- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ПРОКУРОРЫН САХИЛГЫН ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 73 дугаар зарлигийн хавсралт
ПРОКУРОРЫН САХИЛГЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
ПРОКУРОРЫН САХИЛГЫН ДҮРЭМ
1.Прокурорыг урамшуулах, түүнд сахилгын шийтгэл оногдуулахад Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад акт, энэ дүрмийг баримтлана.
2.Прокурор хуулиар тогтоосон чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ гадны нөлөөнд үл автан, гагцхүү хууль,түүнд нийцүүлэн гаргасан Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг удирдлага болгох, хуулийг нэгмөр хэрэглэх явдлыг өөрийн чиг үүргийн хэмжээнд хангах, дээд шатны прокурорын шийдвэрийг заавал биелүүлэх, албан үүрэгт ажилдаа үнэнч шударга, санаачилгатай хандах, мэдлэг, мэргэшлээ байнга дээшлүүлэх, прокурорын ёс зүйн хэм хэмжээг сахих үүрэгтэй. Прокурор нь байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахина.
Хоёр. Урамшуулал
3.Ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргасан прокурорыг дор дурдсанаар урамшуулна:
1/ сайшаах;
2/ хоёр хүртэл сарын үндсэн цалингийн хэмжээний мөнгөн шагналаар шагнах;
3/ Прокурорын байгууллагын хүндэт үнэмлэхээр шагнах;
4/ Прокрорын байгууллагын хүндэт дэвтэрт нэрийг нь бичих;
5/ "Прокурорын хүндэт ажилтан"тэмдгээр шагнах.
4.Улсын ерөнхий прокурор энэ дүрмийн 3 дугаар зүйлд заасан бүх урамшуулал олгох эрхтэй.
5.Улсын ерөнхий прокурорын орлогч нь Улсын ерөнхий прокрорын туслах прокурор, хяналтын прокурор, аймаг, нийслэл, тээврийн болон сум, сум дундын буюудүүргийн прокрорын газрын прокурор; Улсын ерөнхий прокурорын туслах нь өөрийн удирдсан нэгжийн прокурор, аймаг, нийслэл, тээврийн болон сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын прокурор; аймаг, нийслэлийн прокурор нь өөрийн удирдсан прокурорын газар болон харьяа сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын прокурор; тээврийн прокурор нь өөрийн удирдсан прокурорын газрын прокурорыг шагнаж урамшуулах тухай саналаа Улсын ерөнхий прокурорт уламжилж болно. Сум, сум дундын буюу дүүргийн ахлах прокурор өөрийн удирдлагад байгаа прокурорыг шагнаж урамшуулах тухай саналаа дээд шатныхаа прокуророор дамжуулан Улсын ерөнхий прокурорт уламжилж болно.
6.Урамшууллыг тушаалаар олгож энэ тухай хамт олонд нь мэдээлнэ.
7.Энэ дүрмийн 3 дугаар зүйлийн 3, 4, 5-д заасан урамшуулал олгох журмыг Улсын ерөнхий прокурор тогтооно.
8.Улсын ерөнхий прокурор эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан прокурорыг улсын цол, одон, медалиар шагнуулахаар холбогдох байгууллагад зохих журмын дагуу уламжилна.
Гурав. Сахилгын шийтгэл
9.Улсын ерөнхий прокурор Монгол Улсын прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт сахилгын шийтгэл оногдуулна.
10.Улсын ерөнхий прокурорын орлогч нь Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, хяналтын прокурор, аймаг, нийслэл, тээврийн болон сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын прокурорт; Улсын ерөнхий прокурорын туслах прокурор нь өөрийн удирдсан нэгжийн прокурор, аймаг, нийслэл,тээврийн болон сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын прокурорт; аймаг, нийслэлийн прокурор нь өөрийн удирдсан прокурорын газар болон харьяа сум, сум дундын буюу дүүргийн прокурорын газрын прокурорт;тээврийн прокурор нь өөрийн удирдсан прокурорын газрын прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тухай санал гаргаж болно. Сум, сум дундын буюу дүүргийн ахлах прокурор нь өөрийн удирдлагад байгаа прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тухай саналаа дээд шатныхаа прокуророор дамжуулан Улсын ерөнхий прокурорт гаргаж болно.
11. прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тухай саналыг дараахь тохиолдолд гаргана:
1/ прокурор хууль болон байгууллагын дотоод журмыг зөрчсөн, прокурорын ёс зүйн хэм хэмжээ, хуульд заасан албан үүргээ үл биелүүлсэн;
2/ прокурорын шийдвэр хүчингүй болсон буюу өөрчлөгдсөн нь түүний гэм буруугаас шалтгаалсан бол.
12.Сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байна. Шалгалт явуулсны дараа прокурорт сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл тогтоогдсон гэж үзвэл энэ дүрмийн 10 дугаар зүйлд заасан прокурорууд сахилгын шийтгэл оногдуулах тухай санал, шалгалтын баримт сэлтийг Улсын ерөнхий прокурорт ирүүлнэ. Ийнхүү ирүүлэхийн өмнө тэдгээрийг зөрчил гаргасан прокурорт танилцулна. Зөрчил гаргасан прокурор уг баримт сэлттэй танилцаад нэмэлт тайлбар гаргах, нэмэлт шалгалт явуулахыг хүсэж болно.
13.Улсын ерөнхий прокурор, сахилгын шийтгэл оногдуулах тухай санал, холбогдох баримт сэлтийг хүлээн аваад дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/ зөрчлийн шинж байдал, зөрчил гаргасан шалтгаан болон зөрчил гаргагчийн хувийн байдлыг харгалзан прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийн оногдуулах;
2/ нэмэлт шалгалт хийлгэх, нэмэлт баримт сэлт шаардан авах;
3/ прокурорт сахилгын шийтгэл оногдуулах тухай саналыг хэрэгсэхгүй орхих.энэ тохиолдолд санал ирүүлсэн прокурорт үндэслэл бүхий хариу өгнө.
14. Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзвэл энэ тухай тушаал гаргана.Тушаалыг сахилгын шийтгэл хүлээсэн прокурорт танилцуулж хувийн хэрэгт нь хавсаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл сахилгын шийтгэл хүлээлгэсэн тухай хамт олонд мэдээлнэ.
Прокурорт сахилгын шийтгэл оногдуулсан тухай хөдөлмөрийн дэвтэрт нь тэмдэглэхгүй.
15.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш гурван сар /зөрчил гаргасан прокурор өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/, зөрчил гаргаснаас хойш нэг жилээс илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулж болохгүй. Сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулахгүй.
16.Сахилгын шийтгэл оногдуулснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол сахилгын шийтгэлгүйд тооцно.
Сахилгын шийтгэл хүлээсэн прокурор үүрэгт ажлаа үлгэр жишээчээр биелүүлж гаргасан зөрчилд дүгнэлт хийж чадсанаа харуулсан бөгөөд шийтгэл оногдуулснаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол Улсын Ерөнхий прокурор уул шийтгэлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусахаас өмнө арилгаж болно.
Албан тушаал бууруулах шийтгэлийг сахилгын шийтгэлгүйд тооцсон, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаанаас өмнө арилгасан нь прокурорыг өмнөх албан тушаалд эгүүлэн томилох үндэслэл болохгүй.
17.Сахилгын шийтгэл хүлээсэн прокурор энэ тухай түүнд танилцуулснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
---------оОо---------
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх