A

A

A

Бүлэг: 1979
Ерөнхийлөгчийн зарлиг 1992 оны 127 дугаар тогтоолын хавсралт

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ДОТООД ЖУРАМ

/Ерөнхийлөгчийн 1999 оны 155 дугаар зарлигаар хүчингүй болсонд тооцсон/

Монгол УлсынҮндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид Зөвлөл гэх/-ийн дотоод ажлын болон хуралдааны дэгийг Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хууль, мөн бусад хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцүүлэн энэхүү дотоод журмаар тогтооно.
  Нэг. Зөвлөлийн дотоод ажлын зохион байгуулалт
1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг ёсчлон биелүүлж монголын ард түмний үндэсний эрх ашгийг хэрэгжүүлэхэд нэн тааламжтай дотоод, гадаад нөхцлийг бүрдүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицулахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн зорилго оршино.Үүний тулд төрийн бодлогын үндсийг нэгдмэл үзэл баримтлалд тулгуурлан боловсруулж  зохих журмаар батлуулан хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр, засгийн болон улс төр, олон нийт, хоршооллын байгууллагын ажлыг чиглүүлнэ.
2.Зөвлөл нь төрийн дотоод, гадаад бодлогын зарчмын ач холбогдол бүхий стратегийн чухал асуудлыг хэлэлцэж Монгол Улсын хэрэгцээ, бололцоонд тулгуурлан хөгжил дэвшлийн оновчтой хувилбарыг олон янзын үзэл бодлыг харгалзан сонгож Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт санал, зөвлөмж гаргах үүрэгтэй.
3.Зөвлөлийн үйл ажиллагааг Зөвлөлийн тэргүүн-Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь зохион байгуулах бөгөөд Зөвлөлийн эрхлэх ажлын хүрээгээр төрийн гадаад болон батлан хамгаалах бодлого, түүний хэрэгжилттэй холбоотой асуудлыг Ерөнхийлөгч, улс орны дотоод байдал, соёл иргэншлийг хөгжүүлэхтэй холбоотой асуудлыг Улсын Их хурлын дарга, эдийн засаг, байгаль орчны аюулгүй байдлыг хангахтэй холбогдсон асуудлыг Ерөнхий сайд тус тус эрхэлнэ.Энэ нь Зөвлөлийн гишүүд өөрийн бүрэн эрхийн хүрээний ямар ч асуудлыг санаачлан ҮАБЗ-д оруулахад саад болохгүй.
4.Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, зөвлөх, илтгэгч, шинжээчдийн ажлыг зохицуулах үндсэн үүрэгтэй байна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, үнэлэлт, дүгнэлт гаргах, шийдвэрийн үндэслэлийг боловсруулах ажлыг зохион байгуулах гүйцэтгэлийн хяналтыг хангана.Зөвлөлийн төсвөөр зөвшөөрөгдсөн орон тооны болон орон тооны бус ажлын байнгын буюу түр хэсэг байгуулж ажиллуулахыг зохицуулна. Эдгээр ажилд тодорхой хувь нэмэр оруулсан шинжээч, бусад оролцогчдыг ҮАБЗ-ын төсвөөс шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэнэ. Зөвлөлийн ажилд шаардлагатай мэдээ материалыг холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулан авч төлбөрийн асуудал гарвал Зөвлөлийн төсөвт багтаан шийдвэрлэнэ.
5.Зөвлөлийн илтгэгчид нь  хариуцсан салбар, хүрээндээ үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад холбогдох тодорхой асуудлыг судалж, зохих төвшинд боловсруулна.Зөвлөлийн ажлын төлөвлөгөөний буюу зөвлөлийн гишүүний зөвшөөрөл, үүрэг даалгаврын дагуу Зөвлөлийн хуралдаанд илтгэл, санал, шийдвэрийн төсөл оруулж гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ.
Илтгэгчид нь хойшлуулшгүй зарим асуудлыг Зөвлөлийн хуралдаанд оруулах санал гаргах эрхтэй.Улс орны дотоод амьдрал, олон улсын харилцааны онцгой үйл явдалтай холбогдуулан зөвлөлийг яаралтай хуралдуулахыг  шаардаж саналаа оруулах үүрэгтэй.
