A

A

A

Бүлэг: 1979
МУГЕГ-ын даргын 2002 оны
694 тоот тушаалын хавсралт
 
 
ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БАРАА, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ГААЛИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1 Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны дэс дараалал тогтооход энэ журмын зорилго оршино.
 
Хоёр. Гаалийн хилээр оруулах
 
А. Бараа тээврийн хэрэгслийг мэдүүлэхээс өмнөх гаалийн хяналт
2.1 Гаалийн хилээр оруулах бараа, тээврийн хэрэгсэл улсын хилээр орсон үеэс хилийн гаалийн хяналтад байна. Тээвэрлэгч гаалийн  хилээр оруулж буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн замаар тээвэрлэж, хилийн гаалийн байгууллагын хяналтын талбайд оруулна.
2.2 Тээвэрлэгч, бараа эзэмшигч, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд оруулснаас хойш 30 минутын дотор, тогтоосон цагийн хуваарьтай тээврийн хэрэгслийг гаалийн хилээр оруулахаас 1 цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
2.3 Хилийн гаалийн байгууллага гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэргслийн лац, ломбыг тулган шалгаж, бүртгэлээр гаалийн хяналт авч, дор дурдсан дагалдах баримтад *гаалийн хяналтад байгаа*  тэмдэг дарж, огноог бичин, гаалийн улсын байцаагч гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулна.Үүнд:
а/ ачааны манифест,
б/ төмөр зам, агаарын болон авто тээврийн баримт,
в/ барааны үнийн нэхэмжлэх,
г/ барааны баглаа боодлын жагсаалт,
д/ барааны чанарын гэрчилгээ,
е/ гаалийн хилээр оруулахад гаалийн хууль тогтоомжийн дагуу шаардагдах бусад бичиг баримт.
2.4 Хилийн гаалийн байгууллага гүний гаалийн байгууллагад хүрэх бараа, тээврийн хэрэгслийн дагалдах баримтыг дугаарлан ачааны манифест дээр дагалдах бичиг баримтын тоог бичиж, гаалийн хяналтын дор илгээнэ. Ачааны манифестэд бичигдсэн дагалдах бичиг баримт алга болсон, солигдсон, засварлагдсан тохиолдол бүрт терминал хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч буруутай эзнийг тогтоох талаар холбогдох арга хэмжээг авч, гарсан зөрчлийн талаар бүртгэл хөтлөн мэдээг сар бүр МУГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд хүргүүлж байна.
2.5 Гаалийн байгууллага гаалийн хяналтын дор явуулсан бараа, тээврийн хэрэгслийн мэдээг ажлын өдөр бүр УГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын алба болон бараа, тээврийн хэрэгсэл очих гүний гаалийн байгууллагад электрон болон утсан холбоогоор дамжуулна
2.6 Гаалийн хилээр орох бараа, тээврийн хэрэгсэл тэдгээрийн дагалдах бичиг баримтыг хилийн гаалийн байгууллага гаалийн хяналтад авсан үеэс гүний гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл хилийн гаалийн байгууллага хяналт тавина.
2.7 Гүний гаалийн байгууллага хилийн мэдээ болон тээврийн байгууллагаас өгсөн мэдээллийг үндэслэн бараа, тээврийн хэрэгслийг гүний гаалийн байгууллагын гаалийн хяналтын талбайд ирмэгц тээврийн байгууллагатай хамтран бараа, тээврийн хэрэгслийн илгээгчийн лац, ломбо, чингэлгийн тоон ба үсгэн тэмдэглэгээг шалгаж тээврийн байгууллагаас шилжүүлсэн баримтын хувь тус бүрийг дугаарлан бүртгэл хөтөлнө. Бараа, тээврийн хэрэгсэл энэ үеэс гүний гаалийн байгууллагын хяналтад орно.
2.8 Гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бүртгэл хөтлөн, ачааны манифест дээр гаалийн хяналтад байгаа тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж батлагаажуулна.
2.9 Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд 3 хоног хадгалж болох бөгөөд энэ хугацаанд гаалийн бүрдүүлэлт хийгээгүй бол гаалийн түр агуулахад шилжүүлнэ.
Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн түр агуулахад шилжүүлэхдээ тээврийн байгууллагын төлөөлөгч, агуулахын нярав,  2 ба түүнээс дээш гаалийн улсын байцаагчийг байлцуулан гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч тэмдэглэл үйлдэж, гаалийн түр агуулахын бүртгэлд бүртгээд бичиг баримтын бүрдүүлэлтийн хэсэгт тэмдэглэлийн 2 дахь хувийг ирүүлнэ. /Ачааны манифест дээр гаалийн түр агуулахад шилжүүлэв/  гэсэн хяналтын тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
2.10 Гаалийн түр агуулахад хадгалах хугацаа дууссан барааг Гаалийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
 
