- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ДҮРЭМ / Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон./
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ДҮРЭМ
1. Монгол Улсын иргэдийн авьяас билэг, оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын Төрийн шагнал олгож байна.
2.Төрийн шагналыг шинжлэх ухаанд нээлт хийсэн, шинэ онцгой технологи буй болгосон, оюуны соёлын гоц үнэт бүтээл туурвисан хүмүүст хүртээнэ.
3.Шинжлэх ухаан, технологийн бүтээлүүдийг их, дээд сургууль, мэргэжлийн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж ШУА-ийн холбогдох салбарын Бага чуулганаас; хөгжим, уран барилгын бүтээлүүдийг уран бүтээлийн эвлэл холбоодын хамтын удирдлагын хурлаар хэлэлцэж Соёл урлагийн их сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаас; зохиолч, яруу найрагчдын бүтээлийг утга зохиолын холбогдох үндэсний төвийн хурлаар хэлэлцэж зохиолчдын эвлэлүүдийн удирдах зөвлөлүүдийн хамтарсан хурлаас тус тус нэр дэвшүүлнэ.
Нэр дэвшсэн бүтээл нь шат шатны хуралдаанд оролцогсдын дөрөвний гурваас доошгүй хувийн саналаар дэмжигдсэн байвал зохино. Саналыг нууцаар хураана.
Саналын хуудас, тооллогын комиссын тогтоолыг шат шатны хуралдааны албан тэмдэглэлд хавсаргана.
Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн шагналд нэр дэвшүүлж болно.
4.Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлийг энэ дүрмийн хавсралтад заасан бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийн хамт тухайн оны 4 дүгээр сарын 20-ны дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Тамгын газар баримт бичгүүдийг нарийвчлан бүртгэн авч, ажлын хэсгүүдэд хүлээлгэн өгнө.
Тайлбар:
а. Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой бүтээлийг төрийн шагналд нэр дэвшүүлбэл эл дүрмийн дагууд судлан шинжилж шийдвэрлэнэ.
Б. Төрийн шагналд хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн уг бүтээлийг туурвихад зохиогчийн эрхэд хүрэх хэмжээний хувь нэмэр оруулсан 3 хүртэл хүнтэй байвал зохино.
5. Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээнэ..
6. Төрийн шагнал хүртээх бүтээлийг судлан шалгаруулах үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд:
-Төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах ажлын хэсэг;
-Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсгийг жил бүр томилон ажиллуулна.
7.Ажлын хэсгүүдийг байгуулахдаа:
а/ ажлын хэсгүүдэд өмнөх жилийн бүрэлдэхүүнээс гуравны нэг хүртэл хувийг нь оруулж болно;
б/ төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан хүнийг шинжээчийн ажлын хэсэгт оруулж болно;
в/ төрийн шагналд бүтээл нь нэр дэвшсэн хүнийг ажлын хэсгүүдийн бүрэлдэхүүнд оруулахгүй.
8. Ажлын хэсэг тус бүр 15 хүртэл хүнтэй байна.
9. Бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар тухайн оны 1 дүгээр улиралд багтаан байгуулна.
а/ ажлын хэсэг нь шинжлэх ухаан, технологи, урлаг, утга зохиолын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтэн, төрийн шагналтан, нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдэнэ;
б/ сонгон тодруулах ажлын хэсэг төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүлээн авч шалгаруулалтад оруулна;
в/ ажлын хэсэг төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлд судалгаа хийсэн дүн, сонгон тодруулсан бүтээлийн тухай танилцуулгыг тухайн оны 6 дугаар сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.
10.Төрийн шагнал хүртээхээр сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн захирамжаар томилно. Шинжээчийн ажлын хэсэгт тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүдийг оруулна.
А/шинжээчийн ажлын хэсэг нь сонгон тодруулах ажлын хэсгээс ирүүлсэн бүтээлүүдэд хянан магадлагаа хийж хоёр дахь шатны шалгаруулалтад оруулан төрийн шагнал олгож болно гэж үзсэн бүтээлийн тухай үндэслэл, дүгнэлт, саналаа шагнал гардуулах хугацаанаас 14-өөс доошгүй хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
Б/Монгол Улсын Ерөнхийлөгч шинжээчийн хэсгийн үндэслэл, саналыг судалж, зөвшөөрвөл Монгол Улсын төрийн шагнал хүртээх тухай зарлиг гаргана.
11.Хэсгүүд Ерөнхийлөгчийн захирамжаар баталсан "Монгол Улсын төрийн шагналд нэр дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах болон сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн ажлын хэсгүүдийн ажиллах журам"-ыг мөрдөнө.
12.Хэсгүүд төрийн шагнал хүртээх бүтээлтэй танилцан шалгаруулахдаа мэргэжлийн байгууллага, хүмүүс, олон нийтийн санаа бодол, бүтээлийн талаар гарсан санал, шүүмжийг сайтар харгалзвал зохино.
13.Төрийн шагналд нэр дэвшиж олон нийтэд зарлагдсан бүтээлийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ. Саналыг 9 дүгээр сарын 1-ний дотор бүртгэж авна.
14.Төрийн шагнал хүртээхээр шинжээчийн ажлын хэсгээс санал болгосон бүтээлүүдийн талаар Засгийн газарт Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцуулна.
15.Төрийн шагналыг жил бүрийн намрын дунд сарын шинийн 17-ны билэг дэмбэрэлт өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч ёс төгөлдөр гардуулна.
16.Төрийн шагнал хүртэгчдэд энгэрийн тусгай тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий төрийн шагналтны үнэмлэхийг дагалдах мөнгөний хамт олгоно. Шагналыг дагалдах мөнгөний хэмжээ 10 цэн алтны үнэтэй тэнцэнэ.
17.Монгол Улсын төрийн шагналыг нэг жилд 5 хүртэл бүтээлд хүртээж болно.
18.Төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах болон хянан магадлагаа хийхээр томилогдсон хүмүүст ажлын хөлс олгоно.
19.Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийг тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.
_ _ оОо _ _
Текст томруулах
A
A
A