- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
ҮТЕГ-ын даргын 2002 оны 175 дугаар тушаалын хавсралт
МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
МОНГОЛ УЛСЫН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын татварын улсын ахлах байцаагч, татварын улсын байцаагч /цаашид «татварын байцаагч» гэх/ нь Үндэсний татварын албаны өмнө тавигдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх,татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, түүнчлэн татвар төлөгчдөд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээг тогтоож, түүнийг дагаж мөрдөх, сахин биелүүлэх, түүнд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
1.2.Дүрэм нь Татварын албаны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зөв явуулах нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Төрийн албаны тухай хууль болон Татварын Ерөнхий хуульд заасан үүргээ чанд биелүүлэх, Татварын албанд ажиллаж байгаа Төрийн захиргааны албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох үйлдлийг гаргуулахгүй байлгах, улмаар тэднийг аливаа зөрчил, дутагдалаас сэргийлж, нэр төрийг нь хамгаалахад чиглэгдэнэ.
1.3.Дүрмэнд заасан ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ нь Үндэсний татварын албанд ажиллаж байгаа иргэний аливаа хувийн ашиг сонирхлыг бүрэн үгүйсгэхгүй бөгөөд гагцхүү төрийн албан хаагчийн хувийн ашиг сонирхол, төрийн болон татварын албаны ашиг сонирхолтой зөрчилдсөн тохиолдолд үйлчилнэ.
1.4.Энэ дүрмийн заалтыг буцаан хэрэглэхгүй.
Хоёр.Татварын улсын байцаагчийн ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээ
Татварын байцаагч нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль тогтоомж, татварын байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, аргачлалыг чанд биелүүлж, бусдын нөлөөнд үл автан, татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж, шударга, үнэнч ажиллах үүргээ биелүүлэхийн тулд дараахь ёс зүйн үндсэн зарчим, хэм хэмжээг баримтлан ажиллана.
2.1.Ёс зүйн үндсэн зарчим: Төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч байж, Монгол Улсын хууль тогтоомж, Татварын албанаас гаргасан дүрэм, журам, заавар аргачлалыг даган мөрдөж, үүрэгт ажлаа мэргэжлийн өндөр түвшинд шударгаар гүйцэтгэнэ.
Ёс зүйн хэм, хэмжээ
2.1.1.Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, мөн хуулийн 15 дугаар зүйл, Татварын хууль, Монгол Улсын Засгийн Газрын 1999 оны 58 дугаар тогтоолоор баталсан «Төрийн захиргааны албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний тухай дүрэм»-ийн заалтуудыг ёсчлон дагаж мөрдөнө.
2.1.2.Татварын байцаагч албан үүргээ гүйцэтгэхдээ ҮТЕГ-аас баталсан үйл ажиллагааны дүрэм /стандарт/, журам, заавар, аргачлалыг чанд баримтлан ажиллана.
2.1.3.Төрийн захиргааны албан хаагчийн хариуцлага, нэр хүндийг ямагт ухамсарлан, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ажиллана.
2.1.4.Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг чанд баримтлан ажиллахын зэрэгцээ албан үүргээ гүйцэтгэж байх үедээ болон албан ажлын цагаар архи, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
2.1.5.Мэргэжил эзэмших, дээшлүүлэх чиглэлээр сургууль, дамжаа, семинарт суралцахдаа зохих журмын дагуу удирдлагадаа танилцуулан албан ёсоор шийдвэрлүүлсэн байна.
2.1.6.Татварын байцаагч сахилгын зөрчил гаргасан, гэмт хэрэг үйлдсэн байдал илэрвэл тухай бүр нь тухайн шатны татварын албаны удирдлагад, шаардлагатай бол ҮТЕГ-ын Ёс зүйн хорооны даргад бичгээр мэдэгдэж байна. Харин энэ талаарх мэдээллийг хүлээн авсан ажилтан мэдээлэгчийн нэрийг нууцлах үүрэг хүлээнэ.
2.2.Ёс зүйн үндсэн зарчим: Бусдын нөлөөнд автахгүй, хэнийг ч ялгаварлахгүй байхын зэрэгцээ эрхэлсэн ажлаа гүйцэтгэхдээ хүнд суртал гаргах, бусдыг чирэгдүүлэх, дарамтлах зэргийг цээрлэнэ.
