- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БОЛОН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ТАЛААР ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
Үндэсний татварын ерөнхий газрын даргын
2003 оны 142 дугаар тушаалын хавсралт
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БОЛОН ТАТВАРЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙН ТАЛААР ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ, ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ
1.1. Татвар ногдуулах орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуусан, түүний тоо хэмжээг санаатайгаар бууруулсан, татвар, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн зэрэг татварын хууль тогтоомжийг зөрчсөн татвар төлөгчийн хууль бус үйлдэл болон татварын албаны ажилтнаас Үндэсний татварын албаны өмнө тавигдсан зорилтыг хэрэгжүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, татвар ногдуулалт, хураалт, хяналт шалгалт хийх, татвар төлөгчид үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн аливаа хууль бус үйлдлийн талаар иргэдээс Үндэсний татварын албанд ирүүлсэн мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Татвар төлөгчийн болон татварын улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Үндэсний татварын алба хүлээж аваад мэдээлэгчийг болон мэдээллийг нууцална.
1.3. "Нууцлах" гэдгийг татвар төлөгчийн болон татварын улсын байцаагчийн хууль бус үйлдлийг мэдээлсэн иргэн өөрийн болон эцэг, эх, ах, эгч, дүү, эхнэр, нөхөр, хүүхэд, төрөл төрөгсөд, хамаатан саданд аюул занал учирч болзошгүй гэж сэрэмжилсний улмаас мэдээллийг нууцлах хүсэлт гаргасан тохиолдолд Үндэсний татварын албаны дарга түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч "Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нууцлах, хадгалах тухай тусгай журам"-д заасны дагуу пароль хэрэглэн нууцалж бүртгэснийг ойлгоно. Энэ журамд заасан шаардлагын дагуу бүртгэгдэж, нууцлагдаагүй мэдээллийг нууц мэдээлэлд хамааруулахгүй.
1.4. Нууц мэдээллийг Үндэсний татварын ерөнхий газарт зөвхөн Үндэсний татварын ерөнхий газрын дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, орон нутагт аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн авч танилцах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх, хариу өгөх ажлыг удирдан зохион байгуулна.
1.5. Үндэсний татварын алба нь татвар төлөгчийн болон татварын улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаар ирүүлсэн нууц мэдээллийг хүлээж авах, бүртгэх, шалгаж шийдвэрлэх, хариу өгөх үйл ажиллагаанд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтад гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нууцлах, хадгалах тухай тусгай журам, Монгол Улсын татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийг чанд баримталж ажиллана.
1.6. Татвар ногдуулалт, хураалт, хяналт, шалгалтын үйл ажиллагааны явцад ирүүлсэн эсхүл мэдээлэгч өөрийгөө ба мэдээллийг нууцлах шаардлагагүй гэж үзсэн зэрэг татвар төлөгчийн болон татварын улсын байцаагчийн хууль бус үйлдэл, тэдгээрийн талаарх нууц биш мэдээллийг Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ердийн журмаар шалгаж шийдвэрлэнэ.
Хоёр. Мэдээлэл хүлээн авах, шалгаж шийдвэрлэх
2.1. Татвар төлөгчийн хууль бус үйлдлийн талаарх иргэдийн нууц мэдээллийг тухайн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын харьяалах Татварын албанд хүлээж авна.
2.2. Татварын улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг Үндэсний татварын ерөнхий газарт хүлээж авах бөгөөд түүнийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрэм, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зохицуулна.
2.3. Мэдээллийг хүлээн авах албан тушаалтны овог, нэр, өрөө тасалгаа, утасны дугаар ил тод нийтэд мэдээлэгдсэн байвал зохино.
2.4. Мэдээлэл хүлээн авах өрөө тасалгаа хүний яриа, дуу чимээ дотроос гадагш сонсогдохгүй байхаар тоноглогдсон, хаалганы цоож бат бэх, харилцуур утас гадуур болон дотуур холболтоор салаалагдаагүй, төв,
орон нутаг үүрэн телефонд шууд холбогдож ярих боломжтой байна.
