A

A

A

Бүлэг: 1979
   АМХЭГ-ын даргын 1997 оны 81
дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
 
ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН МАТЕРИАЛД ШҮҮМЖ БИЧИХ, ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ  ГАРГАХ  ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, ТЭДНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
 
Улсын төсвийн болон аж ахуйн нэгжийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, эрдэс баялгийн судалгаа (ашигт малтмалын ордын хайгуулыг оролцуулан)-ны ажлын үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичиж, шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн хувь хүн, хуулийн этгээд нь тухайн талбай, ашигт малтмалын орд, илрэлд гүйцэтгэсэн геологийн төрөл бүрийн масштабын зураглал, хайгуулын ажлын аргачлал, нөөцийн тооцоонд хэрэглэсэн үзүүлэлтийн үндэслэл, нөөцийн үнэмшил, ашигт малтмалын хүдрийг боловсруулах технологийн туршилт, ордын ашиглалтад бэлтгэгдсэн байдал, уул-техник, гидрогеологийн болон геоэкологийн нөхцөл зэргийг мэргэжлийн зүгээс магадлан шалгаж, шүүмж, шинжээчийн дүгнэлт өгөх үндсэн зорилготой.
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологи, эрдэс баялгийн судалгааны үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичих хувь хүн, хуулийн этгээдийг АМХЭГ-ын Геологийн албаны дарга, ерөнхий геологич нар тухайн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэнтэй  зөвлөлдсөний үндсэн дээр сонгох ба байгууллага, аж ахуйн нэгжийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн хувьд тухайн байгууллага, аж ахуйн нэгж өөрсдөө сонгож дүгнэлт гаргуулна.
Монгол Улсын Ашигт малтмалын болон Газрын хэвлийн тухай хууль, геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын аргачлалын холбогдолтой заавар, зөвлөмж, ЭБЗ-ийн дүрэм, ажиллах журам болон шүүмж бичих, шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн хувь хүн, хуулийн этгээд нь энэхүү шаардлагатай урьдчилан танилцсан байна.
Геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичиж, шинжээчийн дүгнэлт гаргах мэргэжлийн хувь хүн, хуулийн этгээд нь дор дурдсан шаардлагыг хангасан байна. Үүнд:
-Геологийн зураглалын ажилд урьд өмнө оролцож байсан болон одоо оролцож байгаа;
-Геологийн зураглал, эрлийн ажлаар мэргэшсэн эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг байх;
-Тухайн төрийн ашигт малтмалын ордын хайгуулын ажилд оролцож, нөөцийн тооцоо хийж байсан;
-Орд газрын ашиглалтын ТЭЗҮ, уурхайн зураг төсөл зохиоход оролцож байсан, ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйлдвэр дээр ажилладаг болон урьд нь ажиллаж байсан, дадлагажиж мэргэшсэн байх;
-Геологи, эрдэс баялгийн тухайн судалгааны ажил гүйцэтгэхэд болон түүний үр дүнгийн тайлан, материалыг боловсруулахад оролцоогүй, уг судалгааны ажлыг хийсэн байгууллага, аж ахуйн нэгж, түүний салбаруудад ажиллаж байгаагүй болон одоо ажилладаггүй байх.
 
Шүүмж бичих, шинжээчийн дүгнэлт гаргах хувь хүн,
хуулийн этгээдийн үүрэг, эрх
 
          а. Үүрэг:
 
