- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Албан татварын тайлан хүлээн авах журам
ҮТЕГ-ын даргын 2001 оны 07 сарын 16-ны өдрийн 134 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
Албан татварын тайлан хүлээн авах журам
Энэхүү журмын зорилго нь татварын албадад татвар төлөгчөөс гаргасан албан
татварын тайлан, иргэний орлого татвар тодорхойлох хуудас /цаашид "татварын тайлан" гэх/-ыг тогтоосон хугацаанд, тавигдсан шаардлагын хүрээнд хүлээн авах харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжид үндэслэн гаргасан татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд хүлээн авахад энэхүү журмыг баримтална.
1.2 Татвар төлөгчөөс татварын тайлангаа дараахь байдлаар харъяалах татварын
албанд ирүүлнэ.
а/ татвар төлөгч өөрийн биеэр
б/ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр
1.3 Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хуульд заасан хугацаанд ирүүлсэн
татварын тайлан нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
1.3.1 татварын тайланг аж ахуйн нэгж, байгууллагын хувьд нягтлан бодох бүртгэлд, иргэд, хувиараа эрхлэх аж ахуйн хувьд нягтлан бодох бүртгэл болон энгийн бүртгэлд үндэслэн үнэн зөв гаргасан байх.
1.3.2 тайланг батлагдсан маягт, зааврын дагуу үнэн зөв гаргаж, засваргүй 2 хувь үйлдсэн байх.
1.3.3 тухайн татварын тайлангийн хамрах хугацаа, тайлан ирүүлсэн огноог бөглөж, аж ахуйн нэгж, байгууллагын эрх баригч болон хууль ёсны төлөөлөгч гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
1.4 Татварын алба татварын тайлангийн маягт, тайланг нөхөх заавар зэрэг шаардлагатай гарын авлага, материалаар татвар төлөгчдийг тухай бүр хангана.
1.5 Татварын улсын байцаагч нь аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн өмнөөс татварын тайлан, иргэний орлого татвар тодорхойлох хуудсыг бөглөх, тайлагнахыг хориглоно.
Хоёр. Татвар төлөгчөөс татварын тайланг гаргах,харилцагч татварын албанд хүргүүлэх
2.1 Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж харилцагч татварын албанд ирүүлнэ.
2.2 Хууль тогтоомжийн дагуу татварын чөлөөлөлт, хөнгөлтөнд хамаарагдах татвар
төлөгч нь татварын тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй. Харин түүний гаргаж ирүүлсэн татварын тайланг үндэслэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлнэ.
2.3 Татвар төлөгч тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй
тохиолдолд тайланд «х» тэмдэглэгээ хийж ирүүлэх ба татвар төлөгч энэ тухай үндэслэлээ тайлбарласан албан бичгээ хавсаргана.
Гурав. Татварын албанд татвар төлөгчөөс ирүүлсэн тайланг хүлээж авах
3.1.Татвар хураалтын байцаагч хариуцсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс татварын тайланг ирүүлэх ирцэд хяналт тавьж ажиллах бөгөөд тайланг ирүүлсэн дарааллаар нь /хавсралт-1 «Татварын тайлан хүлээн авсан бүртгэл»-д/ бүртгэнэ.
3.2. Татвар төлөгчөөс ирүүлсэн тайланг тухайн татвар төлөгчийг хариуцсан байцаагч дор дурдсан хяналтыг тавьж хүлээж авна.
3.1.1 иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн тайлан нь 1.3-д заасан шаардлагыг хангасан эсэх
3.1.2 Санхүүгийн болон татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайланг гаргасан эсэх
3.1.3 Тайлангийн тоон мэдээллүүд тооцооллын алдаагүй эсэх
3.1.4 Тусгайлсан хувиар татвар ногдуулсан орлого, татварын хувь хэмжээ зөв эсэх
3.1.5 Тайлангийн хугацаанд төлсөн татвар болон илүү, дутуу төлөлтийн дүнг татварын албаны холбогдох бүртгэл /Хавсралт 3 «Татварын тооцооллын хүснэгт/-тэй тулган тохирч буй эсэхийг шалгах
3.1.6 Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үндэслэл зөв эсэх
3.3.Татвар хураалтын байцаагч «Татварын тооцооллын хүснэгт»-ийг татварын
тайлан хүлээн авахын өмнө Мэдээлэл боловсруулалт статистикийн /МБС/ тасгаас хүлээн авна.
