A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 40 дүгээр зарлигаар шинэчлэн батлав

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ДҮРЭМ
 
                Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын иргэдийн авьяас билэг, оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын Төрийн шагнал олгож байна.
2.Төрийн шагналыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын гоц содон нэгэн цогц, дан бүтээлд олгоно.  
3.Төрийн шагналд хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байхыг зөвшөөрнө.
4.Нэр дэвшиж буй бүтээлийн эрх зохих журмын дагуу баталгаажсан байхаас гадна, уг бүтэлэ нь мэргэжилтнүүд болон олон нийтийн хүртээл болж, дотоод гададад үнэлэгдсэн, Монгол улсын хөгжил тодорхой хувь нэмэр оруулсан байвал зохино.
5. Төрийн шагналд нэр дэвшиж буй бүтээл нь урьд өмнө зохиогчийн хөдөлмөрийг үнэлж төрөөс олгосон шагналд хамрагдаагүй шинэ, эсвэл шинэчилсэн бүтээл байна.
6.Тухайн хүнд улсын цол хүртээсэн хөдөлмөрийн үнэлгээнд орсон бүтэлийг дахин төрийн шагналд нэр дэвшүүлж болохгүй.
7.Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээнэ.
                8. Монгол Улсын төрийн шагналыг нэг жилд 5 хүртэл бүтээлд хүртээж болно..
 
                Хоёр. Бүтээлийг төрийн шагналд нэр дэвшүүлэх
                1. Шинжлэх ухаан, техник, технологийн бүтээлүүдийг их, дээд сургууль, мэргэжлийн хүрэлэнгүүдийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ШУА-ийн холбогдох салбарын Бага чуулганаас; урлагийн бүтээлүүдийг уран бүтээлийн эвлэл холбоодын хамтын удирдлагын хурлаар хэлэлцэж Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаас; утга зохиолын бүтээлийг утга зохиолын холбогдох үндэсний төвийн хурлаар хэлэлцэж зохиолчдын эвлэлүүд болон мэргэжлийн холбоодын удирдах зөвлөлүүдийн хамтарсан хурлаас тус тус нэр дэвшүүлнэ.
                2. Нэр дэвшүүлэх хуралдааны хугацааг урьдчилан нээлттэй зарлаж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр нэг л удаа хийх бөгөөд нэг салбар чиглэлийн хэд хэдэн бүтээлээс нэгийг л шалгаруулан тодорхойлно.
                3. Нэр дэвшүүлэх хуралдаан ирвэл зохих гишүүдийн тавны дөрвөөс доошгүй нь хүрэлцэн ирвэл хүчинтэйд тооцно. Нэр дэвшүүлэх хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг заавал оролцуулна.
                4. Нэр дэвшсэн бүтээл нь шат шатны хуралдаанд оролцогсдын дөрөвний гурваас доошгүй хувийн саналаар дэмжигдсэн байвал зохино. Саналыг нууцаар хураана.
                5. Саналын хуудсыг битүүмжлэн, тэмдэгдарж, тооллогын комиссын тогтоолын хамт шат шатны хуралдааны албан тэмдэглэлд хавсарган дагалдуулна.
                6. Нэр дэвшүүлэх хурлаас дэмжигдсэн бүтээлүүдэд тухайн салбар хариуцсан сайдын зөвлөлийн хуралдаанаас санал дүгнэлт гаргасан байна.
                7. Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагналд нэр дэвшүүлж болно. Ийм бүтээлийг мөн эл дүрмийн дагууд судлан шинжилж шийдвэрлэнэ.
                8. Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлийг энэ дүрмийн хавсралтад заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийн хамт тухайн оны 4 дүгээр сарын 20-ны дотор Оюуны өмчийн газарт хүргүүлнэ. Оюуны өмчийн газар баримт бичгийн бүрдлийг бүртгэн үзээд, бүтээлд тодорхойлолт гаргаж ажлын 10 хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
                9. Тамгын газар баримт бичгүүдийг нарийвчлан хянаж нягтлаад энэ дүрмийн шаардлагад бүрэн нийцсэн бүтээлүүдийг ажлын хэсгүүдэд хүлээлгэн өгнө.
                10. Баримт бичгийн бүрдэл дутуу, зөрчилтэй, дүрмийн заалтад тохироогүй бүтээлийг Тамгын газраас тухайн жилийн шалгаруулалтад оруулахгүйгээр нэр дэвшүүлсэн газарт буюу зохиогчид буцаах эрхтэй.
                11. Зохиогч бүтээлээ аль ч шатанд хэлэлцүүлэг, шийдвэр гаргахаас өмнө эгүүлэн татах эрхтэй.
                12. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулагдах ажлын хэсгүүдийн хуралдаанаар хэлэлцэгдээд зохих саналын дэмжлэг авч чадаагүй бүтээлийг 2 жилийн дараагаас дахиннэг удаа дэвшүүлж болно. Ингэхдээ эл дүрмийн заалтыг баримтална.
               
