мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан нэгдсэн санг удирдах болон хэрэглэгчид тархаах программ хангамжийг боловсруулах;
7.3.3.4.статистик мэдээллийн нэгдсэн санг үндэсний бүртгэлийн мэдээллийн сантай уялдуулах.
7.3.4.Статистик нэгж, ангилал, кодчиллын мэдээллийн санг байгуулснаар дараах үр дүнд хүрнэ:
7.3.4.1.мэдээллийн дэвшилтэт технологи ашиглан статистикийн мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас хамаарахгүйгээр олж авах мэдээлийн сан бүрдүүлнэ;
7.3.4.2.мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан мэдээлийн санг удирдах программ хангамжийг нэвтрүүлнэ;
7.3.4.3.үндэсний бүртгэлийн нэгдсэн сантай статистик мэдээллийн санг холбох ажлыг эхлүүлнэ.
НАЙМ. ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ
8.1.Хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх:
8.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
8.1.1.1.олон талт хамтын ажиллагааны хүрээнд олон улсын байгууллагаас статистикийн чиглэлээр зохион байгуулдаг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Дэлхийн 10 гаруй орны үндэсний статистикийн байгууллагатай хамтран ажиллаж, хоёр талт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Цаашид гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээ нэмэгдэхийн хэрээр бодлого зохицуулалт, үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, давхардлыг багасгаж, үр ашгийг дээшлүүлэх шаардлага байна.
8.1.2.Зорилт:
8.1.2.1.олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлнэ.
8.1.3.Хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
8.1.3.1.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх;
8.1.3.2.хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэхжүүлэх;
8.1.3.3.салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого зохицуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах, бодлогын матрицыг шинэчлэн сайжруулах;
8.1.3.4.АНУ, Канад зэрэг улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага, Европын Холбоотой харилцаа тогтоох, хамтран ажиллах;
8.1.3.5.Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллагууд, бүс нутгийн болон олон улсын бусад байгууллагад гишүүнчлэл, төлөөллөө нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх;
8.1.3.6.евро стандартыг нэвтрүүлэхэд чиглэсэн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх.
8.1.4.Хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
8.1.4.1.салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогын матрицыг шинэчилж, нэгдсэн бодлого зохицуулалт сайжирч, гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжинэ;
8.1.4.2.олон улсын түвшинд Монгол Улсын статистикийн салбарын үйл ажиллагааны үнэлгээ дээшилнэ;
8.1.4.3.Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагад гишүүнчлэл, төлөөлөл нэмэгдэж, үндэсний статистикийн нэр хүнд олон улсын тавцанд өснө.
8.2.Гадаад харилцаа, хамтын ажиллагааг статистикийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэх:
8.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
8.2.1.1.сүүлийн жилүүдэд үндэсний статистикийн чадавхийг бэхжүүлэхэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхтэй ашиглаж, олон улсын хэд хэдэн томоохон хурал, сургалт, семинарыг өөрийн оронд зохион байгуулаад байна. Олон улсын болон бүс нутгийн статистикийн хөгжлийг дэмжих, идэвхтэй үйл ажиллагаа явуулах, үндэсний статистикийн нэр хүндийг олон улсын тавцанд өсгөж, байр сууриа бэхжүүлэх шаардлага бий болж байна.
8.2.2.Зорилт:
8.2.2.1.хүний нөөц, техник, технологийн чадавхийг нэмэгдүүлэх, олон улсын болон бүс нутгийн статистикийн хөгжлийг дэмжсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулах, үндэсний статистикийн нэр хүндийг олон улсын тавцанд өсгөж, байр сууриа бэхжүүлнэ.
8.2.3.Гадаад харилцаа, хамтын ажиллагааг статистикийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
8.2.3.1.олон улсын байгууллагатай хамтран салбарын чадавхийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
8.2.3.2.Монстат төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төсөлд тусгагдсан арга хэмжээний үр өгөөжийг дээшлүүлэх;
8.2.3.3.бүс нутгийн болон олон улсын хэмжээний хурал, семинарыг өөрийн оронд зохион байгуулахад идэвх, санаачилгатай ажиллах;
8.2.3.4.олон улсын байгууллагаас зохион байгуулах хурал, семинар, сургалтад ажилтнуудыг өргөнөөр оролцуулах;
8.2.3.5.гадаад, дотоодын байгууллагын дэмжлэг, туслалцааг техник, технологийн чадавхийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх.
8.2.4.Гадаад харилцаа, хамтын ажиллагааг статистикийн салбарын чадавхийг бэхжүүлэхэд чиглүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
8.2.4.1.статистикийн хүний нөөцийн чадавхи, салбарын техник, технологийн орчин сайжирсан байна;
8.2.4.2.олон улсын болон бүс нутгийн тавцанд үндэсний статистикийн нэр хүнд, байр суурь дээшилнэ.