2.5. Татвар төлөгчийн болон татварын улсын байцаагчийн хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг хүлээж авахдаа дараахь зүйлүүдийг сайтар анхааран үзэх шаардлагатай. Үүнд:
2.5.1.мэдээлэл ирүүлсэн хүний овог нэр, ажлын болон оршин суугаа хаяг, ажил, албан тушаалын байдлыг биеийн байцаалттай нь тулгаж үзэх;
2.5.2.мэдээллийг монгол хэл дээр бичгээр авах ба амаар өгсөн мэдээллийг заавал бичгийн хэлбэрт оруулж мэдээлэгчээр гарын үсэг зуруулах;
2.5.3. мэдээлэл нь аль болох тодорхой, үнэн бодитой байхын зэрэгцээ түүнийг нотолж батлах баримтын эх сурвалжуудыг мэдээлэгчээс гаргуулан авах, тэгэх боломжгүй тохиолдолд тодорхой заалгаж бичүүлсэн байх;
2.5.4. мэдээлэл нь бусдыг зориудаар гүтгэсэн, доромжилсон, ямар нэг өш хонзон авах зорилго, шинж агуулгатай эсхүл баримт нотолгоогүй хардаж сэрдсэн, тодорхой биш үндэслэлээр бичсэн, мэдээллийнхээ эх сурвалж, баримт нотолгоог зааж, гаргаж чадахгүй байгаа, мэдээлэлд бичигдсэн зүйл худал хуурмаг, мэдээлэгчийн нэр, хаяг тодорхой биш байвал хүлээн авахгүй. Ийм мэдээлэл өгч шалгуулснаас татварын албаны ажлыг хүндрүүлсэн, татвар төлөгчийн нэр хүндийг гутааж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол учруулбал учирсан хохирлыг мэдээлэгчээр төлүүлэхээр шүүхийн байгууллагад хандаж болно.
2.5.5. мэдээллийг хүлээж авахдаа мэдээлэгчид хэрэв бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироохоор гүтгэсэн, бусдын нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон нь шалгалтын явцад тогтоогдвол Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагад материалыг шилжүүлэх болно гэдгийг урьдчилан сайтар анхааруулж ойлгуулах, энэ талаар мэдээлэгчээс гарын үсэг баталгаа авах.
2.6. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь иргэдийн мэдээллийг хүлээн авч асуудал бүрийг нэг бүрчлэн сайтар судалж, Татварын албанд иргэдээс ирүүлсэн мэдээллийг нууцлах, хадгалах тухай тусгай журамд заасны дагуу бүртгэж нууцлаад татварын албаны удирдлагад танилцуулж, шалгалт хийх албан тушаалтныг томилуулна. Шаардлагатай тохиолдолд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж болно.
2.7. Мэдээллийн утга агуулгыг өөрчлөхгүйгээр нэг хувь бичгээр хуулбарлан, хуулбар үнэн гэж баталгаажуулж, шалгалт хийх албан тушаалтанд шилжүүлэн өгөх ба уг хувийг хүлээж авсан албан тушаалтан хуулбарлан олшруулж үл болно. Шалгалт дууссаны дараа мэдээллийн баталгаажуулсан хувийг итгэмжлэгдсэн ажилтан эргүүлэн авч хадгална.
2.8. Мэдээлэл шалгаж шийдвэрлэх хугацаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд шалгалт хийж буй ажилтан /ажлын хэсэг/ хугацааг тухайн татварын албаны даргаар 30 хүртэл хоногоор нэг удаа сунгуулж, энэ тухайгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэн даруй мэдэгдэнэ.
2.9. Мэдээллийг шалгасан албан тушаалтан нь шалгалтыг хэрхэн явуулсан, шалгалтаар ямар зөрчил илэрсэн, мэдээлэл үндэслэлтэй байсан эсэх, хэдэн хувь нь батлагдаж нотлогдсон, батлагдаагүй асуудлын шалтгаан, ямар шийдвэр гаргасан тухайгаа тодорхой бичсэн танилцуулга, шалгаад тогтоосон акт, дүгнэлтийн хамт итгэмжлэгдсэн ажилтанд шалгалт дууссанаас 3 хоногийн дотор ирүүлнэ.
Шалгалтын материалыг татвар төлөгч болон татварын албаны удирдлагад танилцуулсны дараа мэдээлэгчид хариу өгөх, урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ.
2.10. Мэдээллийг шалгаад хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг бичгээр болон амаар өгнө. Амаар өгсөн тохиолдолд мэдээлэл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэл хийсэн байна.
2.11. Мэдээлэгчид урамшуулал олгохдоо Мэдээлэгчид урамшуулал олгох журмыг үндэслэнэ.
Гурав. Хүлээлгэх хариуцлага
3.1. Мэдээллийг хүлээн авснаас хойш хууль тогтоомжид заасан хугацаанд шалгаж шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, мэдээлэл шалгах ажилд хариуцлагагүй хандсан, мэдээллийг дур зоргоороо хувилж олшруулсан, тараасан, мэдээллийн нууц задруулсан албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A