A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын дарга,   ЦЕГ-ын даргын 2002 оны 9 сарын 26- ны өдрийн 181/348 тоот тушаалаар батлав.
 
 
ТАТВАРЫН АЛБАНААС ХЭРЭГ БҮРТГЭХ БАЙГУУЛЛАГАД ТАТВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МАТЕРИАЛ ШИЛЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
 Нэг.     Нийтлэг үндэслэл
 
1.1.               Энэ журам нь  Монгол Улсын Татварын ерөнхий хууль, албан татварын бусад хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль / Цаашид татварын хууль тогтоомж гэх / зөрчсөн Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан татварын гэмт хэргийн шинж бүхий үйлдэл, эс үйлдлийг шалгуулахаар  Хэрэг бүртгэх байгууллага / Цаашид хэрэг бүртгэх алба гэх /- д шилжүүлэхэд Үндэсний татварын албаны ажилтан нараас анхны нотлох баримт, материалыг Монгол Улсын хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд бүрдүүлэх, шилжүүлэх, хэрэг бүртгэх алба, татварын алба болон хоёр байгууллагын ажилтанууд хуулийн хүрээнд хамтарч ажиллахтай холбогдох харилцааг зохицуулна.
 
1.2.               Татварын алба, татварын улсын байцаагч нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлого нуусан, татвар төлөхөөс зайлсхийсэн нь баримтаар нотлогдсон үйлдэл / Монгол Улсын Эрүүгийн хуулийн 162, 166, 167 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүхий үйлдэл / - д эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичнэ.
                                                                                                                                  
1.3.               Дүгнэлтэд түүнийг бичсэн он, сар, өдөр, эрүүгийн хэрэг үүсгүүлэх болсон зөрчлийн тухай тэмдэглэл, зөрчлийг нотлох анхны баримт, татварын албаны дарга болон татварын улсын байцаагчийн овог нэр, тухайн этгээдийн тайлбар, түүнд уг дүгнэлтийг танилцуулсан он, сар, өдрийг тусгана.
 
1.4.               Дүгнэлтэд  уг гэмт үйлдлийг нотолж гэрчлэх анхны баримт ( санхүү, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, мэдүүлэг, падаан, татварын бүртгэл, тайлан, орлого, татвар тодорхойлох хуудас, дэвтэр, тухайн татвар төлөгчтэй харилцагч байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримт, падаан, албан тодорхойлолт, гэрээ, үйлдлийг гэрчлэх этгээдийн тайлбар, тодорхойлолт, өргөдөл, гомдол, мэдээлэл, шалгалтын явцад татварын байцаагчаас хөтөлсөн тэмдэглэл, шүүх нягтлан бодох шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд түүний дүгнэлт, татвар, санхүү, эдийн засаг, банк, хууль хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллага болон татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэр, тайлбар, тодорхойлолт, танилцуулга, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хувийн хэргийн холбогдох материал /оноосон нэрийн зөвшөөрөл, дүрэм, хөрөнгийн тодорхойлолт, үүсгэн байгуулагчдын хурлын тэмдэглэл, гэрээ, эхлэлтийн баланс / - ууд, иргэний хувьд иргэний бүртгэлийн бичиг баримт, оршин байгаа болон суугаа газрын засаг захиргааны байгууллагын тодорхойлолт гэх мэт ) -ын үндсэн эх хувь буюу хуулбар, түр хугацаагаар хураан авсан, битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийн тухай тэмдэглэл, актыг хавсаргасан байна.
 
1.5.               Дүгнэлтэд хавсаргах нотлох баримт, материалыг татварын алба, татварын улсын байцаагчаас бүрдүүлэхдээ татварын гэмт үйлдлийн  онцлогоос шалтгаалан   энэ журмын 1.4.-д заасан баримт материалаас тухайн гэм буруутай үйлдлийг нотлох баримтыг цуглуулж, бүрдүүлнэ.
 
1.6.               Татварын алба нь дүгнэлт бичигдээгүй материалыг хэрэг бүртгэлтэнд шилжүүлэхийг хориглоно. Дүгнэлт бичигдсэн тохиолдолд ажлын 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр уг материалыг хэрэг бүртгэлтэнд заавал шилжүүлсэн байна.
 
