A

A

A

Бүлэг: 1979
Үндэсний татварын ерөнхий газрын даргын 20000 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 216 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
МЭДЭЭЛЭГЧИД УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
 
                                    Нэг. Нийтлэг үндэслэл
 
            1.1. Энэхүү журмын зорилго нь татвар төлөгчдийн хууль бус үйлдлийн талаар иргэдээс ҮТЕГ, аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-т /цаашид татварын албла гэнэ/ гаргасан мэдээлэл нотлогдсон тохиолдолд мэдээлэгчид урамшуулал олгох, тайлагнахтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
            1.2. Мэдээлэгчид олгох урамшууллыг тухайн татварын албаны дарга, итгэмжлэгдсэн  төлөөлөгч гардуулна.Энэ нь «Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нууцлах, хадгалах тухай тусгай журам»-ын 3.5  дахь заалтад хамаарна.
            1.3. Татварын алба татварын улсын байцаагчийн актаар тавигдсан нөхөн татвар, хүү, торгуулийг улсын төвлөрсөн болон орон  нутгийн төсвийн  орлогын дансанд бүрэн оруулсан нөхцөлд мэдээлэгчид урамшуулал олгоно.
                                    Хоёр. Татварын албаны хөгжлийн сангийн болон туслах данснаас мэдээлгчид олгох ушамршууллыг гаргаж зарцуулах
 
 
            2.1. Мэдээлэгчид олгох урамшууллыг Үндэсний татварын ерөнхий газар Татварын албаны хөгжлийн сангийн данс /цаашид сангийн данс гэнэ/-наас аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/ Татварын албаны хөгжлийн сангийн туслах данс /цаашид туслах данс гэнэ/-наас гаргана.
            2.2. Татварын албад  мэдээлэгчид урамшуулал олгохдоо энэхүү журмын 3 дахь хэсэгт заасны дагуу  хувь, хэмжээг тогтоохдоо дараахь баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
            а/ шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акт, илтгэх хуудас
            б/ мэдээлэгчид урамшуулал олгох тооцооны хуудас
            в/ татварын албаны даргын тушаал
            г/ татварын улсын байцаагчийн актаар тавигдсан нөхөн татвар, хүү, торгуулийг тухайн татвар төлөгч барагдуулслан баримтын хуулбар
            Эдгээр баримт нь сангийн данс, туслах данснаас зарлагын гүйлгээ хийх үндэслэл болно.
 
                        Гурав. Мэдээлэгчид олгох урамшууллын хувь, хэмжээг тогтоох
 
            3.1. Мэдээлэгчид олгох урамшууллын хувь, хэмжээ нь улсын төвлөрсөн  болон орон нутгийн төсөвт орсон орлогын 10 хүртэл хувь буюу урамшууллын дээд хэмжээ нь 5000000 төгрөг байна. Урамшууллын хувь,  хэмжээг тогтоохдоо дараахь баримтуудад үнэслэнэ.
            3.1.1. Шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акт
            3.1.2. Шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн бичсэн шалгалт хийсэн тухай илтгэх хуудас. Шалгалтын илтгэх хуудсанд дараахь зүйлсийг заавал бичсэн байна.
            а/ Мэдээлэл үнэн эсэх, хэдэн хувь нь батлагдсан
            б/ Нийт тавигдсан актны төлбөрөөс хэдэн хувийн төлбөр нь мэдээллийн дагуу тавигдсан
            3.1.3. Шалгалтын явцад мэдээлэлд  огт дурьдагдаагүй шинээр илэрсэн татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлд ногдох актаар тавигдсан төлбөрийг урамшууллын хувь, хэмжээ тогтооход оруулахгүй.
            3.2. Энэхүү журмын 3.1 дэхь заалтыг үндэс болгон харгалзан үзэж урамшууллын хувь, хэмжээг тухайн татварын албаны дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тогтооно.
            3.3. Тухайн татварын албаны дарга мэдэлэгчид олгох урамшууллын хувь, хэмжээ тушаалаар баталгаажуулна.
 
                        Дөрөв.  Мэдээлэгчид урамшуулал олгох, тайлагнах
 
            4.1. Татварын алба татварын улсын байцаагчийн актаар тавигдсан нөхөн татвар, хүү, торгуулийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсвийн орлогын дансанд бүрэн оруулсан өдрөөс мэдээлэгчид 14 хоногт багтаан урамшууллыг  олгоно.
            4.2. Татварын албаны дарга буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч «Мэдээлэгчид урамшуулал олгох тооцооны хуудас» ТМ-38 маягтыг 1 хувь үйлдэнэ.
            4.3. Мэдээлэгчид олгохоор тооцсон урамшууллын дүнгээс хүн амын  орлогын албан татварын хуулинд заасны дагуу тогтоосон хувиар албан татвар ногдуулан дундын суутгал хийж харьяалагдах төсвийн орлогын дансанд шилжүүлж байна.
            4.4. Байгууллагын няраваас санхүүгээс бичиж өгсөн «Кассын зарлагын ордер»-оор урамшууллыг татварын албаны дарга буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч, урамшууллын хувь, хэмжээг тогтоосон үндэслэлийг мэдээлэгчид танилцуулан гардуулж, 4.1-д заасан маягтаар мэдээлэгчээр гарын үсэг зуруулна. Мэдээлэгч гарын үсгийн оронд нууцалсан нэр, паролиа бичиж болно.
            4.5. Татварын алба мэдээлэгчид урамшуулал олгох ажиллагааг нууцлах үүрэгтэй.
            4.6. Сангийн данс, туслах данснаас мэдээлэгчид урамшуулал олгосон зарлагын гүйлгээний болон бусад холбогдох анхан шатны баримт татварын албанд хадгалагдах ба маш нууц зэрэглэлтэй байна.
            4.7. Сангийн данс, туслах дансны гүйлгээний баримтыг батлагдсан журам, аргачлалын  дагуу боловсруулан  дансны бичилт хийж санхүүгийн  тайлан тэнцэл гарган тогтоосон хугацаанд Удирдлага, нөөцийн хэлтэст ирүүлнэ.
 
                        Тав. Журам зөрчсөнд хүлээлгэх хариуцлага
 
            5.1. Мэдээлэгчид урамшуулал олгох журмыг зөрчиж, үүнээс үүдэн байгууллага, улсад хохирол учруулсан ажилтанд хууль тогтоомжид заасан арга хэмжээ авах, сахилгын болон материалын хариуцлага хүлээлгэнэ.
            Энэ журмыг 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.