Б. Бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлэх
2.11 Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн бүрдүүлэлтийн аль нэг горимд хамааруулж, гаалийн байгууллагад мэдүүлэхээс өмнө бараа, тээврийг хэрэгслийг гаалийн хяналтад хамруулах зорилгоор товч мэдүүлгийг хэрэглэнэ.
Ачааны манифест нь товч мэдүүлэг болно.
2.12 Мэдүүлэх гэдэгт гаалийн хилээр нэвтрүүлэн бараа, тээврийн хэрэгслийн талаар шаардлагатай бүх мэдээллийг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу бичиж, гаалийн холбогдох бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгөхийг ойлгоно.
2.13 Мэдүүлэх хэлбэр:
а/ бичгээр /худалдааны бараа эргэлт, зорчигчийн харилцаа, гаалийн хууль тогтоомжид заасан тохиолдолд батлагдсан маягтын дагуу/,
б/ амаар /худалдааны бус буюу зорчигчийн харилцаа, олон улсын шуудан илгээлтэд/,
в/ электрог сүлжээ /худалдааны бараа эргэлтэд...../
2.14 Мэдүүлэгч гаалийн мэдүүлгийн маягтыг баталсан зааврын дагуу нөхөн бичиж, гарын үсэг зурж, гаалийн зуучлагч байгууллага өөрийн тэмдэг дарж баталгаажуулан гаалийн бүрдүүлэлтийн горимд шаардагдах бичиг баримтын хамт гаалийн байгууллагад өгнө.
Гаалийн байгууллага мэдүүлгийг хүлээн авсан үеэс бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлсэн гэж үзнэ.
 
В. Бичиг баримтыг хянах, шалгах
2.15 Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авч, бичиг баримтын бүрдэл бүрэн эсэхийг хянах бөгөөд бичиг баримт бүрэн бол мэдүүлэг хүлээн авсан тухай дардас дарж, огноог бичиж, мэдүүлэгчийн мэдүүлсэн үнийг хянана. Мэдүлсэн үнийг зөвшөөрөөгүй тохиолдолд үнэлгээний бусад аргаар тодорхойлно.
2.16 Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нь энэ журмын 2.3-д заасан гаалийн бичиг баримт гаалийн хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг дараахь байдлаар шалгана:
 а/ мэдүүлэгчийн сонгосон бүрдүүлэлтийн горимд шаардагдах бичиг баримт бүрэн эсэх, түүнд байгаа мэдээлэл нь гаалийн шалгалт хийх хяналтын шаардлага хангаж байгаа эсэх, тэдгээр нь хүчин төгөлдөр эсэх, тамга, тэмдэг, гарын үсэг хүчинтэй эсэх, засвар өөрчлөлт орсон эсэх,
б/ гаалийн бүрдүүлэлтэд өгсөн бичин баримтад буй мэдээллийг хооронд нь тулган зөрчилтэй эсэхийг тогтоох,
в/ гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг хүснэгт тус бүрээр холбогдох бичиг баримттай нь тулган шалгах.
2.17 Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч барааны үнэ, бичиг баримтын бүрдүүлэлт, хариуцсан гаалийн улсын байцаагч барааны үнэ, бичиг баримтын бүрдүүлэлт, гаалийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж, мэдээллийн сан үүсгэх хариуцлагыг хүлээн гаалийн мэдүүлгийн 54 дүгээр хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдгээ дарна. 
2.18 Гаалийн болон бусад албан татвар, хураамжийн ногдуулалт, барагдуулалтыг татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч нягтлан шалгаж, R дугаар өгч бараа олгох зөвшөөрлийн хуудасны татварын нийт дүн хэсэгт болон R дугаар өгсөн хүснэгтэнд хувийн тэмдэг дарж баталгаажуулан, бараа олгох зөвшөөрлийн хуудсанд гарын үсэг зурсан байна.
2.19 Гаалийн болон бусад албан татвараас чөлөөлсөн, гаалийн болон бусад татварын төлбөрийг хойшлуулсан тухай гаалийн мэдүүлгийн 50 дугаар хүснэгтэд татварын тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч тэмдэглэнэ.
2.20 Татварын тооцоо хариуцсан улсын байцаагч мэдүүлгийн А хүснэгтэд дугаар тавьж, бүртгэлийн дэвтэрт бүртгэнэ.
 