1.7.               Татварын албанаас удаа дараа дуудахад ирээгүй, ихээхэн хэмжээний албан татвар төлөхөөс оргон зайлсан, шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй болсонд  тооцоогүй байхад хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа татвар төлөгчийн хаяг, байршил, түүний төрөл төрөгсдийн хаяг байршил болон мэдэгдэж байгаа бололцоотой бүх хаяг, эрж хайсан тухай бүхий л баримт, байцаагчийн мэдэгдэл, шаардлага, урьд нь харилцаж байсан хаяг, харилцах утасны дугаар зэргийг тодорхой авч хүргүүлнэ. 
 
1.8.               Татварын алба, татварын улсын байцаагч нь татвар ногдуулах, төлүүлэх, татвар хураах, хяналт шалгалтын ажиллагааны явцад илэрүүлсэн татварын хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлийн шинж байдлыг сайтар судлаж, шаардлагатай бол хууль эрх зүйн мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө авах, эрх бүхий ажилтнаар хянуулсаны үндсэн дээр гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзсэн тохиолдолд Татварын ерөнхий хууль, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих тухай хууль, Захиргааны хариуцлагын хууль, татварын бусад хууль тогтоомжийн холбогдох заалтын дагуу шийдвэрлэнэ. 
 Хоёр.   Хэрэг бүртгэлтэнд шалгуулахаар шилжүүлэх гэмт хэргийн шинж бүхий үйлдэл  
 
2.1.               Татварын хууль тогтоомж зөрчсөн, Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэмт хэргийн шинж бүхий дараахь үйлдлүүдэд энэ журмын 1.4.-д заасны дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлнэ.
 
2.1.1.             Татвар ногдох их хэмжээний орлого, эд хөрөнгө, ажил, үйлчилгээ бусад  зүйлийг нуух, тэдгээрийн тоо хэмжээг зориуд бууруулан мэдээлэх, байнга оршин суугаа газар, хаягаа өөрчлөх зэргээр албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн үйлдэл. Эрүүгийн хуулийн их хэмжээ гэдгийг Улсын Дээд Шүүхээс хэрхэн тайлбарласнаар ойлгоно.  Үүнд :
-          орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг биетээр нуун дарагдуулсан, тоо хэмжээ, үнийг санаатай багасгаж тусгасан,
-          үндэслэлгүйгээр бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд шилжүүлсэн,
-          нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй  
      орхигдуулсан,
-          нягтлан бодох бүртгэл, татварын тайланд санаатай буруу бичилт
       хийсэн,
-          хууль бус хэлцэл хийсэн, хуурамч бичиг баримт үйлдэж орлогоо  
      зохиомлоор багасгах, зардлаа өсгөсөн, хуурамчаар өглөг үүсгэсэн,
-          нягтлан бодох бүртгэлийн болон татварын тайлан, мэдээ, орлого,  
      татвар тодорхойлох хуудсыг удаа дараа гаргаж өгөхгүй байгаа,
 -  хаягаа зориудаар буруу тодорхойлох, хаягийн өөрчлөлтөө хуулийн дагуу хийлгээгүй байгаа, татварын албаны дуудсан цагт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирэхгүй байгаа,
 -   аж ахуйн нэгж, байгууллагын тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл, эд хөрөнгө, иргэний бичиг баримтаа бусдад хууль бусаар ашиглуулсан зэрэг үйлдэлд;  
 
2.1.2.               Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль тогтоомжид заасан журмыг зөрчсөн, татварын хяналт шалгалтад саад учруулсан гэмт үйлдэл. Гэхдээ дээрхи үйлдэл нь татварын хууль тогтоомжийг удаа дараа  зөрчсөн, зөрчил нь хор хохирол ихтэй, түүний үйл ажиллагааг зогсоогоогүй тохиолдолд зөрчил үргэлжлэх үндэслэлтэй байхыг анхаарна. Үүнд:
 