Ёс зүйн хэм, хэмжээ
2.2.1.Татвар төлөгчтэй харьцахдаа ялгаварлах, хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүргээ биелүүлэхдээ хүнд суртал гаргах, чирэгдүүлэх, дарамтлах зэргийг хориглоно.
2.2.2.Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын хяналт шалгалт хийх явцад бусдын нөлөөнд автах, эрхшээлд нь орж болзошгүй нөхцөл байдал бий болох аливаа харилцаанаас зайлсхийж байна.
2.2.3. Албан үүргээ биелүүлэхдээ гэр бүлийн гишүүд, төрөл садны хүмүүс, бусад этгээдийн нөлөөнд автахгүй, танил тал харахгүй, аливаа хувь хүн болон байгууллагын эрх ашигт нийцүүлэн татварын хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Энэ талаар бусад байцаагчдад хүсэлт тавьж, дарамт, шахалт үзүүлэхийг цээрлэнэ.
2.3. Ёс зүйн үндсэн зарчим: Татвар төлөгчийн эрх ашгийг хүндэтгэн үзэж, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалан ажиллана.
Ёс зүйн хэм, хэмжээ
2.3.1.Албан тушаалынхаа чиг үүргийн хүрээнд олж мэдсэн, эсвэл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, иргэний нууцыг чандлан хадгалж, түүнийг буруугаар ашиглахаас хамгаална. Түүнчлэн өөртөө болон татварын албаны бусад хүмүүст байгаа аливаа мэдээллийг өөрийн болон бусад этгээдийн хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглахыг хориглоно.
2.3.2.Татвар төлөгчийн талаарх мэдээллийг албан ёсны хүсэлтийг нь үндэслэн байгууллага, иргэнд гаргаж өгөхдөө тухайн шатны татварын албаны дарга буюу түүнийг орлож байгаа албан тушаалтны албан ёсны шийдвэр, зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.
2.3.3.Татварын хяналт шалгалтанд хамрагдах татвар төлөгчийн нэр, шалгалт хийх графикт хугацаа, шалгах байцаагчийн буюу мэдээлэгчийн нэр, мэдээллийн утга, агуулга, шалгалтын явцад олсон мэдээлэл, шалгалтын үр дүн болон гэнэтийн үзлэг, шалгалт, нэгдсэн арга хэмжээ, тэдгээрийг гүйцэтгэх бүрэлдэхүүн, хийх хугацаа, арга хэлбэр, удирдамж зэргийн нууцлалыг чанд хадгалана.
2.4.Ёс зүйн үндсэн зарчим: Төрийн байгууллага, Төрийн албан хаагчийн нэр хүндийг дээдлэх ба хэн нэгэн этгээдийн хувийн сонирхлын үүднээс албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно.
Ёс зүйн хэм, хэмжээ
2.4.1.Татвар төлөгчийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, тайлан тэнцэл гаргах, аудит хийхийг хориглоно.
2.4.2.Төрийн ашиг сонирхол зөрчигдөх нь татварын албаны нэр хүндэд нөлөөлөх төдийгүй улсад хор, хохирол учруулж болох тул дараахь зүйлийг хориглоно:
· Хууль, тогтоомжоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих албан тушаалтантай гэр бүл, төрөл, садангийн хүн нь тухайн ажлын албаны нэгжид ажиллах, түүнийг албан тушаал дэвшүүлэх, дотоод, гадаадын сургалтад сонгон шалгаруулах, тендер шалгаруулагчийн бүрэлдэхүүнд оролцох, ажил үүргийн хуваарийн дагуу хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагад ажилд оруулах;
· Гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз нөхдийн удирддаг болон тэдний ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй татварын тооцоо хийх, хяналт шалгалт явуулах, ивээлдээ байлгах, хэрэв дээрхи татвар төлөгч тендерийн шалгаруулалтад оролцож байгаа бол тухайн тендерийг шалгаруулах шалгаруулагчийн бүрэлдэхүүнд оролцох, тендер шалгаруулагчийн шийдвэрт нөлөөлөх, татварын албанд бараа, үйлчилгээ авах, гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцох;
· Татвар төлөгчдөөр өөртөө болон гэр бүлийн гишүүн, төрөл, садан, найз нөхөддөө үнэгүй буюу хөнгөлөлттэй үйлчлүүлэх;