Г. Бараа, тээврийн хэргслийн шалгалт
2.21 Гаалийн бичиг баримтын шалгалт дууссан талаар шалгалт хийсэн улсын байцаагч мэдэгдэхэд гаалийн улсын ахлах байцаагч бараа, тээврийн хэрэгслийг шалгах 2-оос доошгүй улсын байцаагчийн томилно.
Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гаалийн хяналт, шалгалт хариуцсан эсхүл гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч шалгалтад оролцоно.
2.22 Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийлгэхээр томилогдсон улсын байцаагч гаалийн мэдүүлгийг бусад бичиг баримттай нь хүснэгт бүрээр тулгаж шалгана. Бичиг баримтын бүрдүүлэлт дутуу, алдаатай, засвартай байх тохиолдолд шалгалт хийхээс татгалзаж, энэ тухайгаа гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэн бичиг баримтын шалгалт хийсэн гаалийн улсын байцаагчид буцаана.
2.23 Бараа, тээврийн хэрэгслийн шалгалтыг гаалийн хяналтын талбайд хийнэ.
2.24 Тодорхой шалтгааны /хагарч эвдрэх, түргэн муудах, аюултай бараа гэх мэт/ улмаас гаалийн хяналтын талбайд шалгалт хийх боломжгүй тохиолдолд мэдүүлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу "Гаалийн хяналтын бус талбайд гаалийн бүрдүүлэлт хийх журам"-ын дагуу шийдвэрлэж болно.
2.25 Гаалийн шалгалт хийхээс өмнө гаалийн шалгалт хийхээр томилогдсон гаалийн улсын байцаагч тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд болон тэдгээрийн хадгалагдаж буй агуулахад тавьсан битүүмжлэлийн бүрэн бүтэн байдлыг шалгана.
 
Битүүмжлэл /лац, ломбо гэх мэт/ гэмтэлтэй байвал гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэн, тээврийн байгууллагын төлөөлөгч, мэдүүлэгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын актыг хавсаргана.
2.26 Бараанд гаалийн шалгалт хийхээс өмнө мэдүүлэгчийн тээврийн хэрэгслийг нуувч болгон ашиглаж болзошгүй эд анги, зай хөндийг шалгана.
Шаардлагатай бол тээврийн хэрэгслийн эд ангийг задлуулж шалгана.
2.27 Гаалийн хилээр оруулах бараа нь гаалийн мэдүүлэгтэй тохирч байгаа эсэх түүний дотроос барааны нэр төрөл, ангилал, зориулалт жин тоо хэмжээг нарийвчлан шалгах болон сонгон шалгалтыг хийж болно.
2.28 Барааг шалгахдаа түүний хайрцаг, сав, баглаа, боодлыг онгойлгох, задлах мөн гаалийн хяналт шалгалтын техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой ашиглана.
2.29 Бараа тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтыг ажлын өдөрт багтаан дуусгах бөгөөд тухайн өдөрт багтахгүй бол энэ тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, шийдвэрлүүлнэ.
2.30 Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийх явцад мэргэжлийн байгууллагын шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах шаардлагатай бол нягтлан шалгах зорилгоор барааг саатуулна.
2.31 Шалгалтаар гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй бол гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэнд заасан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодод хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлэгт дарж, огноог бичин, гарын үсэг зурж хяналтын тэмдгийн доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарж баталгаажуулж, гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ.
2.32 Гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн эцсийн бүрдүүлэлт хийгдсэн тухай бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл хийж, бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайгаас гаргахыг зөвшөөрнө. Энэ шийдвэрээ гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдсэн байна.
2.33 Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид 3 хоногт багтаан өгч мэдүүлгийн хаалтыг хийлгэнэ.
2.34 Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч гаалийн мэдүүлэгт хаалт хийсэн тухай мэдээг МУГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд өдөр бүр өгнө.
                                               
