A

A

A

Бүлэг: 1979
АМХЭГ-ын даргын 1997 оны 81 дүгээр
                                                                        тушаалын 2 дугаар хавсралт
 
УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ГҮЙЦЭТГЭСЭН ГЕОЛОГИ, ЭРДЭС БАЯЛГИЙН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН, МАТЕРИАЛД ШҮҮМЖ БИЧИЖ, ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ ГАРГАСАН ХУВЬ ХҮН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД АЖЛЫН ХӨЛС ОЛГОХОД МӨРДӨХ ЖУРАМ
 
1. Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж геологи, эрдэс баялгийн судалгааны үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичиж, шинжээчийн дүгнэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд олгох  хөлсний хэмжээг  тооцож, тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
2. Геологи, эрдэс баялгийн судалгааны үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичиж, шинжээчийн дүгнэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд олгох хөлсний эх үүсвэрийг "Журам батлах тухай" Сангийн сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1997 оны 333/А-218 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Геологийн судалгааны ажлыг төлөвлөх, төсвөөс  санхүүжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих журам"-ын 3.4-ийн дагуу геологийн судалгааны ажил гүйцэтгэх нэгжүүдээс тухайн жилд өөрийн хүчээр гүйцэтгэх ажлын төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр  АМХЭГ-т төвлөрүүлэх хөрөнгөнөөс авч зарцуулна.
3. ЭБЗ-ийн бичгийн дарга шүүмж, шинжээчийн дүгнэлт гаргасан хувь хүн, хуулийн этгээдэд олгох хөлсийг тухайн жилд улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжүүдийн геологич инженерийн төсөвт тусгагдсан үндсэн цалингийн 1 цагт ногдох хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн авч, шүүмж, шинжээчийн дүгнэлт гаргасан хугацаагаар тооцон тогтоож, Геологийн албаны эдийн засагчаар хянуулна.
4. Геологи, эрдэс баялгийн судалгааны үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичих, шинжээчийн дүгнэлт гаргах хувь хүн, хуулийн этгээдийг АМХЭГ-ын Геологийн албаны дарга, ерөнхий геологич нар тухайн судалгааны асуудал хариуцсан мэргэжилтэнтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр сонгож тогтооно.
5. Геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, материалд шүүмж бичих, шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг Геологийн албаны тухайн төрлийн судалгааны ажил эрхэлсэн ажилтан, АМХЭГ-ын Эрдэс баялгийн зөвлөл (ЭБЗ)-ийн нарийн бичгийн  дарга нар шүүмж бичих, шинжээчийн дүгнэлт гаргах хувь хүн, хуулийн этгээдтэй урьдчилан тохиролцох ба энэ хугацаа ажлын 2 долоо хоног буюу 112 цагаас илүүгүй байна.
6. ЭБЗ-өөр хэлэлцүүлэхээр ирүүлсэн тайлан, материалын хэмжээ, ажлын төрөл, чиглэлээс хамаарч, түүнд мэргэжлийн талаас нь хэд хэдэн хүнээр шүүмж бичүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж болох ба энэ тохиолдолд тэдгээрт олгох хөлсийг энэ журмын 4 ба 5 дугаар заалтыг баримтлан тогтоож олгоно.
 
 
---о0о---