6.Зөвлөлийн зөвлөхүүд нь Зөвлөлийн хуралдаанд оруулах асуудлын боловсруулалтын түвшинг хариуцаж өөрсдийн чиг үүргийн дагуу шийдвэрийн үндэслэлийг боловсруулахад эрхэлсэн ажил, мэргэжлийн үүднээс зөвлөнө.Үүнд шаардагдах мэдээллээр Зөвлөлөөс хангагдана.Шаардлагатай гэж үзвэл асуудал боловсруулах буюу Зөвлөлийн хурлаар хэлэлцэх явцад Зөвлөлийн гишүүд, илтгэгчдэд тодорхой зөвлөлгөөг амаар буюу бичгээр гаргаж түүнийхээ үндэслэлийг биечлэн хариуцна.Ийнхүү боловсруулах шатанд гаргасан зөвлөмж нь  тухайн асуудлаархи илтгэгчийн байр суурьтай зөрчилдвөл Зөвлөлийн хуралдаанд аль алиныг нь танилцуулна.
7.Зөвлөлийн шинжээчээр тодорхой салбараар мэргэжсэн бөгөөд бие даан судалгаа хийх чадвар, боломжтой эрдэмтэн мэргэжилтнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар орон тооны болон орон тооны бус журмаар томилон ажиллуулна.Шаардлагатай үед өндөр мэргэжлийн хүмүүсийг тодорхой ажил гүйцэтгүүлэхээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын захирамжаар түр татан оролцуулж болно.
Шинжээчдийн мэргэшлийг харгалзан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тулгуурлан ажлын хэсэг, бүлгээр зохион байгуулна.Нэг шинжээч ажлын хэд хэдэн хэсэг, бүлэгт ажиллаж болно.
Шинжээчид Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаар бэлтгэсэн илтгэл, бусад материалыг судалж дүгнэлт зөвлөмж гаргана.Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой хуульд хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцэд санал оруулах, асуулт тавих зэрэгтэй холбогдсон зөвлөмж боловсруулахад оролцоно.
Шаардлагатай үед ҮАБЗ-ийн илтгэгч, зөвлөх нараас боловсруулж буй асуудлаар шийдвэрийн өөр хувилбар боловсруулах буюу ийм ажлыг зохион байгуулж гаргасан санал, дүгнэлтийнхээ үндэслэлийг Зөвлөлийн өмнө хариуцна.Шинжээчид нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрин цагийн хэрэгцээ шаардлага, нүүдэл соёл иргэншлийн өвөрмөц онцлогтой уялдуулан хамгийн үр өгөөжтэй  замаар чиглүүлэхтэй холбогдсон онол, практикийн зарчмын асуудлаар Ерөнхийлөгчийн даалгавраар болон өөрсдийн санаачилгаар бие дааж буюу судалгааны байгууллагыг түшиглэн боловсруулж ҮАБЗ-д толилуулж байна.
Шинжээчид нь холбогдох байгууллагын эрдэмтэд, ажилтнуудыг оролцулсан ажлын хэсгийг тодорхой асуудлаар байгуулан ажиллуулах асуудлыг Зөвлөлийн нарийн бичгийн даргад тавьж шийдвэрлүүлж болно. Улс орны оюуны чадавхийг бүрэн дайчилж ашиглах үүднээс тодорхой асуудлаар онолын бага хурал, өргөн хэлэлцүүлэг зохиож болно.Улс орны амьдралд ихээхэн ач холбогдолтой зарим томоохон асуудлыг боловсруулах ажлын хэсэгт гадаадын нэр хүндтэй эрдэмтнийг урин оролцуулах мэргэжлийн ярилцлага зохиож зөвлөлгөө  авч болно.
Шинжээчид нь судалгаа, дүгнэлтийн ажилд шаардагдах мэдээлэл материалаар Зөвлөлөөс зохих журмын дагуу хангагдана.Ажлын шаардлагаар гадаад, дотоодод Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан томилолтоор явж болно.
Шинжээчдийг төр, засгийн дээд, төрийн захиргааны төв байгууллагын аппаратын ажилтнаас томилохгүй байхыг эрмэлзэнэ.Түр татан оролцуулж байгаа хүмүүст энэ хязгаарлалт холбогдохгүй.
