- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАР ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
ҮТЕГ-ын даргын 2002 оны 231 дугаар тушаалаар батлав.
ТАТВАР ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү дүрмийн зорилго нь татварын хуулиудын хэрэгжилтийг хангах, татвар хураах үйл ажиллагааны хүрээ, стандартыг тодорхойлж, дэс дарааллыг тогтоон, тэдгээрийг улсын хэмжээнд нэг мөр болгон мөрдүүлэхэд оршино.
2. Энэхүү дүрмийг төв, орон нутгийн татварын албад, тэдгээрийн Татвар хураалтын хэлтэс, тасаг болон Хүн амын орлогын татварын тасгийн татварын улсын байцаагчид татвар хураах үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
3. Татвар хураалтын хэлтэс, тасаг нь аж ахуйн нэгж, байгууллагын төлбөл зохих бүх төрлийн албан татвар, төлбөр, хураамж / орлого, хөрөнгө, хэрэглээний татвар, байгалийн баялаг, нөөц ашигласны төлбөр/-ийн орлогын тайланг хүлээн авах, татварын ногдол хийх, татвар хураах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
4. Хүн амын орлогын татварын тасаг нь төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, олон улсын байгууллага, сан, төсөл хэрэгжүүлэгч этгээд, өмчлөгчдөөс санхүүждэг байгууллага, иргэдийн төлбөл зохих бүх төрлийн албан татвар, төлбөр, хураамж / орлого, хөрөнгө, хэрэглээний татвар, байгалийн баялаг, нөөц ашигласны төлбөр/-ийн орлогын тайланг хүлээн авах, татварын ногдол хийх, татвар хураах үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
5. Татвар хураалтын хэлтэс, тасаг болон Хүн амын орлогын татварын тасгийн татварын улсын байцаагчид нь өөрийн хариуцсан аж ахуйн нэгж, төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, олон улсын байгууллага, сан, төсөл хэрэгжүүлэгч этгээд, өмчлөгчдөөс санхүүждэг байгууллага, иргэдээс төлөх болон тэдний суутган авч төсөвт шилжүүлэх бүх төрлийн албан татвар, төлбөр, хураамжийг хурааж төвлөрсөн болон орон нутгийн төсөвт оруулах үүрэг хүлээнэ.Тухайн шатны татварын албаны татварын улсын байцаагч нь өөрийн хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагаас дээд болон доод шатны татварын албанаас хийсэн татварын ногдол, өгсөн татварын орлогын хуваарийн дагуу тэдгээрт төлөх бүх төрлийн албан татвар, төлбөр, хураамжийн талалтад хяналт тавьж ажиллана.
6. Үйл ажиллагаагаа аймаг, нийслэл, дүүрэг, сумын нутаг дэвсгэрт зэрэг явуулж, төвлөрсөн болон орон нутгийн / аймаг, нийслэл, дүүрэг, сумын/ төсөвт тодорхой төрлийн татвар төлөх / тухайлбал, сум, дүүргийн төсөвт ус ашигласны төлбөр, аймаг, нийслэлийн төсөвт үл хөдлөх хөрөнгийн, төвлөрсөн төсөвт орлогын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг г.м./ аж ахуйн нэгж, байгууллагын татварын тайланг хүлээн авах, татварын ногдол хийх, татвар хураах үйл ажиллагааг тухайн шатны татварын албаны уг аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцсан татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.
7. Зөвхөн нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, гурван шатны төсөвт татвар төлөх аж ахуйн нэгж, байгууллагын татварыг хураах үйл ажиллагааг энэ дүрмийн 5 дугаар заалтад заасны дагуу гүйцэтгэх ба харин татварын тайланг хүлээн авах, татварын ногдол хийх үйл ажиллагааг тухайн шатны татварын албаны уг аж ахуйн нэгж, байгууллагыг хариуцсан татварын улсын байцаагч гүйцэтгэнэ.
Хоёр. Татвар хураах үйл ажиллагааны хүрээ
8. Татвар хураах үйл ажиллагааны хүрээнд дараахь ажлыг хамааруулна:
8.1. Татвар төлөгчийн бүртгэл хөтлөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах.
8.2. Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх.
8.3. Татварын орлогын төлөвлөгөөний төсөл бэлтгэх, төлөвлөгөөгөөр
батлагдсан татварын орлогын сар, улирлын хуваарь хийх /татварын
алба оролцох тохиолдолд/.
8.4. Татварын тайланг хүлээн авах.
8.5. Татварын ногдол хийх
8.6. Ногдсон татварыг хураах
8.7. Татварын өр барагдуулах
8.8. Татварын хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх.
Гурав. Татвар төлөгчийн бүртгэл хөтлөх, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах
9. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг татвар төлөгчөөр шинээр бүртгэх, татвар төлөгчийн дугаар олгох, бүртгэлд нь нэмэлт, өөрчлөлт оруулах, бүртгэлээс хасах, татвар төлөгчийн шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагааг ҮТЕГ-ын даргын 2001 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 119 дүгээр тушаалаар батлагдсан *Татвар төлөгчийн бүртгэлийн журам*, 2002 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 129 дүгээр тушаалаар батлагдсан * Хүн амын орлогын албан татвар төлөгчийг тодорхойлж бүртгэх, татварын тооцоо хийх журам*-д заасны дагуу зохицуулна.
10. Төсөвт болон төрийн бус байгууллага, шашны байгууллага, улс төрийн нам, үйлдвэрчний эвлэлийн байгууллага, олон улсын байгууллага, сан, төсөл хэрэгжүүлэгч этгээд, өмчлөгчдөөс санхүүждэг байгууллага зэрэг суутган татвар төлөгчийг тодорхойлж бүртгэх, түүнийг жил бүр баяжуулах үйл ажиллагааг татварын албадын идэвхи, санаачилгаар хүн амын орлогын татварын тасаг хийж гүйцэтгэнэ.
11. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг татвар төлөгчөөр бүртгэхдээ хувь болон хуулийн этгээдийн хэлбэрээр бүртгэхээс гадна татварын төрлөөр тус тус ангилж бүртгэнэ.
12. Аж ахуйн нэгж, байгууллагыг Улсын бүртгэлийн алба болон улсын бүртгэл хариуцсан татварын улсын байцаагчаас улсын бүртгэлд шинээр бүртгэж, татвар төлөгчөөр бүртгүүлэхээр явуулсан аж ахуйн нэгж, байгууллагыг Татвар хураалтын хэлтэс, тасгийн дарга бүртгэн авч, татварын улсын байцаагчид хуваарилна.
