- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАР НОГДУУЛАЛТЫН ТООЦООГ ХЯНАХ, КОНТОРЫН ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ЗААВАР
ҮТЕГ-ын даргын 2001 оны 04 дүгээр сарын 16-ы өдрийн 63 тоот тушаалын хавсралт
ТАТВАР НОГДУУЛАЛТЫН ТООЦООГ ХЯНАХ, КОНТОРЫН ШАЛГАЛТ ЯВУУЛАХ ЗААВАР
Энэхүү зааврын зорилго нь татвар ногдуулалтын үнэн зөвийг хянах, ногдуулсан татварыг статистик мэдээ, тайланд тусгах, татвар ногдуулалт, төлөлтийн талаар судалгаа хийх, татвар төлөгчидтэй холбоотой цуглуулсан мэдээллийг боловсруулах, хяналт шалгалт явуулах шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг зөв сонгох, төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангахад оршино.
Татварын албан дээр байгаа мэдээ, материалыг ашиглан судалгаа шинжилгээ, хяналт хийх ажлыг конторын шалгалт гэнэ.
Нэг. Энэхүү зааврыг бүх төрлийн албан татвар ногдуулалтын үнэн зөвийг хянах, конторын шалгалт явуулах үйл ажиллагаанд мөрдөж болно. Татварын албад дараах татварын төрлүүдэд ногдуулалтын тооцоог хянах, конторын шалгалт явуулах ажлыг заавал хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
а. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар
б. Нэмэгдсэн өртгийн албан татвар
в.Онцгой албан татвар
г. Хүн амын орлогын албан татвар
д. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
е. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Хоёр. Татвар ногдуулалт, төлөлтийн талаар судалгаа хийж, конторын шалгалт явуулахад аж ахуйн нэгж, байгууллагын улирал, жилийн тайлан тэнцэл, хавсралт тайлангууд, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргаж ирүүлсэн татварын тайлангууд, татвар төлөгчтэй холбоотойгоор цуглуулсан мэдээлэл зэрэг татварын албанд байгаа мэдээ, мэдээлэл, материалыг ашиглана.
Гурав. Татвар ногдуулалт, төлөлтийн талаар конторын шалгалт хийх ажлын эхний шатанд дараах хяналтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
3.1. Тухайн татвар төлөгч тайлан тэнцэлээ үнэн зөв гаргаж, холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан эсэхийг хянана. Хэрэв татвар хураалтын байцаагчид баталгаажуулаагүй тайлан хүлээн авсан бол шалтгааныг тогтооно.
3.2. ААНБ-ын орлогын, НӨАТ-ын, онцгой албан татварын болон хүн амын орлогын албан татварын /ИОТТХ/, АТБӨЯХ-ийн, Үл хөдлөх эд хөрөнгийн болон бусад татвар, төлбөр, хураамжийн тайланд татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцийг бүрэн гүйцэд тодорхойлсон, татварын шаталсан болон тусгайлсан хувь хэмжээг татвар, төлбөр, хураамж бүр дээр зөв мөрдсөн эсэхийг улирал, жилийн тайлан тэнцэл, тайлангийн хавсралт, тодруулга холбогдох хуулийн заалтуудыг үндэслэн хянаж үзнэ.
3.3. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг зөв тооцсон эсэхийг холбогдох хуулийн заалт, түүнийг тайлбарласан Дээд шүүхийн тайлбартай зэрэгцүүлэн хянаж, буруу тооцогдсон тохиолдолд засварлуулж, холбогдох татварын тайланг дахин гаргуулах хүртэл арга хэмжээ авна. Шаардлагатай гэж үзвэл энэ тухай асуудлаар тусгайлан тайлбар, танилцуулга бичиж татварын тайланд хавсаргаж болно.
3.4. Борлуулалтын орлогын хэмжээг улирал, жилийн дүнгээр аж ахуйн нэгж, байгууллагын орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд ижил тусгасан эсэхийг хянана. Хэрэв уг орлогын хэмжээг дээрхи 2 тайланд зөрүүтэй тусгасан байвал шалтгааныг тогтоон шаардлагатай бол засуулж тооцоо хийнэ.
3.5. Аж ахуйн нэгж, байгууллагын жилийн эцсийн тайлан тэнцэлд татварын өрийн үлдэгдлийг зөв тусгасан эсэхийг хянана.
Дөрөв.Татвар ногдуулалт, төлөлтийн талаар конторын шалгалт хийх ажлын хоёр дахь шатанд дараах чиглэлийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
4.1. Конторын шалгалт хийх ажил нь татварын тайлангууд, жилийн эцсийн тайлан тэнцэл, тайлангийн хавсралт, тодруулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэг татварын албан дээр байгаа мэдээ, материалыг ашиглан татвар төлөгчийн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний хэмжээ /биет болон тоон үзүүлэлтээр/, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ явуулж байгаа цэг салбарын тоо, орлого, зардлыг үйлдвэрлэл үйлчилгээний төрөл болон зардлын статъяагаар 3-аас доошгүй жилийн үзүүлэлтийг зэрэгцүүлсэн судалгаа хийх ажлаас эхэлнэ. /Судалгааг аль болохоор хэвшмэл загварт баригдалгүйгээр шаардлагатай гэсэн бүхий л үзүүлэлтийг хамруулан хийнэ./
4.2. Онцгой албан татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн архи, нийлүүлсэн спиртийн хэмжээг 3-аас дээш жилээр зэрэгцүүлэн судлахын зэрэгцээ, борлуулалтанд нөлөөлөх бодитой шалтгаан байсан эсэхийг судлан үзэж дүгнэлт гаргана.
