- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- Хүчингүй болсон - МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ ШТАБЫН ДҮРЭМ
Ерөнхийлөгчийн 1997 оны 111 дүгээр зарлигийн хавсралт
/Энэ зарлигийг 2002 оны 171 дүгээр зарлигаар хүчингүйд тооцсон/
/Энэ зарлигийг 2002 оны 171 дүгээр зарлигаар хүчингүйд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЕРӨНХИЙ ШТАБЫН ДҮРЭМ
1.Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий штаб нь Зэвсэгт хүчин, бусад цэргийн удирдлагын төв байгууллага мөн.
2. Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үйл ажиллагааны үндсэн зорилго нь Зэвсэгт хүчин, бусад цэргийг дайнд ашиглах болон цэргийн дайчилгаа явуулах төлөвлөгөөг боловсруулж биелэлтийг зохион байгуулах, Зэвсэгт хүчин, бусад цэргийг цэргийн мэргэжлийн удирдлагаар хангах, Зэвсэгт хүчний дайчилгааны ба байлдааны бэлэн байдал, сургалт бэлтгэл, соёл хүмүүжилийн ажил, бүх төрлийн хангалт, цэргийн албыг зохион байгуулан удирдах явдал мөн.
3. Зэвсэгт хүчний Ерөнхий штабыг зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон дарга тэргүүлнэ. Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний удирдлагын дор ажиллана.
4. Зэвсэгт хүчний Ерөнхий штабын тайван ба байлдааны цагийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5. Зэвсэгт хүчний Ерөнхий штаб нь үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрэм, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайдын зарлиг, удирдамж, тушаалын хүрээнд явуулж, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, Батлан хамгаалахын сайд нарт ажлаа тайлагнана.
6. Зэвсэгт хүчний Ерөнхий штабын даргын дэргэд түүнд зөвлөх эрхтэй зөвлөл ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга батална.
Тайван цагт Зэвсэгт хүчин, бусад цэргийн хамтын болон харилцан ажиллагаатай холбогдсон асуудлыг хэлэлцэхэд зөвлөлийн хуралдаанд бусад цэргийн штабын дарга, холбогдох албан тушаалтан нарыг оролцуулж болно.
7.Зэвсэгт хүчний Ерөнхий штаб зохих журмын дагуу тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Зэвсэгт хүчний Ерөнхий штабын үүрэг, эрх
8. Зэвсэгт хүчний Ерөнхий штаб дараах үүргийг хүлээнэ:
1/олон улсын болон бүс нутгийн цэрэг-улс төр, цэрэг стратегийн байдлыг байнга судлан дүгнэлт хийж, төрийн дээд болон Зэвсэгт хүчний удирдлагыг зохих мэдээллээр хангахад оролцох;
2/төрийн цэргийн бодлогыг боловсруулахад оролцож Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, зэвсэглэмжийг сайжруулах, бэлэн байдал, байлдааны чадварыг өндөржүүлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;
3/Монгол Улсын Их Хурлын тогтоосон бие бүрэлдэхүүний тооны хязгаарлалтын хүрээнд Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын тайван цагийн орон тоо, тэдгээрийн байршил, Зэвсэгт хүчин, бусад цэргийн байлдааны цагийн орон тооны асуудлаар санал боловсруулах, Зэвсэгт хүчин, бусад цэргийн анги, байгууллагуудын байлдааны томилгоот бүс, чиглэл, үүргийг тодорхойлох;
4/Зэвсэгт хүчин, бусад цэргийг дайнд ашиглах ерөнхий төлөвлөгөө, дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах, байлдааны бэлэн байдлын зохих зэрэгт шилжүүлэх, улсын хил халхлах, цэргийг байлдааны ажиллагааны бүсэд гаргаж хүч задлах, операци, байлдааныг бэлтгэж явуулах, тагнуул-хорлон сүйтгэх бүлэгтэй тэмцэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
5/Зэвсэгт хүчин, бусад цэрэг болон төрөл, мэргэжлийн цэрэг, тэдгээрийн штабуудын харилцан ажиллагааг зохион байгуулах;
6/хилийн цагийн байдалд тогтмол дүгнэлт хийж байх. Хууль тогтоомжийн дагуу гадаадын нисэх хэрэгслийн нислэгийн байдалд цэргийн мэргэжлийн хяналт тавих, агаарын хилийн хамгаалалтыг зохион байгуулах;
7/Зэвсэгт хүчний анги, салбаруудын байлдааны жижүүрлэлтийн горимыг тогтоож, гүйцэтгэлд хяналт тавих;
8/цэргийн дайчилгааны бэлтгэл нөөцийн судалгаа, нэгдсэн тооцоог хөтөлж, Зэвсэгт хүчнийг дайчилгаагаар дэлгэн байгуулах болон дайны үед шаардагдах хүн хүч, зэвсэг техник, галт хэрэглэл, шатахуун, бусад нөөцийн хэмжээ, байршил, бүрдүүлэх аргыг тогтоох санал боловсрууллах;
9/батлан хамгаалах эрх ашгийн үүднээс нутаг дэвсгэрийн судалгаа явуулж, түүнийг төхөөрөмжлөх асуудлаар санал боловсруулах, цэрэг-стратегийн ач холбогдолтой объектыг байгуулах, байршлыг тогтоох талаар мэргэжлийн дүгнэлт гаргах;
