A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын 2002  даргын  тушаалын  хавсралт
 
 
ЛАНГУУГААР ХУДАЛДАА ХИЙХ ИРГЭДТЭЙ АЛБАН ТАТВАРЫН ТООЦОО ХИЙХ АРГАЧЛАЛ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэхүү аргачлалын зорилго нь «Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай» хууль /цаашид «хууль» гэж нэрлэнэ/ -ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12-т заасан «лангуугаар худалдаа хийх» заалтын дагуу татвар төлөгчтэй татварын тооцоо хийх үйл ажиллагааг зохицуулахад  оршино.
 
1.2 «Лангуугаар худалдаа хийх» үйл ажиллагаа эрхэлж буй иргэн гэж худалдаа, үйлчилгээний газарт (дэлгүүр, зах г.м.) лангуу болон талбай түрээслэн худалдаа хийж байгаа иргэнийг хэлнэ.
 
Хоёр. Лангуу, түүний хэлбэр
 
2.1. «Лангуу» гэсэн ойлголтод лангуу, арлан, ханын тавиур, худалдаа эрхэлэн явуулж буй байрны талбайг хамааруулж ойлгоно.
 
2.2. Лангуу гэж худалдагчийн ажлын байрны урд талд худалдагчийн ажлын байр, үйүчилгээний талбайг зааглан байрлуулсан, барааг үзүүлэх, сурталчилах, худалдаа хийхэд зориулсан тавилгыг хэлнэ.
           
 
2.3. Арлан гэж барааг үзүүлэх, сурталчлах зорилгоор хананд тогтоон хэрэглэж буй тавиургүй тавилгыг хэлнэ.
 
2.4. Ханын тавиур гэж хананд барааг үзүүлэх, сурталчилах зорилгоор хананд байрлуулсан, тавиур, тасалгаа бүхий  тавилгыг хэлнэ.
 
2.5. Ажлын байр талбай гэдэгт дээр дурдснаас гадна томоохон барааны захуудад худлдаа эрхэлж буй иргэнд зах, худалдааны төвөөс олгож буй ажлын байр талбайн нормативт хэмжээг хамааруулж ойлгоно.
2.6. Лангуу, арлан, ханын тавиур, ажлын байрыг дангаар нь буюу хосолсон байдлаар хэрэглэж болно.
 
                                               
Гурав. Лангуугаар худалдаа хийх иргэнд албан татвар ногдуулах
 
3.1. Татварын зорилгоор татвар тооцох лангууны уртын хэмжээ нь 2.0 хүртэл метр байна.
 
3.2. Лангуугаар худалдаа хийж байгаа иргэний төлөх татварын хэмжээг тооцохдоо лангууны тавиурын урт 2.0 метр хүртэл байвал хуульд заасан хэмжээгээр, 2.0 метрээс илүү байвал тухайн лангууны бодит хэмжээг баримтлан тооцно.
 
Жишээ нь: Улаанбаатар хотын оршин суугч иргэн «А» 2 метр 20 см-ийн урттай лангуугаар худалдаа хийж байвал, түүний төлөх татварын хэмжээг дараах байдлаар тооцно:
 
2 метрт ногдох татварын хэмжээ – 6000 төгрөг
20 см ногдох татварын хэмжээ – 600 төгрөг (1 см ногдох татварын хэмжээ нь 6000 төгрөг/200 см=30 төгрөг; 20 см-т ногдох татварын хэмжээ нь 30төгрөг*20 см=600 төгрөг)
 
нийт татварын хэмжээ – 6600 төгрөг
 
3.3. Хэрэв тухайн иргэн нь лангуу, арлан, ханын тавиурыг хослуулан хэрэглэж байгаа бол түүний татвар тооцох хэмжээг зөвхөн лангууны хэмжээгээр тооцно. Гэхдээ ажлын байрны нийт талбай нь 6 метр квадратаас илүүгүй байна. Хэрэв ажлын байрны талбай нь 6 метр квадратаас илүү бол илүү гарсан хэсэгт ногдох татварын хэмжээг энэ аргачлалд заасан зарчмын дагуу тодорхойлно.
 
Жишээ нь: Улаанбаатар хотын оршин суугч иргэн «Б» зах дээр лангуу түрээслэн худалдаа хийж байгаа бөгөөд ажлын байрны тайлбай нь 6.8 м2  байна гэж үзвэл, түүний төлөх татварын хэмжээг дараахь байдлаар тооцно:
           
6 м2  -т  ногдох татварын хэмжээ – 6000 төгрөг  
0.8 м2  -т  ногдох татварын хэмжээ – 800 төгрөг (1 м2  -т   ногдох татварын хэмжээ нь 6000 төгрөг/6 м2 = 1000 төгрөг,  0.8 м2  -т   ногдох татварын хэмжээ  нь 1000 төгрөг*  0.8 м2=800 төгрөг )
 
нийт татварын хэмжээ – 6800 төгрөг
 
3.4. Хэрэв иргэн нь лангуугүйгээр ханын тавиур, арланг дангаар нь буюу хослуулан хэрэглэж байвал түүний худалдаа эрхэлж буй ажлын байрны 6 метр квадрат нь татвар тооцох суурь хэмжээ болно. Хэрэв ажлын байрны талбай нь 6 метр квадратаас илүү бол илүү гарсан хэсэгт ногдох татварын хэмжээг 3.3-т заасан зарчмын дагуу тодорхойлно.
3.5. Энэхүү аргачлалын 2.5-д заасан нормативт хэмжээ нь томоохон барааны захуудад худалдаа эрхэлж  буй иргэнтэй татварын тооцоо хийх суурь нэгж болно.
3.6. Иргэн нь хувиараа бие даасан байранд дэлгүүр ажиллуулж байгаа болон худалдаа, үйлчилгээний газарт талбай түрээслэн овор хэмжээ ихтэй бараа, бүтээгдэхүүн борлуулж байвал түүний татварын тооцоог Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу тооцно.
3.7. Харин  иргэн нь өөрийн дэлгүүртээ бусад иргэнд лангуу түрээслүүлж байвал лангуу түрээслэж байгаа иргэнтэй энэ аргачлалын дагуу татварын тооцоог хийнэ.
 
Дөрөв. Бусад
 
 
 
4.1. Энэ аргачлалд зааснаас бусад хэлбэрээр хувиараа худалдаа эрхэлж буй иргэний орлогын албан татварыг«Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай» хуулийн 5.1.11, 5.1.15, 5.3.5, 5.3.7 болон Хүн амын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу тооцно.