A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 191 дүгээр зарлигийн хавсралт
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын  шүүхийн сахилгын хороо /цаашид "сахилгын хороо" гэх/ нь шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрх бүхий орон тооны бус байгууллага мөн .
1.2. Сахилгын хороо Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, холбогдох бусад хууль, энэхүү дүрмийг удирдлага болгон үйл ажиллагаагаа улсын хэмжээнд нэгдмэл байдлаар явуулна.
1.3. Сахилгын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх асуудлыг Шүүхийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 3-т зааса албан тушаалтан, байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд хэлэлцэн шийдвэрлэнэ. Ийнхүү нэр дэвшүүлсэн саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл нэгтгэн, нэр дэвшигчдийн биеийн байцаалт, танилцуулгын хамт Ерөнхийлөгчид ирүүлнэ.
1.4.Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүдийг томилсноос хойш 14 хоногийн дотор Сахилгын хорооны даргад хорооны гишүүд дотроосоо нэр дэвшүүлж хуралдаанаараа хэлэлцэн нууцаар санал хурааж, олонхийн санал авсан хүнийг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Уг хуралдааныг Сахилгын хорооны хамгийн ахмад гишүүн удирдаж явуулна.
1.5.Сахилгын хорооны гишүүний бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.
1.6. Сахилгын хорооны гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө орон гарвал Шүүхийн тухай хууль, энэ дүрэмд заасан журмын дагуу нөхөн томилно.
1.7. Сахилгын хорооны гишүүн дараах эрх эдэлнэ:
1/ Гомдол, хүсэлтийн дагуу шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, үүсгэхээс татгалзах;
2/ Шаардлагатай гэж үзвэл гомдол, хүсэлтийг биечлэн шалгах;
3/ Сахилгын хорооны даргын томилсноор сахилгын хэргийг хянан хэлэлцэх хуралдааныг даргалах;
4/ Сахилгын хэргийг хянан хэлэлцэх хуралдаанд таслах эрхтэй оролцох.
1.8. Сахилгын хорооны дарга гишүүний эрхээс гадна Шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2-т заасан дараах эрх эдэлнэ:
1/ Сахилгын хорооны хуралдааныг даргалах;
2/ хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг томилох;
3/ Сахилгын хорооны ажлын албыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;
4/ Хуульд заасан бусад эрх.
1.9. Сахилгын хороо нь орон тооны ажлын албатай байна. Сахилгын хорооны Ажлын алба нь /цаашид "ажлын алба"гэх түүний өдөр тутмын тасралтгүй ажиллагааг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд харьяалагдан ажиллана.
1.10. Ажлын алба дараахь эрх, үүрэгтэй:
1/ Гомдол, хүсэлтийг хүлээн авч бүртгэх, харьяаллын бус гомдол, хүсэлтийг Сахилгын хорооны дарга, гишүүнд танилцуулсны үндсэн дээр буцаах;
2/ Сахилгын хорооны дарга, гишүүний даалгаснаар гомдол, хүсэлтийг шалгах ажиллагааг явуулах;
3/ Сахилгын хорооны дарга, гишүүнд техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх;
4/ Сахилгын хорооны хэвийн үйл ажиллагаа, хуралдааны бэлтгэлийг хангах, шийдвэрийг баримтжуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
1.11. Ажлын албаны ажилтныг Сахилгын хорооны даргатай зөвшилцөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга томилно.
1.12. Ажлын албаны ажилтнуудын ажил үүргийн хуваарийг Сахилгын хорооны даргатай зөвшилцөн Ажлын албаны дарга тогтооно.
1.13. Сахилгын хороо тэмдэг, тогтоосон загвараар үйлдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Сахилгын хэрэг үүсгүүлэх гомдол, хүсэлтийг хүлээн авах, шалгах, сахилгын хэрэг үүсгэх 
2.1. Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзсэн дараах гомдол, хүсэлт нь шүүгчид сахилгын хэрэг үүсгэх үндэслэл болно:
1/.иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага гомдол гаргасан;
2/.бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч хүсэлт гаргасан;  
2.2. Ажлын алба нь энэ дүрмийн 2 дахь хэсгийн 1-д заасан гомдол, хүсэлт нэг бүрийг хүлээн авч бүртгэнэ.
