- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ГААЛИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТҮР ЖУРАМ
Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын даргын
2003 оны 421 дүгээр тушаалын хавсралт
ГААЛИЙН ТУСГАЙ БҮСИЙН ТҮР ЖУРАМ
Энэ журмаар гаалийн тусгай бүс байгуулах, түүнд гаалийн хяналт тавих, гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага болон гаалийн байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулна.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Гадаад худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих, чөлөөт худалдааны бодлогын давуу талыг ашиглах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, экспортыг дэмжих зорилгоор гаалийн нутаг дэвсгэр дээр гаалийн тусгай бүс /цаашид "Бүс"/-ийг байгуулна. Бүс нь гадаад худалдааны тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдож гаалийн хилээр тусгаарлагдах бөгөөд гаалийн хяналт, шалгалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн нэгдмэл ойлголтод хамаарна.
1.2. Бүсэд баталгаат болон түр агуулах, үзэсгэлэн, үйлдвэрийн газар, барилгын талбай, банк, санхүү, даатгалын үйлчилгээ, тээврийн болон ачих, буулгах механикжсан байгууламж, чанар стандартын лабортори, сав, баглаа боодлын цех, засварын газар, бөөний худалдааны төв зэрэг цогц үйл ажиллагаа явуулна.
1.3. Бүс байгуулах аж ахуйн нэгж нь цахилгаан, дулааны шугам сүлжээ, усан хангаж, зам, харилцаа, холбоо бүхий, шаардлагатай техник, тоног төхөөрөмж суурилуулсан объект болон барилга байгууламжтай, худалдаа, үйлдвэрлэл-үйлчилгээ явуулах таатай нөхцөл бүрдсэн, оновчтой байршилтай газрыг сонгон авсан байна.
1.4. Бүсийн үйл ажиллагаа эрхлэхийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь өргөдлийг доорхи бичиг баримтын хамт Гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ.
а/ улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан үндсэн хөрөнгийн тодорхойлолт, батлагаа;
б/ холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан үндсэн хөрөнгийн тодорхойлолт, баталгаа;
в/ татварын албаны тодорхойлолт;
г/ бүсийн ерөнхий бүдүүвч зураг;
д/ харуул хамгаалалт, дохиоллын системийн тухай холбогдох албадын тодорхойлолт;
е/ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
ж/ шаардлагатай бусад баримт;
1.5. Гаалийн удирдах төв байгууллага бичиг баримтыг хянан үзэж ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.
1.6. Бүсийн зөвшөөрлийг Гаалийн удирдах төв байгууллагын даргын тушаалаар олгоно. Гаалийн удирдах төв байгууллага нь зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулна.
1.7. Бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.
1.8. Бүсийн зохицуулагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаалийн удирдах төв байгууллагад хугацаа сунгахыг хүссэн өргөдлөө гаргах бөгөөд гаалийн удирдах төв байгууллага өргөдлийг хянан үзэж ажлын 3 өдөрт багтаан зөвшөөрлийг дараагийн 3 жилээр сунгана.
1.9. Бүсэд худалдаа хийх, үйлвэрлэл-үйлчилгээ явуулах, үзэсгэлэн зохион байгуулах, бараа ачих, буулгах, шилжүүлэн ачих, хадгалах, савлах, сав баглаа боодлыг засаж сэлбэх, ангилах, төрөлжүүлэх, шошгожуулах, зэрэглэх, дугаарлах, цэвэрлэх, угсрах, задлах, хэсэглэх, бараанд өөрчлөлт оруулах зэрэг үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрнө.
Хоёр. Бүсэд тавих шаардлага
2.1. Бүсийн орох, гарах хаалга, бүсийн доторхи барилга байгууламж, объектыг дохиоллын найдвартай систем, байнгын гэрэлтүүлгээр тоноглож, галын аюулгүй байдлыг хангасан, теле хяналтын систем бүхий харуул хамгаалалттай байна.