                Гурав. Нэр дэвшсэн бүтээлд сонгон шалгаруулалт, хянан магадлагаа хийх
                1. Төрийн шагнал хүртээх бүтээлийг судлан шалгаруулах үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд:
                - Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах ажлын хэсэг;
                - Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсгийг тус тус жил бүр томилон ажиллуулна.
                2. ажлын хэсгүүдийг байгуулахдаа:
                а/ ажлын хэсгүүдэд өмнөх жилийн бүрэлдэхүүнээс гуравны нэг хүртэл хувийг нь оруулж болно;
                б/ төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсгийнбүрэлдэхүүнд орж ажилласан хүнийг шинжээчийн ажлын хэсэгт оруулж болно;
                в/ төрийн шагналд бүтээл нь нэр дэвшсэн хүнийг ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд оруулахгүй.
                3. ажлын хэсэг тус бүр 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл байна.
                4. Бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулна.
                5. Ажлын хэсэг нь шинжлэх ухаан, технологи, урлаг, утга зохиолын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтэн, төрийн шагналтан, нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдэнэ.
                6. Сонгон тодруулах ажлын хэсэг төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээн авч шалгаруулалтад оруулна.
                7. Ажлын хэсэг төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлд судалгаа хийсэн дүн, сонгон тодруулсан бүтээлийн тухай танилцуулгыг тухайн оны 6 дугаар сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
                8. Журмын дагуу явагдсан эхний шатны шалгаруулалтын дүнд үндэслэн ажлын хэсгийн сонгон тодруулсан бүтээлийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас олон нийтэд зарлана.
                9. төрийн шагнал хүртээхээр сонгон тодруулсан бүтээлд хянан магадлага ахийх шинжээчийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн захирамжаар томилно. Шинжээчийн ажлын хэсэгт тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүдийг оруулна.
                10. Шинжээчийн ажлын хэсэг нь сонгон тодруулах ажлын хэсгээс ирүүлсэн бүтээлүүдэд хянан магадлагаа хийж хоёр дахь шатны шалгаруулалтад оруулан тухайн бүтээлд төрийн шагнал олгохыг дэмжих эсэх тухай хэлэлцэж, шийдвэрлэнэ. Төрийн шагнал олгохыг дэмжсэн бүтээлийн тухай үндэслэл, дүгнэлт, саналаа шагнал гардуулах хугацаанаас 14-өөс доошгүй хоногийн өмнө ажлын хэсгийн ахлагч, нарийн бичгийн дага нар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
                11. ажлын хэсгүүд төрийн шагнал хүртээх бүтээлтэй танилцан шалгаруулахдаа мэргэжлийн байгууллага, хүмүүс, олон нийтийн санаа бодол, бүтээлийн талаар гарсан санал, шүүмжийг сайтар харгалзвал зохино.
                12. Төрийн шагналд нэр дэвшиж олон нийтэд зарлагдсан бүтээлийн талаар төрийн болон төрийн бус байгулулага, иргэд саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Саналыг 9 дүгээр сарын 1-ний дотор бүртгэж авна.
                13. ажлын хэсгүүд Ерөнхийлөгчийн захирамжаар баталсан "Монгол Улсын төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах болон сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсгүүдийн ажиллах журам"-ыг мөрдөнө.
                14. Төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах болон хянан магадлагаа хийхээр томилогдсон хүмүүст ажлын хөлс олгоно.
               
                Дөрөв. Төрийн шагнал олгох шийдвэр гаргах, шагналыг гардуулах
                1. Монгол Улсын Ерөнхийлөгч шинжээчийн хэсгийн үндэслэл, саналыг судалж, зөвшөөрвөл Монгол Улсын төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргана.
                2. Төрийн шагнал хүртээхээр шинжээчийн ажлын хэсгээс санал болгосон бүтээлүүдийн талаар Засгийн газарт Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцуулна.
                3. Төрийн шагналыг тухайн жилийн намрын дунд сарын шинийн 17-ны билэг дэмбэрэлт өдөр Төрийн хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч ёс төгөлдөр гардуулна.
                4. төрийн шагнал хүртэгчдэд энгэрийн тусгай тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий төрийн шагналтны үнэмлэхийг дагалдах мөнгөний хамт олгоно. Шагналыг дагалдах мөнгөний хэмжээ дан бүтэлэд 20 цэн, хамтын зохиогчтой бүтээлд 30 цэн алтны үнэтэй тэнцэхүйц байна.
                5. Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийн тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.