2.3. Ажлын алба хүлээн авсан гомдол, хүсэлтийг хянан үзээд Сахилгын хорооны дарга /гишүүн/-д танилцуулсны үндсэн дээр шалгах журмыг тогтоно.
2.4. Сахилгын хорооны дарга шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр ирүүлсэн гомдол, хүсэлтийг шийдвэрлэхэд харшлах дараахь шалтгаан байгаа эсэхийг харгалзан үзсэний үндсэ дээр Сахилгын хорооны аль нэг гишүүнд хянуулахаар хуваарилна:
1/ сахилгын хэрэгт холбогдсон шүүгчийн болон гомдол, хүсэлт гаргасан этгээдийн төрөл садан бол, эсхүл бүрэлдэхүүн хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс байвал;
2/ сахилгын хэрэгт холбогдсон шүүгч болон гомдол, хүсэлт гаргасан этгээдтэй хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.
2.5. Сахилгын хорооны гишүүн нь шүүгчид сахилгын хэрэг үүсгэх үндэслэлтэй эсэхийг тогтооход шаардлагатай гэж үзвэл нэмэлт баримт материалыг холбогдох этгээдээс гаргуулан авч судлах бөгөөд 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
2.6. Сахилгын хорооны гишүүн шүүгчид сахилгын хэрэг үүсгэх, эсхүл үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана. Хэрэв сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг эс зөвшөөрч гомдол гарвал 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.
2.7. Сахилгын хэрэг үүсгэсэн захирамжид шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг тогтооход шаардлагатай ажиллагаа, түүнийг явуулах хугацааг тодорхой зааж, Ажлын албанд уг шалгалтыг хийлгүүлэхээр шилжүүлнэ.
2.8. Ажлын алба Сахилгын хорооны гишүүнээс даалгасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагааг 30 хоногт багтаан дуусгаж, Сахилгын хорооны даргад танилцуулна.
2.9. Сахилгын хорооны дарга шалгалтын материалтай танилцан хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай бүрдсэн байна гэж үзвэл уг хэргийг Сахилгын хорооны анхан шатны хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарган, хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүнийг томилж, хуралдаан болох газар, хугацааг товлон зарлана.
 
Гурав. Сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх
            3.1.Сахилгын хэргийг анхан шатны журмаар 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ. Сахилгын хорооны гишүүнийг татгалзах үндэслэл гаргавал Сахилгын хорооны дарга хянан үзэж өөр бүрэлдэхүүн томилох эсэхийг шийдвэрлэнэ.
            3.2. Сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн болон Сахилгын хэрэгт холбогдож буй шүүгч, түүнчлэн гомдол, хүсэлт гаргасан этгээдэд Сахилгын хорооны даргын захирамжийг хүргүүлнэ.
            3.3. Сахилгын хэрэг  үүсгэгдсэн шүүгч хэргийн баримттай танилцах, сахилгын хорооны хуралдаанд оролцох, тайлбар гаргах эрхтэй.
            3.4. Сахилгын хэрэг үүсгэгдсэн шүүгч өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байсан, гадаадад албан томилолтоор явсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай боловч Сахилгын хорооны хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй бол энэ тухай албан ёсны баримтыг хэрэгт хавсарган сахилгын хэргийг уг шүүгчийн эзгүйд хэлэлцэн шийдвэрлэж болно.
            3.5. Шүүгч Сахилгын хорооны хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан боловч энэ дүрмийн 3.4-т заасан хүндэтгэн үзэх шалтгаантай байвал уг шалтгааныг арилах хүртэл хугацаагаар хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.