8.ҮБАЗ мэдээллийн сантай байна. Зөвлөлийг шаардагдах мэдээллээр холбогдох байгууллагууд  тогтоосон журмын дагуу хангана.
Зөвлөлийн мэдээллийн урсгалыг давхардалгүй шуурхай зохион байгуулж, зөвлөх, шинжээч, ажлын хэсэгт хүргэх, мэдээллийн нууцлалын горимыг ёсчлон хянах, холбогдох байгууллагуудаас тогтоосон цаг хугацаанд нь мэдээлэл авах, зохих журмын дагуу холбогдох хүмүүст танилцуулах ажлыг Ерөнхийлөгчийн архив, нууцын эрхлэгч гүйцэтгэнэ.
9.Зөвлөл нь үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд онцгой ач холбогдол бүхий  асуудлуудаар стратегийн судалгаа хийх ажлыг зохион байгуулж, ивээл, хяналтдаа байлгана.Зөвлөлийн ивээлийн судалгааны байгууллагыг зөвлөлийн шийдвэрээр тогтооно.Ивээлдээ байлгах судалгааны байгууллага шинээр үүсгэн бий болгох тухай зөвлөмжийг Зөвлөлөөс гаргаж болно.
ҮАБЗ өөрийн ивээлийн байгууллагаас явуулж буй судалгааны явц, байдалтай тогтмол танилцаж, шаардлагатай бол зохих чиглэл зөвлөмж өгнө.Судалгааны ажилтай холбогдсон зохион байгуулалт, төсөв хөрөнгийн асуудлуудыг шийдвэрлэхэд тус дэмжлэг үзүүлнэ.Мөн судалгааны дүнг ашиглах асуудлыг үндэсний эрх ашиг, аюулгүй байдлын хэрэгцээ, шаардлагын үүднээс зохицуулан шийдвэрлэнэ.
ҮАБЗ-ийн ивээлийн байгууллага судалгааны ажилдаа, ялангуяа Зөвлөлийн захиалга, даалгавраар гүйцэтгэж байгаа  судалгаанд шаардагдах мэдээллийг Зөвлөлийн сангаас буюу төрийн холбогдох байгууллагаас тэргүүн ээлжинд авна.
Улсын төсөвт зардлаар судалгаа явуулахад тэргүүн ээлжинд санхүүжинэ.
Боловсон хүчин бэлтгэх, гадаад орны болон олон улсын судалгааны төв, янз бүрийн сантай ажил хэргийн харилцаа тогтоох, зөвлөлгөөн, симпозиум уулзалтад оролцох, мэдээлэл солилцох, ном хэвлэл захиалах зэрэгт ҮАБЗ-өөс дэмжлэг хүсэх эрхтэй бөгөөд Зөвлөл үүнд нь тааламжтай нөхцөл бүрдүүлэхэд туслана.
Зөвлөлийн шугамаар судалгаа явуулах, дүгнэлт зөвлөмж гаргах, төрийн дээд байгууллагын шийдвэр /хууль, тогтоол, зарлиг, зөвлөмж/ боловсруулахад эн тэргүүнд оролцож өөрийн байр суурийг төрийн аль нэг байгууллагыг дэмжилгүй шууд Зөвлөлд танилцуулж үнэлэлт авах эрх эдэлнэ.
10.Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн үндсэн чиг үүрэгт хамаарах асуудлаар судалгаа хийх, хуралдаанаар хэлэлцэх асуудал, илтгэлд дүн шинжилгээ гаргах, шийдвэрийн үндэслэл боловсруулах, Ерөнхийлөгчөөс хуульд хориг тавих, Засгийн газарт чиглэл өгөх зэрэг зорилгоор ажлын хэсэг, бүлэг байгуулж болно.
Ийм хэсэг, бүлэг нь ажиллах тодорхой хугацаатай бөгөөд тэр нь дуусмагц тухайн хэсэг, бүлэг тарсанд тооцно.Энэхүү хэсэг, бүлгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх, шинжээчдээс тэргүүлнэ.
11.Зөвлөл нь шаардлагатай бол үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд холбогдох асуудлаар тус улсын улс төр, олон нийт, хоршооллын байгууллага, иргэдээс хэрэгцээтэй мэдээллийг тухайлсан тохироо, гэрээний үндсэн дээр гаргуулан авах, мөн төрөл бүрийн судалгааг төлбөртэй буюу төлбөргүй захиалга, даалгавар өгөх замаар хийлгэж болно.
