- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Үндэсний татварын ерөнхий газар,Байгаль орчныг хамгаалах албаны даргын 2002 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 07/02 дугаар тушаалын хавсралт
БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР, ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Энэ журмын зорилго нь байгаль орчны болон татварын албад хооронд байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн тухай хуулийн хэрэгжилт, хууль тогтоомж зөрчигчдийн талаарх мэдээллийг харилцан солилцох, түүний хэрэгжилтэд хяналт тавих, хамтын ажиллагааг зохион байгуулан зохицуулахад оршино.
1.3. Үндэсний татварын ерөнхий газар, Байгаль орчныг хамгаалах алба тэдгээрийн орон нутаг дахь нэгжүүд байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг дараах хуулиудын хүрээнд хамтран зохион байгуулна.
а/ Газрын төлбөрийн тухай хууль
б/ Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хууль
в/ Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль
г/ Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль
д/ Байгалийн ургамал ашигласны тухай хууль
Хоёр. Албад хооронд харилцан мэдээлэл солилцох
2.1. Үндэсний татварын ерөнхий газар, Байгаль орчныг хамгаалах алба тэдгээрийн аймаг, нийслэл, сум, дүүргийн нэгжүүд байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн хуулийн хэрэгжилттэй холбогдолтой мэдээллийг харилцан солилцоно.
2.2. Байгаль орчныг хамгаалах алба нь дор дурдсан мэдээллийг холбогдох алба, албан тушаалтанд хүргүүлнэ.
2.2.1. Үндэсний татварын ерөнхий газрын байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн хууль хариуцсан татварын улсын байцаагчид:
а/ дараа жилд ойгоос үйлдвэрлэл, ахуйн зориулалтаар бэлтгэх хэрэгцээний мод, түлээ, үйлдвэрлэл, ахуйн болон тусгай зориулалтаар агнах ан амьтны нэр төрөл, тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоосон шийдвэрийг жил бүрийн 12 сард багтаан;
б/ гадаадын иргэнд агнуурын нөөц ашиглах төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийг улс, орон нутгийн төсвийн орлогын дансанд шилжүүлсэн тухай мэдээллийг хагас бүтэн жилээр 7, 12 дугаар сарын 25-ны дотор;
в/ байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан тушаал, заавар, журмыг тухай бүр;
г/ дараа жилийн газрын төлбөрийн төлөвлөгөөг аймаг, нийслэлээр гаргаж жил бүрийн 12 дугаар сард багтаан.
2.2.2. Гадаадын иргэнд ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгосон тухай мэдээллийг тухайн ан хийх нутаг дэвсгэрийн байгаль орчны болон татварын албанд;
2.3. Үндэсний татварын ерөнхий газар нь Байгаль орчныг хамгаалах албаны ажлын хэрэгцээнд шаардлагатай аливаа байгалийн нөөц ашигласны төлбөрийн мэдээг дараа жилийн 1 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлээр тус тус гаргаж ирүүлнэ.
2.4. Үндэсний татварын ерөнхий газар нь Байгаль орчныг хамгаалах албанаас ирүүлсэн мэдээллийг хүлээн авсан тухай бүрдээ аймаг, нийслэл, дүүргийн татварын хэлтэс /газар/-т хүргүүлнэ.
2.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны алба, байцаагч нь байгалийн нөөцийг ашиглах үйл ажиллагааг байнга эрхлэх зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага болон хууль тогтоомж зөрчиж төлбөргүйгээр байгалийн нөөц ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгуууллагын талаарх мэдээллийг тухайн шатны татварын алба, байцаагчид гаргаж өгнө.
2.6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын албал, байцаагч нь байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогын батлагдсан төлөвлөгөөний хуваарь, гүйцэтгэлийн мэдээг улирал бүрийн дараа сарын 10-ны дотор Байгаль орчны алба, түүний аймаг, нийслэл, сум дүүргийн улсын байцаагчид гаргаж өгнө.
2.7. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлээгүй, төлбөргүйгээр нөөц ашигласан, төлбөр, хураамж төлөхөөс зайлсхийсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын талаархи мэдээллийг Үндэсний татварын болон байгаль орчны алба нь иргэдээс мэдээлэл хүлээн авах, урамшуулал олгох тус тусын журмын дагуу шийдвэрлэнэ.
Гурав. Төлбөр, хураамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
3.1. Аймаг, нийслэл, сум, дүүрэгт ажиллаж байгаа байгаль орчны улсын байцаагч нь байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд нь хяналт тавих, орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангуулах, тайлан мэдээг хуульд заасан хугацаанд тухайн нутаг дэвсгэрийн татварын албла, түүний улсын байцаагчид гаргаж өгөх, хууль тогтоомж зөрчигчдийг илрүүлэх, зөрчил, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авч ажиллана.
3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын хэлтэс, байцаагч нь тухайн нутаг дэвсгэрийн байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтөд дор дурдсан замаар хяналт шалгалтыг хийнэ.
а/ төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлтийг шалгах;
б/ төлбөр, хураамж хураасан эрх бүхий албан тушаалтаны холбогдох данс тооцоог тулган шалгах;
в/ төлбөр, хураамж төлөгчийн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг шалгах;
3.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн татварын хэлтэс, байцаагч нь гадаадын иргэнд агнуулсан ангийн хураамжийн орлогыг тухайн орон нутгийн төсвийн дансанд төвлөрүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийнэ.
3.4. Үндэсний татварын ерөнхий газар, Байгаль орчныг хамгаалах алба нь байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг төлөвлөж, нэгдсэн удирдамжийн хүрээнд жилд 1-2 аймагт зохион байгуулж үр дүнг тооцож илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч байх.
3.5. Аймаг, сумдын татварын болон байгаль орчны албад, байцаагчид нь гадаадын анчдын талаар ирүүлсэн мэдээллийн дагуу төлбөр, хураамжийн ногдуулалт, төлөлт болон агнахыг зөвшөөрөгдсөн ан амьтны тоонд хяналт тавина.
3.6. Үндэсний татварын алба, Байгаль орчныг хамгаалах алба, тэдгээрийн аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны алба, байцаагч нар хамтран зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
3.7. Аймаг, сумдын татварын болон байгаль орчны албад, байцаагчид нь байгалийн нөөц ашиглалсны төлбөр, хураамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тухайн нутаг дэвсгэрт байгалийн нөөцийг ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллалгаанд графикт хугацаанд хяналт шалгалтын ажлыг хийнэ.
3.8. Байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг хамтарч зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг тухайн шатны татварын болон байгаль орчны албанаас санхүүжүүлнэ.
3.9. Байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг хангасан, төлбөр, хураамжийг бүрэн хураасан, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж үр дүнд хүрсэн зэрэг зохих шалгуурыг хангасан татварын орон тооны бус байцаагчийн эрх авсан байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийг тухайн орон нутгийн татварын албанаас шагнаж урамшуулна.
3.10. Байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн тухай хууль тогтоомжийг зөрчигчдөд татварын болон байгаль орчны тухай хууль тогтоомжид заасны дагуу арга хэмжээ авна. Түүнчлэн өмнөх оны төлбөр, хураамжаа барагдуулаагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дараа жилд байгалийн нөөц ашиглах зөвшөөрөл олгохгүй байх хүртэл арга хэмжээ авч болно.
оооОооо
Текст томруулах
A
A
A