Гурав. Гаалийн хилээр гаргах
 
3.1 Гаалийн хилээр гаргах барааг мэдүүлэгч гаалийн байгууллагад мэдүүлнэ. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгуулагад мэдүүлэхдээ энэ журмын 2.12-2.14-д заасныг мөрдөнө.
3.2 Гаалийн хилээр гаргах бараа, тээврийн хэрэгсэл нь гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гүний гаалийн хяналтад байна.
3.3 Гаалийн бичиг баримтын шалгалт хийхдээ энэ журмын 2.15-2.20-д заасныг мөрдлөг болгоно.
3.4 Гаалийн байгууллагад мэдүүлж, бичиг баримтын шалгалт хийгдсэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбайд оруулахаас 30 минут, тогтоосон цагийн хуваарьтай байнгын үйлчилгээний тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргахаас 1 цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэж, гаалийн байгууллагын зөвшөөрөл гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн хяналтын талбайд оруулна.
3.5 Гаалийн хяналтын талбайд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч бүртгэлд авна.
  Гаалийн хяналтын талбайд оруулсан бараа, тээврийн хэрэгслийн бүрдүүлэлтийг 3 хоногийн дотор хийж дуусаагүй тохиолдолд гаалийн түр агуулахад оруулна.
 Гаалийн түр агуулахад оруулахдаа тээврийн бичиг баримт дээр "гаалийн түр агуулахад шилжүүлэв" хяналтын тэмдэг дарна.
3.6 Экспортын гаалийн албан татвартай, мэдээлэлтэй бараа, тээврийн хэрэгсэл болон шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд гаалийн улсын ахлах байцаагч гаалийн шалгалтад оролцоно.
3.7 Гаалийн хилээр гарах бараа, тээврийн хэрэгслийг энэ журмын 2.21-2.25, 2.27-2.30-д заасны дагуу шалгана.
3.8 Гаалийн байгууллагад мэдүүлж гаалийн хяналтын талбайд орсон бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад мэдүүлэгчийн хүсэлтээр гаалийн хяналтын талбайгаас буцаан гаргахыг хориглоно.
3.9                   Гаалийн шалгалт хийж гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалан лац, ломбоны аль тохирохыг сонгон хэрэглэж, мэдүүлгийн Д хүснэгтэд бичнэ.
3.10 Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлэгт "гаалийн хяналтад байгаа" тэмдэг дарж, гаалийн бүрдүүлэлт хийсэн огноо бичин гарын үсэг зурж, хувийн дугаар бүхий тэмдгийг хяналтын тэмдгийн баруун доод буланд тод дарна.
 Гаалийн шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч шалгалт дууссан тухай гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ.
3.11 Бараа, тээврийн хэрэгслийг шалгасан гаалийн улсын байцаагч дагалдах бичиг баримтад хаалт хийж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулах бөгөөд гаалийн мэдүүлэгт дагалдах бичиг баримтын тоо, дугаарыг тэмдэглэн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлэг, дагалдах бичиг баримтын хамт гаалийн хяналтад илгээнэ.
3.12 Бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийсэн гаалийн улсын  байцаагч нь гаалийн мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ахлах байцаагчид өгч мэдүүлгийн хаалтыг хийлгэнэ.
3.13 Улсын хилээр гарах бараа, тээврийн хэрэгсэлд, тэдгээрийн дагалдах бичиг баримт нь хилийн гаалийн байгууллагын хяналтад орох хүртэл гаалийн бүрдүүлэлт хийсэн гүний гаалийн байгууллагын хяналтад байна.
3.14 Хилийн гаалийн байгуулага бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын талбайд ирмэгц тээвэрлэгчтэй хамтран гүний гаалийн байгууллагын лац, ломбыг тулган шалгаж, бараа тээврийн хэрэгслийн дагалдах баримтын бүртгэлд авна. Энэ үеэс бараа, тээврийн хэрэгсэл хилийн гаалийн байгууллагын хяналтад орно.
Гаалийн битүүмжлэл гэмтсэн тохиолдолд тээврийн байгууллагын төлөөлөгчийг байлцуулан тэмдэглэл үйлдэж, тээврийн байгууллагын актыг хавсаргана.
3.15 Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн битүүмжлэл гэмтсэн, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн шалгалт хийнэ.
3.16 Гаалийн шалгалтаар гаалийн хууль тогтоомжийн зөрчил илрээгүй, гүний гаалийн байгууллагын битүүмжлэл гэмтээгүй, хилийн гаалийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг шалгах шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд гаалийн мэдүүлгийн 1 дүгээр хүснэгтэд заасан гаалийн бүрдүүлэлтийн горим хамаарах хяналтын тэмдгийг гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэнд дарж, огноо бичин, гарын үсэг зурах бөгөөд хяналтын тэмдгийн баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдгийг тод дарна.
3.17 Гаалийн улсын байцаагч гаалийн бүрдүүлэлт хийж дууссан талаар гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэнэ. Гаалийн хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч дахин шалгалт хийх болон бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр гаргах эсэх шийдвэрийг гаргаж зөвшөөрлийг олгоно.
3.18 Хилийн байгууллага бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрээс гаргасан талаар бүртгэлд бүртгэж, гаалийн мэдүүлгийн нэг хувийг эхний бүрдүүлэлт хийсэн гаалийн байгууллагад, мэдээг МУГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд ирүүлнэ.
 