12.Зөвлөл нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аюулгүй байдлыг хангах талаар зохиож байгаа ажлын явц , үр дүнг төрийн яам, тусгай газар, орон нутгийн төрийн захиргааны болон бусад аль ч байгууллагад хууль ёсны журмын дагуу шалган танилцаж, тэдгээрийн удирдагчдын илтгэл сонсголыг хэлэлцэн, заалт, чиглэл өгөх эрхтэй. Зөвлөл шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавина.
Хоёр.Зөвлөлийн хуралдааны дэг
Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна.
2.1.Хуралдаанд бэлтгэх талаар:
2.1.1.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг ажлын төлөвлөгөө, гишүүдийн саналын дагуу яам, тусгай газраар, мөн аймаг, хотын засаг даргаар хугацаанд нь чанартай бэлтгүүлэх ажлыг Ерөнхийлөгчийн тамгын газар хариуцаж зохион байгулна.
2.1.2.Зөвлөлд оруулах асуудлыг холбогдох виз, саналын хамтаар яамны сайд, тусгай газар, аймаг, хотын Засаг даргын гарын үсэг /тэдний эзгүйд албан ёсоор орлож байгаа сайд, даргын гарын үсэг/ бүхий дагалдах бичигтэйгээр "Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд" гэж хаяглан ирүүлнэ.Зөвлөлд оруулах материал нь товч утгыг заасан гарчигтай, машиндмал 1 дүгээр хувь байна.
2.1.3.ЕрөнхийлөгчийнТамгын газарт материалыг хүлээн аваад:
а/ уг асуудал нь Зөвлөлийн шийдвэрлэх асуудал мөн эсэх, ямар шийдвэр гаргах шаардлагатайг хянаж үзнэ;
б/ зохих тооцоо судалгаагүй, тогтоосон журам, шаардлагад нийцээгүй шийдвэрийн төсөл, асуудлыг холбогдох газар, байгууллага /хүмүүс/-т нь бүрдлийг хангуулахаар буюу дахин боловсруулж ирүүлэхээр буцаана;
в/ шинжээчдийн хэсгийг ажиллуулан асуудлыг судалж боловсруулсан байдал, үндэслэл нотолгоог нягтлан үзэж, мэргэжлийн үнэлэлт дүгнэлтийг заавал гаргах ба зайлшгүй шаардлагатай бол асуудлыг шинээр боловсруулж шийдвэрийн өөр хувилбар дэвшүүлж болно;
г/ хуралдаанаас гаргах шийдвэрийн төслийг холбогдох хууль, тогтоомжийг удирдлага болгон, үндэсний эрх ашгийн үүднээс нарийвчлан нягталж боловсруулна;
д/ шийдвэрээс гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг заавал багцаалан тооцож зохих арга хэмжээг төлөвлөнө.
Хэлэлцэх зарчмын гол томхон асуудлыг тал бүрээс нь нарийвчлан шүүж боловсруулахын тул аргачлал, зохион байгуулалтын төрөл бүрийн дэвшилт хэлбэр, хувилбарыг ашиглана.
2.1.4. Асуудлыг хянан боловсруулахад илтгэгчээс бусад холбогдох яамдын сайд, тусгай газар, аймаг, хотын гүйцэтгэх захиргаадын дарга, тэдний орлогчид ажил хэргийн чанартай оролцож,шаардагдах материалыг цаг тухайд нь гаргаж өгөх үүрэгтэй.
2.1.5.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг шүүн боловсруулахад Улсын Их хурлын Тамгын газар, Засаг  захиргааны яамны ажилтнуудыг татан оролцуулж болно.
2.1.6.Зөвлөлийн хуралдаанд оруулахаар боловсруулсан асуудлыг  хуралд оруулах эсэхийг Зөвлөлийн тэргүүн тогтоож Зөвлөлийн гишүүдэд урьдчилан танилцуулна.Хуралдааны материалыг Зөвлөлийн гишүүдэд Ерөнхийлөгчийн архив, нууцын эрхлэгч  биечлэн гардуулна.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх илтгэл 7 хуудас /сонсгол 3 хуудас/, танилцуулга 1-2 хуудас, зөвлөх, шинжээчдийн санал дүгнэлт 1-2 хуудасны хэмжээтэй байна.Зөвлөлийн гишүүд хүсвэл үүнээс дэлгэрэнгүй судалгаа, мэдээллийг аль зөвлөх, шинжээчээс авч танилцаж болохыг танилцуулгад заасан байвал зохино.