13. Татварын улсын байцаагч татвар хураалтын хэлтэс, тасгийн даргын хуваарилан өгсөн татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагад татвар төлөгчийн хувийн хэрэг нээж, түүнийг өөртөө хадгална.
14. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагыг бүртгэн авч, татвар төлөгчийн хувийн хэрэг нээхдээ * Татвар төлөгчийн бүртгэл* ТБ-01, ТБ-02 маягтуудыг хөтлөж, дараахь зүйлийг нарийвчлан тодруулна.Үүнд:
14.1. Татвар төлөгчийн оноосон нэр
14.2. Татвар төлөгчийн хаяг, регистрийн дугаар
14.3. Утас, факсны дугаар, Email-ийн хаяг
14.4. Хариуцлагын хэлбэр
14.5. Эрхлэх үндсэн болон туслах үйл ажиллагааны чиглэл
14.6. Өмчийн хэлбэр
14.7. Салбар нэгжийн тоо, хаяг
14.8. Харилцагч банкны нэр
14.9. Төгрөгийн болон валютын харилцах дансны дугаар/ банк тус
бүрээр/
14.10. Удирдлагын овог, нэр, хаяг
8.11. Үйл ажиллагаа явуулах хугацаа.
8.12. Дүрмийн сангийн хэмжээ, түүний бүрдүүлэлт
8.13. Хөрөнгө оруулагчдын талаарх мэдээлэл
8.14. Татвар төлөгчийн ажлын байрны хаяг.
15. Иргэнийг татвар төлөгчөөр бүртгэхдээ ТБ-03 маягтыг хөтөлж, уг маягтад тусгагдсан дараахь мэдээллийг бүрэн бөглөж, тухайн иргэний төлөх татварын төрлийг тогтооно. Үүнд:
15.1. Иргэний овог, нэр
15.2. Регистрийн дугаар
15.3. Оршин суугаа болон үйл ажиллагаа явуулж буй газрын хаяг
15.4. Утас, факсын дугаар, Email-ийн хаяг
15.5. Нийгмийн даатгалын дэвтрийн дугаар
15.6. Эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар
15.7. Иргэний статус /байнга, түр оршин суугч/
15.8. Эрхлэх үндсэн болон туслах үйл ажиллагааны чиглэл
15.9. Харилцагч банкны нэр
15.10. Төгрөгийн болон валютын харилцах дансны дугаар/ банк тус
бүрээр/.
16. Татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татварын төрлөөр ангилан бүртгэхдээ дараахь зарчмыг баримтлан холбогдох бүртгэлийг хөтлөн программын тусламжтайгаар бүртгэнэ:
16.1. Аж ахуйн нэгж, байгууллага нь * Татвар төлөгчийн мэдээллийн сан*-
д бүртгэгдсэнээс хойш 3 сарын дараа орлогын албан татвар
төлөгчөөр шууд бүртгэгдэнэ.
16.2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлийн
ТТБ-01 маягтыг бөглөж өгснөөр нэмэгдсэн өртгийн албан татвар
төлөгчөөр бүртгэнэ.
16.3. Иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар татварын тооцоо
хийх иргэдийг Татвар төлөгчийн бүртгэлийн ТТБ-03 маягтын 11.3-д
заасан мэдээллийг үндэслэн бүртгэнэ.
16.4. Онцгой албан татвар төлөгчийг Онцгой албан татварын тэмдэг
олгосоноор болон Татвар төлөгчийн бүртгэлийн ТТБ-01 маягтын 7-
д заасан мэдээллийг үндэслэн бүртгэнэ.
16.5. Автобензин, дизелийн түлшний албан татвар төлөгчийг Татвар
төлөгчийн бүртгэлийн ТТБ-01 маягтын 7-д заасан мэдээллийг
үндэслэн бүртгэнэ.
16.6. Үл хөдлөх эд хөрөнгийн татвар төлөгчийг Үл хөдлөх эд хөрөнгийн
албан татвар төлөгчийн бүртгэлийн ХТТ-01 маягтыг үндэслэн
бүртгэж, жил бүрийн 2 дугаар сард багтаан шинэчилж байна.
16.7. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
төлөгчийг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн үзлэгт
хамрагдсан автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн ХТТ-03
маягтыг үндэслэн бүртгэж, жил бүр шинэчилж байна.
16.8. Бууны албан татвар төлөгчийг Бууны албан татвар төлөгчдийн бүртгэлийн жагсаалт ТХТ-01 маягтыг үндэслэн бүртгэж, жил бүр шинэчилж байна.
16.9. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг Татвар
төлөгчийн бүртгэлийн ТТБ-01 маягтын 7-д заасан мэдээллийг
үндэслэн бүртгэнэ.
16.10. Төрийн болон орон нутгийн өмчийн ногдол ашиг төлөгчийг Төрийн
өмчийн хороо, орон нутгийн өмчийн төлөөлөгчөөс авсан
мэдээллийг үндэслэн бүртгэнэ.
16.11. Дараахь төлбөр, хураамжийг төлж буй аж ахуйн нэгж, байгууллага,
иргэдийг тухайн төрлийн татвар төлөгчөөр тусгайлан бүртгэхгүй
бөгөөд уг төлбөр, хураамжийг ногдуулан хураан авч, төсөвт
шилжүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагыг татвар төлөгчөөр
бүртгэнэ.
16.11.1.Улсын тэмдэгтийн хураамж
16.11.2. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр
16.11.3. Рашаан, ус ашигласны төлбөр
16.11.4. Байгалийн ургамал ашигласны талбөр
16.11.5. Түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
16.11.6. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих
зөвшөөрлийн хураамж
16.11.7. Газрын төлбөр
16.11.8. Ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох
эрхийн зөвшөөрлийн хураамж.
17. Татварын төрлөөр ангилагдан бүртгэгдсэн татвар төлөгчдийн бүртгэлийг ашиглах, баяжуулах.
17.1. Тухайн тайлангийн хугацаанд, тухайн төрлийн татварын
*тайлан ирүүлбэл зохих* болон *татвар төлбөл зохих* татвар
төлөгчдийн тоог татварын төрлөөр ангилагдан бүртгэгдсэн
татвар төлөгчдийн бүртгэлийг үндэслэн тодорхойлно.
17.2. Татварын газар, хэлтэс, тасгийн дарга нь тухайн тайлангийн
хугацаанд, *татварын тайлан ирүүлбэл зохих* татвар
төлөгчдийн тоог татварын төрлөөр ангилагдан бүртгэгдсэн
татвар төлөгчдийн бүртгэлийг мэдээллийн сангаас гаргуулан
авч, түүнийг үндэслэн тэдгээр татвар төлөгчдөөс татварын
тайлан авах үйл ажиллагааг энэ дүрмийн 42-д заасны дагуу
хийж гүйцэтгэхэд хяналт тавина.
