A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2002 оны 129 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
           
      Хүн амын орлогын албан татвар төлөгчийг тодорхойлж бүртгэх, татварын тооцоо хийх журам
 
Нэг. Зорилго
1.1   Монгол улсын «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу хүн амын орлогын албан татвар төлөгчийг тодорхойлох, бүртгэх, тэдгээртэй татварын тооцоог хийх үйл ажиллагаанд татварын алба, байцаагчдын зүгээс баримтлах ерөнхий зарчим болон үйл ажиллагааны дэс дарааллыг тогтооход энэ журмын зорилго оршино.
1.2   «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу татвар төлөгч иргэнийг татварын албанд бүртгэх, татварын тооцоо хийх үйл ажиллагаа нь тэдгээрийн орлогод татвар ногдуулах, төсөвт төлүүлэх, тайлагнах хэлбэрээс нь шалтгаалан дараахь 4-н чиглэлээр хийгдэнэ. Үүнд:
·                      Хувийн мал бүхий иргэдийг бүртгэх, тэдгээртэй татварын тооцоо хийх
·                      Орлогодоо шаталсан хувиар татвар ногдуулан, суутгуулагч иргэдийг 
                        бүртгэх, тэдгээртэй татварын тооцоо хийх
·                      Тусгайлсан хувиар татвар ногдуулах орлого бүхий иргэдтэй татварын
                         тооцоо хийх
·                      Иргэний орлого, татвар тодорхойлох хуудас /ИОТТХ/-аар тооцоо хийгч
                        иргэд
 
Хоёр. Хувийн мал бүхий иргэн
2.1       Хувийн мал бүхий иргэнийг хувийн мал нь оршин байгаа нутаг дэвсгэрийн татварын алба татвар төлөгчийн бүртгэлд бүртгэнэ. 
2.2       Мал нь байгаа нутаг дэвсгэр гэдэгт мал тооллогын үед мал нь оршин байрлаж буй сумын нутаг дэвсгэрийг ойлгоно.
2.3       Хувийн мал бүхий иргэнийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх ажиллагаа нь «Татвар төлөгчийг бүртгэх журам» -ын дагуу хийгдэж, татвар төлөгчийн бүртгэлийн ТБ 03 маягтыг бүх үзүүлэлтийн дагуу үнэн зөв бөглүүлнэ.
2.4       Хувийн мал бүхий иргэнтэй татварын тооцоог жилийн туршид хийж болох бөгөөд жил бүрийн мал тооллогын үеэр заавал эцэслэн хянана.
2.5       Мал тооллогын үеэр хувийн мал бүхий иргэний ирэх оны татвар ногдуулах малын тоог тодорхойлон ТТ 08 маягтыг бөглүүлж, дараа жилд ногдох татварын хэмжээг урьдчилан тодорхойлно.
2.6       Өмнөх оны мал тооллогын дүнд үндэслэн урьдчилан ногдуулсан тухайн жилийн татварын ногдлыг тухайн жилийн мал тооллогын үеэр эцэслэн тодорхойлж, татварын хэмжээнд залруулга хийнэ.
2.7       Хөтлөгдсөн ТТ 08 маягтыг эдийн засагчид тухайн оны 12-р сарын 31-ны дотор багтаан ирүүлэх бөгөөд эдийн засагч нь түүнийг үндэслэн татвар төлөгчийн тухайн жилийн малын татварын ногдлын дүнг засварлах болон дараа жилийн татварын ногдлыг бүртгэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
2.8       Татварын байцаагч ТТ 08 маягтын дагуу тухайн иргэний тухайн жилийн малын татварын илүү, дутуугийн тооцооллыг хийж гүйцэтгэн, дутуу татварыг төлүүлэх болон илүү төлөлтийг дараа жилийн татварт суутган тооцуулах бичилтийг хийж эдийн засагчид хүргүүлнэ. Түүнчлэн ТТ 08 маягтаар тодорхойлсон татварын ногдлыг дараа жилд төлүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
 