Хуралдааны материалыг зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн даргад бүрэн багцаар нь, тодорхой асуудлаар илтгэгч албан тушаалтан, мөн санал, дүгнэлт гаргасан ажлын хэсгийн ахлагчид холбогдох хэсгийг нь зөвлөлийн нарийн бичгийн даргын зааварласнаар Ерөнхийлөгчийн архив, нууцын эрхлэгч өгнө.
П.Зөвлөлийн хуралдааныг зохион байгуулах талаар:
2.2.1.Зөвлөлийн  ээлжит хуралдааныг сард нэг удаа хийнэ.Ээлжит бус хуралдааныг Ерөнхийлөгчийн шийдвэрээр буюу Зөвлөлийн аль нэг гишүүний шаардлагаар хийж болно.
2.2.2.Зөвлөлийн хуралдаанд Зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга,Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, Зөвлөлийн зөвлөхүүд бүрэн оролцоно.Илтгэгч болон холбогдох яам, тусгай газрын сайд, дарга, шинжээчид тухайн асуудлаа хэлэлцэх үед оролцоно.Хуралдааны тодорхой үед урилгаар  холбогдох албан тушаалтныг байлцуулж болно.Ийм хүмүүсийг Зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр Зөвлөлийн нарийн бичгийн дарга тогтооно.
Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн гишүүдийн бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хийнэ.
Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлын талаар холбогдох яам, тусгай газар, байгууллага нь нэгэнт зөвшөөрч саналаа  өгсөн бол тэр байгууллагын эрх баригчдыг хуралд заавал байлцуулах явдалгүй, харин санал зөрөөтэй нөхцөлд холбогдох хүмүүсийг заавал байлцуулан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
2.2.3.Хуралдаанд дор дурдсан журмын баримтална:
а/хуралдаанаар хэлэлцэх асуудлын батлагдсан төлөвлөгөөний дэс дараагаар нэг асуудлыг хэлэлцэж дууссаны дараа нөгөө асуудлыг хэлэлцэнэ;
б/хэлэлцэх асуудал нэг бүрт цаг тогтоохгүй боловч нэг удаагийн хуралдааныг нийтэд нь 5 цагийн дотор багтаахаар бодож  зохион байгуулна;
в/ хэлэлцэх асуудлын тухай Зөвлөлийн илтгэгчийн илтгэл, зохих санал дүгнэлтийг эхлэн сонсоно.Илтгэлийг танилцуулах хугацаа 20 минутаас, санал дүгнэлтийг танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байна;
г/ илтгэлд тухайн асуудлыг боловсруулах болсон шалтгаан, боловсруулсан явц, уг асуудлаар бэлтгэсэн төслийн үзэл баримтлал, гаргах шийдвэрийн зорилго, зарчмын гол үндэслэл, хурлын шийдвэр үйлчилж эхэлснээс үүсч гарах нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагаврыг хураангуйлан тодорхойлж, санхүү, эдийн засгийн тооцоог танилцуулж хавсаргана;
д/ зөвлөх, шинжээчдийн санал дүгнэлтэд уг төсөл төрийн бодлогод  ялангуяа үзэл баримтлалаараа нийцэж байгаа эсэх талаар үнэлэлт өгч түүнийг зөвшөөрөх эсэхийг тодорхойлохоос гадна төслийн агуулга, үндэслэл, заалтын талаар зарчмын өөр саналтай бол бүрэн томьёоллоор илэрхийлсэн үндэслэл, шалтгааныг заана.Төсөлд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай зарчмын саналыг томьёолж Зөвлөлийн гишүүдэд урьдчилан танилцуулсан байна;
е/ төслийн тухай илтгэл, дүгнэлтийгсонссоны дараа асуулт, хариулт явуулна.Хэрэв тухайн төслийг баталснаар улсын төсвийн зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын санал, дүгнэлтийг заавал сонсоно;
ж/ хуралдагчид нь хрлын дэглэм журмыг чанд баримталж, хэлэлцэж байгаа асуудалд анхааралтай хандан, ажил хэрэгчээр оролцож байна;
з/ Зөвлөлийн тэргүүн хэлэлцэж буй асуудлын талаар гарсан саналыг нэгтгэн дүгнэж, санал зөрөөтэй асуудлыг хэлэлцүүлэн гаргах шийдвэрийн талаар зөвшилд хүрнэ;
и/Хуралдаанд оролцож буй илтгэгч, зөвлөх, шинжээч болон албаны бусад хүмүүс хэлэлцэж буй асуудлын талаар асууж лавлах, санал гаргах, хурлын байрнаас гарч орохдоо Зөвлөлийн тэргүүнээс зөвшөөрөл авна.
2.2.4.Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, нэгэнт шийдэгдсэн асуудалд хуралдаанаас хойш зарчмын үндсэн өөрчлөлт оруулахыг хориглоно.
Зөвлөлийн шийдвэрийг гишүүд баримтална, хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтан шийдвэрийн хүрээнд ажиллана.
Ш.Хуралдааны шийдвэрийн талаар
2.Ш.1.Зөвлөлийн хуралдаанаас зөвлөмж, протокол гарах бөгөөд түүнд хуралдааны явц хэлэлцсэн асуудлаар зөвшилцөн тохиролцож хэрэгжүүлэхээр тогтсон асуудлуудыг Зөвлөмж хэлбэрээр тэмдэглэнэ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зөвлөмжийн эх хувийг Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлэх бөгөөд тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн бусад гишүүд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.Холбогдох байгууллагад хүргүүлэх Зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөллөлийн нарийн бичгийн дарга нотолсон гарын үсэг зурж илгээнэ. Зохион байгуулалтын шинжтэй үүрэг даалгавар өгсөн асуудлыг протоколд тэмдэглэн түүнийг хэрэгжүүлэгч байгууллагад холбогдох заалтыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэйгээр албан ёсоор хүргүүлнэ.
2.Ш.2.Зөвлөлийн хурлаар зайлшгүй хэлэлцвэл зохих асуудлыг онц шаардлагатай байдлаас гишүүдийн саналыг авах замаар ажлын журмаар шийдэж болно.Энэ тухай протокол гаргана.
2.Ш.3.Зөвлөлийн хурлын нарийн бичгийн даргын үүргийг Ерөнхийлөгчийн шадар туслах гүйцэтгэж дараахь журмыг баримтлан протокол хөтөлнө.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд нь зөвлөлийн нарийн бичгийн дарга хяналт тавьж дүнг Зөвлөлийн тэргүүнд тухай бүрд нь илтгэж, Зөвлөлийн гишүүдэд тогтмол мэдээлж байна.
а/ Хуралдааны явцын тэмдэглэлийг гараар болон соронзон хальсанд нэгэн зэрэг бичнэ.Шаардлагатай гэж үзвэл хуралдааны дуутай дүрс бичлэг хийж болно.Гараар тэмдэглэл хөтлөхдөө хуралдааны явцын дарааллыг хатуу баримталж дараахь зүйлийг тусгана:
-хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг минут;
-хэн ямар асуудлыг ямар үндэслэл шалтгаанаар оруулсан тухай товч томьёолол;
-хэлэлцэж буй асуудлаар санал дүгнэлт гаргасан зөвлөх, шинжээчид;
-хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үг;
-хуралдаан дээр хэлсэн үгийн гол утга санааг тодорхой бичих бөгөөд тусгайлан тэмдэглүүлсэн зүйлийг тухайн хүнд нь хянуулан гарын үсэг зуруулна;
-гаргасан шийдвэрийг /төслийн хувилбарын хамт/ гар тэмдэглэлд хэлэлцсэн дарааллаар нь дугаарлан заавал хавсаргах бөгөөд түүний томьёоллыг зөвлөлийн тэргүүн гишүүдэд танилцуулна;
-Зөвлөлийн хуралдааны протоколд Зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн шадар туслах нар гарын үсэг зурна.