17.3. Татварын төрлөөр ангилагдан бүртгэгдээгүй болон огт
бүртгэгдээгүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн татварын
тайлан ирүүлсэн тохиолдолд тэдгээрийг татвар төлөгчөөр
бүртгэж авна.
18. Татвар төлөгчийн бүртгэлээс хасах үйл ажиллагаа.
18.1. Татвар төлөгчийн бүртгэлээс хасагдахаар татвар төлөгчийн
гаргасан хүсэлтийг хүлээн авч, түүнийг татварын албаны эрх
бүхий ажилтнууд зөвшөөрч, * Татвар төлөгчийн бүртгэлээс
хасалтын карт ТБ-05 маягтын I дүгээр хэсгийг бөглөсөн
тохиолдолд уг татвар төлөгч нь мэдээллийн санд орсон бүх
төрлийн татварын бүртгэлээс хасагдана.
18.2. Татвар төлөгчийг татварын төрлөөр ангилагдан бүртгэгдсэн
бүртгэлийн аль нэг төрлийн татвар төлөгчийн бүртгэлээс хасах
үйл ажиллагааг * Татвар төлөгчийн бүртгэлээс
хасалтын карт ТБ-05 маягтын I I дугаар хэсгийн мэдээллийг
үндэслэн гүйцэтгэх ба ингэснээр тухайн татвар төлөгчийн уг
татварын тайлан гаргах, татварын тооцоо хийх үүрэг нь
дуусгавар болно.
18.3. * Хөрөнгө шилжүүлсэн болон ашиглалтаас хассан тухай
тодорхойлолт* ХТТ-06 маягтыг үндэслэн татвар төлөгчийг
тухайн төрлийн хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлээс хасна.
19. Аж ахуйн нэгж, байгууллагын дүрмэнд заасан үндэслэлээр татан буугдсан, үйл ажиллагаа явуулах хугацаа нь дууссан, дампуурсан, гэрчилгээнд заасан үйл ажиллагаагаа явуулаагүй, цаашид явуулах боломжгүй татвар төлөгчдийг татвар төлөгчийн бүртгэлээс хасуулах талаархи саналаа удирдлагадаа тавьж, ҮТЕГ-ын даргын 2001 оны 119 дүгээр тушаалаар батлагдсан журмын дагуу шийдвэрлүүлнэ.
20. Энэ дүрмийн 19 дүгээр заалтад заасны дагуу бүртгэлээс хасагдсан татвар төлөгчийн талаархи мэдээллийг эдийн засагчид өгч, мэдээллийн баазад оруулна.
21. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүрт татвар төлөгчийн хувийн хэрэг нээн хөтлөх бөгөөд түүнийг *татвар төлөгчийн мэдээллийн санд бүртгэгдсэн баримт таних дугаар /БТД/-аар дугаарлана.
22. Татвар төлөгчийн хувийн хэрэгт дараахь баримтуудыг бүрдүүлж, хавсаргаж хадгална:
22.1. Татвар төлөгчийн бүртгэлийн маягт
22.2. Татвар төлөгчийн бүртгэлд орсон нэмэлт, өөрчлөлт
22.3. Татвар төлөгчийн ирүүлсэн бүх төрлийн татварын тайлангууд
22.4. Татварын ногдол, барагдуулалтын тооцооллын хүснэгт/ тухай
бүр мэдээллийн сангаас хэвлэж авна/
22.5. Татвар төлөлтийн карт /сар бүр мэдээллийн сангаас хэвлэж
авна/
22.6. Татварын хяналт шалгалтын карт
22.7. Татварын өрийн карт /улирал бүр мэдээллийн сангаас хэвлэж
авна/
22.8. Татвар төлөгчдөд хүргүүлсэн мэдэгдэх хуудас /мэдээллийн
сангаас хэвлэж авна/
22.9. Татвар төлөгчийн бүртгэлээс хасалтын карт
22.10. Татвар төлөгчид хүлээлгэсэн хариуцлагын тухай бичиг баримт
23. Татварын улсын байцаагч нь хариуцуулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг бүртгэж, тэдэнд татвар төлөгчийн хувийн хэрэг нээхдээ тэдгээрийн өмчлөл, эзэмшилд байгаа татвар ногдох дараахь объектийн талаарх мэдээллийг авч, тэмдэглэнэ.
23.1. Үл хөдлөх хөрөнгийн нэр төрөл, тоо хэмжээ, байршил, үнэлгээ.
23.2. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн нэр төрөл, тоо, марк,
даац, улсын дугаар.
23.3. Бууны нэр төрөл, тоо, калибрийн хэмжээ.
24. Татварын улсын байцаагч нь ажлаас халагдах, удаан хугацааны сургалтад хамрагдах, сургуульд явах, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх, өөр ажилд шилжин ажиллахад өөрийн хариуцаж байсан татвар төлөгчдийн хувийн хэргийг татвар хураалтын хэлтэс, тасгийн дарга эсвэл ажлыг нь хүлээн авч буй татварын улсын байцаагчид албан ёсоор жагсаалтаар хүлээлгэн өгнө.
25. Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөх татварын төрлүүдийг тогтоож, энэ талаар татвар төлөгчид танилцуулж, татварын хууль тогтоомжийн талаар зөвлөгөө өгнө.
26. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын хувийн хэргийг улсын бүртгэлд орсон өөрчлөлтийг ТБ-06 маягтаар гаргасан мэдээллийн дагуу баяжуулж, орсон өөрчлөлтийн хүрээнд уг аж ахуйн нэгж, байгууллагын төлөх татварын төрөлд өөрчлөлт орохоор байвал энэ талаар татвар төлөгчдөд мэдэгдэж, мэдээллийн баазад оруулна.
27. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн болон татвар төлөгчийн бүртгэлдээ нэмэлт, өөрчлөлт оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн талаарх мэдээллийг ТБ-01, ТБ-02, ТБ-03, ТБ-05, ТБ-06 маягтаар эдийн засагчид өгч, мэдээллийн баазад оруулна.
Дөрөв. Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх.
28. Татвар төлөгчөөр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг хариуцсан татварын улсын байцаагчид нь тэдгээрийн төлөхөөр тодорхойлогдсон татварын төрөл тус бүрээр дараахь зөвлөгөөг өгнө. Үүнд:
28.1. Тухайн төрлийн татварын талаар ерөнхий ойлголт өгнө.