Гурав. Татвараа суутгуулан тооцогч иргэн
3.1    «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу дараахь орлого олж буй иргэдийн орлогод ногдох татварыг уг орлогыг олгож буй аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан хувь хэмжээгээр ногдуулан, суутган тооцож, төсөвт шилжүүлнэ. Үүнд:
а) аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр үндсэн ажлын хэлбэрээр ажиллаж авсан цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл болон адилтгах бусад орлого
б) үндсэн ажлын газраас бусад аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан цалин, хөдлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл болон адилтгах бусад
в) бараа, материал, түүхий эд худалдсаны орлого
3.2    Энэ журмын 3.1 –д заасан орлогыг иргэнд олгож, татварыг нь ногдуулан, суутган тооцож байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь харъяалагдах татварын албанд татвар төлөгч /ТБ 01, 02 маягт/- өөр бүртгүүлэн, суутган авсан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт шилжүүлж, суутган тооцсон татварын тайланг улирал бүр гарган хуульд заасан хугацаанд татварын албанд тушаана. 
3.3    Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3.1-д заасан орлогыг иргэнд олгож, уг орлогод ногдох татварыг суутган тооцсон тухай тайлангаа ТТ 11 маягтаар өссөн дүнгээр гаргахын зэрэгцээ мөн зүйлийн «б»-д заасан орлогын хувьд ТТ 11(2) маягтаар, «в»-д ззасан орлогын хувьд ТТ 11(3) маягтаар иргэн бүрээр задаргаа тайланг тус тус улирал бүр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор тус тус харьцагч татварын албанд ирүүлнэ.  
3.4    Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3.1-ын б, в –д заасан орлогыг иргэнд олгох бүрдээ тухайн иргэний «Татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр»-ийг шаардан, уг дэвтэрт олгосон орлого, татварыг суутган тооцсон тухай тэмдэглэгээг үйлдэж, гарын үсэг зуран, тэмдэг дарж баталгаажуулна.
3.5    Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 3.1 –ын б, в –д заасан орлогыг « Татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» -гүй иргэнд олгох тохиолдолд, уг орлогоос хуульд заасны дагуу 20 хувиар бодож, татварыг нь суутган тооцно. Аж ахуйн нэгж, байгууллагаас гарган ирүүлэх ТТ 11.2 ба ТТ 11.3 маягтанд «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр»-ийн дугаар нь тодорхойгүй иргэнд олгосон орлогод татварыг 20 хувиар ногдуулан суутган тооцсон гэж үзэх ба үүнтэй холбогдон гарах татварын дутууг тухайн аж ахуйн нэгж, байгууллага өөрөө хариуцна. 
3.6    Энэ журмын 3.1-ын «а» –д заасан, өөрөөр хэлбэл энэ төрлийн орлогын ганцхан эх үүсвэртэй иргэн нь татварын албанд бүртгүүлэн, татварын тооцоо хийх шаардлагагүй бөгөөд орлогыг олгож буй аж ахуйн нэгж, байгууллагын суутган тооцсон татварын дүн нь эцсийн тооцоо болно.
3.7    Орлогын үндсэн эх үүсвэрээс гадна энэ журмын 3.2-ын б, в –д ззасан орлоготой иргэн нь оршин сууж буй нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр заавал бүртгүүлж, «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» авч, түүнийг өөрөө хөтөлнө.
3.8    Энэ журмын 3.1-ын б, в –д заасан орлого олж буй иргэн нь орлого олох бүрдээ «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» -т уг орлогыг олгож, татварыг нь суутган авсан ААНБ, иргэнээр тэмдэглэгээ хийлгэж, гарын үсэг зуруулан, тэмдэг даруулж баталгаажуулах ба албан татварын жилийн тооцоог ИОТТХуудас /ТТ 06 маягт/ -аар хийж, харьцагч татварын албанд дараа оны 2-р сарын 15-ны дотор ирүүлнэ. 
 