Тухайн жилийн спиртийн зарцуулалтын тайланг спиртийн нийлүүлэлтийн мэдээтэй тулган шалгаж, зөрчил дутагдал байгаа эсэхийг тогтооно.
4.3.Судалгааны материалыг ашиглан тухайн татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын ашигт ажиллагааны түвшингийн өсөлт бууралт, орлого болон зардлын хэт өсөлт, бууралт гэх мэт онцлон авч үзвэл зохих асуудал дээр анхаарал хандуулан гүнгийрүүлэн судалгаа хийж, дүгнэлт гаргана.
4.4. Судалгааны явцад НӨАТ төлөгчөөр бүртгэгдэх болзол хангасан боловч бүртгэгдээгүй аж ахуйн нэгж байгууллага байгаа эсэхийг судлаж үзнэ.
4.5. Татварын тайлангийн болон мэдээллийн бусад эх үүсвэрийг ашиглан ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зэрэгцүүлэн судлаж, адил төрлийн ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиг, ашигт ажиллагааны түвшинд зэрэгцүүлсэн судалгаа хийж, дүгнэлт гаргах ажлыг хийнэ.
4.6. Татвар төлөгч иргэдийн тодорхойлж ирүүлсэн татварын тайланг /ИОТТХ/ нэгтгэн судлаж, татвар төлөгчийн мэдээллийн баазтай тулган үзэхийн зэрэгцээ хөндлөнгийн мэдээ, мэдээлэлтэй иргэдийн татвар төлөлт, тайлан гаргалтын байдлыг онцлон судлаж үзнэ.
4.7. Судалгаа хийхдээ шинээр ажил, үйлчилгээ эрхлэгчид болон татвараас зайлсхийдэг татвар төлөгч нарт онцлон анхаарч, тэдэнтэй холбоотой мэдээ мэдээлэл, тоо баримтыг нарийвчлан судалж, дүгнэлт гаргана.
4.8. Конторын шалгалт хийх явцад хууль бус үйлдвэрлэл, ажил, үйлчилгээ эрхэлдэг тухай мэдээлэл ирсэн, үйл ажиллагааны цар хүрээ нь мэдэгдэхүйц өсч буй болон онцгой төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг татвар төлөгчдийн талаар тэдгээрийн үйлдвэрлэл, үйлчилгээ, борлуулалт, худалдан авалттай холбогдсон хөндлөнгийн мэдээллийг цуглуулж ашиглахад онцгойлон анхаарч судална.
Тав. Татвар ногдуулалтын тооцоог хянаж, судалгаа хийн конторын шалгалт явуулсаны эцэст дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
5.1. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа боловч орлого, татвараа тодорхойлж, татварын тайлангаа тушаагаагүй, тушаасан боловч татварын ногдол хийгээгүй, буруу ногдуулсан нь нотлогдож байгаа татвар төлөгчид татварыг жишгээр тооцож ногдуулах татварын улсын байцаагч /групп/ томилон ажиллуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2. Конторын шалгалтын явцад хийсэн судалгааны дүнг үндэслэн санхүүгийн харьцаануудыг тооцон дүн шинжилгээ хийх замаар хэвийн бус тооцоо, зөрчилтэй татвар төлөгчийг илрүүлэн ажлын байран дээр нь очиж татварын хяналт шалгалт хийх шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонгоно.
5.3. НӨАТ төлөгчөөр нэмж бүртгэх шаардлагатай аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалтыг гаргаж, НӨАТ төлөгчөөр бүртгэж авах ажлыг зохион байгуулна.
Зургаа. Татвар ногдуулалтын тооцоог хянах, судалгаа шинжилгээ /конторын шалгалт/ хийх ажлыг жилийн эцсийн татварын тайлан тушаах хуулийн хугацаа дууссанаас хойш хоёр сарын дотор багтаан хийж гүйцэтгэнэ.
Энэхүү зааварт заагдсан хяналтын болон судалгааны ажлыг хийж гүйцэтгэн конторын шалгалт явуулахын тулд татвар ногдуулалт, хяналт шалгалт хариуцсан байцаагчид татвар төлөгчдийн үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтийн олон жилийн динамик судалгаатай байхаас гадна татвар төлөгч бүр дээр мэдээллийн санг бий болгон түүнийгээ байнга баяжуулж ашиглах үүрэгтэй.
Текст томруулах
A
A
A