· Өөрийн болон хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс хариуцсан татвар төлөгчид ямар нэгэн хэлбэр /оюуны болон биет/-ийн хөрөнгө оруулалт хийх;
· Хууль, тогтоомжоор зөвшөөрснөөс бусад ажил, үүргийг өөр газар, байгууллагад давхар гүйцэтгэх;
2.4.3.Татварын байцаагч нь татвар төлөгчийн хууль бус үйлдлийг нуун дарагдуулах, албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглоно. Үүнд:
· Хувьдаа болон бусдад ашиг олох зорилгоор албан тушаалаа ашиглах, орлого татвараа нуух, татвар төлөхөөс зайлсхийхтэй холбогдсон зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
· Бусад байцаагчид болон удирдлагадаа ажилладаг байцаагч нарт дарамт, шахалт үзүүлэх, заналхийлэх;
· Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг хууль бусаар эдлүүлэх, ажил үүргийн хуваарийн дагуу өөрийн хариуцсан татвар төлөгчөөс мөнгө зээлдэх, эд хөрөнгө, барилга байгууламж, бусад зүйлсийг зах зээлийн жишгээс хямд үнээр худалдан авах, түрээслэх;
· Удирдлагын зөвшөөрөл, батлагдсан удирдамж, томилолтгүй, өөрийн санаачилгаар хэн нэгэн этгээдийн хувийн эрх ашгийн үүднээс татварын хяналт шалгалт хийх;
· Татварын хяналт шалгалтын ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дутуу хийх, татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил дутагдлыг илрүүлэхгүй орхих, татвар төлөгчтэй хувийн журмаар үгсэн тохирох, ая тал засах, татварын зөрчил, төлбөрийг хөнгөлөх, нуун дарагдуулах, хяналт, шалгалтын ажлын явц, үр дүнгийн талаар ажил үүргийн хуваарийн дагуу удирдах албан тушаалтнаас бусад этгээдэд мэдээлэх, баримт бүрдээгүй байхад акт, дүгнэлт, илтгэх хуудас бичих;
· Татварын хяналт шалгалт хийсэн боловч Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт, илтгэх хуудсанд гарын үсэг зурж, тэмдгээ дарахгүй байх, эсвэл татварын хяналт шалгалтанд оролцоогүй байж тухайн хяналт шалгалтын материалд гарын үсэг зурж, тэмдэг дарах, мөн татвар төлөгчийн талаар баталгаа, тодорхойлолт гарган өгч, тэмдэг дарах;
2.4.4.Татварын байцаагч нь өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн зорилгоор ашиглах, албан үүргээ хэрэгжүүлсний төлөө аль нэгэн этгээдийн өмнө хууль тогтоомжид заагдаагүй үүрэг хүлээх, бэлэг, дурсгал, шан харамж, шагнал, урамшуулал авахыг хориглоно.
2.4.5.Татвар төлөгчийн аливаа урилгаар дайллага, цайллагад оролцох бол өөрийн татварын албаны даргадаа мэдэгдэж зөвшөөрөл авна. Уг арга хэмжээнд оролцохдоо согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай зүй бусаар харьцах, тухайн байгууллагын дотоод дэг журам зөрчихийг цээрлэнэ.
Дор дурьдсан нөхцөлд урилгыг хүлээн авахыг хориглоно:
· Татвар ногдуулах, татвар хураах, татварын өр барагдуулах, татвар төлөгчийг бүртгэх, нэмэлт, өөрчлөлт хийх, татварын хяналт шалгалт хийх зэрэг албаны аливаа үйл ажиллагааны өмнө, явцад болон дараа нь өөрийн санаачилга ба татвар төлөгчийн урилгаар зоог, дайллагад оролцох;
· Гэрээ, хэлэлцээрт оролцогчид, тендер зарлагч, бараа нийлүүлэгчийн санал болгосон зоог, дайллагад оролцох;
2.4.6. Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглоно.
2.4.7.Татвар төлөгчдөөс авилгал авах, бусад байцаагчид авилгал өгөхөд зуучлахыг хориглоно. Хэрэв татвар төлөгч авилгал өгөхийг оролдвол энэ тухай татварын албаны удирдах албан тушаалтан, хууль хяналтын байгууллагад мэдэгдэж байна.
2.4.8.Төрийн албан хаагчийн хувьд өөрийн албан тушаалын давуутай тал, боломжийг хувийн өш хонзон авах зорилгоор ашиглахыг хориглоно.
2.4.9.Онцгой албан татварын тэмдэг, патент, торгууль шийтгэврийн хуудас зэрэг үнэт цаас, тооцоот маягтыг өөрөө ашиглах, бусдад ашиглуулахыг эрс цээрлэнэ.