Дөрөв. Олон улсын дамжуулан өнгөрүүлэх бараа
 
4.1 Гаалийн нутаг дэвсгэрээр шууд дамжуулан өнгөрүүлэх бараа нь улсын хилээр орсон үеэс гаалийн хяналтад орно.
4.2 Тээвэрлэгч нь бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр хүрэлцэн ирснээс 30 минутын дотор, тогтоосон цагийн хуваарьтай байнгын үйлчилгээний тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрэхээс 1 цагийн өмнө хилийн гаалийн байгууллагад мэдэгдэж, гаалийн байгууллагын зөвшөөрснөөр бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын талбайд оруулна.
4.3 Хилийн гаалийн байгууллага бараа,тээврийн хэрэгслийн лац, ломбыг нягтлан шалгаж, бүртгэл хөтөлнө.
4.4 Тээвэрлэгч байгууллагаас бүрдүүлсэн ачааны манифест, дагалдах бичиг дээр "гаалийн хяналтад байгаа" тэмдгийг дарж, огноог бичин гарын үсэг зурах бөгөөд гаалийн улсын байцаагчийн хувийн дугаар бүхий тэмдгийг баруун доод буланд нь дарж, гаалийн хилээр буцаан гаргах өдөр, хилийн гаалийн байгууллагын нэр кодыг бичин уг хилийн байгууллагад илгээнэ.
4.5 Эхний бүрдүүлэлт хийсэн хилийн гаалийн байгууллага бүрдүүлэлт хийсэн тухайгаа МУГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд ажлын 8 цагт багтаан электрон сүлжээ /холбоо/-ний хэрэгслээр мэдэгдэнэ.
4.6 Дамжуулан өнгөрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн дагалдах баримт нь хилийн нэг байгууллага хяналтад авсан үеэс хилийн нөгөө гаалийн байгууллагын хяналтад байна.
4.7 Гаалийн эцсийн бүрдүүлэлт хийх гаалийн байгууллага тухайн бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бичиг баримт, тавьсан лац, ломбоны бүрэн бүтэн байдлыг шалгаж, бүртгэлд бүртгэнэ.
 Энэ үеэс бараа, хэрэгсэл тухайн хилийн гаалийн байгууллагын хяналтад орно.
4.8 Энэ журмын 4.7-д заасан шалгалтаар ямар нэг зөрчил илрээгүй тохиолдолд ачааны манифест, дагалдах баримт "гаалийн нутаг дэвсгэрээс буцаан гаргах" хяналтын тэмдэг дарж, огноог бичин, гарын үсэг зуран баруун доод буланд хувийн дугаар бүхий тэмдэг дарж, хилээр гаргах зөвшөөрөл өгнө.
4.9 Дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгслийн нэгдсэн болон хаалтын мэдээг МУГЕГ-ын Бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналтын албанд электрон сүлжээ /холбоо/-ээр өгөх бөгөөд Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэр дээр байх бүхий л хугацаанд тус алба хяналт тавьж ажиллана.
4.10 Шаардлагатай тохиолдолд, тухайлбал онцгой албан татвартай барааг гаалийн нутаг дэвсгэр дээгүүр дамжуулан өнгөрүүлэх тохиолдолд тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр орсон үеэс гаалийн хилээр буцаан гаргах хүртэлх хугацаанд гаалийн хяналтан дор гаалийн улсын байцаагчийг дагалдуулд болох бөгөөд энэ тохиолдолд "Гаалийн хяналтын бус талбайд захиалгаар гаалийн бүрдүүлэлт хийх журам"-ыг баримтална.
 
