A

A

A

Бүлэг: 1979
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 175 дугаар зарлигийн хавсралт

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТҮҮНИЙ ХАРЬЯА САЛБАР НЭГЖИЙН ТАГНУУЛЫН АЖИЛТНЫ ТАНГАРАГ ӨРГӨХ ЖУРАМ


1. Монгол Улсын иргэн Тагнуулын ерөнхий газар, түүний салбар нэгжид анх ажилд орохдоо Тагнуулын ерөнхий газрын тагнуулын ажилтны тангараг /цаашид Тангараг гэх/-ыг ёс төртэй өргөнө.
2.Тангараг өргөх ёслолыг Тагнуулын ерөнхий газар зохион байгуулна.
3. Тангаргыг тагнуулын ажилтнууд хамтаар болон ганцаар өргөж болно.
4. Тангараг өргөх ажилтнуудын нэрсийн жагсаалт, тангараг өргөх хугацааг Тагнуулын ерөнхий газрын дарга батална.
5. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Тагнуулын ерөнхий газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын боловсон хүчний асуудал хариуцсан албан тушаалтан, тагнуулын ажилтнаар анх орж байгаа ажилтныг шууд захирах албан тушаалтан болон бусад ажилтнууд оролцоно.
6. Тангараг өргөх ёслолын байр /газар/-ыг Тагнуулын ерөнхий газрын дарга тогтоож, Тагнуулын ерөнхий газрын боловсон хүчний асуудал эрхэлсэн албан тушаалтан, эсхүл Тагнуулын ерөнхий газрын даргын тусгайлан томилсон албан тушаалтан бэлтгэл ажлыг зохион байгуулж, тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдана. Тангараг өргөх ёслолын байр /газар/-ыг ёслол төгөлдөр тусгайлан бэлтгэж, Монгол Улсын төрийн сүлд, төрийн далбааг хүндэтгэлтэйгээр байрлуулна.
7. Тагнуулын ерөнхий газарт томилогдсон тангараг өргөх ажилтан ёслолын байр /газар/-нд тогтоосон цагт ирж, Монгол Улсын төрийн сүлд рүү харж цэх зогсоно. Хамтаар өргөх бол эгнэн зогсоно.
8. Ёслолын ажиллагааг удирдаж буй албан тушаалтан тангараг өргөх ёслолын ажиллагааг нээж, тагнуулын ажилтнаар томилогдсон ажилтнуудыг Тагнуулын ерөнхий газрын даргад танилцуулан, тангарагын бичгийг тангараг өргөгч бүрт гардуулна..
9. Тангаргыг хамтаар өргөж байгаа үед тангараг өргөгчдийн насаар ахмад нь тагнуулын ажилтны тангаргыг цээжээр дээдлэн дуудаж, бусад нь дагалдана.
Тангаргыг ганцаар өргөгч тангаргыг цээжээр дээдлэн дуудна. Тангараг өргөж байх үед уг ёслолд оролцогчид босож хүндэтгэнэ.
10. Тангаргыг дээдлэн дуудаж дуусаад тангараг өргөгч төрийн сүлдэнд мэхийн ёсолж хүндэтгээд, төрийн далбааны өмнө очиж зүүн өвдөг сөхрөн адис авна..
11. Тангараг өргөсөн ажилтан Тангаргын бичигт тангараг өргөсөн он, сар, өдөр, газар, овог нэрээ бичиж, гарын үсэг зурна.
12. Тангараг өргөсөн ажилтнууд тангаргын бичигт гарын үсэг зурж дууссаны дараа төрийн дуулал эгшиглэнэ.
13.Төрийн дуулал эгшиглэж дуусмагц Тагнуулын ерөнхий газрын дарга тангараг өргөсөн ажилтнуудад баяр хүргэж, ёслолын ажиллагааг хаана.
14. Тангаргын бичгийг тухайн ажилтны хувийн хэрэгт хадгална.
15. Тангараг өргөх ёслолын ажиллагааны талаар тодорхой тэмдэглэл хөтөлнө.
16. Тагнуулын ерөнхий газрын тагнуулын ажилтан төрийн бусад байгууллагад шилжин ажилласны дараа тагнуулын ажилтнаар эргэж томилогдвол тангараг дахин өргөхгүй.