Б/Хуралдааны явцад дараахь баримт бичгийг заавал бүрдүүлсэн байна:
-тухайн өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө, урилгаар оролцсон хүмүүсийн нэр, ажлын газар, албан тушаалын жагсаалт;
-хуралдаанаар хэлэлцсэн илтгэл, шийдвэрийн төсөв /хувилбарууд/ тэдгээрийн танилцуулга, дүгнэлт, санал;
-хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөлийн гишүүдэд тараасан зөвлөх, шинжээчдийн санал;
-хуралдааны явцад  хэлэлцсэн, сонордуулсан, тараасан бусад баримт бичиг.
В/ хуралдааны явцын тухай тэмдэглэл, соронзон бичлэгийг ашиглахдаа дараахь журмыг баримтална:
-хуралдааны явцын гар тэмдэглэл, соронзон бичлэгийг тухайн хуралдааны болон зөвлөлийн үйл ажиллагааны тухай материал бэлтгэж хэвлүүлэх, хэвлэл, мэдээллийн байгууллагад лавлагаа өгөх, маргаантай асуудал шийдвэрлэхэд Зөвлөлийн нарийн бичгийн даргад зөвшөөрлөөр үзүүлж сонсгоно;
-гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг зөвхөн архив-нууцын эрхлэгчийн дэргэд үзэж, сонсох бөгөөд тэдгээрийг олшруулах, хувилахыг хориглоно;
-гар тэмдэглэл, соронзон болон дуутай дүрс бичлэгийг Ерөнхийлөгчийн архивт хадгална.
Гурав. Бусад асуудал
1.Зөвлөлийн мэдээллийн сан, дүн шинжилгээ, бичиг хэрэг, аж ахуй, санхүүгийн хангалтыг Ерөнхийлөгчийн тамгын газар хариуцна.
2.Зөвлөлийн үйл ажиллагааг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас эрхлэн Зөвлөлийн нарийн бичгийн даргын тогтоосон хүрээнд албан ёсоор мэдээлж байна.
3.Зөвлөл бие даасан төсөвтэй байх бөгөөд түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөвт тусгайлан зааж тусгаад Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга захиран зарцуулна.
4.Ерөнхийлөгчийн Тамгын газар нь зөвлөлийн аппаратын хувьд дараахь асуудал эрхлэн гүйцэтгэнэ:
а/Зөвлөлийн гишүүд, зөвлөлийн ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
б/Зөвлөлийн төсөв, санхүүг зохих журмын дагуу зарцуулах;
в/хуралдааны бэлтгэл хангаж, хэлэлцэх асуудлын талаар санал, дүгнэлт бэлтгэх, ажлын хэсэг байгуулж ажиллуулахад тусалж, зохион байгуулах;
г/ Хуралдааны болон ажлын хэсгүүд ажиллах техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж, шаардлагатай танхим, техник хэрэгслийг бэлэн байлгах;
д/Зөвлөлийн шийдвэр, баримт бичгийг танилцуулж, нийтлэх, тараах ажил зохион байгуулах;
е/ Зөвлөлийн шийдвэрийг сурталчлах, биелэлтийг зохион байгуулах;
ж/ Зөвлөлд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээллийг удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах
з/ Зөвлөлийн бичиг хэргийг хөтлөн явуулах, баримт бичгийг архивт хадгалах зохих заавар, журмын дагуу эмхлэн цэгцлэх.
5.Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
6.Зөвлөлийн гишүүд, зөвлөхүүд, илтгэгчид,шинжээчид болон хуралдаанд оролцогсод хэлэлцсэн асуудлын нууцыг чандлан хадгалж задруулахгүй байх үүрэгтэй.
7.Холбогдох яам, тусгай газрын сайд,  дарга нар  зөвлөлийн шийдвэр болон төрийн дээр байгууллагаас өгсөн үүргийг хүлээн авмагц хариуцах эзэн, хугацааг тодорхой заасан тушаал буюу төлөвлөгөө, албан даалгавар гаргаж гүйцэтгэлд нь байнга хяналт тавьж, тэдгээрийг бүрэн биелүүлэх арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй.
8.Зөвлөлийн хуралдааны шийдвэр, үүрэг даалгаврын биелэлтийг холбогдох яам, улсын хороо, тусгай газар, аймаг, хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас зөвлөлд тогтоосон хугацаанд бичгээр илтгэж байна.
--------оОо---------