28.2. Тухайн төрлийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, ажил,
үйлчилгээ.
28.3. Тухайн төрлийн татвар ногдуулах орлого, эд хөрөнгө, бараа,
ажил, үйлчилгээг тодорхойлох аргачлал.
28.4. Тухайн төрлийн татварын хувь, хэмжээ.
28.5. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт.
28.6. Татварын илүү, дутууг суутган тооцох зарчим.
28.7. Тайлан гаргах журам, тайлан тушаах хугацаа.
28.8. Үндсэн ажиллагсад, гэрээгээр ажил,үйлчилгээ гүйцэтгэгчид,
хувиараа бараа, материал, түүхий эд нийлүүлэгчдийн орлогод
ногдуулан, суутган авч төсөвт шилжүүлэх татвар, тэдгээрийн
тайланг гаргах журам, тайлан тушаах хугацаа.
28.9. Татвар төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих.
28.10. Татвар төлөгчийн эрх, үүрэг.
28.11. Татварын алба болон татварын улсын байцаагчийн эрх.
28.12. Татварын болон нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжийг
зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага.
28.13. Татварын албанаас татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээний
төрөл, хэлбэр.
28.14. Тухайн төрлийн татварын орлогыг оруулах дансны дугаар,
банкны нэр. /Төрийн санд татварын орлогын нэр төрлөөр
нээсэн орлогын дансны дугаарыг хэлж, тэмдэглүүлнэ/
29. Татвар төлөгчид дээрхи зөвлөлгөөг дэлгэрэнгүй өгсний дараа түүний сонирхсон, тодруулсан асуултад тодорхой хариу өгч, ойрын хугацаанд гаргаж ирүүлэх татварын тайлангуудын маягтыг өгч, тэдгээрийг хэрхэн бөглөх талаар зааварчилга өгнө.
30. Татварын улсын байцаагч нь татвар төлөгчөөр шинээр бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагад энэ дүрмийн 26 дугаар заалтад заасан зөвлөгөөг өгч, татварын тайлангуудын маягтыг өгсний дараа тухайн аж ахуйн нэгж, байгууллага бүртгүүлсэн хаягтаа байгаа эсэх, эрхлэх үндсэн болон туслах үйл ажиллагаа нь бүртгэлд тусгагдсан үйл ажиллагаатай тохирч байгаа эсэх, төлөх татварын төрлийг бүрэн, зөв тогтоосон эсэхийг шалгах, үйлдвэрлэл, үйлчилгээний техник, технологитой танилцах зорилгоор газар дээр нь очиж, удирдлага болон ажиллагсадтай уулзан санал солилцох, татвар ногдуулах, төлөх, тайлагнах талаар татвар төлөгчийн ойлгоогүй зүйл байвал тайлбарлан өгч, татвар төлөх, тайлан гаргаж, тушаах хугацааны талаар сануулна.
Тав. Татварын орлогын төлөвлөгөөний төсөл бэлтгэх,
татварын орлогын батлагд сан төлөвлөгөөний сар, улирлын
хуваарь хийхэд баримтлах зарчим / татварын алба энэ ажилд оролцох тохиолдолд/.
31. Үндэсний татварын албад өөрийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр харьяалуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирэх жилд төвлөрсөн болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөний төслийг татварын нэр төрөл бүрээр нь бэлтгэж, Санхүү,эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэл, дүүргийн Санхүү,эдийн засгийн бодлогын хэлтэст тус тус хүргүүлэн, тэдгээртэй тохиролцож, төсвийн төлөвлөгөөний төслийн нэгтгэлд тусгуулна.
32. Төвлөрсөн болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ дараахь арга зүй, аргачлалыг баримтлана:
32.1. Татварын орлогын хэмжээг төлөвлөхдөө тухайн төрлийн татварын өмнөх нэгээс гурван жилийн бодит гүйцэтгэл, тайлант жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг үндэслэх бөгөөд ирэх жилийн эдийн засгийн өсөлт, төр, засгаас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээг харгалзан үзнэ. Тухайн төрлийн татварын өмнөх нэгээс гурван жилийн бодит гүйцэтгэл, тайлант жилийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл нь байгаль цаг уур, гадаад, дотоод зах зээлийн тааламжтай / тааламжгүй/ нөхцөл байдлаас шалтгаалан ердийн хэмжээнээс хэт өндөр эсхүл хэт бага гарсан тохиолдолд энэхүү нөлөөллийг хасч төлөвлөгөөний суурь тоог тодорхойлоно.
32.2. Улс, орон нутгийн эдийн засагт нөлөөтэй, үйл ажиллагаа нь тогтмолжиж жигдэрсэн, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт оруулах татварын орлого нь төсвийн орлогод нэлээд өндөр хувь хэмжээ эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын татварын орлогын төлөвлөгөөний төслийг тэдний үйлдвэрлэл, үйлчилгээний үзүүлэлтүүдтэй уялдуулан өөрсдөөр нь хийлгэж, хянах хэлбэрээр төлөвлөгөөний төсөлд тусгана.
32.3. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ түүний өсөлтийг эдийн засгийн өсөлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ төлөвлөгөөт өсөлтөөр тооцно.
32.4. Онцгой албан татварын орлогын төлөвлөгөөний төслийг зохиохдоо онцгой албан татвар ногдуулах барааг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын ирэх жилд үйлдвэрлэх барааны биет хэмжээ болон үнийн дүнг үндэс болгоно. Онцгой албан татвар ногдох барааны биет хэмжээг уг барааг үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авч, хянан тэдгээртэй харилцан тохиролцоно.
32.5. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татвар, Бууны албан татвар, Мал бүхий иргэний орлогын албан татвар, Автобензин, дизелийн түлшний албан татвар зэрэг нэгжид нь хатуу тогтоосон хэмжээгээр ногдуулдаг татварын орлогын төлөвлөгөөний төслийг бэлтэхдээ тэдгээрийн тоо хэмжээг үндэс болгоно.
32.6. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ ирэх жилд тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтын дагуу олборлох ашигт малтмалын нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнг үндэслэнэ.
32.7. Байгалийн нөөц, баялаг / ой, ан, ус, ургамал, г.м/ ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ тухайн төлөвлөгөөт жилд Байгаль орчны яам, орон нутгийн эрх бүхий байгууллагаас тогтоож
өгсөн ашиглах байгалийн нөөц, баялагийн тоо, хэмжээг үндэс болгоно.
32.8. Хүн амын цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос хураах орлогын албан татварын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх талаар Засгийн газраас баримталж байгаа бодлогыг харгалзан үзнэ.