2.2. Бүсийн зохицуулагчийн алба гаалийн салбарыг гаалийн хяналт, шалгалт явуулах ажлын бүх нөхцөлөөр хангаж шаардлагатай техник хэрэгсэл, ажлын байр гаргаж өгнө.
2.3. Бүсэд 24 цагийн ажиллагаатай гаалийн салбар ажиллах бөгөөд бүсийн зохцуулагч гаалийн салбар болон Гаалийн удирдах төв байгуууллагатай мэдээллийн сүлжээгээр холбогдсон байх бөгөөд гаалийн "цаасгүй" бүрдүүлэлтийн зарчмаар комьютерийн мэдээллийн сүлжээгээр бүрдүүлэлт хийгдэнэ.
2.4. Бүсийн зохицуулагч бүсийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах тохиолдолд Гаалийн удирдах төв байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авна.
2.5. Бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлгөх, өөрчлөх, шилжүүлэхийг зөвшөөрөхгүй.
2.6. Бүсийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж байгууллага нь олон улсын тээвэр зуучлал, гаалийн зуучлагч, итгэмжлэгдсэн тээвэрлэгчийн эрхтэй байна.
Гурав. Бүсийн үйл ажиллагааны дэглэм
3.1. Бүсэд хийх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ нь дагнасан, эсхүл эдгээрийг хосолсон хэлбэртэй байж болох бөгөөд худалдааны бүсэд жижиглэн худалдаа явуулах, үйлдвэрлэлийн бүсэд худалдаа эрхлэхийг зөвшөөрөхгүй.
3.2. Бүсэд бараа, тээврийн хэрэгслийг гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон гаалийн зам, гаалийн хяналт бүхий гаалийн мэдүүлэг, дагалдах бусад бичиг баримтыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийж нэвтрүүлнэ.
3.3. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг тусгай бүсэд оруулахгүй.
3.4. Нийгмийн аюулгүй байдал, ёс суртахуун, эрүүл ахуй, эрүүл мэнд, хүн, мал, ургамалын хорио цээр, худалдааны тэмдэгт, патент, зохиогчийн эрхтэй холбоотойгоос бусад үндэслэлээр барааг хилийн чанадаас бүсэд оруулах, бүсээс хилийн чанадад гаргахад хязгаалалт тогтоохгүй.
Дөрөв. Бүс дэх гаалийн бүрдүүлэлт, хяналт, шалгалт
4.1. Бүсэд явагдах гаалийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаа Гаалийн удирдах төв байгууллагын хяналтын дор явагдах бөгөөд гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбогдсон асуудлууд нь тус байгууллагаас баталсан журмын дагуу зохицуулагдана.
4.2. Бүсэд ажиллах гаалийн улсын байцаагч тухайн бүсэд орших гаалийн байгууллагын харьяанд ажиллана.
4.3. Бүсэд оруулах, гаргах бараанд гаалийн бүрдүүлэлт хийхдээ ийнхүү оруулах, эсхүл гаргах өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй тарифын хувь хэмжээ, валютын ханш, барааны тухайн үеийн үнэ, тоо хэмжээг үндэслэнэ.
4.4. Бүсэд оруулах, бүсээс гаргах үед урд бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлгийг үндэслэнэ.
4.5. Хилийн чанадаас гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр бүсэд оруулах, бүсээс хилийн чанадад шууд гаргах бараанд, эсхүл бүсээс гаалийн батлагаат бүсэд, эсхүл бүс дэх баталгаат нэг бүсээс нөгөө бүсэд шилжүүлэх бараанд гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийнэ.
4.6. Бүсэд гаалийн бүрдүүлэлт хийсэн бараанд бүрдүүлэлтийн дараах шалгалт хийнэ.
4.7. Гэмтэж муудсан, чанарын шаардлага хангахгүй болсны улмаас эрүүл ахуй, эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулж болохуйц болсон барааг мэргэжлийн хяналтын албадын актыг үндэслэн бүсийн зохицуулагчийн алба зохих журмын дагуу гаалийн хяналтын дор бүсийн гадна устгах ажлыг зохион байгуулна.