10/Зэвсэгт хүчний байнгын бие бүрэлдэхүүн болон дайчилгааны бэлтгэл нөөцийн сургалт, штабуудын бэлтгэлийн чиглэл, арга хэлбэрийг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөж, мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны өндөр түвшинг хангах, тэдэнтэй зохиох соёл хүмүүжлийн ажлын агуулга, үндсэн чиглэлийг тодорхойлох, сургалт, соёл хүмүүжлийн ажлын материаллаг баазыг бэхжүүлэх, шинэ техник хэрэгслээр хангах асуудлыг үе шаттай хэрэгжүүлэх;
11/Зэвсэгт хүчний анги, байгууллагуудад цэргийн албыг зохион байгуулан удирдаж, Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн тангараг, дүрэм, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын даргын тушаалын биелэлтэд хяналт тавих;
12/Зэвсэгт хүчний удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг төлөвлөж хэрэгжүүлэх. Цэргийн холбоо, удирдлагын автоматжуулсан системийн найдвартай байдлыг хангах техник, технологийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;
13/Зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангаж, тэдгээрийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн хангалтыг төлөвлөж удирдах, зохион байгуулах. Зэвсэгт хүчнийг шинэ зэвсэглэл, техникээр хангах санал боловсруулах;
14/Зэвсэгт хүчний ар талын бүх төрлийн материал, хэрэгслийн хангалтыг төлөвлөх, зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гүйцэтгэлд нь хяналт тавих;
15/Зэвсэгт хүчний хэмжээнд цэргийн нууцын хадгалалт, цэргийн далдуур удирдлагын горимыг тогтоож, биелэлтэд нь хяналт тавих;
16/Цэргийн боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлж, цэргийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд эрхийнхээ хүрээнд дэмжлэг үзүүлэх;
17/Цэргийн татлага, халалтыг зохион байгуулах;
18/Бүх цэргийн хар сүлдний хадгалалт, хамгаалалт, үйлчилгээ, залж цэнгүүлэх, тахилга үйлдэх ажлыг зохион байгуулах. Цэргийн ангийн байлдааны туг, тамга тэмдгийг тогтоосон загварын дагуу үйлдүүлэх;
19/төрийн ёслолын цэргийн арга хэмжээг зохион байгуулж явуулах;
20/Зэвсэгт хүчний анги, байгууллагыг иргэний хамгаалалтын чиглэлээр томилгоожуулан бэлтгэж, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюултай тэмцэхэд тэдгээрийг ашиглах, оролцуулах ажлыг зохион байгуулах.
9. Зэвсэгт хүчний Ерөнхий штаб дараах эрх эдэлнэ:
1/ Зэвсэгт хүчний Ерөнхий штаб нь өөрийн чиг үүргийн асуудлаар Зэвсэгт хүчний төрөл цэрэг, бусад цэргийн штабууд, аймсаг, нийслэлийн цэрэг-иргэний хамгаалалтын байгууллагуудад тушаал, үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, шаардлагатай тайлан, мэдээллийг гаргуулан авах;
2/төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжид батлан хамгаалах асуудлаар бие дааж болон эрх бүхий бусад байгууллагуудтай хамтран шалган туслах, мэдээ судлагаа гаргуулж авах;
3/батлан хамгаалах зориулалтаар ашиглаж болох нисэх онгоцны буудал, төмөр зам, авто зам, гүүр, нөөцийн томоохон агуулах, эмнэлэг, холбоо, үйлдвэр, засварын газар, цахилгаан станц зэрэг иргэний барилга байгууламж барих газрыг цэрэг-стратегийн үүднээс судалж, санал дүгнэлт гаргах;
4/цэргийн төлөвлөгөөт сургууль, дайчилгааны цугларалтын үед Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбоо, тээврийн болон шаардлагатай бусад хэрэгслийг дайчлан гаргуулах ажлыг зохион байгуулах;
5/үндсэн хөрөнгийн данснаас техник, зэвсэглэлийг хасах асуудлыг боловсруулж Батлан хамгаалахын сайдын зөвлөлд оруулах;
6/хорооны захирагчийн орлогч, түүнтэй адилтгах болон тэдгээрээс доошхи албан тушаалд офицер, ахлагч нарыг томилох, чөлөөлөх, дээрх албан тушаалын цэргийн цол олгох, хасах. Боловсон хүчнийг сургаж бэлтгэх, удирдах албан тушаалд дэвшүүлэх, шагнаж урамшуулах талаар санал дүгнэлт гаргаж шийдвэрлүүлэх;
7/Зэвсэгт хүчний төсвийн төсөл боловсруулж Зэвсэгт хүчний Ерөнхий штабт хуваарилагдсан төсвийг өөрийн эрх үүргийн хүрээнд захиран зарцуулах;
8/Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бэлэн байдлыг шалган зааварлах;
9/Батлан хамгаалах сайдын зөвшөөрлөөр гадаад орнуудын Зэвсэгт хүчний дээд штабуудтай холбоо тогтоох, хамтран ажиллах.
-------оОо------
Текст томруулах
A
A
A