1. Шүүмж бичиж байгаа геологийн зураглалын ажлын үр дүнгийн тайлан тухайн үед мөрдөж байгаа зааврын дагуу зохиогдсон эсэх, гэр районд тархсан интрузив бүрдэл, давхарга зүйд хамрагдах хурдас чулуулгийн гарал үүсэл, насны ангиллаар нь ангилсан үндэслэл, талбайн шлих, геохимийн зэрэг сорьцлолтын аргачлал, үр дүнг боловсруулсан байдал, металлогенийн үнэлгээ, геологийн карт, түүний таних тэмдгийг зохих зааврын дагуу хийсэн байдал зэргийг нягтлан шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгч, боломжтой загваруудыг хийлгэсэн байна. 
2. Шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа ашигт малтмалын ордын нөөцийн тооцооны материал (нөөц тооцооны үзүүлэлтийн үндэслэл, нөөцийн тооцоонд холбогдох хэмжилт, тооцооны материал, зураг, зүсэлт гэх мэт), хүдэр боловсруулах технологийг судалсан байдал зэрэг нь зохих аргачлалын дагуу хийгдсэн эсэхэд дүгнэлт өгнө;
3. Ашигт малтмалын ордын нөөцийн тооцооны үнэмшлийг зохиогчийн нөөц тооцоолсон аргачлалаас өөр 2-оос доошгүй аргачлалаар тооцож, харьцуулан шалгасан байна.
4. Ашигт малтмалын хүдрийн технологийн туршилтын дээж авсан аргачлал, авсан дээж нь орд, түүний нөөцийн аль нэг блокийг төлөөлөх боломжтой эсэх, технологийн туршилтыг оновчтой хувилбараар хийлгэсэн эсэх, үр дүн нь тухайн төрлийн ашигт малтмал, хүдэр, ордын хувьд хайгуулын аргачлалын шаардлага хангасан байдал, геофизикийн судалгааны дүнг хайгуулын ажилд ашигласан болон ордын гидрогеологи, инженергеологийн нөхцөлийг судалсан байдалд үнэлэлт, дүгнэлт өгнө.
5. Шинжээчийн дүгнэлтэд тухайн ордод гүйцэтгэсэн хайгуулын ажлын аргачлал, хээрийн судалгааны ажлын үр дүнг боловсруулан, нөөцийн тооцоо хийж зохиосон үр дүнгийн тайлангийн бичвэр хэсэг болон тайланд хавсаргасан зураг, бүдүүвчийн талаар үнэлэлт, зөвлөмж өгнө.
 
          б.Эрх:
 
1. Шүүмж бичих, шинжээчийн дүгнэлт гаргахаар авсан тайлан, материалтай танилцсаны үндсэн дээр шаардлагатай гэж үзвэл тухайн талбайн болон ордны хайгуул, нөөцийн тооцоотой холбоотой нэмэлт материалыг уг судалгааны ажил эрхлэн гүйцэтгэсэн, хайгуулын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжээс гаргуулна.
2. Шүүмж бичиж, шинжээчийн дүгнэлт гаргаж байгаа тайлан дахь дүгнэлт, нөөцийн тооцоо нь уг судалгаа, хайгуулын ажлаар цуглуулсан баримт материалаар батлагдахгүй байна гэж үзвэл энэ тухайгаа ЭБЗ-д урьдчилан танилцуулж, тайлан, нөөцийн тооцоонд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг хийлгэнэ.
3. Ашигт малтмалын ордын хайгуулыг хэд хэдэн аргаар хийсэн, уг ордын хүдрийг боловсруулах нарийн технологи шаардах, ихээхэн нөөцтэй ордын хувьд зарим мэргэжлийн хүмүүсээр шинжээчийн нэмэлт дүгнэлт гаргуулахыг лиценз эзэмшигчид санал болгоно.
4. Ашигт малтмалын ордын хайгуулын ажлаар тогтоосон нөөцийн тооцоонд шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч уг ордын хайгуулын лиценз эзэмшигчтэй тохиролцсоны дагуу түүнээс шинжээчийн дүгнэлт гаргасны төлөө ажлын хөлс авна.
 
в.Хүлээх хариуцлага
 
Тайлан, материалыг ЭБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэхэд түүнд шүүмж бичиж, дүгнэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээд өөрийн төлөөлөгчөө хуралдаанд зөвлөх эрхтэйгээр оролцуулж, шүүмж, дүгнэлтийн үнэн зөвийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын өмнө, хэрэв асуудлыг хуулийн хүрээнд шийдэх болсон тохиолдолд шүүхийн өмнө хариуцна. ЭБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр санал болгож, зөвшөөрсөн шүүмж, дүгнэлт бүхий тайлан материалыг Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх явцад хүлээн
авах боломжгүй гэж буцаасан тохиолдолд тухайн шүүмж, дүгнэлтийг гаргасан хувь хүн, хуулийн этгээдээс шүүмж, дүгнэлт гаргасан өөр тайлан, материалыг ЭБЗ 1 жилийн дотор хүлээн авч хэлэлцэхгүй.
 
 
                                                                ---о0о---