A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ДҮРЭМ / Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 45 дугаар зарлигаар хүчингүй болсон./
Бүлэг: 1979
Ерөнхийлөгчийн 1997 оны 19 дүгээр зарлигийн хавсралт
 
 
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛЫН ТУХАЙ ДҮРЭМ
 

1.Монгол Улсын иргэдийн авъяас билэг, оюуны бүтээлийг төрөөс үнэлэн Монгол Улсын төрийн шагнал  олгож байна.

2.Төрийн шагналыг шинжлэх ухаанд нээлт хийсэн, шинэ технологи буй болгосон, оюуны соёлын онцгой үнэт зүйл туурвин бүтээсэн хүмүүст хүртээнэ.

3.Шинжлэх ухааны салбарын Бага чуулган, их дээд сургууль, соёл урлаг, уран бүтээлийн эвлэл холбоод, улсын хэмжээний бүтэц бүхий төрийн  бус байгууллагууд хамтын удирдлагын хурлаараа хэлэлцэж олонхийн саналаар төрийн шагнал хүртээх бүтээлд нэр дэвшүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газар төрийн шагналд нэр дэвшүүлж болно.

Төрийн шагналд нэр дэвшүүлсэн үндэслэгээ, холбогдох бусад баримт бичгүүдийг тухайн оны 4 дүгээр сарын 1-ний дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүлээн авна.

4.Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээнэ.

5.Төрийн шагнал хүрээх бүтээлийг судлан шалгаруулах үүднээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд:

-Төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсэг;

-Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн хэсгийг тус тус томилон ажиллуулна.

а/хэсэг тус бүрийн бүрэлдэхүүнийг жил бүр гуравны хоёр хүртэл хувиар шинэчилнэ;

б/төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан хүнийг шинжээчийн хэсэгт оруулж болно;

в/төрийн шагналд нэр дэвшсэн хүнийг хянан магадлагаа хийх шинжээчийн хэсэгт оруулахгүй.

6.Бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар тухайн оны эхэнд байгуулж нийтэд зарлана.

а/хэсэг нь шинжлэх ухаан, соёл, урлаг, утга зохиол, уран барилга, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрүүлийг хамгаалах зэрэг салбарын мэргэшсэн эрдэмтэд, мэргэжилтнээс бүрдэнэ;

б/төрийн шагналд дэвшсэн бүтээлүүдийг бүртгэн авч холбогдох салбарруугаа шилжүүлж сонгон шалгаруулалтад оруулна;

в/ажлын хэсэг төрийн шагнал хүртээх бүтээлийг өөрөө сурвалжлан олж сонгон шалгаруулалтад оруулж болно. Сонгож олсон бүтээлээ нийтэд мэдээлнэ;

г/ажлын хэсэг төрийн шагналд сонгон тодруулсан бүтээлийн тухай саналаа тухайн оны 6 дугаар сарын 15-ны дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

7.Төрийн шагнал хүртээхээр сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн хэсгийг Ерөнхийлөгчийн захирамжаар томилно. Шинжээчийн хэсэгт тухайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оруулна.

а/шинжээчийн хэсэг нь төрийн шагнал хүртээх бүтээл сонгон тодруулах ажлын хэсгээс ирүүлсэн бүтээлүүдэд хянан магадлагаа хийж төрийн шагнал олгуулах тухай саналаа шагнал гардуулах хугацаанаас 20-иос доошгүй хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилна;

б/саналыг Монгол Улсын төрийн шагнал хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж нийтэд мэдээлнэ.

8.Хэсгүүд Ерөнхийлөгчийн захирамжаар баталсан "Монгол Улсын төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах ажлын хэсэг, сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчийн хэсгийн ажиллах журмыг" мөрдөж ажиллана.

9.Хэсгүүд төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон шалгаруулахдаа олон нийтийн саналыг сайтар тусгасан байвал зохино.

10.Төрийн шагналд нэр дэвшиж нийтэд зарлагдсан бүтээлийн талаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэд саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлнэ.

11.Төрийн шагналыг жил бүрийн намрын дунд сарын шинийн 17-ны билэг дэмбэрэлт өдөр гардуулна.

12.Монгол Улсын төрийн шагналыг жил тутам 5 хүртэл бүтээлд хүртээж болно.

13.Төрийн шагнал хүртэгчдэд энгэрийн тэмдэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий диппломыг мөнгөн шагналын хамт олгоно.

Мөнгөн шагналын хэмжээ 10 цэн алтны үнэтэй тэнцэнэ.

14.Төрийн шагнал хамтран хүртэгчдэд шагналын мөнгийг олгохдоо уг бүтээлд тэдгээрийн биечлэн оруулсан бодит хувь нэмрийг харгалзан дор дурдсан жишгийг баримтлана.

-Хэдэн ч зохиогчтой байсан шагналын 50 хувийг үндсэн зохиогчид, үлдсэн хэсгийг хамтран зохиогчид өөрсдөө ярилцан тохирч,

-Үндсэн зохиогч тогтоогоогүй бол зохиогчдод тэнцүү хувааж олгоно.

15.Төрийн шагнал хүртээх бүтээлийг сонгон тодруулах, бүтээлүүдэд хянан магадлагаа хийхээр томилогдсон хүмүүст ажлын хөлс олгоно.

16.Төрийн шагнал хүртээхээр шинжээчийн хэсгээс санал болгосон бүтээлүүдийн талаар Засгийн газарт Ерөнхийлөгчийн Тамгын газраас танилцуулна.

17.Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийн тодорхойлолт, холбогдох бусад баримт бичгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын архивт хадгална.

 

-------оОо------