32.9. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээг хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар, Иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар татварын тооцоо хийж төсөвт оруулах орлогын албан татварын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ өмнөх онуудын бодит гүйцэтгэл, тэдгээрийн жил жилийн өсөлтийг үндэс болгоно.
32.10. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ тухайн нутаг дэвсгэрт байгаа төлбөр ногдуулах газрын хэмжээг үндэс болгоно.
32.11. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчлөлийн тухайн нутаг дэвсгэрт оршиж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг үндэс болгоно.
32.12. Бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэхдээ өмнөх онуудын бодит гүйцэтгэл, тэдгээрийн жилийн дундаж өсөлтийг харгалзан үзнэ.
33. Газар, ашигт малтмалын нөөц, байгалийн нөөц баялаг ашигласны төлбөрийн орлогын төлөвлөгөөний төслийг бэлтгэх ажилд Байгаль орчны яам, аймаг, нийслэл, дүүргийн Үйлдвэр, худалдаа, байгаль орчны бодлогын хэлтэс, байгаль орчныг хамгаалах албаны холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулж, тэдгээртэй төлөвлөгөөт жилд ашиглах байгалийн нөөц, баялагийн / ой, ус, ан, ургамал, ашигт малтмал, газар/ тоо хэмжээ, ашиглах нутаг дэвсгэрийг харилцан тохиролцож, ажлын уялдаа холбоог сайжруулна.
34. Ирэх жилд төвлөрсөн болон орон нутгийн төсөвт оруулах татварын орлогын төлөвлөгөөний төсөл УИХ, аймаг,нийслэл, дүүргийн ИТХ-аар батлагдсаны дараа татварын орлогыг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагад татварын нэр төрлөөр нь хуваарилаж, тэдгээрээс төсөвт оруулах татварын орлогын сар, улиралын хуваарийг татварын төрөл бүрээр хийнэ.
35. УИХ, аймаг,нийслэл, дүүргийн ИТХ-аар батлагдсан татварын орлогын төлөвлөгөөг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилах, тэдгээрээс төсөвт оруулах татварын орлогын сар, улиралын хуваарийг хийхдээ аж ахуйн нэгжийн ялангуяа ихээхэн хэмжээний татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн саналыг заавал авч, тохиролцож байх.
36. Төсөвт оруулах татварын орлогын сар, улиралын хуваарийг хийхдээ үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний технологи, улиралын чанартай байдал, өмнөх онуудын мөн үед төсөвт орж байсан орлогын бодит хэмжээ болон хувийн жинг харгалзан үзэж байна.
37. Төсөвт оруулах татварын орлогын сар, улиралын хуваарийг Санхүү, эдийн засгийн яам, аймаг, нийслэл, дүүргийн санхүү, эдийн засгийн бодлогын хэлтэстэй эцэслэн тохиролцож, эцэслэн тохиролцсон хуваарийг Санхүү, эдийн засгийн сайд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргаар батлуулж, татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө албан ёсоор хүргүүлнэ.
38. Санхүү, эдийн засгийн сайд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын баталсан татварын орлогын сар, улирлын хуваарийг ҮТЕГ-ын Татвар хураалтын хэлтэст 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө албан ёсоор хүргүүлнэ.
39. Тухайн жилийн төсөвт тодотгол хийгдвэл төсвийн тодотгосон төлөвлөгөөний төсөл бэлтгэх, орлогын сар, улирлын хуваарийг дээрхи зарчмаар хийх ба уг хуваарь батлагдсаны дараа ажлын 5 хоногт багтаан ҮТЕГ-ын Татвар хураалтын хэлтэст албан ёсоор хүргүүлнэ.
Зургаа. Татварын тайлан гаргуулах, түүнийг хүлээн авах үйл ажиллагаа
40. Тухайн төрлийн татварын тайлан тушаах хугацаа эхлэхээс 7-10 хоногийн өмнө татварын улсын байцаагч өөрийн хариуцсан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад татварын тайлан тушаах хугацааны талаар утсаар, Е-мейлээр эсвэл бичгээр урьдчилан мэдэгдэж, тайлангаа хугацаанд тушаахыг сануулна.
41. Татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хуульд заасан хугацаанд татварын тайланг гаргуулж авна. Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хагас, бүтэн жилийн тайланг аудитын болон санхүүгийн байгууллагаас баталгаажуулсан санхүүгийн тайланг үндэслэн гаргуулж, татварын тооцоо хийнэ. Татварын тайланг хүлээн авахдаа ҮТЕГ-ын даргын 2001 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 134 тоот тушаалаар батлагдсан * Албан татварын тайлан хүлээн авах журам*-ыг баримтална.
42. Аж ахуйн нэгж. байгууллага, иргэдээс бүх төрлийн татварын тайланг гаргуулж, түүнийг хүлээн авахдаа дараахь үйл ажиллагааг хийж гүйцэтгэнэ.
42.1. Өмнөх тайлангийн хугацааны татварын илүү, дутуу төлөлтийг
тайланд зөв тусгасан эсэхийг шалгаж, хэрэв зөрүүтэй байвал
түүнийг засуулна.
42.2. Тайлангийн хугацаанд төлсөн татварын хэмжээг татварын орлогын
дансны хуулгатай тулган шалгаж, хэрэв татвар төлөгчийн тодорхой-
лосон хэмжээнээс зөрүүтэй байвал шалтгааныг нь тогтоож, татвар
төлөгчтэй тохиролцоно. Тайлангийн хугацаанд төлсөн татварын
хэмжээг татварын орлогын дансанд орж, мэдээллийн баазад
тусгагдсан хэмжээгээр авна.
42.3. Татварын тайлангийн бусад үзүүлэлтүүдийн арифметикийн алдааг
шалгаж, буруу зөрүү тооцсон бол түүнийг татвар төлөгчөөр өөрөөр
нь засуулна.
42.4. Татварын тайлан тушааж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нь
татварын хууль, тогтоомжоор татварын хөнгөлөлт,
чөлөөлөлт эдлэхээр бол уг хөнгөлөлт, чөлөөлөлтийг зөв тооцсон
эсэхийг шалгаж, зөрүү гарвал татвар төлөгчөөхр өөрөөр нь
засуулна.
42.5. Дээрхи хяналтын дагуу холбогдох залруулгыг хийсний дараа
татварын ногдол хийж, тухайн тайлангийн хугацааны татварын
эцсийн илүү, дутуу төлөлтийн тооцоог гаргана.