2.4.10.Татварын төлбөрийг татвар төлөгчөөс бэлэн мөнгөөр хураан авснаас хойш 12 цагийн дотор төсвийн орлогод оруулж байх, үүнээс хэтрүүлбэл төсвийн мөнгийг хувьдаа ашигласан гэж үзэж хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
2.4.11.Татварын албаны удирдах ажилтан, нягтлан бодогч, байцаагчид нь төсвийн орлогыг цаг тухайд нь холбогдох дансанд шилжүүлэхгүй авч үлдэн байгууллагын болон хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно.
2.5.Ёс зүйн үндсэн зарчим: Татвар төлөгчдөд Төр, засгийн бодлого, хууль тогтоомжийг сөргөөр тайлбарлан таниулах, сурталчилах, хууль бус заавар, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.
Ёс зүйн хэм, хэмжээ
2.5.1.Эрхэлж буй ажил, үүргийнхээ хүрээнд Засгийн газраас явуулж буй бодлого, түүний хэрэгжилт, татварын албанаас хийж буй ажил, хэрэгжүүлж буй арга хэмжээ, татвар төлөгчийн талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тайлбар хийх, хэвлэлд нийтлэх, радио, телевизээр нэвтрүүлэх, яриа таниулга хийх зэргээр нийтэд мэдээлэхдээ тухайн татварын албаны даргын зөвшөөрлийг үндэслэнэ. Гэхдээ татвар төлөгчийн нэр хүнд, бизнесийн нууцад сөргөөр нөлөөлөхүйц мэдээллийг тухайн татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр мэдээлэх, татварын алба, татварын байцаагч, татвар төлөгчийн талаархи аливаа мэдээллийг өөрийн болон хэн нэгэн этгээдийн хувийн зорилгод ашиглахыг тус тус хориглоно.
2.5.2.Төр, засгийн болон татварын албаны тухайн үеийн удирдлагаас явуулж буй бодлого, шийдвэр, авч буй арга хэмжээг улс төрийн үзэл бодлын үүднээс сөргөөр тайлбарлан таниулахыг хориглоно. Харин дээрх чиглэлээр шүүмжлэлтэй хандах бол тухайн асуудлаархи санал бодлоо зохих шатны байгууллага, хүмүүст тавих, албан ёсоор хүргүүлэх аргаар харилцаж байвал зохино.
2.5.3.Удирдах албан тушаалтнаас өгсөн чиглэл, даалгавар болон хууль тогтоомжид заасан нууцалбал зохих шийдвэрлэгдээгүй мэдээллийг тараах, татварын албанаас явуулж буй бодлого, татварын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхээр гаргасан бусад заавар журам, аргачлал зэргийг татвар төлөгчдөд гуйвуулан тайлбарлахыг цээрлэнэ.
2.6.Ёс зүйн үндсэн зарчим: Татварын байцаагч нь үйл ажиллагаандаа төрийн хуулийг дээдэлж, төрийн ашиг сонирхолд захирагдан, улс төрийн талаар төвийг сахиж, захирах, захирагдах ёсыг тууштай хэрэгжүүлнэ.
Ёс зүйн хэм хэмжээ
2.6.1.Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль нэг улс төрийн хүчнийг илт дэмжих буюу шүүмжлэх байдлаар ялгавартай хандах ёсгүй бөгөөд улс төрийн хувьд төвийг сахиж ажиллана.
2.6.2.Төрийн бус байгууллагад сонгогдон ажиллаж болох боловч тэрхүү сонгууль, томилолт нь албан хаагчийн хувьд албан үүргээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байвал зохино.
2.6.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын гишүүнийн сонгуульд нэрээ дэвшүүлэх бол албан тушаалаас чөлөөлөх хүсэлтээ гаргаж, төрийн бус байгууллагын орон тооны албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх бол энэ тухайгаа байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтанд урьдчилан мэдэгдсэн байна.
2.6.4.Үзэл бодлоо илэрхийлж үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрх чөлөөгөө эдлэхдээ өөрийн албан тушаалд хүндэтгэлтэй хандаж, Төрийн байгууллага, түүгээр үйлчлүүлэгч олон түмний хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байдал гаргахыг цээрлэнэ.
