A

A

A

Бүлэг: 1979
 ҮТЕГ-ын даргын 2001 оны 85 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 ТАТВАРЫН  БАЙЦААГЧИЙН ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ  ТУХАЙ ЖУРАМ
 
 
Нэг.   Нийтлэг үндэслэл
 
1.1.           Татварын улсын ахлах байцаагч, татварын улсын байцаагч (цаашид Татварын байцаагч гэж нэрлэх) тэмдэг хэрэглэхтэй холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.           Татварын улсын ахлах байцаагч нь «Татварын албаны Улсын ахлах байцаагч», татварын улсын байцаагч нь «Татварын албаны Улсын байцаагч» гэсэн  хувийн дугаар бүхий тэмдэг (цаашид «Тэмдэг» гэж нэрлэх) хэрэглэнэ.
1.3.           Татварын улсын байцаагчийн үнэмлэх,тэмдгийн дугаар ижил байна.  Энэ дугаар нь давхардахгүй.
1.4.           Тэмдгийг хэвлүүлэх, татварын албадад олгох асуудлыг гагцхүү Үндэсний татварын ерөнхий газар хариуцана.
 1.5.    Тэмдэг нь Үндэсний татварын албаны өмч байна.
 
Хоёр.   Тэмдэг олгох.
 
2.1   ҮТЕГ-ын даргын тушаалаар татварын улсын ахлах байцаагч
        болон татварын улсын байцаагчийн эрх олгосон хүмүүст тэмдэг олгоно.
2.2 Татварын байцаагч нарт олгосон тэмдэг, нөөц тэмдгийн  бүртгэл, дардас нь    ҮТЕГ-ын дотоод хяналтын ажил эрхэлсэн ажилтанд хадгалагдана. Мөн тухайн татварын алба нь өөрийн  байцаагч нарт олгосон тэмдгийн   дардас, бүртгэлийг тусгайлан хөтлөнө. Энэ ажлыг нийслэл, дүүрэг, аймгийн татварын албадын тухайд хүний  нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан нь хариуцан хийнэ.
2.3  Татварын алба нь тэмдгийг татварын байцаагч нарын хооронд шилжүүлж олгох, ашиглуулахыг  хориглоно.   
 
 
Гурав.   Тэмдгийг хэрэглэх, хадгалах
 
3.1       Татварын байцаагч нь тэмдгийг эрхэлсэн ажил үүргийн хуваарийн дагуу татварын тайлангууд, акт, мэдэгдэл, шаардах, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, орлого татвар тодорхойлох хуудас, бэлэн мөнгө хураасан баримт, автотээврийн болон бууны бүртгэлийн дэвтэр, үзлэг, тооллого, ажлын зураг авалт хийсэн баримтууд, оноосон нэрийн баталгаажуулалтын хуудас, татвар төлөгчийн гэрчилгээний нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлээс гадна ҮТЕГ-ын даргын тушаалаар баталсан татварын бусад маягтанд тод гаргацтай дарна.
3.2       Татварын хяналт шалгалтын явцад татвар төлөгчийн орлого, зарлагын нэгтгэл, товчоо, журналд дарахын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн бусад  баримтанд дарж болно.
3.3       Татварын байцаагч нь тэмдгийг бусдад шилжүүлэх, ашиглуулах, барьцаалах,  хадгалуулах, хууль бусаар хэвлүүлэх, хэлбэр загварыг өөрчлөх, албан ажлаас бусад тохиолдолд  биедээ авч явахыг  хориглоно.
3.4       Энэ журмын 3.1, 3.2-д зааснаас бусад баримт, бичигт тэмдэг хэрэглэхийг хориглоно .

Дөрөв.  Тэмдгийн хадгалалт, хэрэглэлтэнд хяналт тавих, түүнийг хураах
 
4.1                     Тэмдгийн хадгалалт, хэрэглэлтэнд тухайн татварын албаны дарга хяналт тавьж, хүний нөөцийн асуудал эрхэлсэн ажилтан хавсралт маягтын дагуу бүртгэл гаргаж 5-р сарын 20-ны дотор ҮТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ. Цаашид энэ бүртгэлийг хоёр жилд нэг удаа ирүүлж байна. 
4.2                     Татварын улсын байцаагч нь ажлаас  чөлөөлөгдөх буюу халагдмагц тухайн татварын албаны дарга нь байцаагчийн тэмдгийг хураан авч ҮТЕГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хүргүүлнэ.  
 
Тав.      Хариуцлага
 
5.1               Энэ журмыг зөрчсөн албан тушаалтан,  байцаагчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн гэмт хэргийн шинжгүй  бол Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэл ногдуулна.
5.2               Тэмдгийг үрэгдүүлсэн тохиолдолд 72 цагийн дотор Цагдаагийн байгууллагад тэмдэглүүлж, нийтийн сонин хэвлэлээр зарлуулсны дараа ҮТЕГ-ын даргын тушаалаар түүнийг хүчингүй болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 132.1, 135 дугаар зүйлд заасны дагуу тэмдэгний үнэнд 20000 төгрөг төлүүлсний үндсэн дээр дахин тэмдэг олгоно. Хэрэв татварын улсын байцаагч, татварын улсын ахлах байцаагчийн үнэмлэхээ үрэгдүүлсэн нөхцөлд ҮТЕГ-ын даргын 2000 оны 127 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу хариуцлага тооцсоны үндсэн дээр тэмдгийг хураан авч дахин олгоно.