42.6. Өмнөх сар, улирал, жилийн тайланг хүлээн авах үед бичсэн мэдэг-
дэх хуудасны биелэлтийг гаргаж, хэрэв мэдэгдэх хуудсанд заасан
ажил хэрэгжээгүй бол шалтгааныг нь тодруулж, түүнийг
цаашид арилгах арга замыг татвар төлөгчтэй хамтран
тодорхойлно.
42.7. Татварын тайланд түүнийг үнэн зөв гаргасныг баталгаажуулж
татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч
болон ерөнхий /ахлах/ нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга,
тэмдгээ дарна.
42.8.Татварын улсын байцаагч татварын тайланг хүлээн авсан тухай
гарын үсгээ зурж, он, сар, өдрийг тэмдэглэн тэмдгээ дарна.
43. Татвар төлөгчийн тухайн тайлангийн хугацааны татварын тайлангаар орлого нь мэдэгдэхүйц их хэмжээгээр буурсан, зардал нь хэт өссөн байвал тэдгээрийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийг нарийвчлан тодруулж, шаардлагатай гэж үзвэл татварын тайланг дахин гаргуулж болно.
44. Үйл ажиллагаа явуулаагүй буюу * Х* тайлан гаргасан татвар төлөгчийн үйл ажиллагаагаа явуулаагүй шалтгааныг тодруулж, татвар төлөгчийн тайлбарыг бичгээр авч хувийн хэрэгт хадгална.
45. Алдагдалтай тайлан гаргасан татвар төлөгчийн алдагдалтай ажилласан шалтгааныг тодруулж, татвар төлөгчийн тайлбарыг бичгээр авч хувийн хэрэгт хадгална.
Долоо. Татварын ногдол хийх.
46. Татварын алба, татварын улсын байцаагч татвар төлөгчийн татварын тайлан, орлого, татвар тодорхойлох хуудсыг хүлээн авч, татварын ногдол хийнэ.
47. Татвар төлөгч татварын ногдлыг буруу тодорхойлсон гэж үзвэл татварын ногдлыг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу татварын алба, татварын улсын байцаагч шалган тогтоож, татварын ногдол хийнэ.
48. Татвар төлөгч хуульд заасан хугацаанд татварын тайланг тушаагаагүй буюу тушаасан боловч түүнд татварын ногдлыг тусгаагүй бол Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу татварын алба, татварын улсын байцаагч өөрт байгаа мэдээ, баримтад тулгуурлан тодорхойлох, шалгах болон шууд бус аргаар ногдуулах үндсэн дээр татварын ногдлыг тодорхойлно.
49. Татварын алба, татварын улсын байцаагч татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлоход Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан үндэслэл, аргачлал, дэс дарааллыг баримтлана.
50. Татварын алба, татварын улсын байцаагч шууд бус аргаар тодорхойлож, төлүүлэхээр тогтоосон татварын ногдлын талаарх мэдээллийг татвар хураалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч эдийн засагчид өгч, мэдээллийн баазад оруулна.
51. Татварын алба, татварын улсын байцаагч татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлсон тухай татвар төлөгчид албан ёсоор мэдэгдэж, мэдэгдэх хуудас гардуулна.
52. Үл хөдлөх эд хөрөнгө, буу, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын ногдлыг татвар төлөгчийг бүртгэх үйл ажиллагаатай зэрэг хийнэ.
53. Энэ журмын 52 дугаар заалтад заасан хөрөнгийн татварын ногдлыг өмнөх оны тооллогын бүртгэлийг үндэслэн хөрөнгө нэг бүрээр тодорхойлно. Татвар төлөгчийн өмнөх онд тоологдож, татварын ногдол хийгдсэн хөрөнгийн тоо хэмжээ, үнэлгээнд өөрчлөлт орсон бол уг өөрчлөлтийг бүртгэлд тусгаж, татварын ногдлыг залруулна.
54. Хөрөнгийн татвар төлөгчийн бүртгэлд бүртгэгдсэн татвар төлөгч тухайн жилийн үзлэг, тооллогод хамрагдаагүй тохиолдолд шалтгааныг нь тодруулж, татварын ногдлыг нөхөн тодорхойлох арга хэмжээ авна.
55. Алдагдалтай, үйл ажиллагаа явуулаагүй буюу *Х* тайлан гаргасан татвар төлөгчийн санхүүгийн болон татварын тайланд судалгаа, дүгнэлт хийж, хөндлөнгийн болон өөртөө байгаа мэдээлэл, баримтад тулгуурлан татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлоно. Татварын ногдлыг шууд бус аргаар тодорхойлох боломжгүй бол шаардлагатай гэж үзвэл татварын хяналт шалгалт оруулахаар татварын хяналт шалгалтын хэлтэс, тасгийн даргад уламжилна.
56. Бүртгүүлсэн хаяг байршалдаа байдаггүй татвар төлөгчийг эрэн сурвалжлах, хаяг байршлыг нь тогтоох, татварын ногдлыг тодорхойлон төлүүлэх ажлыг хяналт шалгалтын хэлтэс, тасаг болон хууль, хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулж, холбогдох арга хэмжээг тухай бүр авч байна.
Найм. Татвар хураах үйл ажиллагаа.
57. Татварын орлогын батлагдсан сар, улирлын хуваарийн дагуу тухайн сард урьдчилгаа татвар төлөхөөр байгаа аж ахуйн нэгж, байгууллагад урьдчилан төлөх татварын төрөл, хэмжээг утсаар мэдэгдэж, сарын 25-ны дотор татварын орлогын нэр төрлөөр нээсэн дансанд төлөхийг сануулна.
58. Татварын улсын байцаагч нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас төлсөн татварын хэмжээг татварын орлогын дансны өдөр тутмын хуулгын баримтыг үндэслэн татварын нэр төрлөөр болон аж ахуйн нэгж, байгууллага бүрээр нь тооцно. Татварын орлогыг Төрийн санд татварын орлогын нэр төрлөөр нээсэн дансанд шилжүүлүүлэх ажлыг татвар төлөгчдөд хэвшүүлнэ.
59. Татварын улсын байцаагч нь өөрийн хариуцсан аж ахуйн нэгж, байгууллагуудын татварын орлогын сар, улирлын урьдчилгаа төлбөрийн биелэлтэд долоо хоног бүрийн эцсийн байдлаар хяналт тавьж, урьдчилгаа төлбөр нь тасарч яваа болон өмнөх тайлангаар татварын дутуу төлөлттэй аж ахуйн нэгж, байгууллагуудад анхаарлаа төвлөрүүлэн ажиллана.