Дөрөв. Тусгайлсан хувиар татварын тооцоо хийгч иргэн
4.1    «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу дараахь орлого олж буй иргэдийн орлогод ногдох татварыг уг орлогыг олгож буй аж ахуйн нэгж, байгууллага нь хуульд заасан хувь хэмжээгээр ногдуулан, суутган тооцож, төсөвт шилжүүлнэ. Үүнд:
           а ) шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл зохиогч, шинэ бүтээл, оновчтой санал гаргагч, загвар зохион бүтээгч нарын шагнал болон адилтгах бусал шагнал
           б) бооцоот болон тааварт тоглоом, хонжворт сугалааны хонжворын орлого
           в) урлагийн тоглолт, биеийн тамир, спортын уралдаан, тэмцээний шагналын орлого
           г) эрхийн шимтгэлийн орлого
           д) хувьцааны ногдол ашиг, хувь хүртэгчийн орлого
           е) зээлийн болон хадгаламжийн хүүгийн орлого
4.2    Энэ журмын 4.1 –д заасан орлогыг иргэнд олгож, татварыг нь ногдуулан, суутган тооцож байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн, суутгаж авсан татварыг 3 хоногийн дотор төсөвт шилжүүлж, суутган тооцсон татварын тайланг улирал бүр гарган харъяалагдах татварын албанд тушаана.
4.3    Аж ахуйн нэгж, байгууллага нь энэ журмын 4.1 –ийн а, б, в –д заасан орлогын тайланг ТТ 12 маягтаар, мөн зүйлийн г, д, е –д ззасан орлогын тайланг ТТ 13 маягтаар тус тус өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараа улирлын эхний сарын 10-ны дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 10-ны дотор тус тус харьцагч татварын албанд ирүүлнэ.  
4.4    Энэ журмын 4.1-д заасан орлого олж буй иргэн нь татварын албанд бүртгүүлэн, татварын тооцоо хийх шаардлагагүй бөгөөд уг орлогыг олгож буй аж ахуйн нэгж, байгууллагын ногдуулан, суутган тооцсон татварын дүн нь эцсийн тооцоо болно. Татварын алба эдгээр орлогыг олж буй иргэдийн албан татварын тооцоог уг орлогыг олгож буй ААНБ-аар дамжуулан гүйцэтгэнэ.
4.5    Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого олж буй иргэн нь оршин суугаа нутаг дэвсгэрийн татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор төлж, энэ тухай татварын тайланг ТТ 14 маягтаар гаргаж, дараа улирлын эхний сарын 30-ны дотор харьцагч татварын албанд ирүүлнэ.
 
Тав. ИОТТХуудсаар тооцоо хийгч иргэн
5.1     «Хүн амын орлогын албан татварын хууль»-ийн дагуу дараахь орлого олж буй иргэн нь ИОТТХуудсаар татварын тооцоо хийгч иргэн байх бөгөөд эдгээр татвар төлөгч нь жилийн албан татварын тооцоог ИОТТХуудас /ТТ 06 маягт/ -аар гаргаж дараа оны 2-р сарын 15-ны дотор харъяалагдах татварын албанд ирүүлнэ.  Үүнд:
Энэ журмын 3.1- ын б, в –д заасан орлого олж буй иргэд:
ь      Үндсэн ажлаасаа гадуур их,дээд сургууль, коллеж, тусгай мэргэжлийн болон ерөнхий боловсролын сургуульд багшилж буй иргэд
ь      Үндсэн ажлаасаа гадуур хувийн эмнэлэгт үзлэг, эмчилгээ хийж байгаа болон Клиникийн болон нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, төв, амбулаторийн зөвлөх эмч нар
ь      Хувьцаат компаниудын төлөөлөн удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд
ь      Төрийн өмчийн хороо болон Төрийн хянан шалгах хорооны гишүүд
ь      Их, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөлийн гишүүд
ь      Өмгөөлөгчид, нотариатчид
ь      Аж ахуйн нэгж, байгууллагын төрөл бүрийн мэргэжлийн /хууль, эдийн засаг-санхүүгийн, техник, технологийн / орон тооны бус зөвлөхүүд
ь      Төрийн бус байгууллагуудад сонгуультай иргэд
ь      Аж ахуйн нэгж байгууллагад хувиараа бараа, материал бэлтгэн нийлүүлж буй иргэд
ь      Гэх мэт
Хөрөнгө түрээслүүлсний орлого – Хөдлөх /зам барилга, уул уурхай, хөнгөн болон хүнсний үйлдвэрийн машин механизм, тоног төхөөрөмж г.м/ ба үл хөдлөх /байшин, барилга, байгууламж, газар/ хөрөнгөө түрээслүүлж байгаа иргэд гэх мэт Гадаад орнуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Олон улсын байгууллагад болон гадаад орон, олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй төсөлд ажилладаг Монгол иргэд Аж ахуй / хувийн бизнес/ эрхэлсний орлого  - ОТБТБАҮХЭИОАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан нэр бүхий 17 ажил үйлчилгээнээс бусад төрлийн аж ахуй / хувийн бизнес, арилжаа худалдаа/  эрхлэн орлого олж буй иргэд /ХЭАА/ гэх мэт
5.2     ОТБТБАҮХЭИОАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан ажил үйлчилгээ эрхэлж буй иргэдтэй « Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ эрхлэгч иргэний орлогын албан татварын аргачлал» -ын дагуу татварын тооцоо хийнэ. Эдгээр иргэдээс татварын тооцоог Жишиг татварын тайлан  /ТТ 07/ маягтаар улирал бүр гаргуулан авах бөгөөд улирлын тайланг дараа  улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 2-р сарын 15-ны дотор гаргана.
5.3     «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу ИОТТХуудсаар татварын тооцоо хийгч иргэн нь өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлэх үүрэг хүлээхийн зэрэгцээ татварын алба нь өөрийн нутаг дэвсгэрт оршин сууж, үйл ажиллагаа явуулж байгаа ИОТТХуудсаар тооцоо хийгч иргэнийг илрүүлэн олж, татварын тооцоонд хамруулах ажлыг санаачилан хийж гүйцэтгэнэ.
5.4     Энэ журмын 3.3-д заасны дагуу татварын албанд ирүүлэх ТТ 11(2) ба ТТ 11(3) тайлангаар тодорхойлогдсон иргэнийг татварын алба сонгон ИОТТХуудсаар татварын тооцоо хийгч иргэнээр тодорхойлж, тэдгээрийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэн, «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» олгох, жилийн албан татварыг ИОТТХуудсаар тайлагнуулах ажлыг хийж гүйцэтгэнэ. ААНБ-аас ирүүлэх ТТ11(2) ба ТТ11(3) тайланг боловсруулан, ИОТТХуудсаар тооцоо хийгч иргэнийг тодорхойлох ажиллагааг аймгийн татварын хэлтсийн хувьд тухайн аймгийн хэмжээнд, дүүргүүдийн татварын хэлтсийн хувьд Нийслэлийн хэмжээнд төвлөрүүлэн хийнэ. 
5.5      Хөрөнгө түрээслүүлсний болон гадаадад орлого олж буй иргэнийг илрүүлэн олсон татварын алба нь тэднийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэн авч, «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» олгон, тэдгээртэй жилийн албан татварын тооцоог ИОТТХуудсаар хийж болно.
5.6     ИОТТХуудсаар тооцоо хийвэл зохих хувиараа хөдөлмөр, аж ахуй /хувийн бизнес, арилжаа худалдаа/ эрхлэгч иргэнийг татварын албанд цугларах хөндлөнгийн мэдээлэл болон татварын хяналт шалгалтын үр дүнд илрүүлэн олж, татвар төлөгчийн бүртгэлд бүртгэн, «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» олгоно.
5.7     Хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхлэгч иргэн нь өөрийн орлогоо улирал бүр өөрөө тодорхойлж, түүнд ногдох татварыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор харьцагч татварын албанд төлөх бөгөөд энэ тухай тэмдэглэгээг тухай бүр «Татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» -т хийж, хариуцсан татварын байцаагчаар хянуулах бөгөөд жилийн албан татварын тооцоог ИОТТХуудсаар эцэслэн хийж, харъяалагдах татварын албанд ирүүлнэ.
5.8     Татвар төлөгч иргэн нь ИОТТХуудсаа «Татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» -ээ үндэслэн бөглөнө.
 