Тав. Бүсийн зохицуулагчийн үүрэг
5.1. Бүсийн зохицуулагч нь бүсэд аж ахуйн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий албан тушаалтан байх бөгөөд бүсийн гаалийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар бүсийг төлөөлөх ба энэ талаар гаргах асуудлыг гэрээнд тодорхой заана.
5.2. Бүсийн зохицуулагч нь бүсийг зохих нөхцөл, шаардлагын дагуу ажиллуулах, бүсэд үйл ажиллагааг зохион байгуулах, тайлан, мэдээ, бүртгэлийг үнэн зөв гаргаж хөтлөх, бүсийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулна.
5.3. Бүсийн зохицуулагч ажлын албатай байх бөгөөд бүсэд оруулж, гаргаж байгаа, тээврийн хэрэгслийг хянаж бүртгэн, барааг нэвтрүүлэх, шилжүүлэх, боловсруулах, үйлдвэрлэх, устгах, үзэсгэлэнд тавихад хяналт тавих, аюулгүй байдлыг хангаж бүсэд хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа аливаа үйл ажиллагааг зохион байгуулна.
5.4. Бүсэд оруулсан бараа, тээврийн хэрэгсэл алдагдсан, дутсан, эсхүл гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр устгагдсан тохиолдолд тэдээртэй холбогдох гаалийн байгууллагад төлбөл зохих бүх татвар, хураамжийг бүсийн зохицуулагчийн алба барагдуулна.
5.5. Бүсийн зохицуулагчийн алба бүсэд байгаа эд хөрөнгийн тооцоо, бүрэн бүтэн байдлыг хариуцах бөгөөд бүсэд оруулсан болон бүсээс гаргасан барааны бүртгэлийг гаалийн байгууллагатай тохиролцсон маягтын дагуу хөтөлж, барааны хөдөлгөөний мэдээг гаалийн байгууллагад сар тутам гаргаж өгнө.
5.6. Бүсэд байгаа барааны бүртгэл тооцоог хийхдээ барааны байрлал, үнэ, оруулсан тоо хэмжээ, гарсан тоо, хэмжээ, барааны устгал, хог хаягдал зэргийг оруулан тооцож тухай бүрт хаалт хийх гаалийн байгууллагад мэдээг сар тутам өгнө.
5.7. Бүсэд барааг хадгалах хугацаа, түүний онцлог шинж чанараас хамааран гаалийн байгууллага, бүсийн зохицуулагч хамтран урьдчилан тохирох бөгөөд хугацааг 2 жил тутамд сунгана.
5.8. Бүсийн зохицуулагчийн алба бүсэд ажиллах ажилтнуудын анкет, бүртгэлийг болон ачаа, барааг бүс рүү оруулж зөөх, тээвэрлэх хүмүүсийн нэр, хаягийг тэдний ажил эхлэхээс өмнө 7 хоногийн дотор гаргуулж гаалийн салбарт хүргүүлнэ.
Зургаа. Татварын зохицуулалт
6.1. Бүсэд оруулах, гаргах барааны албан татварын асуудал Гаалийн болон Гаалийн тарифын тухай хууль, Монгол Улсын бусад хуулиар зохицуулагдана.
6.2. Бүсэд үйлдвэрлэсэн болон боловсруулсан, засвар, үйлчилгээ хийсэн барааны гадаадын гаралтай хэсэг нь хилийн чанадаас гаалийн нутаг дэвсгэрт шууд оруулж байгаа барааны нэгэн адил гаалийн холбогдох хууль тогтоомжийн дагуу гаалийн болон бусад албанд татварын хөнгөлөлт эдэлнэ.
6.3. Хилийн чанадаас гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулалгүйгээр бүсэд шууд оруулах, эсхүл бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр
Долоо. Хариуцлага
7.1. Бүсийн горимыг зөрчсөн тохиолдолд бүсийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгоно.
7.2. Гаалийн удирдах төв байгууллага, гаалийн байгууллагаас энэ журмын биелэлтэд хяналт тавьж, зөрчил илэрсэн тухай бүрт Гаалийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A