- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ХУРААГДСАН БОЛОН УЛСЫН ОРЛОГО БОЛСОН БАРААГ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРАМ
Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны
381 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
ХУРААГДСАН БОЛОН УЛСЫН ОРЛОГО БОЛСОН БАРААГ ДУУДЛАГЫН ХУДАЛДААГААР ХУДАЛДАН БОРЛУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гаалийн хууль тогтоомжийг зөрчиж хураагдсан болон улсын орлого болсон бараа, тээврийн хэрэгслийг /цаашид бараа гэх/ нээлттэй болон хаалттай дуудлагын худалдаагаар /цаашид худалдаа гэх/ худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт оруулахад энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.2. Дуудлагын худалдааг Монгол Улсын Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү журмын дагуу Гаалийн ерөнхий газар болон түүний харьяа гаалийн газар, хороод зохион байгуулж явуулна.
Хоёр. Худалдаа явуулах хэлбэр, үнийн санал
2.1. Худалдааг нээлттэй ба хаалттай хэлбэрээр явуулна.
2.2. Худалдааг бүх сонирхогчдыг чөлөөтэй оролцуулан явуулахыг нээлттэй, тодорхой этгээдийн хүрээнд явуулахыг хаалттай гэнэ.
2.3. Дуудлагын худалдаанд оролцогч нь үнийн саналаа дараахь хэлбэрээр гаргана. Үүнд:
а/ дуудлагын худалдаанд биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөө байлцуулж, үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлэх;
б/ худалдан авах үнийн дээд саналаа битүүмжилсэн хэлбэрээр гаргах.
2.4. Дуудлагын худалдаа явуулах болон үнийн санал гаргах хэлбэрийг МУГЕГазрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаас, барааны багцлах хэмжээ, үнэ өсгөн хэлэх шатлалыг МУГЕГазар, харьяа гаалийн газар, хороодын улсын орлогын барааг худалдан борлуулах комисс тогтооно.
2.5. Худалдах доод үнийн саналыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх үнэ зөвшлийн комисст тавьж үнэлгээ хийлгүүлсэн байна.
Гурав. Дуудлагын худалдааны зар, дэнчин,
худалдаанд ажиглагчаар оролцох
3.1. Хуульд өөрөөр заагаагүй бол худалдаа зохион байгуулагч зарыг дуудлагын худалдаа эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Түргэн муудах хүнсний барааны хувьд энэхүү хугацааг мөрдөхгүй байж болно.
3.2. Зар мэдээнд худалдаа явуулах хэлбэр, газар, хугацаа, барааны нэр, тоо, хэмжээ, шаардлагатай бол худалдах доод үнэ, бусад мэдээллийг тусгана.
3.3. Худалдааг товлон явуулахаар зарласан өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө ГЕГазар болон харьяа гаалийн газар, хороодын даргын тушаалаар худалдаа явуулах хугацааг хойшлуулж болно.
3.4. Дуудлагын худалдаагаар худалдах барааг сонирхсон этгээдэд зарласан хугацаанд үзүүлнэ.
3.5. Дуудлагын худалдааны дэнчингийн хэмжээ, барааны худалдах доод үнийн 10 хувь, хураамжийн хэмжээ оролцогч бүрээс 5000 төгрөг, ажиглагчаас бүрээс 1000 төгрөгөөс доошгүй байна.
3.6. Худалдагч болон оролцогч талуудын алийг нь ч төлөөлөөгүй этгээдийг ажиглагч гэх ба худалдааны талаар тогтоосон журам, дэглэмийг чанд сахих үндсэн дээр гагцхүү сонирхох эрхтэй бөгөөд ямар нэг тусгай эрх эдэлж, үүрэг гүйцэтгэхгүйгээр оролцож болно.
