A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛГЭДЭЛ, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 212 дугаар зарлигийн хавсралт

МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН БЭЛГЭДЭЛ, ЭНГЭРИЙН ТЭМДГИЙН ТОДОРХОЙЛОЛТ, ЗАГВАР, ТЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ


Нэг. Монгол Улсын прокурорын байгууллагын бэлгэдлийн тодорхойлолт, загвар
Прокурор нь хууль ёсыг дээдлэн, шударга үнэнийг эрхэмлэн, улс, нийгэм, иргэдийг аливаа гэмт явдлаас хамгаалан тэмцэгч, төрөө дээдлэн хүндлэгч гэсэн агуулгыг илэрхийлсэн "Бэлгэдэлтэй" байна.
Бэлгэдлийн агуулгыг сэлэм, 8 товруутай бамбай, соёмбо, алдрын навчаар илэрхийлж, Монгол Улсын прокурор гэсэн бичээстэй байна.
Бэлгэдэл нь дугуй хүрээтэй бамбайн дээд хэсэгт сэлэмний бариулыг, бамбайн доод хэсэгт сэлэмний үзүүрийг цухуйлган байрлуулж, бамбайн төв хэсэгт төрийн соёмбыг товойлгож, бамбайн дээд хүрээг тойруулж "Монгол Улсын прокурор" гэсэн үсгийг товойлгосон бичээстэй байна.
Бэлгэдлийг алтан шаргал өнгөтэй металлаар хийнэ.
Хоёр. Прокурорын энгэрийн тэмдгийн тодорхойлолт, загвар
Прокурорын энгэрийн тэмдэг нь Монгол Улсын прокурорын бэлгэдлийн агуулгыг бүрэн тусгасан байна.
Энгэрийн тэмдэг дээр хөх өнгөтэй сэлэмийг бамбайн дээд хэсэгт, бариулыг нь доод хэсэгт үзүүрийг нь цухуйлган байрлуулна.
Бамбай нь давхар хүрээтэй, дугуй хэлбэртэй төвгөр байна. Бамбайн хүрээний доод хэсгийн гуравны хоёрын алтан шар өнгөн дээр 5 товруутай, бамбайн доод хэсгийн гуравны нэгийн цагаан өнгөн дээр шар өнгөөр " Прокурор" гэсэн бичээс байна.
Бамбайн төв хэсгийн хөх өнгөн дээр алтан өнгөтэй соёмбыг товойлгон байрлуулж, бамбайн доод хэсгийг алдрын навчаар хагас хүрээлсэн байна.
Энгэрийн тэмдгийн зүүлт нь "эргэтэй" байна.
Гурав. Прокурорын байгууллагын бэлгэдлийг хэрэглэх журам
1. Прокурорын байгууллагын бэлгэдлийн /цаашид "Бэлгэдэл" гэх/ эх загварыг бүрэн эхээр нь гоёмсог, үзэмжтэй үйлдэж, Улсын ерөнхий Прокурорын ажлын өрөөнд байнга байрлуулна.
2. Бэлгэдлийг бүх шатны прокурорын ажлын өрөө, зөвлөлийн хуралдааны танхим, алдрын тасалгаанд байрлуулж болох бөгөөд шуурхай ажлын суудлын автомашин, прокурорын байгууллагын хэвлэмэл хуудас, Прокурорын гүйцэтгэх болон техникийн ажилтны үнэмлэх дээр дүрслэн хэрэглэж болно.
3. Энэ журамд зааснаас өөр тохиолдолд бэлгэдлийн гагцхүү Улсын ерөнхий прокурорын зөвшөөрснөөр хэрэглэнэ.
Дөрөв. Прокурорын энгэрийн тэмдгийг хэрэглэх журам
1. Прокурор албан үүргээ гүйцэтгэж байх үедээ тэмдгийг байнга зүүх бөгөөд үрэгдүүлэх буюу бусдад шилжүүлж болохгүй.
2. Тэмдгийг алдсан, хаясан, эсхүл бусад хэлбэрээр үрэгдүүлсэн бол энэ тухай Улсын ерөнхий прокурорт нэн даруй мэдэгдэж, түүнийг хүчингүй болгуулах арга хэмжээ авна.
3. Энэ журмын Дөрвийн 2-д заасан тохиолдолд тэмдгийг төлбөртэйгээр нөхөн олгоно.
4. Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 38, 39 дүгээр зүйлүүдэд заасан үндэслэлээр прокурорыг ажлаас чөлөөлсөн, халсан тохиолдол тэмдгийг хурааж авна.
5. Улсын ерөнхий прокурорын газар прокурорын тэмдгийн талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж, прокурорт тэмдэг олгосон тухай хувийн хэрэгт нь тэмдэглэнэ.