Зургаа. Татварын алба, байцаагчдын зүгээс журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаа
 
Татвар төлөгчөөр бүртгэх ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
 
6.1        «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн дагуу татвар төлөгчөөр бүртгэх зарчим, татварын тооцоонд хамруулах арга хэлбэр, татварын эцсийн тооцоо хийгч болох үүрэг хариуцлагын талаар нийт ААНБ болон иргэдэд урьдчилан сурталчилах, таниулах ажлыг хийж гүйцэтгэнэ.
6.2      ИОТТХуудсаар тооцоо хийгч иргэнийг илрүүлэн олж, тэдгээрийг татвар төлөгчийн бүртгэлд бүртгэн, «татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» олгох ажлыг хийж гүйцэтгэнэ. «Татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» -ийг олгохдоо татвар төлөгчийн бүртгэлийн мэдээллийн сангаас олгогдох БТД /баримт таних дугаар/-ын дагуу олгох бөгөөд энэ дугаар нь тухайн иргэнд ААНБ-аас орлого олгох болон гадаад худалдаа хийх, хөрөнгөө түрээслүүлэх зэрэг бүх төрлийн ажил, үйлчилгээ гүйцэтгэхэд бүртгэгдэж, эргээд тухайн иргэнийг таних дугаар болоход ашиглагдана.
6.3      Татварын алба нь ИОТТХуудсаар тооцоо хийгч иргэнийг илрүүлэн олж, татвар төлөгчийн бүртгэлд бүртгэх ажлыг өөрсдийн санаачилга, арга замаар хэрэгжүүлэхийн зэрэгцээ татварын албанд цугларах хөндлөнгийн мэдээллийг ашиглах, ТТ 11(2) болон ТТ 11(3) тайланг боловсруулан сонголт хийх арга замуудыг нийтлэг мөрдөн ажиллана.
 