            3.6. Сахилгын хэрэг үүсгүүлэхээр гомдол, хүсэлт гаргасан этгээд хүсвэл сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх хуралдаанд оролцож болно.
            3.7. Сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж байгаа бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл гомдол, хүсэлт гаргасан этгээд болон холбогдох гэрчийг хуралдаанд оролцуулж болно.
            3.8. Сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх хуралдаан сахилгын хэрэг үүсгэсэн гишүүний хэрэг үүсгэсэн үндэслэл, түүнийг шалгаж тогтоосон нотлох баримтын тухай илтгэснээр эхэлж, дараахь дарааллаар явагдана:
            1/ Сахилгын хорооны гишүүд сахилгын хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах;
            2/ Сахилгын хэрэг үүсгүүлсэн шүүгчийн тайлбарыг сонсох, нэмэлт тайлбар, бусад баримт байгаа эсэхийг лавлах;
            3/ Гомдол, хүсэлт гаргасан этгээдийн гомдол, хүсэлтийг шалгах, нэмэлт тайлбар байгаа эсэхийг лавлах.
            3.9. Сахилгын хороо Сахилгын хэргийг хянан хэлэлцээд олонхийн саналаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
            1/ Сахилгын шийтгэл оногдуулах;
            2/ Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох;
            3/ Шүүгчид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр холбогдох баримтыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх.
            3.10. Сахилгын хороо Сахилгын хэргийг хэлэлцээд тогтоол гаргана. Тогтоол нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгтэй байх бөгөөд түүнд хуралдаан хийсэн он, сар, өдөр, газар, сахилгын хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн бүрэлдэхүүн, оролцогчид, сахилгын хэрэг үүсгүүлсэн шүүгчийн овог, эцгийн нэр, нэр, албан тушаал, сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр, түүний үндэслэл, хэргийг шалгасан байдал, сахилгын хорооны дүгнэлт, шийдвэр, түүнд гомдол гаргах журмыг тодорхой тусгана. Тогтоолд сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулна.
            3.11. Сахилгын хорооны тогтоолыг сахилгын хэрэг үүсгүүлсэн тухайн шүүгчид уншин сонсгож давж заалдах гомдол гаргах эрхийг оролцогчдод танилцуулна.
            3.12. Сахилгын хорооны тогтоолыг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Ажлын алба нь Шүүхийн ерөнхий зөвлөл, сахилгын хэрэг үүсгүүлсэн шүүгч, сахилгын хэрэг үүсгүүлэхээр гомдол, хүсэлт гаргасан иргэн, байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.
            3.13. хуульд заасан төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалахаас бусад тохиолдолд Сахилгын хорооны хуралдааныг нээлттэй явуулна.
            3.14. Сахилгын хороо сахилгын хэрэг бүрийг тусад нь хэлэлцэнэ. Харин хэд хэдэн шүүгч хамтран зөрчил гаргасан тухай гомдол байгаа бол хэргийг хамтатган хянан хэлэлцэж болно.
            3.15. Сахилгын хорооны шийдвэр нь:
            1/ Шүүгч сахилгын шийтгэл ногдуулсан сахилгын хорооны шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргаагүй бол гомдол гаргах хугацаа дууссан өдрийн дараагийн өдрөөс;
            2/ Хэрэв гомдол гаргасан бол Сахилгын хорооны шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тухай Сахилгын хорооны давж залдах шатны хуралдааны магадлал гарсан өдрөөс эхлэн тус тус хүчин төгөлдөр болно.
            3.16. сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг ажлын албанытухайн хэргийг шалгасан мэргэжилтэн хөтөлж, Сахилгын хорооны хуралдаан даргалагч болон тэмдэглэл хөтөлсөн мэргэжилтэн гарын үсэг зурна.
            Дөрөв. Сахилгын хорооны шийдвэрт гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх
            4.1. Сахилгын хэргийг анхан шатны журмаар хэлэлцэн гаргасан тогтоолыг гомдол, хүсэлт гаргасан этэгэд, эсхүл сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч эс зөвшөөрвөл Сахилгын хорооны тогтоолыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо Сахилгын хороонд гаргах эрхтэй.