3.3.1."Татварын тооцооллын хүснэгт"-д татвар төлөгчийн бүртгэлийн үзүүлэлтүүд, төлсөн татварын дүн, тухайн тайлангийн эхний үлдэгдэл, бусад татварын үлдэгдэл зэрэг үзүүлэлтүүдийг бөглөгдсөн байна.
3.3.2. Татварын улсын байцаагч нь тайлан хүлээн авахдаа хавсралтад тооцооллын хүснэгтийн үзүүлэлтүүдийг тулган шалгаж, татвар төлөгчтэй тохирно. Шаардлагатай тохиолдолд холбогдох залруулгыг хийнэ.
3.3.3. Тухайн тайлангийн тооцооллоор ногдсон татвар болон буцаан олгох татварыг "Татварын тооцоолол хүснэгт"-ийн «татварын тооцоолол» гэсэн хэсэгт бөглөсний дараа тухайн тайлангийн татварын эцсийн үлдэгдлийг тодорхойлно.
3.3.4. Хэрэв тухайн тайлангийн татварын үлдэгдлийг бусад татварын илүү, дутуу төлөлтөөс шилжүүлэн суутган тооцохоор бол энэ тухай бичилтийг "Татварын тооцоолол" хэсэгт тусгаж, татварын төрөл тус бүрийн үлдэгдлийг шинэчлэн тодорхойлон татвар төлөгчтэй тохирч баталгаажуулна.
3.3.5. "Татварын тооцооллын хүснэгт"-ийг 2 хувь үйлдэж нэг хувийг татвар төлөгчид нөгөө хувийг татварын тайланд хавсарган МБС-ийн тасагт өгч ногдлын бүртгэлд авхуулна. МБС-ийн хэлтэс /тасаг/ нь ногдолд оруулсан тайланг хавсралт хүснэгтийн хамт татвар ногдуулалт, хяналт шалгалтын хэлтэс /тасаг/-т тухай бүр шилжүүлнэ.
3.4.Татварын улсын байцаагч нь хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт,
чөлөөлөлт эдлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ирүүлсэн татварын тайланг хүлээн авахдаа хөнгөлөлт, чөлөөлөлтийн тооцоог хянан хавсралт-2-д заасан маягтын дагуу бүртгэж тухайн хэлтсийн даргын тушаалаар баталгаажуулан тайланд хавсаргана.
Дөрөв. Татварын албанд хүлээн авсан тайлангнэгтгэх, мэдээлэх, хяналт тавих
4.1 Татвар хураалтын байцаагч нь хүлээж авсан тайлангийн ирцийн мэдээг татвар хураалтын тасгийн даргад тухай бүр гаргаж өгнө. Татвар хураалтын хэлтэс /тасаг/-ийн дарга энэ мэдээг МБС-ийн хэлтэс /тасаг/-ийн мэдээтэй тулган үзэх замаар хяналт тавина.
4.2 МБС-ийн хэлтэс /тасаг/ нь татвар хураалтын байцаагчдаас ирүүлсэн татварын тайланг нэгтгэн мэдээллийн бааз үүсгэж түүнээс холбогдох мэдээ, судалгааг гаргах бөгөөд түүнийг татварын албаны бүх шатанд ашиглана.
4.3 Хуулийн хэрэгжилтийг хангах хэлтэс нь Мэдээлэл хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст нэгтгэгдэн ирсэн татварын тайлан хүлээн авалтын мэдээг татварын алба, татварын төрлөөр гаргуулан авч шинжилгээ хийж дүгнэлт гарган удирдлагад танилцуулах ба татварын албадыг ажлын удирдамж чиглэлээр хангаж ажиллана.
4.4 Татварын тайлан хүлээн авалтын түвшинг сайжруулах, тайлан нэгтгэлийг хугацаанд нь ҮТЕГ-т ирүүлэх асуудалд тухайн аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-ийн дарга нар хяналт тавьж ажиллана.
Тав. Хүлээлгэх хариуцлага
5.1. Татварын албадад албан татварын тайланг ирүүлээгүй буюу тайланг хугацаа хожимдуулан ирүүлсэн тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A