2.6.5.Үнэнч шудрага, төлөв төвшин байдал, соёлтой харьцаагаараа бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж, хууль тогтоомжид заасан албан үүргээ гүйцэтгэхдээ бүх хүнтэй соёлч боловсон харилцаж, ард түмний ёс заншлыг хүндэтгэж, сахин биелүүлнэ. Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг айлган сүрдүүлэх, нэр төрийг гутаах, гүтгэх, басамжлах, зүй бус үг хэрэглэх, доромжлохыг хориглоно.
2.7.Ёс зүйн үндсэн зарчим: Татварын байцаагч нь байгууллагын эд хөрөнгийг ариг, гамтай хэрэглэж, албан ажлаас бусад нөхцөлд ашиглах, бусдад түрээслүүлэх, түр хэрэглүүлэх, ашиглуулахыг хориглоно.
2.7.1.Байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлс болон байгууллагын албан хэрэгцээний мэдээ, материал, мэдээллийн санг албаны бус зориулалтаар ашиглах, бусдад ашиглуулах, албан ажилд зориулсан хөрөнгийг бусад ажилд зарцуулах, хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно.
2.7.2.Өөрийн хэрэглэдэг үнэмлэх, тамга, тэмдэг, үнэт цаасны хадгалалт, хамгаалалтыг бүрэн хариуцаж, бусдад ашиглуулах нөхцөл боломжийг олгохгүй байхын зэрэгцээ албан бланк, тамга, тэмдэг, албан бичиг баримтыг хууль бусаар ашиглах, хуурамчаар үйлдэхийг хориглоно.
2.7.3.Татварын улсын байцаагчийн тэмдгийг ажил үүргийн хуваарийн дагуу ҮТЕГ болон удирдах байгууллагаас баталсан баримт, бичгээс бусад зүйлд дарах бусдад хэрэглүүлэхийг хориглоно.
2.8.Ёс зүйн үндсэн зарчим: Татварын байцаагч нь өөрийн өмчийн байдал, орлогын талаар үнэн зөв мэдээлж байна.
Ёс зүйн хэм, хэмжээ
2.8.1.Өөрийн гэр бүлийн хөрөнгө, орлогын байдал, түүнд орсон өөрчлөлтөө Татварын албанд шинээр орж буй төрийн захиргааны албан хаагч нь орсон тухай үед, бусад татварын байцаагч нь тогтоосон журмын дагуу жилд нэг удаа үнэн зөв гарган дараа оны эхний улиралд багтаан мэдээлнэ.
Гурав. Ёс зүйн байдлын удирдлага, хяналт
3.1.Татварын байцаагчийн ёс зүйн байдалд татварын газар, хэлтсийн дарга, түүний шийдвэрээр томилогдсон Ёс зүйн хороо хяналт тавьж байна.
3.2.Татварын албаны удирдлага нь татварын байцаагч татвар төлөгчөөс авилгал болон бэлэг шан харамж авсан болон нууцлах ёстой мэдээллийг бусдад дамжуулсан эсэхэд иргэд болон хамт ажилладаг хүмүүсийн мэдээлэл, өөрийн ажиглалтаар хяналт тавьж тийм зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, аливаа зөрчил илэрвэл албан ёсоор сануулга өгөх, Ёс зүйн хороогоор шалгалт хийлгүүлэн холбогдох арга хэмжээ авах зэргээр ажиллана.
3.3. Татварын байцаагчийг шууд удирддаг татварын газар, хэлтэс, тасгийн дарга нь тухайн татварын байцаагчийн амьдрал ахуй, зан харьцаанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажиглан, тэр нь өөрийнх нь гэр бүлийн орлого, хөрөнгийн байдалтай хэрхэн уялдаж байгааг судлан дүгнэлт хийж хяналт тавина.
3.4.Татварын албад нь татварын байцаагчийн ёс зүйн дүрмийн шаардлагыг хэрхэн хангаж байгаад хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн ажиллана.
3.5.Татварын байцаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих, шалган дүгнэлт гаргах, ёс зүйтэй холбогдсон асуудлаар гаргасан даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий орон тооны бус Ёс зүйн хороог Үндэсний Татварын Ерөнхий Газарт, Ёс зүйн салбар хороог Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтэст ажиллуулна. Ёс зүйн хорооны дарга нь Үндэсний Татварын Ерөнхий Газарт хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгжийн дарга, Нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтэст тухайн татварын албаны татварын улсын ахлах байцаагч байна.
3.6.Ёс зүйн хороо нь 3-аас доошгүй гишүүнтэй байна. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн татварын албаны дарга томилно.