Тав. Бусад
 
5.1 Гаалийн хилээр нэвтрэх барааг төмөр замаар тээвэрлэж байгаа боловч бараа, тээврийн хэрэгслийн хүлээн авагч хилийн гаалийн байгууллагын хариуцах нутаг дэвсгэрт орших, эсхүл барааг автомашин, тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа тохиолдолд эцсийн бүрдүүлэлт хийхдээ энэ журмын 2.9-2.10, 2.12-2.34-д заассныг мөрдөнө.
5.2 Гаалийн хилээр гарах бараа, тээврийн хэрэгслийг хилийн гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг энэ журмын 3.1-3.9, 3.17-3.18-д заасны дагуу хилийн гаалийн байгууллага хийнэ.
5.3 Гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх эсэх асуудлыг тухайн гаалийн байгууллагын хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтантай хамтран шийдвэрлэж, дахин шалгалт хийх гаалийн улсын байцаагчийг томилно.
5.4 Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд дахин шалгалт хийх тохиолдолд тухайн албан тушаалтан гаалийн мэдүүлгийн G хүснэгтэд огноог бичиж, гарын үсэг зуран хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
5.5 Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд бүрдүүлэлт хийх явцад гаалийн хууль тогтоомжийн зөрчил илэрсэн тохиолдолд бүрдүүлэлт хийсэн гаалийн улсын байцаагч зөрчлийн тухай тэмдэглэлийг тодорхой үйлдэж, гэм буруутай этгээдэд гаалийн хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
5.6 Гаалийн бүрдүүлэлтийн явцад илэрсэн зөрчил нь гэмт хэргийн шинжтэй байвал зөрчил илрүүлсэн гаалийн улсын байцаагч үзлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэж, холбогдох материалын хамт хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагад шилжүүлнэ.
5.7 Гаалийн шалгалтаар гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бараа илэрсэн зөрчил нь гаалийн тухай хуулийн 71, 72, 73 дугаар зүйлд зааснаас бусад зөрчлийн бүрэлдэхүүнтэй байвал гаалийн хуулийн тухайн зүйлд заасан хариуцлагыг ногдуулж, мэдүүлээгүй бараанд гаалийн мэдүүлэг бичүүлж, гаалийн бүрдүүлэлт хийнэ.
5.8 Гаалийн шалгалтаар барааны тоо, хэмжээ дутсан, хагарч, гэмтсэн болох нь тогтоогдвол гаалийн хяналтын талбай хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчид мэдэгдэж, гаалийн мэдүүлэгт экспертизийн актыг хавсаргаж мэдүүлгийн F хүснэгтэд дутсан буюу хасагдах тоо хэмжээг шалгалт хийсэн гаалийн улсын байцаагч бичиж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
Гаалийн тооцоо хариуцсан гаалийн улсын байцаагч гаалийн мэдүүлгийн 52 дугаар хүснэгтэд хорогдуулах татварын дүн, 53 дугаар хүснэгтэд төлбөл зохих татварын дүнг бичиж, хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулна.
5.9 Гаалийн хилээр бараагаа нэвтрүүлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гаалийн бүрдүүлэлтийн дараахь шалгалтыг санаатайгаар саатуулсан болон илэрсэн зөчилд тавигдсан актыг хугацаанд нь биелүүлээгүй зэрэг зөрчил гаргасан тохиолдолд тус аж ахуйн нэгж байгууллагын бүрдүүлэлтийг зогсоох хүртэл арга хэмжээг бүрдүүлэлтийн дараахь шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн өгсөн чиглэлийн дагуу хяналт, шалгалт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн шийдвэрээр хэрэгжүүлнэ.
5.10 Бараа гэмтэж муудсан, чанарын шаардлага хангаагүйн улмаас эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй байж болох барааг устгах шаардлагатай нь холбогдох мэргэжлийн албадын дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд бараа, устгах горимыг хэрэгжүүлэх журмын дагуу устгана.
5.11 Гаалийн мэдүүлэгт хяналтын тэмдэг болон хувийн дугаар бүхий тэмдгийг тод дараагүй тохиолдолд гаалийн бүрдүүлэлтийг баталгаажаагүйд тооцож тухайн гаалийн улсын байцаагчид хариуцлага хүлээлгэнэ.
5.12 Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, татварын тооцоо, гаалийн шалгалт хийснээс үүдэн гарах хариуцлагыг тухайн асуудал хариуцсан гаалийн мэдүүлгийн холбогдох хүснэгтэд хувийн дугаар бүхий тэмдэг дарж баталгаажуулсан гаалийн улсын байцаагч хүлээнэ.
5.13 Гаалийн бүрдүүлэлтийг баталгаажуулж байгаа хяналтын дардсыг өөрчлөх, огноог засварлахыг хориглоно.
 
 
 
 
 
…oOo…