ЕС.СТАТИСТИКИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ
9.1.Статистикийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлэх:
9.1.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
9.1.1.1.үндэсний статистикийн салбарт өнөөгийн байдлаар 255 ажилтан ажиллаж байгаагаас 58.8 хувь 10 хүртэл жил ажилласан залуу албан хаагчид байгаа бөгөөд ажиллагсдын насны хувьд 56.1 хувь нь 21-35 насны залуучууд эзэлдэг. Салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр нэлээд арга хэмжээ авсны үндсэн дээр ахиц гарч байгаа хэдий ч мэргэшсэн боловсон хүчний хангамж дутагдалтай, ажилтнуудыг дадлагажуулах, давтан сургах, мэргэшүүлэх, чадваржуулах шаардлага байсаар байна.
9.1.2.Зорилт:
9.1.2.1.салбарын ажилтнуудыг сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх замаар ажиллагсдын чадавхийг дээшлүүлж, мэргэжлийн ур чадвартай хүний нөөцийг бэхжүүлнэ.
9.1.3.Статистикийн салбарт ажиллагсдыг мэргэшүүлэх, чадавхийг дээшлүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.1.3.1.ажилтнуудын хэлний болон мэргэжлийн чадавхийг сайжруулж өндөр хөгжилтэй орны магистрантур, докторантурын сургалтад хамруулах боломжийг нэмэгдүүлэх;
9.1.3.2.тодорхой бодлого, чиглэлээр ажилтныг мэргэшүүлэх, дадлагажуулах ажлыг өргөжүүлэх;
9.1.3.3.ажлын байранд сэлгэн ажиллуулах үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, хөрвөн ажиллах чадварыг дээшлүүлэх;
9.1.3.4.өндөр хөгжилтэй орны статистикийн байгууллагын ажлын байранд сургах, дадлагажуулах, ажилтан солилцох ажлыг зохион байгуулах;
9.1.3.5.ажилтны мэргэшлийн ур чадварыг дээшлүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх идэвхийг нэмэгдүүлэх;
9.1.3.6.залуу ажилтны гадаад хэлний мэдлэгийг дундаас дээш түвшинд хүргэж, олон улсын хурал, сургалтад оролцох, интернэт болон бусад эх үүсвэрээс мэргэжлийн ном, материал, гарын авлага ашиглах чадавхийг дээшлүүлэх.
9.1.4.Статистикийн салбарын ажиллагсдыг мэргэшүүлж, чадавхийг дээшлүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
9.1.4.1.үндэсний мэргэшсэн чадварлаг боловсон хүчний нөөцтэй болно;
9.1.4.2.статистикийн ажилтны ажлын бүтээмж нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжран, хэрэглэгчийг үнэн бодитой, чанартай мэдээллээр хангана;
9.1.4.3.ажилтанд сэлгэн ажиллах чадвар эзэмшүүлнэ.
9.2.Ажилтны нийгмийн баталгааг хангах:
9.2.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
9.2.1.1. статистикийн салбарын ажилтныг Төрийн албаны тухай хууль, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцны хөтөлбөр, ҮСХ-ны "Албан хаагчдын орон сууц, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах журам"-ын дагуу орон сууц, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаж ирсэн хэдий ч өнөөгийн байдлаар салбарын нийт албан хаагчдын 75 хувь нь өөрийн орон сууцгүй байгаа бөгөөд орон сууцны дарааллын эхний албан хаагч статистикийн салбарт тасралтгүй 28 жил ажиллаж байна. Нийт ажилтны ажлын ачаалал их, нийгмийн асуудлыг шийдвэрлэх санхүүгийн нөхцөл, боломж муу байгаа нь статистикийн салбарын ажилтны тогтвор суурьшлыг хангах, мэргэшүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа нь тулгамдаж байгаа асуудлын нэг юм.
9.2.2.Зорилт:
9.2.2.1.статистикийн салбарын ажилтнуудын амьдрах нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг үе шаттайгаар хангах замаар тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.
9.2.3.Ажилтны нийгмийн батагааг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.2.3.1.төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөрт салбарын ажилтнуудыг өргөнөөр хамруулах, хөнгөлөлттэй зээлийн квотыг нэмэгдүүлэх;
9.2.3.2.ажлын онцлогийг үндэслэж статистикийн салбарын албан хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн байгууллагын дэмжлэг, туслалцаа авах;
9.2.3.3.ажилтны хувийн орон сууц барих, газар эзэмшихэд байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх;
9.2.3.4.ажиллагсдын ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх замаар цалин хөлсийг нэмэгдүүлэх;
9.2.3.5.ажилтныг ажлын үр дүнгээр урамшуулах системийг боловсронгуй болгох;
9.2.3.6.ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулж, эрүүл мэндийг нь хамгаалах арга хэмжээ авах;
9.2.3.7.байгууллагын дотоод зохион байгуулалт, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах.