Дөрөв. Худалдаанд оролцогчдын эрх, үүрэг
4.1. Дуудлагын худалдаанд оролцогчид дараахь эрхтэй:
1/ худалдаанд хамаарагдах хуулийн этгээд худалдах барааны талаархи сонирхсон мэдээллийг олж авах, худалдах барааг заасан хугацаанд урьдчилж үзэх;
2/уг ажиллагаанд өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
3/ дуудлагын худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингээ буцаан авах;
4/ худалдааг товлон зарласан хугацааг хожимдуулсан буюу өмнө явуулнаас, түүнчлэн худалдааг явуулаагүйгээс учирсан хохиролыг нөхөн төлүүлэх;
5/ худалдаанд оролцогч өмчийн ямар ч хэлбэртэй байж болох;
6/ худалдааны журам зөрчигдсөнтэй холбогдсон гомдлыг шүүхэд гаргах.
4.2. Дуудлагын худалдаанд оролцогчид дараахь үүрэгтэй:
1/худалдаанд оролцох хүсэлтээ хугацаанд нь худалдаа зохион байгуулагчдад ирүүлж бүртгүүлэх;
2/ заасан хугацаанд тогтоосон дэнчинг тавих;
3/өөрийн санхүүгийн болон хөрөнгийн чадварын тухай худалдаа зохион байгуулагчдад үнэн зөв мэдээлэх;
4/хүснэгт, маягтуудыг монгол хэлээр үнэн зөв, гаргацтай, засваргүй бичих;
5/ялсан тохиолдолд тэмдэглэлд гарын үсэг зурах, худалдагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төлбөрөө бүрэн төлөх;
6/худалдан авсан барааг гэрээнд заасан хугацаанд хүлээн аваагүйгээс худалдагчид учирсан хохирлыг нөхөн төлөх.
Тав. Дуудлагын худалдааг явуулах журам
5.1. Дуудлагын худалдааг Гаалийн ерөнхий газар, харьяа гаалийн газар, хороодын даргын тушаалаар батлагдсан комисс зохион байгуулна.
5.2. Худалдаа зохион байгуулах комиссын дарга дараахь үүргийг гүйцэтгэнэ:
а/худалдааг эхлүүлж, худалдаа явуулах удирдамжийг танилцуулах;
б/ оролцогчдоос тавьсан асуултад тайлбар өгөх;
в/ шаардлагатай үед комиссыг хуралдуулах;
г/ худалдааг зохион явуулахад албан ёсоор оролцох, туслах ажилтануудыг сонгон бүрдүүлэх.
5.3. Комиссын гишүүд оролцогчдыг бэлтгэх, хөтлөгч хийх, тэмдэглэл хөтлөх, хураамж, дэнчинг хураан авах ажлыг хуваарийн дагуу гүйцэтгэнэ.
5.4. Дуудлагын худалдаанд Төрийн өмчийн хороо болон холбогдох байгууллагын төлөөлөгч байлцаж болно.
5.5. Дуудлагын худалдаа явуулах үйл ажиллагааг дараахь дарааллаар зохион байгуулна.
1. Үнийн саналаа ээлж дараалан өсгөн хэлэх замаар явуулах дуудлагын худалдаа:
а/ бүртгэлийн ажиллагаа дууссаны дараа комиссын дарга дуудлагын худалдаа явуулах журмыг уншиж сонсгоно;
б/ комиссын гишүүд оролцогчдын биеийн байцаалт, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дэнчин, хураамжаа төлсөн эсэхийг шалгасны дараа дугаар бүхий хувийн дугаарыг хуваарилж өгнө
в/хөтлөгч худалдааны журам, анхааруулах зүйлийг бүх оролцогчдод сануулж, худалдах доод үнийг зарлана;
г/ оролцогч хувийн дугаараа өргөж үнэ хэлэхэд хөтлөгч тэр үнийг 3 удаа давтаж хэлнэ;
д/ энэ хугацаанд оролцогчид түүнээс дээш өөр үнийн санал хэлээгүй тохиолдолд хөтлөгч "буулаа" гэж хэлээд нэг, хоёр, гурав гэж тоолох явцад өөр үнийн санал гараагүй бол дуут дохио өгч, тухайн дуудсан дуудлагыг хаасныг зарлаж, эзэн ялагч хэн болохыг мэдэгдэнэ;
е/ дуудлагын худалдааны тэмдэглэлд комиссын гишүүд , ялагч гарын үсэг зурна;
ж/ шаардлагатай тохиололд дүрс бичлэг хийнэ;
з/ дуудлагын худалдааг үнэ хаялцуулж дууссаны дараа дохио өгч ялагчийг тогтоосноор дуусгавар болсонд тооцно.
2. Битүүмжилсэн дуудлагын худалдаа:
а/ битүүмжилсэн дуудлагын худалдааг хаалттай болон нээлттэй хэлбэрээр явуулна;
б/худалдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулах бол итгэмжлэлийг энэ журмын 5 дугаар хавсралтаар баталсан Маягт ¹5-ын дагуу үйлдэж ирүүлнэ;
в/ оролцогчдыг бүртгэх ажиллагаа дуудлагын худалдаа явуулахаар зарласан өдрөөс хойш 3 хоногийн өмнө эхэлж, дуудлагын худалдаа эхлэхээс 3 цагийн өмнө дуусна. Бүртгэлийн энэ журмын 3 дугаар хавсралтаар баталсан Маягт ¹3-ын дагуу үйлдэнэ. Бүртгэлийн хугацаа дууссанаас хойш бүртгэл явагдахгүй;
г/ бүртгүүлэхээр ирэхдээ дуудлагын худалдаанд оролцох тухай мэдэгдэл энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан Маягт ¹1-ийн дагуу бөглөж, уг мэдэгдэлд дурдсан бусад баримт бичгүүдийг хамт авч ирнэ.
д/ үнийн санал энэ журмын 2 дугаар хавсралтаар баталсан Маягт ¹2-оор код олгож хүлээн авах ажиллагаа дуудлагын худалдаа эхлэхээс ажлын нэг хүртэл өдрийн өмнө эхэлж, дуудлагын худалдаа эхлэхээр зарласнаас 3 цагийн өмнө дуусна;
е/ оролцогч үнийн саналын дугтуйг нааж, худалдаа зохион байгуулах комиссын гишүүн тэмдэг дарж битүүмжлэн, саналыг хүлээн авч буй огноо, сар, өдөр, цаг, минутыг дугтуйн дээр бичих бөгөөд хүлээж авсан хугацааны сүүлчийн 8 тоо нь уг саналын код болно. Оролцогч үнийн саналд код авах үедээ хураамжаа төлсөн байна;
ё/ үнийн саналыг битүүмжилсэн хайрцагт хийнэ. Оролцогч үнийн саналыг хүлээлгэн өгөх үед үнийн саналыг хүлээн авсан ажилтан түүнийг авсныг нотлох саналын тасалбарыг энэ журмын 4 дүгээр хавсралтаар баталсан Маягт ¹4-ийн дагуу үйлдэж оролцогчид олгоно;
ж/ дуудлагын худалдаанд оролцогчид саналын тасалбараа шалгуулан худалдааны танхимд орж, зохион байгуулагчийн тогтоосон дарааллын дагуу сууна;
з/ комиссын дарга дуудлагын худалдаа эхэлснийг албан ёсоор зарлаж худалдаа явуулах дэгийг танилцуулна;
и/ хөтлөгч битүүмжилсэн дуудлагын худалдааны үед анхаарвал зохих зүйлийг оролцогчдод сануулсны дараа үнийн саналын хайрцгийг худалдааны танхимд авчирч, лац, цоожны бүрэн бүтэн байдлыг оролцогчдоос төлөөлөгч гаргуулж шалгуулан хайрцгийг нээж, үнийн саналтай дугтуйнуудыг хайрцагнаас гаргана;
й/ хөтлөгч дугтуйнуудыг нэг нэгээр нь задалж, үнийн саналын код, оролцогчийн нэр, санал болгосон үнийг зарлана.
к/ хамгийн өндөр үнийн санал авсан оролцогчийг ялагчаар зарлаж худалдаа хаасныг мэдэгдэнэ.
