A

A

A

Бүлэг: 1979
ҮТЕГ-ын даргын 2003 оны 161 дүгээр
     тушаалын 1 дүгээр  хавсралт
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН НОГДУУЛАЛТ, ТӨЛӨЛТИЙГ ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс татварын илүү төлөлтөө буцаан авахаар гаргасан хүсэлтийн дагуу түүнийг шалгаж баталгаажуулахад энэхүү журмыг мөрдөнө. 
 
Хоёр. НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалт хийх
 
2.1. Татвар төлөгчийн үйл ажиллагаанд Нэмэгдсэн өртгийн татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, шалгагдсан хугацааны НӨАТ-ын үлдэгдлийг баталгаажуулах, төсвөөс буцаан олгох, НӨАТ-ын илүү төлөлтийн хэмжээг шалгаж баталгаажуулахад "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг заавал үйлдэнэ.
2.2.Энэ журмын 2.1-д заасан акт нь нэгдсэн дугаартай байх бөгөөд актын дугаарыг ҮТЕГ-ын МБАХ-ээс өгнө.
2.3. НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийхдээ өмнөх шалгалтаар баталгаажуулсан үлдэгдлээс хойшхи тайлангийн хугацааны баримтад тулгуурлан шалгалтыг хийх ба өмнө нь шалгалт хийгдэж "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" үйлдэгдээгүй бол тухайн этгээдийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацааны татварын ногдуулалт, төлөлтийг шалгана.
2.4. Шалгагдаж буй хугацаа 2 ба түүнээс дээш жилийг хамарч байгаа бол он тус бүрийн өссөн дүнгээр "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ыг үйлдэнэ.
2.5. НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах шалгалтаар НӨАТ ногдох борлуулалтын орлогын хэмжээг бууруулсан эсвэл худалдан авалтад төлсөн НӨАТ-ын илүү тооцсон зэргээс шалтгаалан татварын дутуу төлөлт гарвал  "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-ын зэрэгцээ илэрсэн зөрчилд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэн "Татварын улсын байцаагчийн акт"-ыг зохих журмын дагуу үйлдэнэ.
2.6. Татвар төлөгчийн тайлагнасан үлдэгдлийн дүн өөрчлөгдсөн тохиолдолд тайлангийн үзүүлэлтүүдийн зөрүүгээр түүний хамгийн сүүлийн тайланг залруулах бөгөөд залруулгын зөрүүг "Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт"-д заавал тодорхойлж өгсөн байна.
2.7."Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" түүний хавсралтууд нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагуудыг бүрэн хангаагүй тохиолдолд актыг шалгалт хийсэн татварын албанд буцаан, засч залруулах арга хэмжээ авах буюу шаардлагатай гэж үзвэл ҮТЕГ-аас шалгалтыг дахин хийж болно.
2.8. Актыг энэ журамд заасан холбогдох хавсралтын хамт 3 хувь үйлдэх бөгөөд 1 хувийг ҮТЕГ-ын ТТОХГ-т, 1 хувийг татвар төлөгчид өгч үлдэх хувь нь хяналт, шалгалтын хэлтэс, тасгийн шалгалтын материалд хадгалагдана.
2.9.Татвар төлөгчийн үйл ажиллагаанд графикийн дагуу шалгалт хийх үед шалгагдаж буй хугацааны эцэст байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг заавал баталгаажуулах бөгөөд баталгаажуулалт болон түүний хавсралт тооцоог "Татварын улсын байцаагчийн акт, дүгнэлт бичих, биелэлтийг хангуулах журам"-ын 2.2.2.2, 3.1.2-т заасны дагуу үйлдэнэ.
 
Гурав. НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах
шалгалтад тавигдах шаардлагууд
 
3.1. Шалгагдаж буй татвар төлөгчийн худалдан авалтын дүн болон уг худалдан авалтад төлсөн НӨАТ нь "Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан"-аар заавал баталгаажсан байна. "Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан"-гүй болон Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан"-тай ч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-т заасны дагуу төлбөрийг бэлтгэн нийлүүлэгчид төлөөгүй тохиолдолд худалдан авалтад НӨАТ ногдуулж төлсөн гэж үзэхгүй.
3.2. Энэ журмын 3.1-д заасан үзүүлэлтүүдийг актын 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэгт тодорхой тусгасан байна.
3.3. Импортын бараанд төлсөн НӨАТ-ын дүнг гаалийн мэдээтэй заавал тулган шалгасан байна. Импортолсон бараанд төлсөн НӨАТ-ыг гаалийн бүрдүүлэлтийн баримтыг үндэслэн хасалт хийнэ.
3.4.Шалгагдаж буй тайлангийн хугацааны НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтүүдийг аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, онцгой татварын тайлангуудын болон төвлөрсөн мэдээллийн бааз дахь зохих үзүүлэлтүүдтэй тулган шалгасан байна.
3.5.НӨАТ төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон бараа болон бусдаас худалдан авсан бараа, ажил үйлчилгээний зарим хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд, зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу татвар ногдохгүй хэрэглээнд ашигласан бол түүний худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтын тооцог ҮТЕГ-ын даргын 2002 оны 37 дугаар тушаалаар баталсан "Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг тодорхойлох аргачлал"-ын дагуу хийнэ.
3.6. Энэ журмын 3.5-д заасан НӨАТ-ын хасалтын тооцоог актын 2 дугаар хавсралтын дагуу үйлдэнэ. НӨАТ-ын хасалтын тооцоог 2 дугаар хавсралтаар хийсэн тохиолдолд актын 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн "НӨАТ-тай худалдан авалтын нийт дүн" гэсэн мөрийн VI багананд 2 дугаар хавсралтын 13 дугаар мөрийн дүнг бичих бөгөөд харин V баганын дүн нь 2 дугаар хавсралтын 11 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна.
3.7."Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт" түүний хавсралт тооцоонууд, актын хавсралтад тусгагдсан үзүүлэлтүүдийг нягтлан бодох бүртгэлийн болон анхан шатны баримтад тулгуурлан үнэн зөв хийсэн байна.
3.8.НӨАТ-ын баталгаажсан илүү төлөлтөөс бусад татварын өрийг суутган тооцохоор шийдвэрлэсэн бол татвар төлөгчийн өрийн картыг актад заавал хавсаргасан байна.
3.9.Баталгаажуулах шалгалтыг 2 ба түүнээс дээш татварын улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байна.
 
Дөрөв. Хариуцлага
 
4.1. Энэ журмыг зөрчсөн татварын улсын байцаагчид зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
                                                      ---о0о---