Татварын тайланг гаргуулан, хяналт тавих үйл ажиллагааны хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
  
6.4      Энэ журмын 2 дугаар бүлэгт заасан татвар төлөгч иргэнийг бүртгэлд хамруулах, татварын тооцоо хийх үйл ажиллагааг урьд жилийн тоологдсон малын тоог үндэслэн түүнээс хорогдсон, чөлөөлөгдөх малын тоог хянах замаар хэрэгжүүлнэ.
6.5      ААНБ-аас Суутган тооцсон татварын тайлан 1, 2, 3 –ыг ТТ 11, ТТ 12, ТТ 13 маягтаар улирал бүр гаргуулан авна. Эдгээр тайлангуудаар тодорхойлогдсон татварын ногдлын үнэн зөв эсэхийг холбогдох санхүүгийн баримттай тулган шалгах ажиллагааг хийхийн зэрэгцээ тайлан үзүүлэлтийн дагуу үнэн зөв бөглөгдөж байгаа эсэхэд хяналт тавина.   
6.6      Энэ журмын 3 дугаар бүлэгт заасан татвар төлөгч иргэнийг татварын бүртгэлд хамруулах, татварын тооцоо хийх үйл ажиллагаа зөвхөн энэ журмын 3.1-ийн б, в –д заасан орлоготой татвар төлөгч иргэдийн хүрээнд хийгдэх бөгөөд үүний тулд эдгээр орлогыг олгогч ААНБ-аас ТТ 11 (2) ба  ТТ 11 (3) тайлангуудыг улирал бүр гаргуулан авахад онцгойлон анхаарна. Ийм төрлийн орлогыг иргэдэд байнга олгодог ААНБ-ын судалгааг гаргаж ажиллана.    
6.7      ААНБ-аас ТТ 11 (2) ,11 (3) тайлангуудаар тодорхойлон ирүүлж буй иргэдийн мэдээлэл нь дутуу , татвар төлөгчийн дугаар /регистрийн дугаар/ болон татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтрийн дугаар бөглөгдөөгүй нөхцөлд тэдгээр татвар төлөгчдийн олсон орлогод «Хүн амын орлогын албан татварын хууль» -ийн 8 дугаар зүйлийн 10 дахь заалтын дагуу 20 хувиар татвар ногдуулан, суутган тооцох зарчмыг баримтлаж, дутуу ногдуулсан татварыг суутган тооцогч ААНБ-аар төлүүлнэ. 
6.8      Хоёроос дээш орлогын эх үүсвэртэй буюу хувиараа хөдөлмөр, аж ахуй эрхлэгч иргэнийг илрүүлэн олж бүртгэсний дагуу тэдгээртэй жилийн албан татварын тооцоог ИОТТХуудсаар хийнэ.
6.9      Үл хөдлөх эд хөрөнгө борлуулж буй иргэдийн хувьд ИОТТХуудсаар тооцоо хийхгүй бөгөөд түүний тайланг тусдаа ТТ 14 маягтаар гаргаж, татварын тооцоо хийнэ.
 
 
 
Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны хүрээнд дараахь ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:
 
6.10    Зөвхөн энэ журмын 3.1-ийн «а» -д заасан орлого олдог иргэний хувьд тухайн орлогыг олгож буй ААНБ нь татварын эцсийн тооцоо хийгч болох учраас татварын хяналт шалгалт нь тухайн орлогыг ологч иргэний хувьд бус, тухайн орлогыг суутган тооцогч ААНБ-ын хувьд хийгдэнэ.
6.11  Энэ журмын 3.1-ийн б, в –д заасан орлогыг олгогч ААНБ-ын хувьд эдгээр орлогыг иргэнд олгохдоо тэдгээрийн «Татвар төлөгчийн орлого, татварын бүртгэлийн дэвтэр» -ийг үндэслэн орлого олгож байгаа эсэхэд татварын хяналт шалгалтыг чиглүүлэн ажиллах бөгөөд үүнийг зөрчсөн ААНБ-д энэ журмын 6.7-д заасан хариуцлага хүлээлгэнэ.
6.12  Энэ журмын 4.1 –д заасан орлогыг олж буй иргэдийн хувьд тухайн орлогыг олгож буй ААНБ нь татварын эцсийн тооцоо хийгч болох учраас татварын хяналт шалгалт нь тухайн орлогыг ологч иргэний хувьд бус, тухайн орлогыг суутган тооцогч ААНБ-ын хувьд хийгдэх бөгөөд татварыг үнэн зөв ногдуулан, суутгаж аваагүй бол тэдгээрт хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. 
 
 
                           ҮНДЭСНИЙ ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР