A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 1999 оны 2-р сарын 09 өдрийн 28 тоот тушаалын хавсралт
ТАТВАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ
 
 
            Нэг. Ерөнхий зүйл
Татварын хяналт шалгалтын зорилго нь Монгол улсын татварын хууль, тогтоомжийн биелэлтийг тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж байгаа Монгол улсын болон гадаадын харьяат иргэн, харьяалалгүй оршин суугч, аж ахуйн нэгж, байгууллагаг, төлөөлөгчийн газар, банк, даатгал, шашны байгууллагад хянан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгах, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллахад нь туслалцаа үзүүлэхэд оршино.
Татварын хяналт шалгалт явуулахдаа татвар төлөгч урьд нь шалгагдсан бол түүнээс хойшхи хугацааг, шалгалт хийгдээгүй бол анх байгуулагдсан үеэс нь эхлэн жил хагаслалгүйгээр иж бүрнээр хийнэ. Шаардлагатай бол шалгах хугацааг тусгайлан тогтоож болно.
Татварын хяналт шалгалтыг тодорхой хуулийн хүрээнд, татварын нэр төрлөөр сэдэвчилсэн байдлаар хийх тохиолдолд тусгайлан удирдамж гаргаж болно.
 
            Хоёр. Шалгалтад бэлтгэх
1. Хяналт  шалгалтын байцаагч нь шалгалт хийх тухай томилолт авмагц тухайн татвар төлөгчийн хувийн хэрэг, холбогдох материалыг татвар хураалт хариуцсан байцаагчаас авч, уг татвар төлөгч татварын хууль, тогтоомжийг хэрхэн биелүүлж ажилладаг болон шалгалт хийхэд анхаарах асуудлын талаар санал бодлыг сонсож дүгнэлт хийнэ.
2. Шалгаж буй байгууллагын экспорт, импортын үйл ажиллагааны талаарх мэдээллийг гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээс бүрдүүлнэ.
3. Шаардлагатай бол татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааны талаар харилцагч аж ахуйн нэгж, байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээс холбогдох материал цуглуулан үр ашгийн гол үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж, ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй татвар төлөгчтэй харьцуулсан дүгнэлт гаргана.
4. Тухайн аж ахуйн нэгж, байгууллага хэдийд байгуулагдсан, ямар үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, татварын хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж ажилладаг, татварын шалгалтад хэдийд хамрагдсан, шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийн хэмжээ,төрөл, тавигдсан актын биелэлт, байцаагчийн тавьсан шаардлага, зөвлөмжийг хэрхэн биелүүлж ажилласныг хувийн хэргээс нь урьдчилан судалж, дүгнэлт хийнэ.
5. Байцаагч татварын хууль, тогтоомж гарын авлага, заавар, журам, тооны машин, бичиг хэргийн хэрэгслэлийг бэлдэж шалгалт хийх бэлтгэлээ хангана.
6. Байцаагч татварын шалгалт хийх тухай татвар төлөгчид албан бичгээр буюу утсаар мэдэгдэж, бэлтгэлээ ханган дурьдсан хугацаанд шалгуулахыг анхааруулна.
            Гурав. Шалгалт хийх чиглэл
Байцаагч нь татвар төлөгчид татварын улсын байцаагчийн үнэмлэх, ажлын томилолтыг үзүүлэн, ажлын зорилго чиглэлээ танилцуулна. Татвар төлөгчийн ажил, үйлчилгээний байр, объект, үйлдвэрлэл үйлчилгээний үйл ажиллагааг /эдийн засгийн бодит байдал/ гадар дээр нь үзэж танилцан, ярилцлага, ажлын  тэмдэглэл хөтлөн санхүү, аж ахуйн болон холбогдох бусад баримт материалыг нягтлан шалгах замаар дараахь чиглэлд шалгалтыг хийнэ. Үүнд:
1. Урьд шалгалтаар тавигдсан актны биелэлттэй танилцаж илэрсэн зөрчлийг арилгах талаар зохион байгуулсан ажил, түүний дүнг шалган үзнэ. Шалгалтаар ногдуулсан нөхөн татвар, хүү, торгуулийг төлсөн байдлыг баримтаар үзэж, татварын тайланд зөв тусгагдсан эсэхийг тогтооно.
2. Анхан шатны болон ня-бо бүртгэлийг тогтоосон журмын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл, татварын тайлан, мэдээг Монгол улсын татвар, ня-бо бүртгэлийн хууль, тогтоомжид заасан хугацаанд гарган холбогдох татварын байгууллагад тушааж, тооцоо хийж байсан эсэхийг татварын төрөл бүрээр шалгаж дүгнэлт гаргана.
3. Татвар төлөгч татвар ногдох орлого, зүйл болон ногдох татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлж байгаа эсэхийг Монгол улсын татварын хууль, тогтоомжийн дагуу татварын төрөл тус бүр дээр ҮТЕГ-аас боловсруулан гаргасан хяналт шалгалт хийх аргачлал зөвлөмжийн дагуу шууд бус аргаар шалгаж дүгнэлт гаргана.
4. Татвар төлөгч бусдад олгосон хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох  татварыг үнэн зөв суутган тооцоолж, тогтоосон хугацаанд нь төсөвт төлж байгаа эсэхийг шалгана.
            Дөрөв. Шалгалтын дүнг гаргаж, танилцуулах
1. Шалгалтаар зөрчил, дутагдал илэрсэн нөхцөлд татвар төлөгчид Монгол улсын татварын ерөнхий хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, акт тогтооно. Акт,  хавсралт материалуудыг ҮТЕГ-ын даргын зөвлөлийн 1998 оны 12 сарын 25-ны өдрийн хурлаар хэлэлцэн зөвшөөрсөн "Татварын улсын байцаагчийн акт бичих зөвлөмж"-ийн хүрээнд боловсруулсан байвал зохино.
2. Шалгалтын дүн, нэгдсэн дугаар бүхий акт материалыг татвар төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлдэж, актыг зөвшөөрсөн тухай захирал, дарга,эзэн, ня-бо нараар гарын үсэг зуруулан тамга тэмдэг даруулна. Хэрэв актыг зөвшөөрөөгүй бол тодорхой талбарыг гаргуулан авч баталгаажуулсан байвал зохино.
3. Шалгагдсан татвар төлөгчид цаашид татварын хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийн талаар зааварчилгаа зөвлөгөө өгөхийн зэрэгцээ байгууллагын ажилтнуудад татварын хууль, тогтоомижнй талаар сурталчилгаа хийнэ.
4. Шалгалт хийсэн байцаагч нь шалгалтаар тавигдсан актыг ханган биелүүлэх талаар татварын албанаас "Татвар ногдуулалт, төлөлтөнд хяналт тавих татвар хураах тухай Монгол улсын хууль"-ийн дагуу дэс дараалсан арга хэмжээ авч, төлбөрийг хугацаа хожимдуулсан хоног тутам хүү ногдуулж, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхааруулна.
5. Байцаагч шалгалтын акт, материалыг хэлтэс, тасгийн дарга, ахлах байцаагчид танилцуулан мэдээ, тайланд тусгуулж, татвар хураалт, үйлчилгээний хэлтэс, тасагт шилжүүлнэ.
 
 
 
 
ХУУЛБАР ҮНЭН: НӨӨЦИЙН УДИРДЛАГА,ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН  КОДИФИКАТОР
                                                               Ч.ГЭРЭЛЦЭЦЭГ