A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Их Хурлын 2011 оны
65 дугаар тогтоолын хавсралт


ТӨРӨӨС ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ 2017 ОН ХҮРТЭЛ БАРИМТЛАХ БОДЛОГО

НЭГ.БОДЛОГЫН ЗОРИЛГО

1.1.Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого /цаашид "бодлого" гэх/-ын гол зорилго нь Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, стратегийн ач холбогдол бүхий газрын тосны салбарт хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгоход оршино.

ХОЁР.БОДЛОГЫН ЧИГЛЭЛ

2.1.Бодлогыг дараах чиглэлээр хэрэгжүүлнэ:

2.1.1.газрын тосны салбарын эрх зүйн орчныг сайжруулах;
2.1.2.газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгож, газрын тосны салбарыг хөгжүүлэх;

2.1.3.газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх;
2.1.4.газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

2.1.5.газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах;
2.1.6.газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх;

2.1.7.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бүс нутгийг хөгжүүлэх.

ГУРАВ.БОДЛОГЫН ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭ

3.1.Газрын тосны салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.1.1.Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулах, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, тэдгээрийг хэрэгжүүлэх журам, зааврыг боловсруулах, шинэчлэх;

3.1.2.газрын тосны салбарын татварын бодлогыг тодорхойлох;
3.1.3.газрын тосны салбарын стандарт, норм, дүрэм, журмыг боловсронгуй болгох, шинээр боловсруулах;

3.1.4.газрын тосны нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувийг бүс нутагт нь хуваарилах эрх зүйн орчныг бий болгох.

3.2.Газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурийг бий болгож, газрын тосны салбарыг хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.2.1.газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих;

3.2.2.газрын тосны салбарыг хөгжүүлэх санг байгуулж, уг санд бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газарт ногдох түүхий тосны борлуулалтын жил бүрийн орлогоос төвлөрүүлж, дараах зориулалтаар зарцуулна:

3.2.2.1.газрын тосны судалгаа хийх;
3.2.2.2.газрын тос боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, хөндлөнгийн экспертийн үнэлгээ хийлгэх;

3.2.2.3.олон улсын стандартын шаардлагад нийцсэн газрын тосны салбарын иж бүрэн мэдээллийн цахим сан бүрдүүлэх;

3.2.2.4.газрын тосны шинжилгээний лаборатори, судалгааны төв байгуулах;

3.2.2.5.газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх;

3.2.3.газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах.

3.3.Газрын тосны хайгуул, олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.3.1.улсын төсвийн болон бусад төрлийн хөрөнгө оруулалтаар газрын тосны геологи-геофизикийн суурь судалгааг явуулах, үр дүнг нь өмнөх бүх судалгааны үр дүнтэй нэгтгэх;

3.3.2.бүтээгдэхүүн хуваах зарчмаар газрын тосны уламжлалт эх үүсвэр /түүхий тос, хий/-ийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулах;

3.3.3.хайгуул, ашиглалтын гэрээгээр газрын тосны уламжлалт бус эх үүсвэр /шатдаг занар, занарын хий, байгалийн битум, тослог элс г.м/-ийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг явуулах;

3.3.4.газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хайгуулын ажлыг эрчимжүүлэх;

3.3.5.газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тэнцвэрт байдлыг хангах;

3.3.6.газрын тосны нөөцийг өсгөх, ордыг ашиглалтад шилжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх;

3.3.7.газрын тосны тээвэрлэлтийн бодлогыг тодорхойлох.

3.4.Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.4.1.газрын тосны ордод түшиглэсэн боловсруулах үйлдвэрийг төрийн өмчийн оролцоотой байгуулах;

3.4.2.Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон газрын тосыг дотоодын боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжид нийлүүлэх;

3.4.3.газрын тос боловсруулах үйлдвэрийг шаардлагатай тохиолдолд өргөтгөх боломжтойгоор байгуулах;

3.4.4.газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлаас гарах зорилгоор газрын тос боловсруулах үйлдвэрийг зүүн, төв, баруун бүсэд барих;

3.4.5.импортын түүхий тос, боловсруулалтаас үүсэх завсрын бүтээгдэхүүн болон хүнд үлдэгдлийг боловсруулах үйлдвэрийг байгуулах үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдыг дэмжих;

3.4.6.нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн судалгааг хийх, бүтээгдэхүүн худалдан авах болон төслийн санхүүжилтэд Засгийн газраас баталгаа гаргах асуудлыг судлах, хууль тогтоомжийн дагуу хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих;

3.4.7.био болон эко, альтернатив түлшний үйлдвэр байгуулах, хаягдлаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийг дэмжих;

3.4.8.уламжлалт бус эх үүсвэрээс /нүүрсний давхаргын метан, занар, байгалийн битум, тослог элс г.м/ өндөр технологийн аргаар байгаль орчинд ээлтэй шингэн болон хийн түлш боловсруулах асуудлаар мэргэжлийн төрийн болон судалгаа, шинжилгээний байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын үүсгэл санаачилгыг дэмжиж, үр дүнд хүргэх.