60. Сар бүрийн эцэст татварын орлогын урьдчилгаа төлбөрийн биелэлтийг аж ахуйн нэгж, байгууллага бүрээр, татварын нэр төрлөөр нь сарын болон өссөн дүнгээр гаргаж, хэрэв урьдчилгаа төлбөр тасарсан байвал түүний шалтгааныг тодруулна.
61. Татвар хураалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч нь татвар төлөгчийн татварын тайлангаар гарсан татварын дутуу төлөлтийг хуулийн хугацаанд бүрэн төлж барагдуулах талаар татвар төлөгчид мэдэгдэж, түүний биелэлтэнд хяналт тавина. Татварын дутуу төлөлтийг хуулийн хугацаанд бүрэн төлж барагдуулахгүй бол дараагийн шатанд авах арга хэмжээний талаар сануулна.
62. Татварын тайлангаар гарсан татварын илүү төлөлтийг татвар төлөгчтэй зөвшөлцөж Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу дараахь байдлаар шийдвэрлэж, төсвийн орлогын дансанд холбогдох бичилтийг хийлгэнэ.
62.1. тухайн шатны төсөвт төлбөл зохих бусад татварын өр, дутуу
төлөлтөд суутган тооцох.
62.2. дараагийн тайлангийн хугацаанд төлөх тухайн төрлийн татварт
суутган тооцох.
62.3. буцаан олгох.
63. Илүү төлсөн татварыг бусад татварын өр, дутуу төлөлтөнд суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид албан ёсоор мэдэгдэнэ.
64. Татвар төлөгчийн илүү төлсөн тухайн төрлийн татварыг түүний төлөх бусад төрлийн татварын өр, дутуу төлөлтөд суутган тооцсон бол энэ талаар эдийн засагчид мэдэгдэж, мэдээллийн баазад холбогдох залруулгыг хийлгэнэ.
65. Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг төсвөөс болон тусгай сангаас буцаан олгосон бол энэ талаар эдийн засагчид мэдэгдэж, мэдээллийн баазад оруулж, холбогдох бичилтийг хийлгэнэ.
Ес. Татварын өр барагдуулах үйл ажиллагаа.
66. Татварын өр барагдуулах үйл ажиллагаанд дараахь үйл ажиллагааг хамруулна:
66.1. Татварын ногдлоор гарсан бөгөөд хуульд заасан хугацаанд
бүрэн буюу хэсэгчлэн төлөгдөөгүй татварын дутуу төлөлтийг
хураан барагдуулах.
66.2. Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан,
татвар төлөгч төлөхөөр зөвшөөрсөн бөгөөд татварын
улсын байцаагчийн актанд заасан хугацаанд бүрэн буюу хэсэгчлэн
төлөгдөөгүй нөхөн татвар, хүү, торгуулийг хураан барагдуулах.
66.3. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай
хуулийн 15, 17 дугаар зүйлд заасны дагуу татварын алба,
татварын улсын байцаагчийн шууд бус аргаар тодорхойлсон
татварын ногдлыг хураан барагдуулах.
67. Татвар төлөгч татварын алба, татварын улсын байцаагчийн ногдуулсан татвар, нөхөн татвар, хүү, торгуулийг хууль тогтоомжид болон татварын улсын байцаагчийн актанд заасан хугацаанд бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй бол Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 18, 22 дугаар зүйлд заасны дагуу татварын алба, татварын улсын байцаагч түүнийг төлүүлэх талаар дараахь арга хэмжээ авна:
67.1. мэдэгдэх хуудас гардуулах.
67.2. үл маргах журмаар гаргуулах.
67.3. эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах.
67.4. шүүхэд нэхэмжлэл гаргах.
68. Татвар төлөгчийн төлөх ёстой татварын өрийг богино хугацаанд бүрэн гаргуулах зорилгоор энэ дүрмийн 67 дугаар заалтад заасан үйл ажиллагааг давхардуулан явуулж болно.
69. Татварын хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч татварын хяналт шалгалтаар тогтоож, татвар төлөгч төлөхөөр зөвшөөрсөн актаа эдийн засагчид өгч, актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийн хэмжээг татвар төлөгчийн татварын өрийн картанд бүртгүүлнэ.
70. Татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийн орлогыг татвар төлөгчийн татварын өрийн картанд бүртгэхдээ уг нөхөн татвар, хүү, торгууль нь ямар төрлийн татвар болох, акт тогтоосон байцаагчийн нэр, акт тогтоогдсон огноог тодорхой бичсэн байна.
71. Эдийн засагч нь татварын хяналт, шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, тогуулийн хэмжээг татвар төлөгчийн татварын өрийн картанд тэмдэглэн бүртгэж аваад энэ тухай Татвар хураалтын хэлтэс, тасгийн уг татвар төлөгчийг хариуцсан татварын улсын байцаагчид мэдэгдэж, татвар төлөгчийн хувийн хэрэгт тэмдэглүүлнэ.
72. Татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтаар тогтоосон боловч татвар төлөгч зөвшөөрөөгүй актаа эдийн засагчид өгч, мэдээллийн баазад оруулна.
73. Эдийн засагч нь татварын хяналт шалгалтаар тогтоосон боловч татвар төлөгч зөвшөөрөөгүй актанд заасан нөхөн татвар, хүү, торгуулийг татвар төлөгчийн өрийн картанд тэмдэглэхгүй бөгөөд түүнийг тусгаарлаж бүртгэнэ.
74. Татварын хяналт шалгалтын актаар тогтоосон боловч татвар төлөгч зөвшөөрөөгүй, мэдээллийн баазад тусгаарлагдаж бүртгэгдсэн нөхөн татвар, хүү, торгуулийн талаар татварын улсын байцаагч, татвар төлөгчийн аль нэг нь татварын маргаан таслах зөвлөл, шүүхэд гомдол гаргаж, шүүхийн эцсийн шийдвэр / давах, хяналтын шатны шүүх ороод/ гарсны дараа түүнийг үндэслэн эдийн засагч мэдээллийн баазад холбогдох өөрчлөлтийг хийнэ.
75. Шүүх татварын улсын байцаагчийн тавьсан актыг хүчингүй болгосон бол эдийн засагч мэдээллийн баазад тусгаарлагдаж бүртгэгдсэн татварын өрийг хасаж, харин актыг үндэслэлтэй гэж шийдвэр гаргасан бол татвар төлөгчийн өрийн картанд бүртгэж, хариуцсан татварын улсын байцаагчид мэдэгдэнэ.
Шүүхээс гаргасан шийдвэрийг олж эдийн засагчид өгөх үүргийг тухайн актыг тогтоосон хяналт шалгалтын татварын улсын байцаагч хүлээнэ.