5.7. Дуудлагын худалдаанд хамгийн өндөр үнийн санал өгсөн оролцогч ялагч болно. Битүүмжилсэн дуудлагын худалдааны үед хамгийн өндөр үнийг хэд хэдэн оролцогч санал болгосон бол тэдгээрээс хамгийн бага код бүхий үнийн саналыг гаргасан оролцогч ялагч болно.
5.8. 3-аас дээш удаа дуудлагын худалдаанд оруулсан боловч борлогдоогүй, 2 болон түүнээс дээш оролцогчгүй болсон барааг харьцуулалт хийсний үндсэн дээр худалдан борлуулах, үнэлгээг дахин хийж худалдан борлуулах, устгах шийдвэрийг МУГЕГазрын дарга, МУГЕГазрын зөвшөөрснөөр харьяа гаалийн газар, хороодын дарга нар гаргаж болно.
5.9. Ялагчтай бичгээр гэрээ байгуулж, үүнээс хойшхи аливаа харилцааг гэрээгээр зохицуулна.
5.10. Ялагч өөрийн гэрээ байгуулах эрхээ бусдад шилжүүлэхгүй.
5.11. Ялагчаар шалгарсан тохиолдолд тавьсан дэчинг үүргийн гүйцэтгэлд тооцох ба ялагдсан тохиолдолд дэнчинг буцаан олгоно.
5.12. Дуудлагын худалдаанд ялагчтай худалдааг зохион явуулсан байгууллагын дарга буюу түүнээс эрх олгосон этгээд ажлын 3 хоногийн дотор "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулна. Гэрээний загварыг МУГЕГазар батална.
5.13. Гэрээнд дор дурдсан зүйлийг заавал тусгана:
1/ худалдан авсан барааны нэр, төрөл;
2/ худалдан авсан үнэ ;
3/ худалдаанд оролцохдоо тавьсан дэнчингийн хэмжээ;
4/ үнэ төлөх хэлбэр;
5/ бараа шилжүүлэх нөхцөл /болзол/, хугацаа;
6/гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй буюу цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хохиролыг нөхөн төлөх, үндэслэл, журам, хэмжээ;
7/ гэрээний үүргийн талаар үүссэн маргааныг хянан шийдвэрлэх хэлбэр.
5.14. Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан барааны үнийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлнө.
5.15. Хэрэв ялагч нь барааг худалдан авахаас татгалзсан, худалдах, худалдан авах тухай гэрээг тогтоосон хугацаанд байгуулаагүй, төлбөрөө бүрэн хийгээгүй бол түүний төлсөн дэнчинг буцаан олгохгүй, улсын орлого болгоно.
5.16. Барааг хүлээлгэн өгснөөс хойш ялагчийн зүгээс гарсан аливаа гомдлыг худалдаа зохион байгуулагч хүлээн авахгүй.
Зургаа. Дуудлагын худалдааг хүчингүйд тооцох, дахин явуулах
6.1. Дараахь тохиолдолд дуудлагын худалдааг хүчингүйд тооцно. Үүнд:
а/ оролцогчид нь худалдах доод үнээс дээш үнэ санал болгоогүй;
б/ худалдаанд 2 ба түүнээс дээш оролцогч оролцоогүй;
в/ худалдааг товлон зарласан цагаас өмнө буюу эсхүл 1-ээс дээш цагаар хойшлуулж эхэлсэн, товлон зарласнаас өөр газар явуулсан;
г/ ялагч нь барааг худалдаж аваагүй.
6.2. Энэхүү журмын 6.1-д заасан үндэслэлээр болон холбогдох хууль тогтоомжид заасан бусад заалтыг зөрчсөн тохиолдолд худалдааг дахин явуулна.
6.3. Худалдааг дахин явуулах шийдвэрийг комисс гаргаж, дахин дуудлага худалдаа явуулахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө энэ тухай мэдээлнэ.
Долоо. Бусад
7.1. Энэ журамд тусгагдаагүй бусад асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A