3.5.Газрын тосны бүтээгдэхүүнээр тогтвортой хангах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.5.1.газрын тосны бүтээгдэхүүн экспортлогч орнуудтай нийлүүлэлтийг тогтвортой байлгах талаар Засгийн газрын түвшинд тохиролцох;

3.5.2.газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох гадаад эх үүсвэрийг нэмэгдүүлэх;

3.5.3.хилийн боомтоор газрын тос, газрын тосны бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх хүчин чадал, чадавхийг дээшлүүлэх;

3.5.4.хот, суурин газрын дотор байрлах шатахуун түгээх станцын аюулгүй ажиллагаанд тавих шаардлага, стандартыг шинэчилж, түүнд тохирсон дэвшилтэт технологи, техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх;

3.5.5.улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний чанарын стандартыг тогтоох, хяналт тавих тогтолцоог бий болгох;

3.5.6.газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хадгалах агуулахыг бүс нутагт болон Улаанбаатар хот орчимд барих;

3.5.7.газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтвортой байлгах чиглэлээр улсын нөөцийг бүрдүүлэх;

3.5.8.газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт /төмөр зам, авто зам/-ийн бодлогыг тодорхойлох;

3.5.9.газрын тосны бүтээгдэхүүний хэмнэлтийн бодлогыг дэмжих.

3.6.Газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.6.1.гадаад, дотоодын их, дээд сургуульд газрын тосны нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх;

3.6.2.сургалтын төрийн сан, гадаад орны Засгийн газрын тэтгэлгээр газрын тосны салбарын нарийн мэргэжлээр суралцагсдын тоог нэмэгдүүлэх;

3.6.3.газрын тосны мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг газрын тосны чиглэлийн боловсон хүчин бэлтгэдэг их, дээд сургуулийг түшиглэн байгуулах, газрын тосны салбарт ажиллах мэргэжилтэй ажилчдын тоог нэмэгдүүлэх.

3.7.Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, бүс нутгийг хөгжүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:

3.7.1.байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл нь хууль тогтоомж, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд төрийн захиргааны байгууллага болон орон нутгийн удирдлага, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулан нэгдсэн хяналт тавих;

3.7.2.хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явагдаж байгаа талбайд газрын төлөв байдлын хянан баталгаа, байгаль орчинд учруулсан хохирлын эдийн засгийн үнэлгээ хийлгэх, нөхөн сэргээх, хохирлыг барагдуулах талаар хугацаатай шаардлагыг тавьж хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг нь дүгнэж, арга хэмжээ авах;

3.7.3.газрын тостой холбогдсон үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжид үндэсний ажиллах хүчнийг авч ажиллуулах тодорхой хувийг тогтоож, бараа, ажил, үйлчилгээг тэргүүн ээлжинд үндэсний аж ахуйн нэгж, иргэдээс худалдан авах;

3.7.4.бүс нутагт нь газрын тос олборлож байгаа аж ахуйн нэгж тухайн бүс нутгийн хөгжилд болон байгаль орчныг хамгаалах, орд ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах.




ДӨРӨВ.БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ХҮРЭХ
ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ҮР ДҮН

4.1.Үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд эерэгээр нөлөөлнө.

4.2.Бодлого хэрэгжсэнээр эдийн засаг, нийгмийн дараах үр дүнг үзүүлнэ:

4.2.1.газрын тосны салбарын эрх зүйн таатай орчин бүрдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх;

4.2.2.газрын тосны үндэсний аж үйлдвэрийн суурь бий болж, газрын тосны салбар хөгжих;

4.2.3.газрын тосны хайгуулын ажил эрчимжсэнээр газрын тосны нөөц болон олборлолт нэмэгдэх;

4.2.4.газрын тосны олборлолт нэмэгдсэнээр улсын төсөвт оруулах орлого нэмэгдэх;

4.2.5.газрын тос боловсруулах үйлдвэр байгуулагдаж, газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах суурь тавигдах;

4.2.6.газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тогтвортой хангана;
4.2.7.газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоо бий болж, хэрэглэгчдийг чанарын баталгаатай бүтээгдэхүүнээр хангах;

4.2.8.олон улсын стандартын шаардлагад нийцсэн газрын тосны салбарын мэдээллийн иж бүрэн цахим сантай болох;

4.2.9.газрын тосны салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэж, үндэсний мэргэшсэн ажиллагсдын тоо, ажлын байр нэмэгдэх;

4.2.10.байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил сайжрах;
4.2.11.бүс нутгийн болон дэд бүтцийн хөгжил сайжрах.




---oOo---