3.7.Ёс зүйн хороо нь дараахь эрх, үүрэгтэй ажиллана:
3.7.1.Татварын байцаагчийг ёс зүйн зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, авигалаас ангид байлгах стратегийг тодорхойлж, энэ талаар тухайн жилд хийх, ажлын төлөвлөгөө боловсруулан батлуулж хэрэгжилтийг хангуулах;
3.7.2.Татварын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай үйлдлийг шалган тогтоон дүгнэлт гаргах;
3.7.3.Шаардлагатай нөхцөлд мэргэжлийн хүмүүс оролцуулсан ажлын хэсэг томилуулан шалгуулах;
3.7.4.Татварын байцаагчийн ёс зүйн асуудлыг шалгахад шаардагдах нэмэлт материал, баримтыг холбогдох албан тушаалтнаас гаргуулан авах, асууж тодруулах, танилцах, шалгуулахаар доод шатны татварын албаны Ёс зүйн хороонд шилжүүлэх;
3.7.5.ҮТЕГ-ын Ёс зүйн хорооноос бусад татварын албаны ёс зүйн хорооны үйл ажиллагааг хянан шалгах, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан бол түүнийг хүчингүй болгох;
3.8.Ёс зүйн хороо татварын байцаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг дараахь
байдлаар хянаж шалган дүгнэлт гаргана:
3.8.1.Ёс зүйн хороо өөрийн санаачилгаар;
3.8.2.Иргэд байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу;
3.8.3.Эрх бүхий байгууллага, албан тушаалтан, дээд шатны ёс зүйн хорооны даалгаснаар;
3.9.Татварын байцаагч Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзвэл дээд шатны татварын албаны Ёс зүйн хороонд дүгнэлт гарснаас хойш ажлын 10 хоногийн дотор хандаж болно.
3.10.Ёс зүйн хороо татварын байцаагчаас зөрчил гаргасан эсэх, зөрчил гаргасан тохиолдолд дүгнэлт гарган, ямар хариуцлага ногдуулах талаар санал боловсруулна:
3.10.1.Тухайн татварын байцаагчийн зөрчил, алдаа гаргасан эсэхийг тогтоох;
3.10.2.Татварын байцаагчийн гаргасан зөрчлийг үндэслэн татварын улсын байцаагчийн эрхийг хасах буюу түдгэлзүүлэх, эсэх талаар санал боловсруулах;
3.10.3.Сахилгын ямар шийтгэл ногдуулах талаар санал гаргах;
3.10.4. Зөрчил нь шалгалтаар нотлогдоогүй бол энэ тухай татварын албаны удирдлагад танилцуулж, шаардлагатай бол хамт олонд мэдээлэл хийж болно.
Дөрөв. Хүлээлгэх хариуцлага
4.1.Хууль тогтоомж, өргөсөн тангараг, энэхүү дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн татварын байцаагчийн үйлдэл, эс үйлдэл нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.
4.2.Сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн шатны татварын албаны дарга тушаалаар ногдуулна.
4.3.Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг тухайн байцаагчийн хувийн хэрэгт хавсаргана. Шаардлагатай гэж үзвэл байгууллагын хамт олонд мэдээлнэ.
4.4.Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй.
4.5.Сахилгын зөрчлийн хор холбогдол, улсад учруулсан хохирлын хэмжээ зэргийг үндэслэн тухайн татварын байцаагчийн шууд удирдах даргад сахилгын арга хэмжээ авч болно.
4.6.Албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг татварын улсын ахлах байцаагчид ногдуулна. Татварын улсын байцаагчид татварын улсын байцаагчийн эрхийг хасч, албан тушаал бууруулж болно.
4.7.Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй.
4.8.Сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.
4.9.Сахилгын шийтгэлийн талаар шүүхэд гомдол гаргаж болно.
Тав. Бусад
5.1.Ажлаас чөлөөлөгдсөн, татварын албанаас халах сахилгын шийтгэл хүлээсэн байцаагч нь байцаагчийн хувийн дугаар бүхий тэмдэг, энгэрийн тэмдэг, үнэмлэх, үнэмлэхний хавтас, үнэт цаас болон бүртгэлд тусгагдсан эд хөрөнгийн тооцоог ажлын 5 хоногт багтаан хийж дуусгасан байна.
5.2.Татварын албанаас халах сахилгын шийтгэл нь төрийн албанаас чөлөөлөх, татварын албанд дахин авахаас татгалзах үндэслэл болох бөгөөд харин Эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
ooOoo
Текст томруулах
A
A
A