            4.2. Ажлын алба давж заалдах гомдлыг хүлээн авч бүртгэн Сахилгын хорооны даргад танилцуулна.
            4.3. Сахилгын хорооны дарга давж заалдах гомдлыг хүлээн авмагц сахилгын хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх Сахилгын хорооны хуралдааны товыг зарлана. Сахилгын хорооны давж заалдах шатны хуралдааныг Сахилгын хорооны дарга даргална. Сахилгын хорооны даргын эзгүйд түүний томилсон гишүүн хуралдааныг даргална.
            4.4. Ажлын алба хуралдаан болохоос 7 хоногийн өмнө зарыг нийт гишүүд, сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч, шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр гомдол, хүсэлт гаргасан этгээдэд хүргэх үүрэгтэй.
            4.5. Сахилгын хороо давж заалдах гомдлыг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн ирцтэйгээр хэлэлцэн, хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар шийдвэрлэж магадлал гаргана.
            4.6. Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч сахилгын хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх Сахилгын хорооны хуралдаанд биечлэн оролцох эрхтэй.
            4.7. Сахилгын хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх хуралдаанд гомдол, хүсэлт гаргасан этгээдийг шаардлагатайгэж үзвэл оролцуулж болно.
            4.8. Сахилгын хэргийг давж заладах журмаар хянан хэлэлцэх хуралдаан Сахилгын хорооны бүрэлдэхүүнийг болон ямар хэргийг хэний гомдлоор хянан хэлэлцэж байгаа тухай хуралдаандаргалагчийн зарласнаар эхэлж, илтгэгч гишүүний илтгэлийг сонсон дараахь дарааллаар явагдана:
            1/ Шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр гаргасан гомдол, хүсэлтийг агуулга, түүнийг шалгасан баримтыг судлан шинжлэх;
            2/ Сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн Сахилгын хорооны тогтоолын агуулга, үндэслэл, шийдвэрлэсэн байдалтай танилцах;
            3/ Сахилгын хорооны хуралдаанд оролцож байгаа шүүгч, бусад оролцогчийн тайлбарыг сонсох.
            4.9. Сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх хуралдаанд хэргийг илтгэсэн гишүүн давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж байгаа Сахилгын хорооны хуралдаанд дахин илтгэхгүй.
            4.10. Сахилгын хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэсэн бол сахилгын хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцсэн бүрэлдэхүүн дахин нэг удаа хэлэлцэж болно.
            4.11. Сахилгын хороо давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
            1/ Давж заалдах гомдлыг хангахгүйгээр Сахилгын хорооны тогтоолыг хэвээр үлдээх;
            2/ Анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
            3/ Анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны тогтоолын зарим хэсгийг хүчигүй болгох;
            4/ Сахилгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин шалгуулж шийдвэрлүүлэх;
            5/ Сахилгын хорооны тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийг цагаатгах.
            4.12. Сахилгын хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлийг Ажлын албаны мэргэжилтэн хөтөлж, хуралдаан даргалагч, тэмдэглэл хөтөлсөн мэргэжилтэн гарын үсэг зурж баталгаажуулна.
            4.13. Давж заалдах гомдлоор сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн Сахилгын хорооны магадлал эцсийнх байна.
            4.14. Шүүгч сахилгын шийтгэл хүлээснээс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно.
            4.15. Сахилгын шийтгэл хүлээсэн шүүгч нэг жилийн дотор сахилгын шийтгэл дахин хүлээсэн бол Сахилгын хороо түүнийг огцруулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргана.
            4.16. Шүүгчийн гаргасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй.
            4.17. Сахилгын хороо шүүгчид Шүүхийн тухай хулийн 54 дүгээр зүйлд заасан сахилгыншийтгэлийн аль нэгийг оногдуулах бөгөөд шийтгэлийг давхардуулан оногдуулж болохгүй.