A

A

A

Бүлэг: 1979
МУГЕГ-ын даргын 2003 оны
377 дугаар тушаалын хавсралт
 
ГААЛИЙН БАТАЛГААТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ГОРИМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
 
    Нэг. Нийтлэг үндэслэл
 
     1.1 Улс орны эдийн засагт тэргүүлэх чухал ач холбогдол бүхий тодорхой салбар, чиглэлийн үйлдвэрлэлд орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, улмаар тодорхой нэрийн барааны зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор гаалийн нутаг дэвсгэрт байгуулагдсан гаалийн баталгаат үйлдвэрийн газарт энэхүү журмын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, хяналт тавина.
     1.2 Гаалийн баталгаат үйлдвэрийн газрыг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага байгуулна. 
      
Хоёр. Гаалийн баталгаат үйлдвэрийн
газарт тавигдах шаардлага
 
2.1 Үйлдвэрийн газарт тэргүүний дэвшилтэт техник, технилогийн дагуу оруулж суурилуулах техник, тоног төхөөрөмж болон тодорхой нэрийн барааны зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зөвшөөрсөн тухай холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан байх.
2.2. Гаалийн хяналт, шалгалтыг хэвийн явуулах техник хэрэгсэл  болон гаалийн ажилтныг ажиллах нөхцлөөр хангасан байх.
2.3.Үйлдвэрийн газар нь харуул хамгаалалт, хяналтын камер, дохиоллын найдвартай систем болон гэрэлтүүлэгтэй, галын аюулгүй байдлыг хангасан байх.
2.4.Бусад барилга байгууламжаас тусгаарласан хашаатай, тодорхой таних тэмдэг тавьж, анхааруулсан байх.
 
Гурав. Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт
тавих гаалийн хяналт
 
3.1 Баталгаат үйлдвэрлэлийг явуулахын өмнө тухайн бүтээгдэхүүний тоног, төхөөрөмж солих, суурилуулах, засварлах, туршиж ажиллуулах зэрэг ажил үйлчилгээний, үйлдвэрлэлийн технологийн шат дамжлага бүрт хяналт тавина.
 3.2 Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явц, үйлдвэрийн газарт оруулсан бараа, ажлын гүйцэтгэл, орсон барааны орц нормын мэдээг улирал бүр гаргаж, харьяа гаалийн байгууллагад өгч байна.
 3.3 Барааг гаалийн баталгаат үйлдвэрийн газарт 2 жил хүртэл хугацаагаар хадгалахыг зөвшөөрнө. Шаардлагатай бол гаалийн байгууллага энэ хугацааг нэг жил хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.
3.4 Гаалийн баталгаат үйлдвэрийн газар байгуулагч нь Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2-т дурдсанаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
  3.5 Баталгаат үйлдвэрийн газар эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага нь харьяалагдах гаалийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллана.
 
Дөрөв. Гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт
 
  5.1 Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт үйлдвэрлэл явуулахад технологийн хувьд шаардагдах техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тэдгээрийн тоноглол, түүхий эд, туслах материалыг гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж оруулна.
  5.2 Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлгийн маягт, түүнийг нөхөн бичих, түүнтэй ажиллах зааврын дагуу гаалийн байгууллагад мэдүүлж, шаардагдах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
     5.2.1 Гаалийн байгууллагад төлөх татвар, хураамжийг бүрэн барагдуулж байх хөрөнгийн чадварын талаар баталгаа гаргасан банк, даатгалын байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг бүхий тодорхойлолт;
     5.2.2 Баталгаат үйлдвэрийн газар байгуулах аж ахуйн нэгж байгууллагын гадаад худалдааны гэрээ, үнийн нэхэмжлэл, барааны жагсаалт, гарал үүслийн болон чанарын гэрчилгээ, бусад холбогдох бичиг баримт;
     5.2.3 Үйлдвэрийн газрын техник, тоног төхөөрөмжийн хэрэгцээ, тэдгээрийн зурагтай катологи, суурилуулах төсөл болон бусад бичиг баримт.
 5.3 Баталгаат үйлдвэрийн газарт оруулах буюу гаргах бараанд холбогдох бүрдүүлэлтийн горимын кодоор гаалийн бүрдүүлэлт хийнэ.  
 5.4 Энэ  журмын дагуу гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах барааны гаалийн мэдүүлэгт холбогдох хяналтын тэмдэг дарж, горимд хамаарах хэсгийн доогуур нь зурна.
5.5 Энэ журмын дагуу Гаалийн баталгаат үйлдвэрийн газраас гаргах барааны гаалийн мэдүүлэгт сонгосон горимын дагуу холбогдох хяналтын тэмдгийг дарна.
5.6 Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулах, гаргах бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, шалгалт бүрдүүлэлтийг Гаалийн тухай хууль болон гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт, шалгалт хийх үйл ажиллагааны журмын дагуу хийнэ.
 
Тав. Гаалийн болон бусад татвар
 
6.1 Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулсан Монголын барааг гадаадад гаргахад экспортын татвартай бол түүнийг ногдуулан барагдуулна.
6.2 Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын хугацаа дуусмагц баталгаат үйлдвэрийн газарт оруулсан бараа, тээврийн хэрэгсэлд тухайн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг мөрдлөг болгон гаалийн болон бусад татварыг ногдуулан,  барагдуулсны дараа оруулна.    
6.3 Баталгаат үйлдвэрийн газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний загвар, дээжийг гаалийн нутаг дэвсгэрт тухайн өдрийн гаалийн тооцоонд мөрдөж байгаа ханшийг мөрдөн гаалийн болон бусад татварыг ногдуулан, барагдуулсны дараа оруулна.
6.4 Гаалийн нутаг дэвсгэрт зохих журмын дагуу гаалийн болон бусад албан татвар төлж бүрмөсөн оруулсан гадаадын барааг Гаалийн баталгаат үйлдвэрийн газарт оруулахад татварыг буцаан олгохгүй.
 
Долоо. Бусад
 
          7.1 Энэхүү журмаар зохицуулаагүй асуудлыг гаалийн болон холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
 
                                                               ---о0о---