76. Татвар хураалт болон хяналт шалгалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч нь татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, тогуулийн орлогыг татварын улсын байцаагчийн актанд дурдсан хугацаанд төлж барагдуулах талаар тухайн аж ахуйн нэгж, байгууллагад утсаар мэдэгдэж сануулна.
77. Хэрэв татвар төлөгч татварын хяналт шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийг татварын улсын байцаагчийн актанд дурдсан болон Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 18.16, 18.2, 20.1-д хугацаанд төлж барагдуулах боломжгүй гэдгийг бичгээр албан ёсоор мэдэгдэж, тэдгээрийг төлж барагдуулах талаар тодорхой график гарган өгч, хүсэлт гаргавал энэ талаар татварын газар, хэлтэс. тасгийн даргад танилцуулж, татвар төлөгчийн уг нөхөн татвар, хүү, тогуулийг төлөх хугацааг татварын газар, хэлтсийн даргын тушаалаар Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сунгаж болно.
Татвар төлөх хугацааг сунгахад ҮТЕГ-ын даргын 2002 оны 12 дугаар сарын -ны өдрийн 219 дүгээр тушаалаар батлагдсан * Татвар төлөх хугацааг сунгахад баримтлах журам*-ыг үндэс болгоно.
78. Татвар төлөгчийн тухайн төрлийн татварын тайлангаар гарсан татварын дутуу төлөлтийг /бусад төрлийн татварын илүү төлөлтөөс суутган тооцсоныг хасаад/ төлж барагдуулах хуульд заасан хугацаа дуусмагц Татвар хураалтын хэлтэс, тасгийн тухайн татвар төлөгчийг хариуцсан татварын улсын байцаагч энэ дүрмийн 81 дүгээр заалтад заасан журмын дагуу татварын дутуу төлөлтийг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичиж, гарын үсгээ зурж, татвар төлөгчид гардуулна.
79. Татварын хяналт, шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийг төлж барагдуулах татварын улсын байцаагчийн актанд заасан болон энэ дүрмийн 77 дугаар заалтад заасан хугацаа дуусмагц Татвар хураалтын хэлтэс, тасгийн уг татвар төлөгчийг хариуцсан болон акт тогтоосон Татварын хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагч хамтран нөхөн татвар, хүү, торгуулийг төлүүлэхээр мэдэгдэх хуудас бичиж, гарын үсгээ зурж, татвар төлөгчид гардуулна.
80. Дээд шатны татварын албаны татварын улсын байцаагчийн тогтоосон акт болон ажлаас өөрчлөгдсөн, өөр ажилд шилжсэн, нас барсан, сургууль, курст явсан татварын улсын байцаагчийн татварын хяналт, шалгалтын актаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийг төлүүлэхээр бичсэн мэдэгдэх хуудсанд энэ дүрмийн 79 дүгээр заалтад заасны дагуу гарын үсэг зурах Татварын хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн татварын улсын байцаагчийг Татварын хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн дарга томилно.
81. Татварын өрийг төлж барагдуулах талаар татвар төлөгчдөд мэдэгдэх хуудас гардуулахдаа Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 18 дугаар зүйлийн заалт, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 272 дугаар тушаалаар батлагдсан * Татварын өрийг «Мэдэгдэх хуудас»-аар хураан барагдуулах тухай журам*-ыг баримтлана.
82. Татварын өрийг «Мэдэгдэх хуудас»-аар хураан барагдуулах үйл ажиллагаа нь татварын өрийг барагдуулах эхний шатны арга хэмжээ бөгөөд энэ арга хэмжээг авалгүйгээр дараагийн шатны арга хэмжээг авч болохгүй.
83. Татвар төлөгч татварын өрийг татварын алба, татварын улсын байцаагчаас өгсөн мэдэгдэх хуудсанд заасан хугацаанд төлж барагдуулаагүй бол татварын өрийг төлүүлэх дараагийн шатны арга хэмжээ болох үл маргах журмаар гаргуулах, эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах үйл ажиллагааг явуулна.
84. Татварын өрийг үл маргах журмаар гаргуулахдаа Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 23 дугаар зүйлийн заалт, Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 272 дугаар тушаалаар батлагдсан *Татварын өрийг татвар төлөгчийн банкин дахь хөрөнгөнөөс үл маргах журмаар гаргуулах тухай журам*-ыг баримтлана.
85. Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулахдаа Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 24, 25, 26 дугаар зүйлийн заалт, ҮТЕГ-ын даргын 2002 оны 219 дүгээр тушаалаар батлагдсан Татварын өрийг татвар төлөгчийн эд хөрөнгө, цалин хөлс, бусад орлогоос гаргуулах тухай журам, Татварын өрөнд авсан эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах журам*-ыг тус тус баримтлана.
86. Татварын өрийг төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 27 дугаар зүйлийн заалтыг баримтлана.
87. Татвар төлөгчийн татварын өрийг энэ дүрмийн 84,85,86 дугаар заалтад заасны дагуу төлүүлэхдээ татварын өрийг дор дурдсан дарааллаар барагдуулна:
87.1. тухайн татварт ногдох хүү.
87.2. торгууль.
87.3. татварын үндсэн өр.
88. Татвар төлөгчийн төлсөн татварын өрийг эдийн засагч мэдээллийн баазад оруулж, татвар төлөгчийн татварын өрийн картанд бүртгэн энэ тухай Татвар хураалтын болон Хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн холбогдох татварын улсын байцаагчид мэдэгдэнэ.
89. Татвар төлөгч татварын өрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөлд Татвар хураалтын болон Хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн холбогдох татварын улсын байцаагчид, эдийн засагч өртэй холбогдолтой бичиг баримтууд, бүртгэлийг тухай бүр хааж байна.
Арав. Татварын хууль тогтоомж зөрчигчдөд
хариуцлага тооцох.
90. Татварын хууль тогтоомжийг зөрчсөн татвар төлөгчдөд татварын алба, татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
91. Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 3.5, 5.1, 5.2, 5.4, 5.5, 8.1, 8.3, 25.1.2, 25.1.3, 25.1.4, 31, 32, 33.2, 34 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн татвар төлөгч болон холбогдох бусад этгээдэд татварын алба, татварын улсын байцаагч мөн хуулийн 42 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүлээлгэнэ.
92. Татварын хууль тогтоомжийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 44 зүйлд заасан хариуцлагыг тус тус хүлээлгэнэ.
------------------------------- 0 О 0 -----------------------------------------
Текст томруулах
A
A
A