9.2.4.Ажилтны нийгмийн баталгааг хангаснаар дараах үр дүнд хүрнэ:
9.2.4.1.хүний нөөцийн бодлого сайжирч, албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллана;
9.2.4.2.ажилтны амьдрах орчин, нөхцөл сайжирснаар ажлын чанар, бүтээмж нэмэгдэнэ.
9.3.Ажилтны сургалтын баазыг өргөтгөх, чадавхижуулах:
9.3.1.Өнөөгийн байдал, тулгамдсан асуудал:
9.3.1.1.сургалт, сурталчилгааны танхимыг бий болгож, дотоодын төрөлжсөн сургалт, тооллого, судалгааны семинар зохион байгуулж байна. Цаашид сургалтын төв болгон үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, сургалт, судалгаа, мэдээллийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
9.3.2.Зорилт:
9.3.2.1.сургалтын төв бий болгож, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, техник хэрэгслийн хангамжийг сайжруулах, багшлах боловсон хүчнийг бүрдүүлэн, судалгааны ажилтныг бэлтгэн төлөвшүүлнэ.
9.3.3.Ажилтны сургалтын баазыг өргөтгөх, чадавхжуулах хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
9.3.3.1.сургалтын танхимыг өргөтгөж сургалт, судалгаа, мэдээллийн төв болгон өргөжүүлэх;
9.3.3.2.сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож, багшлах боловсон хүчин, сургагч нарыг бэлтгэх;
9.3.3.3.олон улсын сургалт, семинарыг Монгол Улсад зохион байгуулах чадавхийг дээшлүүлэх;
9.3.3.4.статистикийн мэдээлэгч, хэрэглэгч нарт зориулсан сургалт, семинарыг зохион байгуулах;
9.3.3.5.статистикийн системийн ажилтнуудыг сургах, давтан сургах, мэргэшүүлэх ажлыг өөрийн сургалтын төвд хэрэгжүүлэх;
9.3.3.6.сургалтын төвийн техник хэрэгслийн хангамжийг сайжруулах.
9.3.4.Сургалтын баазыг өргөтгөн чадавхижуулснаар дараах үр дүнд хүрнэ:
9.3.4.1.статистикийн салбарын боловсон хүчний чадавхи бэхжинэ;
9.3.4.2.статистикийн мэдээллийг хэрэглэгчийн боловсрол бэхжинэ.
АРАВ.ХӨТӨЛБӨРИЙН САНХҮҮЖИЛТ
10.1.Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр нь улсын болон орон нутгийн төсөв, статистикийн салбарыг хөгжүүлэх Монстат төсөл, хандивлагч орон, хамтран ажилладаг байгууллагын дэмжлэг, туслалцаа, бусад эх үүсвэрээс бүрдэнэ.
10.2.Хөтөлбөрийг 13.3 тэрбум төгрөгийн хөрөнгөд багтаан хэрэгжүүлнэ.
АРВАН НЭГ.ХӨТӨЛБӨРИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
11.1.ҮСХ нь энэхүү хөтөлбөрийг төв, орон нутагт хэрэгжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэх ба хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын алба ажиллана.
11.2.Хөтөлбөрийн хяналтын үйл ажиллагааг Монстат төслийн зохицуулах баг, хөтөлбөрийн хяналтын хороо хариуцан гүйцэтгэж, хөтөлбөрийн биелэлтийг Улсын Их Хуралд жил тутам тайлагнаж байна.
АРВАН ХОЁР.ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ ҮР ДҮН
12.1."Үндэсний тооцооны систем-93"-ийг нэвтрүүлэх ажил эрчимжиж, "ҮТС-2008"-ийг нэвтрүүлэх бэлтгэлийг хангана.
12.2.Бизнес регистрийг олон улсын стандартад нийцүүлж, статистик нэгжид тулгуурласан түүвэр судалгааг явуулдаг болно.
12.3.Олон улсын стандартад нийцсэн үндэсний стандарт ангилал болон аргачлал, арга зүйг боловсруулж мөрдөнө.
12.4.Салбарын статистик мэдээллийн чанар, хамралт сайжирна.
12.5.Мастер түүврийн дизайн боловсруулж жижиг, дэвсгэрийн хэмжээнд тооцоолол хийдэг болсон байна.
12.6.Статистикийн системийн хэмжээнд нэгдсэн онлайн сүлжээнд холбогдож, мэдээллийн технологийн шинэчлэл хийсэн байна.
12.7.Статистикийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж, олон улсын тавцанд үндэсний статистикийн нэр хүнд өснө.
12.8.Мэргэшсэн, чадварлаг хүний нөөц бүрдэж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэнэ.
12.9.Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, олон улсын жишигт нийцсэн статистикийн нэгдсэн тогтолцоо төлөвшинө.
——————oOo———————

Текст томруулах
A
A
A