-  Шинээр байгуулагдсан  аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 3 хоногийн дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгэн бүртгүүлээгүй,
-   Орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч буюу эзэмшигч нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол уг зүйлийг өмчилж, эзэмшиж эхэлснээс хойш нэг сарын дотор харьяалагдах татварын албанд хувийн хэрэг нээлгээгүй,
-   Үл хөдлөх хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш ажлын 14 хоногийн дотор харьяалагдах татварын албанд мэдэгдээгүй,
-    Татварын алба, татварын байцаагчаас битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, дур мэдэн бусдад шилжүүлсэн, гэмтээсэн, зөвшөөрөлгүй худалдсан,
-   Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр өгсөн мэдэгдэл, акт, мэдэгдэх хуудас, төлбөрийн хуудас, шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй, тэдэнд тайлан тэнцэл зэрэг шаардлагатай мэдээ баримтуудыг гаргаж өгөөгүй,
-      Байр, агуулахад нэвтрэн орох, үзлэг хийх, эд хөрөнгө, бэлэн мөнгөний тооллого явуулах, ажлын зураг авалт хийх, эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах зэрэг хяналт шалгалтын үйл ажиллагаанд эсэргүүцэл үзүүлсэн, саад учруулсан,
-      Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх нэрээр халхавчлан хууль бус үйл ажиллагаа болох татвар төлөхөөс зайлсхийх, хууль бус орлого олох, хориглосон буюу тусгай зөвшөөрөлтэйгээр явуулах үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэхийн тулд зохиомол аж ахуйн нэгж  байгуулах,
 
Гурав. Татварын албанаас хэрэг бүртгэх албатай  хамтран ажиллах ажиллагаа
 
          3.1. Үндэсний татварын алба, Хэрэг бүртгэх алба нь татварын хууль тогтоомж зөрчсөн Эрүүгийн хуульд заасан, татварын гэмт хэргийг илэрүүлэх, таслан зогсоох, түүнд хариуцлага тооцох, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Монгол Улсын хуулиар олгогдсон өөр өөрсдийн эрх хэмжээний хүрээнд хамтран ажиллана.   
3.1.1.         Үндэсний татварын алба нь татвар ногдуулалт, татвар хураалт, татварын өр барагдуулах болон хяналт шалгалтын явцад татварын хууль тогтоомж зөрчсөн, Эрүүгийн хуульд заасан татварын гэмт хэргийн шинж бүхий  аливаа үйлдлийг илэрүүлсэн тухай бүрт материалыг бүрдүүлэн хэрэг бүртгэх байгууллагад шилжүүлнэ.
3.1.2.         Татварын гэмт хэргийн шинж бүхий аливаа үйлдлийг шалгах явцад татварын албанд байгаа баримт материалыг хэрэг бүртгэх албаны шаардлагаар шилжүүлэн өгөх ба шаардлагатай гэж үзвэл өөрийн санаачлагаар өгнө.
3.1.3.         Хэрэг бүртгэх албанд ямарваа нэг баримт, материал, эд хөрөнгө бусад зүйлийг шилжүүлэхдээ тухайн татварын албаны даргын гарын үсэг, албаны тамга, тэмдэг бүхий албан бичгээр шилжүүлэх ба татварын албаны бичиг хэрэг хөтлөх журмын дагуу явсан бичгийн данс бүртгэлд заавал бүртгэж шуудангаар, шаардлагатай бол татварын албаны даргын томилсон ажилтан хүргэж өгнө. Хэрэг бүртгэх алба уг материалыг хүлээн авсан тухайгаа албан ёсоор хариу мэдэгдэнэ. Энэхүү мэдэгдэлд татварын албад бүртгэл хөтлөнө.
3.1.4.         Албан тоотод гэмт үйлдлийн товч агуулга, түүнийг нотолж гэрчлэх анхны баримтын нэр, жагсаалт, хуудасны тоо, түр хугацаагаар хураан авсан, битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийн тоо ширхэг, хэмжээ, чанар байдал, үнэ, хаана хадгалагдаж байгаа болон түүнийг хэрхэн шийдвэрлэсэн зэргийг  тодорхой бичнэ.
3.1.5.         Хэрэг бүртгэх алба нь татварын албанаас татварын хэрэг, зөрчлийг шалгах явцад шаардлагатай татварын мэдээ, мэдээлэл, бичиг, баримт, материал, эд хөрөнгө болон бусад зүйлийг шилжүүлэн авах тохиолдолд тухайн татварын албаны дарга болон холбогдох албан тушаалтанд албан бичгээр хүсэлт, шаардлагаа тавьж шийдвэрлүүлнэ.
3.1.6.         Хэрэг бүртгэх алба нь татварын албанаас шилжүүлэн өгсөн материалыг хэрхэн шийдвэрлэснээ тухай бүрт нь албан ёсоор мэдэгдэж байна.
 
              Энэ журмыг Үндэсний татварын алба, Хэрэг бүртгэх албаны харьяа төв, орон нутгийн анхан шатны байгууллага, нэгжүүд нэг мөр дагаж мөрдөн хэрэгжүүлнэ.
 
-       о  0  о      -